Бүс нутгаасаа ч хууль тогтоолцох боломж байна

2017 оны 04-р сарын 13 өдөр, 11 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hh

“ Нэг үхрийн эвэр дэлсвэл мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Улс оронд нэг иргэнийх нь сайн ,муу ямарч үйл хэрэг тохирсон хэм хэмжээндээ нөлөөгөө үзүүлдэг . Нийгэм нэг хүний оролцоогоор ч дутах үе ирнэ гэдэг. Ялангуяа иргэний улс төрийн идэвхи оролцоо чухал.  Энэ талын сэдвийн хүрээнд Баян –Өлгий аймаг дахь Монголын зохиолчдын салбарын тэргүүн, “Шугыла” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, түүхийн ШУ-ны доктор, Монгол  Улсын соёлын гавьяат зүтгэлтэн , улс төр-нийгэм судлаач Р.Сурагантай ярилцлаа.

  • Улс төрийн зөв төлөвшилд иргэдийн оролцоо чухал гэдэг. Энэ талаар  таны бодол санал юу байна. Танай  Баян-Өлгий аймгийн ард түмний хувьд улс төрийн идэвх оролцоо  ямар вэ?
  • Ерөөс нийгмийн хөгжилд нийтдээ иргэдийн оролцооноос шалтгаалах юм их. Улс төрд хүмүүсийн оролцоо дэмжлэг  шаардлагатай байлгүй яах вэ. Манай аймгийн хувьд ялгаагүй бүх сонгуульд сонгогч ард түмэн нь саналаа өгөөд л ирсэн. Цаашдаа тийм л байх болно. Харин сонголтоо бие дааж хийж чаддаг иргэдтэй . Мэдээж Өлгийн бүх иргэн 100 хувь ямар нэгэн нөлөөгүйгээр сонгогчийнхоо үүргийг биелүүлдэг гэвэл амьдралд нийцэхгүй л дээ. Мэр сэр нөлөөнд автсан, ах дүү хамаатан саднаа дагасан хүмүүс  цөөн гарна. Амьдрал юм чинь. Гэхдээ бусад аймаг ,орон нутагтай харьцуулах юм бол улс төрийн сонголтдоо өөрийн бодолтой, иргэний оролцоогоо бататгаж хийж чаддаг  зон олон л доо.
  • Сонгуульд саналаа өгөх өдөр бол иргэний улс төрийн оролцооны оргил гэж хэлж болох үе. Бусад үед нь Өлгийн олон түмний идэвх хэр их вэ?
  • Манай аймгийнхан хөдөлмөрч, манай казах түмэн аль хэзээнээсээ ажилсаг ард түмэн. Ажилсаг байна гэдэг чинь аливаад оролцоо нь адилхан их байна л гэсэн үг.

Харин нийгмийн харилцааны жаяг дэгийн дагуу иргэний оролцоогоо албан хэлбэрээр илэрхийлэхгүй юм гэхэд нөхөрсгөөр энгийн ардынхаараа санаа оноогоо хэлж ярьчихдаг хүн зөндөө бий. Би аймгийнхаа Засаг даргын тамгын газрын даргын албыг хашиж байлаа. Аймгийн ИТХ-д ч төлөөлөгчөөр сонгогдож явлаа. Энэ бүгдэд олон түмэнтэйгээ харьцаж тэдний нийгмийн идэвх оролцоог харж байв. Сүүлийн үед, одоо бол бүр өөр болж байгаа.

  • Сүүлийн үед өөр болж байгаа гэдгийн учир нь юу вэ?
  • Нийгэм цаг үе өөрчлөгдөж л байдаг шүү дээ. Тэр жамаар гишүүд нь шинэ залуусаар бүл нэмж байна. Тэр залуус маань гадаадад ялангуяа Казахстан, Туркид сургууль соёл дүүргээд ирж байна. Тийм болохоороо оролцоогоо хууль номын дагуу илэрхийлж чадаж байна.
  • Хууль номын дагуу гэснээс иргэний идэвх оролцоог дэмжсэн нэг хуулийн тухайд яриагаа үргэлжлүүлэх үү?
  • Ямар хууль гэж , нөгөө Иргэний улс төрийн оролцоог хэрэгжүүлэх тухай хууль гарах юм гэсэн тэр талаар уу?
  • Өө. Ямар мэдээлэл сайтай байна аа.Тийм тэр тухайд чинь …?
  • Ийм чухал хууль, журмын талаар анзаарахгүй бол яаж болох вэ. Иргэний оролцоо гэхээсээ эрхийг нь өргөж өгсөн зүйл заалтуудтай хууль болох юм шиг санагдсан. Ерөөс тэгээд иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, төр, засагтайгаа харьцах , эмнэлэг –эрүүл мэндийн тусламж авах зэрэг эрх зүйн орчин нь сайн байх ёстой. Тэр бүгдийг боловсронгуй болгоход энэ Иргэний улс төрийн оролцооны хууль чухал үүрэгтэй юм байна даа гэж надад төсөөлөгдөж байгаа шүү.
  • Уг хуулийн төсөл дээрх аль зүйлийн ямар заалт нь өөрт чинь хамгийн түрүүнд өгөөжтэй санагдав. Зөвхөн өөрт чинь биш л дээ. Энд ганц хоёрыг нь жишээл гэвэл ?

-Аливаа тухайлсан хууль гэдэг нэг цогц юм. Тэр чанараараа энэ хууль бол иргэн та Бат , Дорж , Хуат.. хэн ч байлаа өгөөжтэй эрх зүйн орчин болох юм. Одоогоор санаанд орж ирснээр нь хэлэхэд Тавдугаар зүйлд ийм заалт байгаа  “ 5.4.Иргэн санал асуулгад биечлэн, эсхүл цахимаар, шуудангаар оролцох боломжоор хангагдсан байна.

5.5.Санал асуулгад сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролын байдлаар аливаа ялгаварлалгүйгээр оролцоно” энэ хоёр заалт л гэхэд ямарч хүнд боломж өгч байна шүү дээ. Ер нь энэ хууль иргэний улс төрийн эрхийг тодорхой хангаад түүнийгээ яаж бататгаж өгөхөө процесс бүрээр нь заасан гэхэд болно.

– Хууль тогтоох дээд байгууллага, зах хязгаар нутгийн  ард түмэн хоёрын хоорондын  холбооны тухайд гэвэл ?

– Наад сэдэв чинь хамгийн чухал. Төрийн үйл ажиллагаанд олон түмэн нөлөөлөхөд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй. Манай иргэд юуны түрүүнд мэдээллээр хангагдсан байх ёстой. Төртэй харьцахад бодит мэдээлэл иргэд, энгийн хүмүүст чухал. Гэтэл одоо түүнээс дутахгүй чухал юм бол энэ Иргэний улс төрийн оролцоог хэрэгжүүлэх тухай хууль болой. Тус хуультай харилцан хамааралтай бусад хууль, журмын тодорхой заалтууд нийлэн цогцоороо олон түмэн хийгээд хууль тогтоох дээд байгууллагын дунд холбоос гүүр нь болж өгөх байх аа. УИХ-ын чуулганы танхимдаа Эрхэм гишүүд хуралдаж л сууг бид эндээс Баян-Өлгий, Ховд, Завханаасаа   “Санаачлагчдын бүлэг” ажиллаад л нийгмийн амьдралд нийцтэй, бүс нутагт хэрэгжихэд тохирсон хуулийн төсөл бэлтгээд дээш илгээн барьж болох тийм л ардчиллыг хөгжүүлсэн хуультай болох гээд байна. Энэ тун сайн хэрэг шүү. Бүс нутгаасаа ч хууль тогтоолцох боломж гэж харагдаж байна даа.

Б.Цогзаяабаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх