Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны 6-р сарын 26-нд болно. Нийт 75 хоног үлдсэн. Ардчилсан Нам дотроо бужигнаад хэнийгээ дэвшүүлэхээ сайн мэдэхгүй явна. Сунгаагаар дэвшүүлнэ гэж намын дарга С.Эрдэнэ хэлсэн. Гэвч сунгаагаар нэр дэвшигчээ толруулбал ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчсөн заалтаар өрсөлдөөнөөс бүрмөсөн хасагдана. Тиймээс сунгааг мартах хэрэгтэй. Намын гишүүдийнхээ саналыг авах ажил АН дотор эрчтэй өрнөж байна. Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Дорлигжав нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн өөрсдийгээ дэвшүүлж, зарласан. АН-ын үе үеийн намын дарга нар. Бүгд л сайд, УИХ зэрэг төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан нөхөд. Дээр нь Женко Баттулга бас дэвших магадлалтай. Эдгээр 4 нэр дэвшигчийн 3 нь шалгагдаж буй хүмүүс. Тиймээс тэднийг ялаас мултрах зорилготойгоор дэвших болсон гэдэг тайлбарыг хэвлэлийнхэн хийх нь бий. Ийм учраас АН-аас нэр дэвшигчдийн рейтинг доогуур байгаа аж. Тэдний ард дэвшчих, дэвшүүлчихвэл ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай хүмүүс бас бий. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн тухайд. Гэхдээ эдний хэн нь ч бусадтайгаа адилхан дэвшинэ гэдгээ өөрсдөө илэрхийлэхгүй байгаа.
Харин МАН-ын хувьд нэг л нэр дэвшигч дээрээ тогт гэсэн ухуулга хүчтэй явж эхэлсэн. Энэ бол М.Энхболд. Ялах магадлал, суурь үндэс нь бүрдсэн гэж улс төр судлаачид үздэг. Нам нь ялсан, төр засгийг бүхэлд нь авсан, гар хөл сайтай гэж үзэж буй. Тэгэхээр аргагүй маш хүчтэй өрсөлдөгч гэдэг нь тодорхой.
Харин МАХН бол нэр дэвшүүлэх эрхтэй гуравдахь улс төрийн хүчин. Сүлжээ суларсан сул тал бий. Гэхдээ нэр дэвшүүлэх эрхтэй нь давуу тал. Зөв хүнээ дэвшүүлбэл нөгөө хоёр өрсөлдөгчөө тун зовооно гэдэг саналыг хуваалцаж байна. Сүүлийн үед тус намын дарга Н.Энхбаярыг дэвшүүлэх санал санаачилга ихээхэн өрнөх болсон. Н.Энхбаяр дэвшиж гэмээнэ, маш хүчтэй өрсөлдөгч байх болно. Тэр бол 2009 оны Н.Энхбаяр биш болжээ.
Уншигчдын дунд явуулсан санал асуулгаар МАХН-аас нэр дэвшигчийг 50 ба түүнээс дээш хувиар дэмжинэ гэх дүн гарах болсон нь санамсаргүй нэг тоо биш ажээ. Тэгэхээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль анхаарлын төвд орж ирлээ. Хэн нь ямар сонирхолтой нүүдэл хийхийг харах цаг иржээ.
Эх сурвалж : CONTROL.MN