Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаан 63.2 хувийн ирцтэйгээр 09 цаг 40 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь танилцуулав.
Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх замаар ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд дээрх хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болохыг танилцуулгад дурдлаа. Хөтөлбөрийн хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр ОУВС-тай урьдчилан тохирсны дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлтийг төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Үүнд төсвийн орлогын уул уурхайгаас хамаарах хамаарлыг бууруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох зорилгоор архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн татварыг нэмэгдүүлэх, автобензин, дизель түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, ХХОАТатварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж, эхлэх хугацааг урамшуулах арга хэмжээг авах зэргийг тусгажээ. Түүнчлэн нийгмийн халамжийг хүн амын зорилтот хэсэгт чиглүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, эдийн засгийн идэвхжлийг дэмжих, бараа үйлчилгээний зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэх бодлогын хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг сайжруулах, хүн ам зүйн насны бүтэц дэх өөрчлөлтийг үндэслэн тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэн, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, цалингийн зардлыг тодорхой хугацаанд царцаах, төрийн албанаас хууль, тогтоомжид заагдсан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчдын орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд хязгаарлах, хүүхдийн мөнгийг орлого багатай өрхүүдэд олгох зэргийг тусгасан болохыг Ж.Батсуурь сайд танилцууллаа.
Төслөөр Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 15.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8 их наяд 789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2 их наяд 774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэх аж. Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэхээр байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагуудыг өнөөгийн тодорхойлсон түвшинд мөрдөж, хэрэгжүүлэх боломжгүй болж байгаагаас үүдэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан, хамт өргөн мэдүүлжээ. Түүнчлэн 8 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 9 төслийг Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, Ш.Раднаасэд нар асуулт асууж зарим зүйлийг тодруулав. 2017 оны төсвийн тодотголын төсөлд хууль зүйн салбарын төсвийн урсгал зардлыг 8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлыг 2.3 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн үндэслэлийг талаарх асуултад салбарын сайд хариулт өглөө. Хууль зүй, дотоод хэргийн сайдын багц нэмэгдсэн хэдий ч үүнд удирдлагын зардал нэмэгдээгүй. Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй, чанартай хүргэх чиглэлээр тодорхой төсөв нэмэгдсэн байна. Тодруулбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх хэсгийн үйл ажиллагааг энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр ажиллаж буйтай холбоотойгоор 4.4 тэрбум төгрөг сайдын багцад нэмэгдсэн гэв. Мөн төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжийн хохирсон хохирлыг барагдуулах төсвийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад хуваарилдаг. Өнөөдрийн байдлаар нийтдээ 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 21 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гарсан байдаг бөгөөд 2017 оны батлагдсан төсөвт 2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн аж. Олон жилийн хугацаанд шийдэгдээгүй уг асуудлын тодорхой хувийг шийдвэрлэх зорилгоор төсвийн тодотголын төсөлд нэмж 3.8 тэрбум төгрөг төсөвлөсөн хэмээн С.Бямбацогт сайд тайлбарлалаа.
Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан Хилийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад төсөвтэй холбоотой учирч буй хүндрэлийн талаар асуусан юм. ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн, шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хүндрэл үүсээгүй хэдий ч эдийн засгийг сэргээх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд зарим арга үйл ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатайн улмаас нэмэлт төсөв шаардлагатай байгаа талаар мэдээлэл өглөө. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж буйтай холбоотойгоор хамгаалах байрны асуудал нэлээд хүндрэлтэй байгаа, улсын төсвөөс ямар ч хөрөнгө, зардал шийдээгүй хэдий ч салбарын яам олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэсгийг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэллээ.
Үргэлжлүүлэн хуралдаанд оролцсон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэж, энэ талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас зарим зүйлийг тодруулсан. Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн олонх нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжсэнгүй. Ийнхүү энэ талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Засгийн газраас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналыг Ажлын хэсэг боловсруулсан байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.3.2 дахь заалтын дагуу саналын томъёолол бэлтгэсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
УИХ-ын тогтоолын төслийг анхын хэлэлцүүлгээр батлахыг дэмжив
Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахтай холбогдуулан Ажлын хэсгээс оруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан санал хэлж, дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгээр батлуулах горимын санал гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 75 хувийн саналаар дэмжлээ. Үргэлжлүүлэн уг тогтоолын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.