“Алтан хүү” даамын клубээс зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын 2017 оны хоёр дахь тэмцээн болох “Нартын голомт” ХХК-ийн нэрэмжит тэмцээн энэ сарын 7-9-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохиогдлоо. Хэдхэн хоногийн дараа Узбекистаны нийслэл Ташкент хотноо болох Ази тивийн АШТ-ий өмнөх бэлтгэл болсон тус тэмцээнд нийт 56 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд нийт оролцогчдын ¼ нь олон улсын цолтнууд байсан юм.
Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад Монгол Улсын гавьяат тамирчин ОУИМ Д.Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар түрүүлж, ДДХМ Ц.Сүхбат, ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун, спортын мастер Ц.Эрдэмбилэг нар удааллаа.
Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер ОУМ М.Одгэрэл, ОУИМ М.Нямжаргал, ахмад даамчдаас спортын мастер Л.Гансүх, Д.Дорж, хөвгүүдээс спортын мастер Ц.Чинзориг, охидоос ДДХДМ Б.Мишээл нар тэргүүлж, дэд мастер С.Болор, I зэргийн тамирчин Э.Сугарсүрэн, зэрэггүй тоглогч Г.Гүнсумъяа нар тусгай шагналын эзэд болцгоожээ.