Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигиар Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Казак түмний Наурызын баяр болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, спорт, харилцаа холбоо зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын одон медиалаар шагнах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн, өндөр настан Ө.Тамирт “Алтан гадас” одонг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө. Ө.Тамир нь эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж, өдгөө гавьяаныхаа амралтад гараад байна. Тэрбээр “Эрүүлийг хамгаалах албанд 24 жил ажилласан. Анагаахын сургуулийг төгсөөд Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг, Яаралтай мэс заслын тасагт ажиллаж байсан. Мөн Уушгины эмгэг судлалын төв, Цалин хөлсний хороо зэрэг төрийн байгууллагад ажиллаж явлаа. Өнөөдөр миний энэ өчүүхэн хөдөлмөрийг үнэлж төрийн одонгоор шагнаж байгаа явдал бол эзэрхийлэх засаглалаас эдүүгээг хүртэл миний ээж, аав, эмээ, өвөө өвөг дээдсийн төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр хандаж явсны илрэл юм. Өндөр төрийнхөө сүлдэнд залбирч, өглөө бүр цайныхаа дээжийг өргөж явах болно. Та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье” гэлээ.
Хакухо М.Даваажаргалын ээж Ө.Тамир ”Алтан гадас” одонгоор шагнууллаа
2017 оны 04-р сарын 07 өдөр, 18 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
я