Манай улсад төдийгүй дэлхий дахинд хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдөж хотжилт, амьдралын хэв маяг буюу хоол тэжээл, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчнөөр өвчлөгсдийн тоо асар хурдацтай нэмэгдэж улс орны болон хүний хөгжлийг ухрааж, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байна.
ДЭМБ-ын тооцоолсноор дэлхийн хэмжээний нийт нас баралтын 60 хувийг зүрхний өвчин, тархины цус харвалт, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин зэрэг халдварт бус өвчин эзлэж байгаа бөгөөд энэ нь ДОХ, сүрье, хумхаа зэрэг халдварт өвчин, жирэмслэлт, төрөлт болон хоол, тэжээлийн дутлын улмаас шалтгаалсан нас баралтаас 2 дахин их, харин манай орны хувьд энэ нь 10 дахин их байна гэсэн тоо байна.
Манай улсад халдварт бус өвчин хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, сүүлийн арван таван жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2,3 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэгийн улмаас нас барж, өвчлөл улам залуужиж байна. Архи тамхины татварыг 10 хувиар нэмэгдүүлэхэд хэрэглээ 8-10 хувиар буурч, 3 сая хүн амтай манай орны хувьд жилд 1350 хүнийг нас барахаас сэргийлж чадахаар байна гэсэн тооцоо байдаг. Манай хүн амын хөдөлгөөний хомсдол нэмэгдэж, давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс даруй 3 дахин их хэвээр байна.
Хамтарсан засгийн /2008-2012/ үед хүн амын эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор тамхины онцгой албан таварын 2 хувь, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын 2 хувьтай тэнцэх хөрөнгийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэн сангийн хөрөнгийг 3 дахин өсгөн дараагийн засагт шилжүүлэн өгсөн билээ. Учир нь энэ мөнгөөр бид ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл зан үйлд хэвшүүлэх, өвчилсөн хойноо эмнэлэгт хандах биш харин өвчлөхөөсөө өмнө оношлогоо, урьдчилан сэргийлэлтийг хийдэг, эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэдэг амьдралын хэв маягийг төлөвшүүлэх соён гэгээрүүлэх ажилд мөн эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэхэд зориулах гэж хуримтлуулсан хуримтлал байсан юм. Харамсалтай нь зориулалтын бусаар үрэгдээд дууссан сурагтай.
2017 оны 2-р сараас Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг сэргээх болсон нь сайшаалтай . Хорт хавдар өвчний тархалт жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Тухайлбал 2000 онд 10000 хүн амд хорт хавдрын тархалт 284, шинэ тохиолдол 119, нас баралт 92 байсан бол жилд хавдрын тархалт арван долоон хувиар, шинэ тохиолдол арван дөрвөн хувиар, нас баралт арван зургаан хувиар нэмэгдэж байна. Хорт хавдрын өвчлөлтийн дотор элэгний хорт хавдар тэргүүлж, удаах нь ходоодны хорт хавдар, уушги, улаан хоолойн хорт хавдрууд араас нь жагсаж, эхний тавд умайн хүзүүн хорт хавдар орж байна.
Умайн хүзүүн хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хавдар дотроос гуравдугаарт орж хожуу шатандаа оношлогдож байгаагийн улмаас нас баралт тавь орчим хувьтай болж, сүүлийн үед улам залуужиж байна. Умайн хүзүүн хорт хавдар нь урьдчилан сэргийлэгдэх бүрэн боломжтой бөгөөд хамгийн гол нь эрт оношлуулж, эрт зохих эмчилгээг эхлүүлснээр нас өвчлөлт, баралтыг бууруулах боломжтой юм. Ид сайхан насан дээрээ эмэгтэйчүүд маань үр хүүхэд, хань ижлээ өнчрүүлэн хорвоог орхиж байна. Иймд эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд гучин таван наснаас хойш умайн хүзүүн хорт хавдрын шинжилгээнд жилд заавал хамрагдаж байхыг зөвлөж байна. Дэлхий дээр зуу гаруй улс орнууд бэлгийн харьцаанд ороогүй охид, хөвгүүдээ умайн хүзүүн хорт хавдрын дархлаажуулалтанд хамруулдөг бөгөөд өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадамжтай 25 улс орнууд умайн хүзүүн хорт хавдрын дархлаажуулалтыг товлолдоо оруулж тус өвчнөөс 87-97 хувь урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Ингэснээр, зөвхөн ирээдүйн ээжүүд болох охидуудаа хамгаалаад зогсохгүй ирээдүйн аавууд, эрчүүдээ энэ муухай вирусын халдвар авахаас хамгаалж, бэлгийн замаар дамжих 25 өвчин, эрчүүдийг бэлэг эрхтний болон шулуун гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг байна. Мөн эмэгтэйчүүдэд тохиолдож буй хавдрын дотор хөхний өмөнгийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татаж байна.
Хорт хавдраар жилд 4400 хүн өвчилж 3000 гаруй хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа эмгэнэлтэй тоо баримт байна. Энэ нь эрүүл мэндийн мэдлэг дутуу, дандаа хожуу үедээ эмнэлэгт хандаж оношлуулж байгааг илэрхийлж байна. Хавдрыг эрт илрүүлэхэд хувь хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг, эрүүл байх хүчин чармайлт, зайлшгүй дутагдаж байгаагаас гадна эрүүл мэндийн салбар болон боловсролын салбарын зүгээс эрүүл мэндийн мэдлэгийг олгох, соён гэгээрүүлэх тал дээр хамтарч ажиллах, эрүүл мэндийн боловсрол, амьдралын арга барилд суралцах хичээлүүдийг ерөнхий боловсролын сургуулиудад оруулдаг болгох, цагийг зүй ёсоор нэмэгдүүлэх, бусад салбарууд мэргэжлийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцлийг ажлын байран дээрээ бүрдүүлэх зэрэг ажил олон улсын стандартын дагуу тогтвортой хийгдэхгүй байгаа нь нөлөөлж байна. Үр дүнтэй эмчлэх, хавдраар өвчлөгсдийн амьдралын хугацааг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх оновчтой аргуудыг нэн даруй олон улсын стандартын дагуу практикт хэрэглэж эхлэх, төрийн дэмжлэг, зөв оролцоо зайлшгүй шаардлагатай байна. Мөн иргэд өөрийн зүгээс архи, тамхи, давс, чихрийн хэрэглээгээ ухамсартайгаар багасгаж чадвал өөрийн эрүүл мэнд, эдийн засагтаа оруулж байгаа том хувь нэмэр болох юм. 2011 онд Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалт “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” чилэлээр зохион байгуулагдаж, мөн 2015 оны НҮБ-ын Ерөнхий чуулганаар 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн” 17 зорилтыг дэвшүүлэн тавьсны дотор урьдчилан сэргийлж болох өвчнөөс үүдэлтэй нас баралтыг тавин хувь бууруулна гэж заасны дагуу НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол улс нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэх учиртай билээ. Зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрт нөлөөлөгч нийтлэг эрсдэлт хүчин зүйлүүдийг хянаж, бууруулах үйл ажиллагаанд дэд бүтэц, нөөцийн хомсдол, архи тамхины үйлдвэрийн нөлөө, хотжилт, салбар хоорондын хамтын ажиллагааны дутагдал, татварын оновчгүй бодлого, иргэдийн өөрсдийнх нь хүчин чармайлт, оролцоо зэрэг бэрхшээл учруулсаар байгааг дахин хэлэх юун. Дан ганц ЭМ салбар хүчин мөхөс юм.
Жадамба ЦОЛМОН, АУ-ны Доктор, профессор