Д.Алтанхуяг: Намын гишүүдийн саналыг шударгаар тоолоод өгөөч

2017 оны 04-р сарын 06 өдөр, 10 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6v0e0ppvjh15jt9l3msjss5r9t_b

-Чингэлтэй дүүргийн намын байрны гадаа том биетэй залуучууд, бөхчүүд гээд 30-40 хүн ирчихсэн саналын хуудсаа тоолооч гэсэн шаардлага тавьсан намын гишүүдийг айлгаж дарамталж байна-

Өнгөрсөн ням гаригт Ардчилсан намын дотоод сонгууль болсон. Ардчилсан намын шинэчлэгдэж байгаагийн нэг илэрхийлэл болсон дотоод сонгууль амжилттай боллоо гэж намын удирдлагууд мэдэгдэж байгаа ч зарим газар тухайлбал Чингэлтэй дүүрэгт сонгууль будилаантжээ. Үүнд Чингэлтэй дүүргийн АН-ын даргын сонгууль будлиантаж, сонгох сонгогдох эрхэнд халдсан гэж гишүүд нь мэдэгдэв. Чингэлтэй дүүргийн АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, МоАХ-ны анхны гишүүдийн нэг Д.Алтанхуяг нар өрсөлдсөн билээ. Яагаад будилаан гарсан талаар нэр дэвшигч Д.Алтанхуягаас тодрууллаа.

-Сонгууль яагаад будилаантсан гэж үзэж байгаа талаараа та тайлбарлана уу. Яг хаана, ямар будилаан гарсан юм бэ?

– Чингэлтэй дүүргийн намын даргад санал өгөх 63, 64, 65, 66 гэсэн дөрвөн тойрогт санал хураалт болсон. 64-р тойрогт санал хураалт дууссаны дараа зөвхөн намын даргын саналын хуудсыг нэр дэвшигч хүн тус бүр дээр нь тоололгүйгээр нийт дүнг нь тэд гэж багцаалдаж тоолчихоод ямар ч лац ломбогүйгээр Чингэлтэй дүүргийн намын байр руу даваа гариг буюу уржигдар өглөө 7 цагт авч явсан. Би дүүргийнхээ сонгуулийн хороонд тооллого хийлгэх тухай гомдол гаргаж саналын хуудсаа тоолох гэж оролдлоо. Гэтэл нийт 488 гишүүн санал өгсөн байх ёстой байтал 408 саналын хуудас тоологдож үлдэгдэл 80 хуудас алга болсон байна. Ингээд сүүлдээ бүр тоолж чадахаа байгаад төв нам руу бас ямар нэгэн лац ломбогүй аваад явлаа. Ер нь Чингэлтэй дүүргийн 64 тойрогт санал хураалтын ажиллагаа маш их будлиантай явагдсан. Тухайлбал, хэсгийн хорооны ажилтан саналаа өгөх гэж ирсэн хүмүүст санаатайгаар саналын хуудсыг давхарлаж өгөх зөрчил хэд хэдэн удаа гарсан. Хэсгийн хорооны ажилтан биш ажиглагч хийж байгаа хүн сонгогчдод саналын хуудсыг өглөө 11 цагаас өдөр 15 хүртэл тарааж байсан нь намын үндсэн дүрэм, ДоСХ-ны дүрмийг маш ноцтой зөрчсөн зүйл болсон. Мөн санал өгөх гэж ирсэн гишүүнээс иргэний үнэмлэхийг нь шаардахгүйгээр зүгээр намын батлахаар нь санал өгөх, өөр дүүргийн иргэнээр санал өгсөн зэрэг зөрчлүүд гарч байсан. Жишээлбэл, 19 настай хүүхэд 53 настай хүний иргэнийүнэмлэхээр санал өгсөн. Хэсгийн хорооны ажилтан нь очиж шалгасан мөртлөө  үүнийг мэдсээр байж саналыг нь өгүүлсэн. Энэ үйлдэл нь санаатай хоорондоо тохирч байгаад хийсэн үйлдэл гэж ойлгож байгаа.

-Намын даргын саналын дүн эцсийн байдлаар гарч чадсан уу. Ер нь та өрсөлдөгч Г.Баярсайханаас илүү санал аваад байгаа юм уу. Эсвэл дутуу саналтай байгаа юм уу?

-Нийт дөрвөн тойрогт санал хураалт болсноос гурван тойрогт нь би 77  саналаар ялсан байгаа. Гэтэл 64-р тойрог дээрх саналыг хэсгийн хорооны ажилтнууд ийш тийш нь авч гүйлдээд дүнг нь гаргахгүй, харуулахгүй байх юм. Одоо манай Чингэлтэй дүүргийн намын байрны гадаа том биетэй залуучууд, бөхчүүд гээд 30-40 хүн ирчихсэн саналын хуудсаа тоолооч гэсэн шаардлага тавьсан намын гишүүдийг айлгаж дарамталж байна.

-Цаашид ямар арга хэмжээ авахаар болж байна вэ?

-Нэгдүгээрт, 64-р тойрогт санал өгсөн сонгогчдын саналыг тоолоод өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Миний хувьд ялах ялагдах нь чухал биш хамгийн гол нь гишүүдийнхээ өгсөн саналыг үнэн зөвөөр шударгаар тоолуулмаар байна.

Хоёрдугаарт, нэгэнт будлиантай сонгууль болгож байгаа тул би намын Дотоод Сонгуулийн  хороонд хандаж гомдлоо гаргана. Маш олон зөрчлүүд гарч, сонгох, сонгогдох эрхэнд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд удаа дараа гарлаа. Заавал Г.Баярсайханыг ялуулах гэж улайраад зохион байгуулалттайгаар гүйлдээд байгаа хэсгийн хорооны ажилтнуудын хийж буй энэ үйлдлийн ард хэн байна вэ гэдэг нь тодорхой болов уу. УИХ-ын гишүүн байсан, Монгол төрийн сайд хийж байсан Г.Баярсайхан та шударгаар сонгуулийг явуулахад гүн туслалцаа үзүүлнэ үү гэж хүсэх байна. Анхнаас нь энэ санал хураалтийг хэсгийн хорооны ажилтнууд нь зохион байгуулалттайгаар хууль бусаар явуулсан учраас 64-р тойргийн хүрээнд буюу ЧД-ийн 7, 8, 9, 10, 11 хорооны гишүүдийнхээ дунд намын даргын сонгуулийг дахин явуулах санал гаргаж байгаа.

Б.САРУУЛ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх