Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-д албан ёсны айлчлал хийв

2017 оны 04-р сарын 05 өдөр, 12 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
NHAT9638-1024x787

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь-ийн урилгаар 2017 оны 4 дүгээр сарын 2-4-нд БНСВУ-д албан ёсны айлчлал хийв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь-тэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв.

Сайд Ц.Мөнх-Оргил Вьетнам Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцааг улам хөгжүүлэхэд Монгол Улс ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, ирэх 5 дугаар сард Вьетнамын Дэд Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлал, ЗГХК-ийн хуралдааныг зохион байгуулах зэрэг энэ онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов. Монгол Улсын Ерөнхий сайдыг Вьетнамын Дананг хотноо 11 дүгээр сард болох АПЕК-ийн дээд түвшний уулзалтад зочноор оролцуулах асуудлыг ярилцав.

Мөн ГХЯ-д хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, бусад хүчний байгууллагын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.

Сайд Ц.Мөнх-Оргил Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны сайд Чан Туан Ань, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд бөгөөд Монгол, Вьетнамын ЗГХК-ийн вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзаж, Монгол, Вьетнамын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Вьетнам Улсын бүс нутгийн интеграцид хамрагдаж буй байдал, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахдаа хуримтлуулсан туршлагаас Монгол Улс суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, энэ чиглэлд хоёр тал хамтран ажиллахаар болов.

Монголын мах, махан бүтээгдэхүүнийн экспортлох нөхцлийг бүрдүүлэх хүрээнд Сайд Ц.Мөнх-Оргил, ХААХХ-ийн сайд Нгуен Суан Гыөнг нар “Мал эмнэлгийн хяналт, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын МХЕГ, БНСВУ-ын ХААХХЯ хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Мөн цаашид хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай арьс шир, ноос ноолуур, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг Вьетнамд экспортлох, Вьетнамаас кофе, жимс, далайн бүтээгдэхүүнийг Монголд түлхүү импортлохоор ярилцав.

Талууд хоёр орны хувийн хэвшлийн хэлхээ холбоог дэмжихийн зэрэгцээ аялал жуулчлал, уул уурхай, ашигт малтмал, соёл боловсрол, спорт, ШУТ-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцав. Вьетнамын тал газрын тосны хайгуул, олборлолт, эрчим хүч, зам тээвэр, банк санхүүгийн салбарт Монгол Улстай хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа нотлов.

Олон улс, бүс нутгийн талбарт Монгол, Вьетнам хоёр улс хамтран ажиллах өргөн боломж байна. Вьетнам Улс Монгол Улсыг Ази, номхон далайн интеграцид нэгдэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх