УИХ-ын дарга ОУПХ-ны Бүс нутгийн бүлгүүдийн дарга, Байнгын хорооны ерөнхийлөгч нарын уулзалтад оролцож байна

2017 оны 04-р сарын 01 өдөр, 20 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hurall

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Бангладеш Улсын нийслэл Дака хотноо өнөөдөр эхэлж буй Олон улсын парламентын холбооны (ОУПХ) 136 дугаар чуулганд оролцож байна.

Тэрбээр тус улсын нийслэл Дака хотын “Бангабанду” олон улсын хурлын төвд болсон Бүс нутгийн бүлгүүдийн дарга нар болон Байнгын хороодын ерөнхийлөгч нарын уулзалтад оролцов.

Уулзалтаар ОУПХ-ны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороо, Байнгын хороод, бүтцийн бусад нэгжүүдэд эмэгтэй болон залуу гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ОУПХ-ны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаарх гишүүн орнуудын тайлангийн үр дүнг сайжруулах, Олон улсын ардчиллын өдөрт бэлтгэх, хурцадмал болон сөргөлдөөнт нөхцөлд байгаа Сири, Йемен, Венесуэл, Камбож зэрэг улс орнуудад үүссэн асуудал, хүний эрхийг хангах, зөрчлийг намжаах зэрэг анхаарал татсан асуудлуудыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энд хэлсэн үгэндээ залуу гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөв.

Тэрбээр:

-Миний бие ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийг төлөөлөн саналаа илэрхийлж байна. ОУПХ дахь залуусын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа нь цагаа олсон, зүйтэй алхам гэж үзэж байгаагаа юуны өмнө илэрхийлье. Одоогоор залуу парламентчдын эзлэх хувь 10 хүрэхгүй байгаа нь чамлалттай юм.

Дэлхийн улс орнуудын үндэсний парламент дахь 45-аас доош насны гишүүдийн оролцоо 26 орчим хувьтай байгаа. Монгол Улсад өнгөрсөн 2016 онд парламентын сонгууль болсон. Сонгогдсон нийт гишүүдийн 38 хувь нь 45-аас доош насныхан байна. Энэ удаагийн Ассамблейд оролцож буй 7 гишүүний 3 нь энэ насныхан. Тиймээс залуу парламентчдын төлөөллийн тоог нэмэгдүүлэх, тэдний үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх боломжийг аль болох түлхүү хангах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Гишүүн орнуудын парламент жил бүр ОУПХ-нд тайлангаа ирүүлж байх үүрэг хүлээдэг ажээ. Гэвч энэ үүргээ хангалтгүй биелүүлж байгаа асуудал уулзалтын үеэр хөндөгдсөн юм.

УИХ-ын дарга М.Энхболд “Тайлан ирүүлэх үүргийн хэрэгжилт 30 хүрэхгүй хувьтай байна гэдэг хангалтгүй үзүүлэлт. Тиймээс ротацийн зарчимд шилжиж, бүс нутаг бүрээс тодорхой төлөөллийг сонгон, тайлангаа ирүүлэх үүрэг хүлээлгэвэл үр дүн гарна гэж бодож байна. Нэг парламент 3-5 жилд нэг удаа тайлангаа ирүүлдэг болбол үүргийн биелэлт сайн хангагдах боломжтой” гэсэн санал дэвшүүлснийг уулзалтад оролцсон Бүс нутгийн бүлгүүдийн дарга, Байнгын хорооны ерөнхийлөгч нар дэмжиж байгаагаа илэрхийллээ.

ТОДРУУЛГА: Дэлхийн улс орнуудыг парламентыг бүхэлд нь нэгтгэсэн Олон улсын парламентын холбоо нь 1889 онд Парис хотноо анх үүсэн байгуулагдсан бөгөөд 171 жинхэнэ, бусад 11 гишүүнтэй юм.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал ОУПХ-нд 1962 онд гишүүнээр элсжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх