Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ.
Энэ гуравдугаар сарын 6-ны өдөр анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн 8 жилийн хугацаанд гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлээр хийсэн ажлын хүрээнд хийсэн юм.
Удаах хэлэлцүүлгийг “Монгол хэмээх нэгэн нэр” сэдвийн дор гуравдугаар сарын 29-ний өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009-2017 оны хооронд монгол хэл, бичиг, түүх, соёл, уламжлалаа дээдлэх, сэргээх, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, монгол хүнээ хөгжүүлэх, урлаг, спорт, нийгмийн бодлогыг дэмжих чиглэлээр гаргасан зарлиг, санаачилга, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
Уг зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЕС” судалгааны төвөөс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 450 гаруй “Ардын эксперт” оролцсон юм.
Зөвлөлдөх хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон иргэдийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулт өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Зөвлөлдөх хэлэлцүүлэг явуулдаг ийм соёл тогтож байгаад би баяртай байна. Ард иргэдээс сонгогдсон, томилогдсон албан тушаалтан хийсэн ажлынхаа талаар иргэдийн хүссэн үед, мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын зүгээс санал тавьсан аль ч тохиолдолд тайлбарлах, ярих шаардлагатай гэж би боддог.
Бид ч байнгын өдөр тутмынхаа ажилд дарагдаад өмнө хийсэн зарим ажлаа санахгүй болчихсон ч тохиолдол байдаг. Иргэдэд ч Ерөнхийлөгчийн хийсэн зарим ажлын талаар тайлбар авах шаардлага гардаг байх. Энд сууж байгаа хүмүүсээс таны хийсэн тийм ажил, гаргасан шийдвэр намайг баярлуулсан гэж хэлэх хүн байгаа байх. Таны гаргасан тэр шийдвэрт би үнэхээр дургүйцсэн, яагаад ийм юм гаргасан юм бэ гэж тайлбар асуух хүн ч байж магадгүй.
Би хувьдаа УИХ-ын гишүүд, сайд дарга нар ч адилхан, иргэддээ тайлагнадаг, аймгийн удирдлага нь аймгийнхаа иргэдэд, сумын удирдлага нь сумынхаа иргэдэд тайлагнадаг, хоорондоо ажлаа ярьдаг байх нь их чухал гэж бодож байгаа. Зайнаас, амьдралдаа гар барьж үзээгүй байж бие биеэ доош хийж муулаад суух нь Монголын урагшлах замд сайн нөлөө болохгүй. Харин улаан нүүрээрээ тулаад уулзаад ярилцахаар монгол хүмүүс сайхан ойлголцдог.
Монголын медиа байгууллагаас тавьсан саналд үгүй гэж хэлэх аргагүй байсан. Бид бүхэн энэ хүмүүсийн гаргасан хөтөлбөрийн дагуу ажлаа танилцуулна. Энэ арга хэмжээнд хот, хөдөөгийн иргэд, мөн гадаад оронд сууж байгаа иргэд чөлөөтэй оролцох боломжтой байгаад би хувьдаа баяртай байна. Оршлоо багасгаж шууд асуулт хариултын байдлаар явъя гэж бодож байна” гэв.
Ингээд зөвлөлдөх хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжиллээ.
Хөтлөгч Б.Жаргалмаа: -Би СГЗ Ш.Гүрбазар гуайг аминчилж урьсан юм. Монголоо гэж их ярьдаг хүн учраас урьсан. Та эхлэх үү?
Монгол Улсын СГЗ Ш.Гүрбазар: -“Би иргэн хүнийхээ хувьд үүнд оролцож болох уу” гэж Монголын медиа группын удирдлагууд руу 20-иод хоногийн өмнө ярьж байсан. Би энэ удаа зохиолч, сэтгүүлч гэдгээрээ биш, Баянзүрх дүүргийн иргэн гэдгээрээ орж байна. Миний саналыг хүлээж авсанд баярлалаа.
Бүгдээрээ сэтгэлээсээ ярья. Би яах гэж “Монголоороо гоёдог. Монголтойгоо адилхан. Монголын үнэртэй салхи, Монголоо санасан сэтгэл” гэж шүлгүүд бичээд байдаг юм бэ гэвэл хуучны нам, эх орны сэдэвт шүлэг шиг алдар хүнд олох гэж бичдэггүй юм. Үнэхээр миний эмзэглэдэг юм бол энэ. Энэ юмыг энэ даяарчлал дотор алдчих вий. Үүнийг сахиж хэвтээд, үүнийгээ чарлаад байх юм шүү гэж бодсондоо энэ шүлэг, дуунуудыг хийдэг. Энэ хамгийн чухал. Үүнийгээ л алдахгүй байхад болно.
Эдийн засаг дээр, дор янз бүр байдаг. Сэргэх нэг өдөр ирнэ. Айлууд галтай, галгүй байж болно. Галгүй байлаа гээд хойно байгаа алтан гэрэлээ шатаахгүй нь ойлгомжтой. Ийм үед үүнийг гаргаж ирэх чандын ухаан хэрэгтэй. Энэ бол чухлаас чухал зүйл. Амин юм гэж бидэнд бий. Би есдүгээр Богдын тухай маш сайн мэднэ. 1993 онд тодруулах гэж явж байсан хүний нэг бол би. Та бол маш их иргэний зориг гаргасан. Энэ бол Монголын тусгаар тогтнолтой холбоотой, Монголын чандын үнэмшилтэй холбоотой зүйл. Та бол гайхамшигтай, нэр төртэй хийж чадсан.
Өөрийнхөө мэдэл, эрх, цаг хугацааны хүрээнд энэ нандин зүйлийн дархлааг сайн тогтоогоод авъя гэдэг бол таны чандын ухаан юм. Энэ чухал, бусад нь болно. Монголын заяа өндөр. Дархлаа л цагийн цагт тогтоож, үеийн үед байх ёстой.
Монголын медиа группынхэнд хэлэх өөр нэг санал бол Ардын үгээр гарсан саналуудыг дараагийн Ерөнхийлөгчид сайн дамжуулах хэрэгтэй. Үүнийгээ битгий алдаарай гэж цаашаа хэлмээр байгаа юм. Би иргэн, яруу найрагч хүний хувьд хэлэхэд үнэхээр гайхамшигтай зүйлсийг тогтоосон танд баяр хүргэе.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ерөнхийлөгчийн ажлын нэг онцлог байгаа юм. Үүрэг, хариуцлагыг нь хуулиар маш тодорхой зааж өгсөн. Нөгөө талдаа Монголын уламжлал, соёл, хэл, заншлын асуудлыг аль ч төрийн байгууллагад гэхээсээ нэг яам хариуцаад явдаг. Ер нь соёл, уламжлал, түүхтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч авч явах ёстой. Монголын сэдэв бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн авч явах ёстой сэдэв мөн гэж би эхнээсээ үзсэн. Авч явах ёстой гэж үзсэн таван сэдвийн маань нэг бол Монголтой холбоотой сэдэв байгаа юм.
Хуулиар бүх ажлыг заагаад өгчихсөн байдаг учраас үүнийг авч явах нэг арга олсон. Тэр юу вэ гэхээр манай иргэдээс гарч байгаа Монголтой холбоотой сайн санаачилгыг дэмжие. Түүнийг ажил болгоход түлхэц үзүүлье. Энэ бол Элбэгдоржийн гэдэг юм уу, Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүний ажил гэж өрөөсгөлөөр харах хэрэггүй. Үнэхээр та бүхний дэмжлэг, оролцоо байгаагүй бол миний ажил хийх, гүйцэтгэх гэж юу байх вэ. Энэ талаас нь харах хэрэгтэй.
Энэ нь сайн соёл болоод, манай иргэд сайн зүйл гэж үзэж байгаа соёл болж, Монголын төрийн бодлого болж цаашаа тогтох хэрэгтэй.
Хэрэв энэ нь хүний нэрээр нэрлэгдвэл мартагдана. Өөрчлөгдөнө. Энэ бол Монголын нэрээр нэрлэгдэх ёстой ажлууд. Ийм санаачлагуудыг дэмжие гэсэн хандлагаар ажиллаж байсан гэдгээ хэлье. Баярлалаа.
Монгол Улсын гавьяат багш Ш.Чоймаа: – Монгол дархлаа гэдэг бол яах аргагүй өнөөдөр бидний аминд тулсан асуудал юм. Ш.Гүрбазарын хэлдгээр бид өнөө маргаашийн эдийн засаг, хүмүүсийн бухимдлын тухай л ярьж байна. Монгол дархлаа гэдэгт хүмүүс олон зүйлийг хамруулж ярьж байна лээ. Энэ үнэн. Дэлхийд түгсэн Монголын нууц товчоо номын нээлтэд зориулж Үндэсний номын сан дээр Ерөнхийлөгч үг хэлэхдээ хийсэн ажлаа жагсаагаад үзсэн. Монгол судлал, монгол өв соёлыг дэмжих талаар нэлээд ажил хийсэн байна лээ гэсэн. Ерөнхийлөгч гэдэг хуучнаар бол хаан гэсэн үг. Үе үеийн Ерөнхийлөгч нарын авч явах алсын хараатай бодлого бол монгол дархлаа байх ёстой. Энэ цаашаа дархлаа болж үргэлжлээсэй билээ.
Өнөөдөр хоёр том гүрний дунд байгаа бид өөрсдөө даяаршил гэж ярьж, өөрөө өөрийгөө даяаршуулах, харьшуулах гээд, эцэг эх нь хүүхдээ хүртэл тийм байдалд оруулж байна. Ийм эгзэгтэй үед энэ үнэхээр чухал асуудал юм. Монгол хэлээрээ ярьж, ойлгож, ухаарч чадаагүй байх үед нь цэцэрлэгийн хүүхдэд гадаад хэл зааж байна.
Монгол хэл бичиг, өв, соёл гэдэг зүйлийн талаар Ерөнхийлөгчийн хоёр чухал зарлиг 2010 онд гарсан. Энэ нь Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг, Монголын уламжлалт ухаан, арга билгийн үндэс гэдэг хичээлийг ЕБДС-д албан ёсны хичээл болгож оруулах, түүний ач холбогдлын тухай маш дэлгэрэнгүй заасан зарлиг юм. Өнөөдөр үнэнийг хэлэхэд өөрөө хотод өсч төрсөн, аав ээж нь ч хотод өсч төрсөн ийм хүмүүс бол махыг нь иддэг болохоос биш малын тухай төсөөлөлгүй болчихоод байна.
2000 жилийн түүх нь бидэнд илхэн байгаа өнө эртний түүхтэй Монгол Улс маань дэлхийгээс ялгарах өв соёлоороо л өөрийн дархлаа хийж, монгол үндэстэн оршин тогтнохын төлөө явах нь чухал юм.
Тусгаар тогтнол гэдгийн үнэ цэнийг залуучуудад ухааруулаасай билээ. Үүнийг ухаарахын тулд монгол үндэстэн дэлхий даяаршиж байгаа нөхцөлд хоёр том гүрний дунд яаж оршин тогтнох билээ гэдэгт сэтгэл зүрхээ зовоож, монгол судлал, монгол өв соёл, энэ бүрхний талаар Ерөнхийлөгчийн хийсэн ажлууд асар их байна. Энэ хийсэн зүйлийг цааш уламжлуулах талаар та анхаарал тавиасай билээ. Цагаан сараар монгол дээл өмсчихөөд, монгол дуу дуулчихад монгол хүн гэдэг бол биш шүү дээ. Толгой тархи нь монголоороо сэтгэдэг, өнө эртний монгол хэлний үгийн язгуур гарлыг үгийн гарлын толь шиг хадгалсан, үндэснийхээ бичиг үсгийг мэдэж, түүнийгээ ухаж, ухаарч байж л сая чи монгол хүн гэж өөрийгөө бардам хэлдэг болно шүү дээ. Үүнийг ухаараасай билээ.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Баатарсүрэн: -Би Монгол Улсын Ерөнхийлөгчид уулзалтаас өмнө “Сайн” гэдэг дүн тавьчихсан хүн. Ер нь сайн ажилласан. Ерөнхийлөгч болохоосоо урьд хийж байсан ажлуудаас нь өгсүүлээд Ерөнхийлөгч болсон 8 жилд үнэхээр сайн ч ажилласан, манай Монголын талаар дээд хэмжээний сайхан ч сурталчилгаа явуулсан. Үүнийг бид бүгд мэдэж байгаа.
Нэг зүйлд шүүмжлэлтэй байна. Энэ Ерөнхийлөгчийн чихэнд хүрдэг үү, үгүй юү, мэдэхгүй. Намаар талцаж, их олон хүнийг намын харъяаллаар ажлаас халлаа. Үүнийг та эрхэлсэн ажлынхаа, эрх мэдлийнхээ хүрээнд хойшид анхаарч, мэргэшсэн мэргэжилтнийг хэвээр нь ажилллуулах талаар харж үзвэл ямар байсан бэ. Ийм санал байна.
Яваад үзээд байвал монгол орон ямар сайхан гайхамшигтай вэ гэдгийг бүгд ойлгоно. Үзээгүй учраас ойлгохгүй байна. Сая зурагтаар гарсан. Гадаадын нэг эмэгтэй Монголыг амьдрахад хамгийн сайхан чөлөөтэй орон гэж нэрлэсэн байна лээ. Үнэхээр сайхан санагдсан. Бид зурагтаас өөр мэдээлэл авах зүйлгүй тийм хүмүүс. Ерөнхийлөгч ажлаа өглөө ч гэсэн цаашид Монгол орныхоо төлөө олон сайхан санаачилга гаргаж ажиллаасай гэж хүсэн ерөөе. Сайн сайхан бүхнийг хүсэе.
“Чингисийн хөх Монголоо Чимээлээд ирж төрөөрэй” гэж дараа төрөх хүүхдүүдийг бэлгэдэж ерөөе.
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн, эмч Мэндсайхан: – Монголын медиа группын явуулж байгаа “Ардын үг”-ийг хүмүүс сонин сонин байдлаар хардаг. Юуг нь ч ойлгоогүй байж Элбэгдорж явахаасаа өмнө өөрийгөө сурталчлахаар юм хийгээд эхэллээ гэж зарим нь хэлдэг.
Гэтэл өнөөдөр өөрөө ирээд суугаад үзсэн чинь бид энэ их олон мэдээлэл дотроос ерөөсөө хэрэгтэй юм авдаггүй юм байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд хамаарах ч юм бий, хамаарахгүй ч юм бий.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй 2004 онд Ерөнхий сайд болохоос нь өмнө Өвөрхангайн нэг суманд лекц уншихаар очиж байсан. Тэр нь Өвөрхангайдаа “Хойд Солонгос” нэртэй сум л даа. Би өөрөө Өвөрхангайн хүн. Тэгэхэд нэг уулзсан. Өнөөдөр 13 жилийн дараа барааг нь харж байна.
Би энэ хүнийг үнэлж явдаг хүн. Асар их шүүмжлүүлсэн хэрнээ юм хийдэг. Элбэгдорж шиг шалгуулъя гэхэд УИХ-ын гишүүний ажлаа өгөөд шалгуулсан хүн энэ хугацаанд гараагүй шүү дээ. Энэ монгол дархлаа, спорт, эмнэлэг, монгол өв соёлтой холбоотой зүйл, үндэсний аюулгүй байдал, АСЕМ зэргийг олон хүн эсрэгээр ярьдаг.
Би өөрөө монгол уламжлалт эмнэлгийн эмч хүн. Дараагийн Ерөнхийлөгчид нэг чухал зүйлийг захиарай. Монгол Улсын эрүүл мэндийн систем бол бас л нэг дархлаа. Үүнийг цаашдаа анхааралдаа байлгаарай.
Үүний дотор Монголын брэнд болсон Монголын уламжлалт анагаах ухаан явдаг. Уламжлалт анагаах ухаан дотор жинхэнэ байгалийн гаралтай монгол эм тан хийх арга бий. Үүнийг хөгжүүлэх тал дээр та ивээлдээ авч дараагийнхаа хүнд өгөөрэй. Монгол Улс жилдээ 200 гаруй тэрбум төгрөгийн эмийг гаднаас авч хэрэглэдэг. Монголын уламжлалт анагаах ухааны 5-6 цех энэ дотор хувь хэмжээ эзэлж чаддаггүй. Гэтэл ханиад томуу, цагаан цэцэг, салхин цэцгийг анагаах эм манайд байгаа. Манай ЭМЯ-нд ховор эмийн ургамал, жимс жимсгэнийн фонд байхгүй. Гадаад орнуудад байдаг. Үүнийг үржүүлж, уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлбэл хүн амын эрүүл мэндэд хэрэгтэй. Мөн сургуулийн хөтөлбөрт өвчнөөс сэргийлэх уламжлалт арга гэдгийг оруулж өгмөөр байна. Танд амжилт хүсье.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Ш.Чоймаа багшийн хэлсэн дээр нэг зүйл хэлэхэд өнгөрсөн хугацаанд хийсэн, хийгээд хэрэгжээд явж байгаа ажлаа жагсааж үзэхэд 100 гаруй ажил гарч байсан.Түүний 30-аад нь “Монгол”, “Монголын төлөө” гэдэг сэдэвтэй холбогдож байсан.
Ерөнхийлөгчийн ажлыг аваад хамгийн анх миний хийсэн ажил бол ажлынхаа өрөөг Иргэний танхим болгохоос эхэлсэн. Төрийн ордонд Х.Чойбалсан гуай, Ю.Цэдэнбал гуайн сууж байсан, миний өмнөх Ерөнхийлөгч хүртэл ажиллаж байсан ажлын өрөөг Иргэний танхим болгоё гэсэн. Хуучин ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга суудаг байсан өрөө рүү би өөрөө шилжсэн. Ордны засвараар урагш маш их татсан өрөө байсан.
Ард иргэдээс гарсан нэг сайн санаачилга, иргэд нь оролцдог байя гэсэн санаачилгыг дэмжихэд л улс орон даяар яваад өгдөг. Бүх аймаг, бүх сум Иргэний танхимтай болсон. Сарын ажлын хөтөлбөр гаргасан байна. Хэнтийн Батширээт гэж гайхалтай сум байна. Сард 17 хоног иргэд нь цуглаж ярьдаг. Тийм хэвшил тогтсон. Сургууль дээр гар утас яаж хэрэглэх вэ гэсэн асуудлаар ярьж байгаад сургуулийн хүүхдүүд сургуульд явахдаа гар утас авч явахгүй гээд шийдвэр гаргаад ажлаа зохицуулсан. Ийм гайхамшигтай, олон нийтээс гарч байгаа зөв саналыг төрийн зүгээс дэмжихэд үр дүн нь гардаг.
Олон газар явж байхдаа Монголын тухай, Монголын гайхалтай байсан тухай ярихдаа ганц жишээ татдаг. Би Бүгд Найрамдах Иран Улсад очиж байсан. Ираны дээд удирдагч гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дээр нэг хүн байдаг. Дээд удирдагч Аяатолла Хомейни гэдэг хүнтэй гар бариад л “Би өчигдөр Өлзийт хааны бунханд очоод ирлээ” гэхэд л Аяатолла Хомейни миний өөдөөс “Бид монголчуудад баярлаж явдаг” гэж хэлсэн. Монголын Ил хаад, Хүлэгү хаанаас эхлээд таван хаан байсан. Иранд анхны их сургуулийг монголчууд байгуулсан. Анхны одон орон судлах төвийг монголчууд байгуулсан. Анхны эмнэлэг, гэхдээ бүр сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан хөгжмөөр эмчилдэг эмнэлгийг монголчууд байгуулсан. Энэ ямар гайхамшигтай юм бэ. Музейд нь ороод үзэхэд үзмэрийн 70 хувь нь монголчуудтай холбоотой байсан.
Бид ийм гайхамшигтай түүхээрээ, ийм гайхамшигтай боломжоороо бахархахаас өөр арга байхгүй. Тэр хүн бараг хэрийн хүнтэй үг сольдоггүй, дэлхий дээр байгаа шиа шашны хамгийн дээд удирдагч гэж явдаг хүн шүү дээ. Тэр бас хэлж байгаа юм. “Танай хаан байхдаа манай шиа шашныг энэ газарт тэргүүлэх шашин болгож зарласан юм. Түүнд нь бас бид баярлаж явдаг” гэсэн. Үзэл бодол, шашнаар ялгаварлах зүйл байгаагүй. Ийм гайхамшигтай соёл бүтээж явсан улс.
Саяхан “Монголын эртний түүх” гэсэн 5 боть ном бичих саналыг манай түүхчид гаргасан. Энэ саналыг бид дэмжсэн. Зарим хүмүүс итгэдэггүй юм. Яг сүүлийн 4 жилд хамгийн их бүсээ чангалсан төрийн байгууллага бол уг нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгчийн алба байгаа юм.
Манай төсөв 2013 онд 11 тэрбум төгрөг байсан. Одоо дөрвөн тэрбум гаруй төгрөг байгаа. Бод доо. Хэдэн тэрбумаар буулгадаг. Гэхдээ сэтгэл байх юм бол идэж уух, албаны зардал, бүх юмнаасаа танаад ийм зүйлийг дэмжиж болдог. Хамгийн гол нь тэр удирдагч, тэнд байгаа хүнд сэтгэл байх хэрэгтэй.
Энэ номыг дэмжих бол айхавтар асуудал биш. Хамгийн гол ач холбогдол нь юу байсан бэ? Бид ЗХУ-д сурч л байсан. Европ, АНУ, барууныхан монголчуудыг юу гэдэг байсан бэ? Нүүдэлчид, бүдүүлгүүд гэсэн хандлагатай. Юм бүтээдэггүй, нурааж явдаг улсууд гэдэг. Гэтэл энэ номыг аваад үзэхээр, 2000-3000 жилийн түүхийг аваад үзэхээр монголчууд гайхамшигтай соёлыг бүтээж явжээ. Үүгээрээ л бид буруу ойлголтыг алга болгож байгаа юм. Үүнийг бид гадагшаа ярих биш, эхлээд хүүхдүүддээ зааж өгөх хэрэгтэй. Нэгдүгээр ангиас нь эхлээд Монголын соёл, уламжлалтай холбоотой Ш.Чоймаа багшийн ордог хичээлийн талаар Боловсролын яамтай хамтарч зарлиг гаргасан шүү дээ.
Нэгдүгээр ангиасаа л хүүхэд Монголынхоо соёл, уламжлалтай танилц. Эхлээд хэдүүлээ хүүхдээ монгол болгоё. Монгол сэтгэхүйтэй, Монголдоо хайртай, Монголынхоо түүхээр бахархдаг, Монголынхоо соёлоор бахархдаг, аав ээжээ хүндэтгэдэг болгоё. Дараа нь хүүхэд том болоод гадаад улсад сурч болно. Гадаад хэл сурч болно. Гадаад соёлтой танилцаж болно. Суурийг нь эхлээд монгол болгож тавьж өгье. Үүгээрээ гайхалтай. Монголчууд бүтээж явсан юм гэдгийг энд бий болгож өгсөн.
Үндэсний дархлаа, үндэсний чанар юугаар танигддаг юм бэ гэхээр ямар соёл бүтээж явснаараа л танигддаг. Соёл бүтээдэг үндэстэн цөөхөн байдаг. Тийм цөөхөн үндэстний нэг нь монголчууд байгаа юм.
Монголчуудыг доош нь хийдэг өөр нэг юм бий. Овог, аймгийн зохион байгуулалттай, бараг л улс, үндэстэн гэсэн ойлголт байгаагүй. Нэг л нүүдэллэсэн улс гэдэг. Энэ номоос аваад үзэхэд Хархорумаас эхлээд, өмнө нь байсан Сяньби, Жужан, Уйгур бүгд өөрийн нийслэлтэй. Гайхамшигтай соёлтой. Тэр хээ, торго, өмссөн хувцас хүчийг дуурайдаг. Монголчууд дэлхийд их гүрэн байхад монгол цэрэг шиг үсээ засуулахыг, монгол эмэгтэй шиг малгай, хувцастай байхыг, монголчууд шиг хувцасладаг байхыг дэлхий хойноос нь дагадаг байлаа. Ийм гайхамшигтай соёлыг монголчууд бүтээж явсан юм. Үүнийг л бид хамгийн энгийн хэлээр иргэддээ хүргэх гээд байгаа юм. Энэ ном хамгийн эрэлттэй ном болоод байгаа. Одоо үүнийг цахим болгоё гэж байгаа. Веб сайт руу ороход л энэ 5 ном бүгдээрээ байдаг, хүн принтерлэж аваад унших боломжтой болгоё. Эхлээд Монголын түүхээ хүмүүстээ ойлгуулаад, Монголын түүхээрээ хойч үеийнхэн бахархдаг, бидний хийж чадаагүй зүйлүүдийг нэмээд хийх юм бол энэ ажил цаашаа явах юм гэж хувьдаа би боддог.
Хувь хүний харилцаа, улс орны удирдагчдын хоорондын харилцаа гэдэг бол маш чухал зүйл. Ямар ч улс оронд очсон, миний хөтөлбөрт заавал оруулдаг зүйл бол Монгол судлалын сургуулиар орох байдаг. Монгол судлаачдын их хурал болоход 500 гаруй эрдэмтэн 40 гаруй орноос ирээд, бараг 90 хувь нь монгол хэлээр ярьж байсан. АНУ, Хятад, Япон, Европоос ирсэн бай хамаагүй, монгол хэлээр ярьж байгаа юм. Ямар гоё сонсогддог вэ. Монголын түүхийг судлаад, түүгээрээ цалин аваад, Монголын түүх ийм гайхамшигтай, монголчууд ийм юм бүтээж явсан гэдгийг тэр их сургууль, оюутнуудаар дэмжуулаад дэлхийгээр тарааж байгаа юм.
Монгол судлалын төв бол Монгол Улс л байх ёстой. Зарим газар Монголын бүх соёл, бүх юмны төв тэнд байна гэж хүчээр татах гэсэн хандлага бас байгаа. Үүний өөдөөс хэн сөрж зогсох ёстой юм бэ? Монголчууд, Монголын ард түмнийг төлөөлсөн Ерөнхийлөгч л сөрж зогсох ёстой. Чи үндэсний эрх ашиг дээрээ зогсч чаддаг, түүнийгээ баталж чаддаг, түүнийхээ төлөө дуугарч чаддаг байх юм бол тэр орны удирдагчийг хүртэл хүн хүндэтгэдэг юм шүү дээ. Эхлээд дургүй байдаг байж болно. Гэхдээ чи эрх ашгаа хамгаалж чаддаг байх юм бол энэ үнэхээр өөрийнхөө эрх ашгийг хамгаалж байна. Энэ хүний оронд байсан бол би тэгэх л байсан гэж нөгө хүнд бодогдтол нь зогсч чадах ёстой гэж би хувьдаа боддог.
Тийм учраас энэ бол миний хувьд зөвхөн Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ч хийх ажил биш. Монгол судлал, Монголын дархлаа, энэ бүх юм бол сүүлчийн амьсгал авах хүртлээ би энэ үйл ажиллагааг хийнэ. Миний цаашдаа хийх ажлын нэг урсгал, нэг чиглэл гэж бодож явдаг. Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад, энэ удаан жил улс төрд явж байгаад цаашаа ямар чиглэлийн ажлууд байна гээд гаргаад үзэхэд 7-8 төрлийн ажил гарч ирж байна лээ. Түүний нэг хаяж болохгүй ажил бол энэ байгаа юм. Би үүнийг үргэлжлүүлээд явна.
Миний хөгшин аав Монгол гэдэг нэртэй. Монголын Цахиагийн Элбэгдорж гэж би өөрийгөө хэлдэг. Миний улсын нэртэй “Монгол” гэдэг сангаа байгуулаад, энэ чиглэлээр хамтраад, хийж чадаагүй байгаа зарим ажлаа үргэлжлүүлээд явна. /Алга ташив/
Та бүхний итгэл сэтгэлээр олон хүнтэй харилцаж, олон түмнийхээ дэмжлэгээр нүүрийн буянтай боллоо шүү дээ. Харилцаж хамтарч ажиллаж байсан зөндөө олон удирдагчид байна. Германы канцлер А.Меркелийг Монголд айлчилж ирэхэд албан ёсны ярианы сэдэвт огт байгаагүй нэг зүйлийг би хөндсөн. Би ярьж сууж байгаад хамтарч нэг сургууль байгуулъя. Герман инженерийн сургуулиараа дэлхийд хамгийн дээд талд байдаг. Монголд инженерийн сургууль хамтарч байгуулбал яасан юм бэ? Хоёулаа үүнийг одоо гараад хэвлэлийнхэнд зарлачихъя. Танайх хөрөнгө оруулалт сонирхож байгаа бол манай хүмүүс эндээ сураад, хоёр жилийг нь Германд сургаад дэлхийн хэмжээний инженер болгоё. Инженерүүд л улс орныг авч явдаг гэсэн. Тэр сургуулийг Налайхад байгуулаад, одоо 5 жил сургалтаа хийгээд явж байна. Ийм жижиг зүйлээс ажил эхэлдэг.
Японы Ерөнхий сайдтай гэрт нь уулзаж байхад “Манайх дундаж түвшний амьдралтай, тусламж авдаг улсын зэрэглэлээс хасагдаж байна. Та бүхний туслалцаа маш чухал байсан. Гэхдээ Монголд нэг чухал зүйл байна. Нэг сайн эмнэлэг байгуулах хэрэгтэй байна” гэсэн. Японы Ерөнхий сайд “Зөв санал байна. Дэмжие” гэсэн. Одоо ЭМШУИС-ийн дэргэдэх эмнэлэг байгуулахаар Амгаланд Японы хөрөнгө оруулалттай, 100 сая ам.долларын бүтэн тоноглол төхөөрөмжтэй, бүх эмч, ажиллах хүмүүсийг нь бэлтгээд, тэр эмнэлгийг байгуулах бэлтгэл ажил нь явж байна. Барилгын ажил нь явж байна. Иймэрхүү байдлаар л харилцааны асуудлууд шийдэгдэж байгаа. Дээрээс нь “Германтай хамтарч инженерийн сургууль байгуулсан. Японд инженер бэлдмээр байна. Японд 1000 инженер бэлдэж авъя. Манай залуучууд Японд ажиллах гэж гардаг. Хэл сурсан тэр залуучуудаас 1000 инженер бэлдэе. Японд дахин 5000 хүн мэргэшүүлж авъя. Танайх олимп хийх гээд маш их ажиллах хүч хэрэгтэй байгаа. Хамтарч ажиллая” гэсэн. Анхны улс төрийн ойлголцол бий болоход л араас нь сайд дарга нар очоод, түүнийг гэрээ болгоод зураад явдаг.
Би юунд дуртай байдаг вэ гэхээр монгол хүн явсан газраасаа шороо атгаж ирж байвал, монгол хүн Монголын жинг нэмэхэд ямар нэг үгээр ч бай, үйлдлээр ч бай, хувь нэмэр оруулж байвал би түүнийг өмөөрөх ёстой. Би түүнийг хамгаалах ёстой л гэж боддог. Энэ бол монгол хүний зоригийг мохоохгүй. Монгол хүний хийморь, зориг гэж цаанаасаа суучихсан юм байгаа юм. Ёндоо байгаа. Түүнийг нь өргөж явах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж явах ажил гэж бодож байгаа.
Сая энд орж ирэхэд нэг сонин сэтгэдэл төрж байсан. 2003 онд би анх “Нүүх үү, үлдэх үү” гэдэг лекцээ энэ зааланд уншиж байсан юм. Тэгээд аймгуудаар явж уулзалт хийж байсан. Олон жилийн дараа, сарын өмнө би тэр лекцүүдээ эргээд You Tube-ээс олж харахад маш олон санааг эргээд тэндээс авч байгаа. Тэнд ярьж байсан нэлээд олон зүйлээ хийж байгаа. Бас хийж амжаагүй юм байна.
Хүн ямар ч албан тушаал хийгээд, бүх бодсон санаснаа хийнэ гэж байдаггүй юм байна. Монголын удирдагч бүхэн маш олон зүйлийг хийхийг бодож байсан байх. Гэхдээ Монголын бүх удирдагчид бодсон санаснаа бүгдийг хийх хувь заяа ноогдоогүй байх гэж би боддог юм.
Монгол өөрөө өвөрмөц байршилтай, хэцүү нөхцөлд амьдардаг улс шүү дээ. Та бүхэн мэднэ. Монголын Ерөнхийлөгч байна гэдэг зөвхөн 3 сая хүн, сая 500 мянган хавтгай дөрвөлжин нутагтаа биш, чи хөршүүдтэйгээ харилцах хэрэгтэй, бүс нутагтайгаа харилцах хэрэгтэй, дэлхийтэй харилцах хэрэгтэй, Европтой харилцах хэрэгтэй, НҮБ-тай харилцах хэрэгтэй. Чи дэлхий дээр гарч байгаа том том санаачилгад оролцох хэрэгтэй.
Монгол гэдэг нэрийг тэнд сонсгож явах хэрэгтэй. Монгол гэдэг тэр сайхан зүйлээ үзүүлж явах хэрэгтэй. Бид нар зөвхөн Давосын уулзалт гэхэд л орой нь Монголын үдэшлэг зохион байгуулаад, тэнд Монгол хоолоор хооллоод, Монголын соёлын жижигхэн программ үзүүлэхэд л тэнд зөвхөн урилгаар ирдэг. Зарим орны Ерөнхийлөгч Давосын чуулганд оръё гэж онгоцоороо ирээд хашаанд нь орж чадалгүй буцсан байдаг юм. Яагаад гэвэл урилгагүй учраас буцааж байгаа юм. Би том хүн учраас орно гэж бодоод хүрээд ирдэг, тэгээд орж чаддаггүй.
Тэгэхэд монголчуудыг жил бүхэн уриад, дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн улстөрчид, хамгийн дээд зэрэглэлийн аж ахуйн нэгж, тэр олон удирдагчдын дунд жил бүхэн суулгаад, тэр бүхийг үзнэ гэдэг бол аугаа хүндэтгэл байгаа юм. Энэ бол нэг хүнд үзүүлсэн хүндэтгэл биш. Энэ бол Монгол Улсад, Монголын ард түмэнд, бидний зовж хэдэн үеэрээ бүтээсэн гайхамшигтай түүх, соёлд үзүүлж байгаа хүндэтгэл юм. Тэгэхээр үүнийг цааш нь бид авч явна, төлөөлнө гэдэг өөрөө их нэр төрийн хэрэг гэж боддог. Энэ хэлэлцүүлгэд ирээд санал бодлоо хэлж байгаа та бүхэнд үнэхээр их баярлаж байна.
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн Гомбосүрэн: -Нэгдүгээрт, оффшорчдын асуудлаар та зарлиг гаргаж болох уу?
Хоёрдугаарт, энэ бүх намуудын үйл ажиллагааг зогсоож болохгүй юу? Болохгүй юм бүхний цаад талд нам сууж байгаа юм. Хулгайч бүхний цаана нам байгаа гэж бодож байна. Гуравдугаар асуудал бол архи, тамхи импортлохыг бүрмөсөн болиод, дотооддоо үйлдвэрлэе. Архийг бага градустайгаар, ядаж 25 градустай, ахиухан том том савтай, ахиухан үнэтэй үйлдвэрлэчихвэл уухаа болих болов уу гэж бодож байна. Үүгээр шийдвэр гаргаж болох уу?
Намуудын асуудал дээр Үндсэн хуульд, тухайлбал, хэрэг хийсэн, хүн алсан хүнийг бууддаг байсныг болиулаад Ерөнхийлөгч шийдвэр гаргасан шүү дээ. Намууд байж болно гээд Үндсэн хуулинд бичсэн. Гэхдээ одоо нам байхгүй гээд шийдвэр гаргачихвал яасан юм бэ?
Төв аймгийн Борнуур сумын тракторчин Алтанцэцэг: –Жирийн техникч, хөдөө аж ахуйн тракторын жолооч эмэгтэй энэ танхимд ирж дуу хоолойгоо хүргэх болсондоо баярлаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч таныг Монгол хүний мөн чанарыг дэлхийд таниулсанд чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Хэрвээ би настай хүн байсан бол миний хүү хурай хурай гэж хэлмээр санагддаг. Гэвч төөлбөл бие чацуу, тоолбол нас ойролцоо юм байна. Та үнэхээр Монгол хүний гайхамшигт оюун ухааны потинциалыг дэлхийд таниулж чадсан хүн шүү. Та магадгүй ээждээ эрх байсан ч гэсэн эх орныхоо төлөө та хатуужилтай, хоёрхон цаг унтаж байсан болов уу гэж би бас хардаг шүү. Таныг Монголын хөдөөгийн тракторын жолооч эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал дээр ажлаасаа буухаасаа өмнө нэг өөрчлөлт хийчих байх гэж найддаг. Яагаад вэ гэхээр тариан талбай дээрээ бид хүүхдээ чирээд, трактор дотроо төрөөд, ийм л юм болдог. Хэрвээ онгоцон дотор хүүхэд төрвөл 18 нас хүртлээ шагнуулдаг гэж сонссон. Гэтэл 1982 онд миний 2 ихэр хүү тракторын талбайд, яг ажил дээр нас барсан боловч нуугаарай гэсэн. Тэр үед нь би нуусан. Гэхдээ эргээд ийм сайхан болсон цаг үед Эхийн одонгоо авъя гээд хөөцөлдсөн чинь чиний хүүхэд үхсэн, бүр гуравхан сартайдаа үхсэн учраас чамд олгохгүй гэсэн. Энэ маш хатуу гамшиг байсан шүү. Тийм учраас надад цагаатгал үзүүлээч ээ. Би 2 хүүхдээ 10 сар тээсэн нь үнэн, 3 сар амьдруулсан нь үнэн. Би социализмд, бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан энгийн эмэгтэй хүн.
Тэгэхдээ би энэ хугацаанд зүгээр суугаагүй. Монгол орныхоо төлөө гадаад дотоодын хүмүүстэй харилцаж явсан. Би Германы нэрэмжит сангийн аж ахуйд, Германы анхны ургамлын комбайн барьсан хүн. Тэр утгаараа германчууд намайг дэмждэг байсан. Би эх орондоо маш их хайртай эмэгтэй, заримдаа ч бас гадаадад цагаачлахсан гэж бодох үе байдаг.
Өнөөдөр сууж байсан чинь Ерөнхийлөгч танд үнэнээ хэлмээр санагдлаа. Би яагаад сэтгүүлч болж чадахгүй гэж. Би сэтгүүлч хүнээс илүү сэтгүүлч болж чадна. Гэхдээ би санхүү дээр унаад байгаа юм. Сая тэтгэвэрт гарсан чинь миний авч байгаа тэтгэвэр 230 мянган төгрөг болж байна. Миний 13 дахь сарын цалин одоогийнхоор 10 дахин өсгөөд бодох юм бол тэр үед би 20 мянган төгрөг авдаг байсан. Тракторын жолооч, уурхайчин хоёр хамгийн өндөр цалинтай байсан. Социалист лагерь устаад зах зээлд ороход тэр үеийн цэвэрлэгчээс дор цалин өгч байгаа учир суралцах боломж надад алга. Хэрэв Монгол дархлаагаа үргэлжлүүлбэл, надад аяллын хөтөч болгох тийм завшааныг олговол, би сэтгүүлчийн 5 дугаар курсийн шалгалт өгөх хүсэлтэй байна. Монголд өнөөдөр УИХ-д суучихаад, боорцог идчихээд, хүнийг муулчихаад, эмэгтэй гишүүд маань эмэгтэйчүүдийн асуудал ярихын оронд тэтгэвэрт гарах насыг 65 хүргэнэ гэж дуугарч байгаа нь миний эгдүүцлийг хөдөлгөөд байгаа юм. Ард түмнээ хамгаалдаг Ерөнхийлөгч танд талархаж явдаг шүү. Та гайхалтай эр хүн шүү, гайхалтай ээжийн хүү шүү. Танд амжилт хүсье.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Батбаяр: –Ерөнхийлөгчийн хийж буй ажилд баярлаж байна. Уулзалтаас биеийн тамир, спорт, урлаг гээд салбаруудад олон зүйл хийсэн нь тодорхой харагдаж байна. Нүүр тулж уулзсан дээрээ нэг асуулт асуумаар байна. Та 20 гаруй жил төрд суулаа. УИХ-ын гишүүнээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл хийлээ. Найз С.Зоригийнхоо талаар юу хийж, юу дуугарав аа? Үүнийг мэдэж байгаа хүн бол Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, та, Р.Амаржаргал гээд журмын нөхөд чинь бүгд байна. УИХ-д 20-30 жил суулаа. Найз нөхдийнхөө төлөө та хэд юу хийв. Та шударга байя гэж хэлдэг хүн. Шударга үнэн юу болов гэдгийг асуумаар байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: –Асуулт асуусан та бүхэнд баярлалаа. Намтай холбоотой гарч байгаа шүүмжлэлийг би бүрэн хуваалцаж авч байгаа. Бид нар ямар учраас нээлттэй нийгэм сонгосон бэ гэхээр миний хардгаар монголчууд улс орныхоо одоогийн амьдарлыг хамгийн үр дүнтэйгээр хэрхэн зохин байгуулах вэ гэж л энэ замыг сонгож авсан. Үнэхээр улс төрийн намуудын явуулж байгаа үйл ажиллагаа, ажилтай миний хувьд маш олон зүйлтэй нь санал нийлдэггүй. Үүнийг засах хэрэгтэй. Чи оролцож байсан, чи тийм болгосон гэдэг. Би оролцож байсан болохоороо дутагдлаа бүр сайн мэдэж байгаа. Дутагдалаа мэдэж байгаа, бурууг нь олж харж засах гэж яваа хүн бол бүр сайн.
Би улс төрийн намын тухай хууль санаачлаад, яаж хариуцлагатай болгох вэ, яаж санхүүжилтийг нь ил тод болгох вэ, яаж монголчуудыг талцуулдаггүй болгох вэ, яаж бодлогын нам болгох вэ гээд бүх талаас нь хууль санаачилж УИХ-д оруулж хэлэлцүүлсэн. Түүнийг УИХ-ын гишүүд олонхиороо кноп дараад буцаасан. Одоо энэ хуулиудыг бүр чамбайруулж чангалаад дахин өргөн барина гэж бодож байгаа.
Би шинэ УИХ-ыг гарч ирэхэд хэлж байсан. Энэ шинэ бүрэлдэхүүнд итгэх нэг шалтгаан байна. Яагаад гэвэл шинэ УИХ-ын гишүүдийн 41 нь шинээр сонгогдсон гишүүд байгаа юм. Тэд энэ сүүлийн 25 жилийн амьдралд хүүхэд байхаасаа эхлээд УИХ-ын гишүүн болтлоо явсан улсууд. Та нар мэдэж байгаа. Монголд юуг засмаар байна. Хамгийн түрүүнд засах зүйл бол Монголын улс төрийн амьдрал дотор байгаа юм. Улс төрийн нам гэдэг зүйл ард түмнээ төлөөлж чадахгүй болсон байна. Тэнд элсч орсон, түүгээр дамжуулж дарга цэрэг болсон хэсэг хүмүүсийн эрх ашгийг төлөөлдөг болсон. Ард түмний амьдрал, асуудлыг зөвхөн сонгуулийн үеэр ирж ярьдаг. Сайхан зүйлүүд хэлдэг. Сонгогдоод явахаараа мартдаг. Ордонд ороод зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцэж байгаа, болж байгаа, нэг бол сэтгэл хөдлөлөөр олон түмэн дэмжиж магадгүй гэж харж байгаа ганц нэг асуудлыг дундуур нь хавчуулаад юм шийдэх гэж явдаг болсон.
Тиймээс Намын хуулийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Бид засч чадах юм бол чадна. Үнэхээр сайн намын тогтолцоотой болж болно. Болохоор хууль оруулсан байгаа. Түүнийг батлах хэрэгтэй.
Дээрээс нь сая шинэ хууль оруулсан. Монголын иргэний улс төрийн эрх ерөөсөө хэрэгжихгүй байгаа. Яагаад бид ардчилал руу орсон юм бэ? Иргэний улс төрийн эрхийг улс төрийн намууд, улстөрчид төлөөлнө гэж бодсон, төлөөлөхгүй байна. Тиймээс Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх хууль гэж тусад нь хууль санаачилсан. Энэ бол хамгийн чухал хууль.
Иргэд сум, аймаг, улсдаа байгаа тодорхой асуудлыг шаарддаг. Түүний төлөө санал асуулга явуулдаг. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцдэг, наад асуудлаа боль гэдэг. Ийм эрх иргэдэд байх ёстой юм. Улс төрийн намаас гадна иргэд сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжийг бүрэн нээж өгөх ёстой. Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх боломжийг бид гаргах ёстой. УИХ руу оруулсан, дахиад буцсан.
Монголын ард түмэн айхтар мэдээлэлтэй, улам хэрсүү болж байгаа хүмүүс. Өнөөдрийн эрх баригчид та нар хийж чадахгүй бол дараагийн эрх баригчдын ажил болно шүү. УИХ дээр 65 суудлаар хүч түрээд, улс төрийн өнцгөөр асуудал шийдэж байна. Гэвч өмнө нь 65 суудалтай нам 15 суудалтай болохыг бид харж байсан юм. Эрх барьж байсан хүмүүс сөрөг хүчин болоод гарахыг бид харж байсан. Хэрвээ та бүхэн ард түмний хүсэн хүлээж байгаа тэр өөрчлөлтийг, тэр намын тухай хууль, хариуцлагын тухай хуулийг батлахгүй бол Ерөнхийлөгчөөсөө эхлээд аймгийн Иргэдийн Хурал, дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Засаг даргад хариуцлага тооцдог болъё.
Монголд өнөөдөр хариуцлагын тогтолцоо алга байна шүү дээ. Сонгосон гишүүнээ буцаагаад татдаг л болъё л доо. Үүнийг хуулинд оруулж өгье. Бүгд хариуцлага гэж ярьдаг мөртлөө Хариуцлагын хууль батлахаас бүгдээрээ зугтдаг. 1990 оноос хойш улс төрийн амьдралд оролцож байхад надад нэг л чанар байсан. Ихэнх хүмүүсийн, улстөрчдийн зүрхшээдэг тэр асуудлыг би барьж авдаг. Тэр нь голдуу хэрүүлтэй, хэцүү, хариуцлага шаардсан, ард түмний нэрийн өмнөөс юм хэлсэн, ядарсан зүдэрсэн ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан байсан.
Хууль ямар хэрэгтэй юм бэ? Би мөнгөтэй, надад хууль хэрэггүй гэж боддог тэр этгээдүүдтэй тэмцэхэд л миний энэ үйлдэл, үйл ажиллагаа нэлээд их чиглэдэг. Тиймээс тэдний үйл ажиллагаагаар, зохион байгуулалтаар эргээд ад болдог. Тэгэхээр үүнд ерөөсөө шантрах хэрэггүй.Арав, хорь, магадгүй, 100 жилийн дараа ойлгогдох ажлыг бид санаачлаад явж байгаа. Түүнээс биш өнөөдрийн нэг коммент, бичсэн дайралт, гүтгэлгэд нураад унах байсан бол юу гэж улс төр рүү явах юм. Тэр түрхсэн хөө нэг өдөр арилна. Би итгэдэг. Цаг хугацаагаар арилна. /Алга ташив/
Бидний ярьж байгаа, хийх ёстой ажил хийгдэх ёстой. Үлдсэн хугацаандаа ч би УИХ-аас, энэ хүмүүсээс шаардана. Ер нь Монгол Улсын иргэн байна гэдэг чинь хамгийн том албан тушаал, хамгийн том нэр төрийн хэрэг. Монгол Улсын иргэн гэдэг бол чөлөөт сонголттой иргэн, хамгийн том эрх чөлөө гэж хардаг.
Оффшор гээд хүн бүхэн л ярьж байна. УИХ, Засгийн газар хууль оруулаад шийднэ, хориглоно гэж ярьж байна. Харъя. Энэ дээр дэвшил гарах ёстой. Монгол Улс хамгийн дэвшил гаргасан орон болох ёстой. Би энэ дээр санал нэг байна. Улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаатан саднууд гадна дотнын татвараас чөлөөлөгддөг бүсэд мөнгөө нуудаг зүйлийг бүр мөсөн хориглох хэрэгтэй. Зарим нь оффшор гэдгийг орчуулаад “Овт шаар” гэж бичсэн байна. Ер нь тийм шүү дээ. Зөв байх гэж боддог юм. ”Овт шаар” гэдэг бол үнэн.
Хөтлөгч Б.Жаргалмаа: -Тангадын Галсан гуай хэлэхдээ “Овтой нь дэндсэн шаар, Оргож явагсдын шийр, Овъёос даахгүй таар, Оршуулах газаргүй хүүрнүүд” гэсэн байгаа шүү.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Дээрээс нь тэр Төрийн албаны хууль байгаа. Ажлаас халаад байна гэдэг. Миний санаачилж оруулсан хууль дээр Төрийн албаны зөвлөлтэй ярьж байгаад шинэ сайд очиход тухайн яаман дээр 3-5 хүн л өөрчлөгддөг байя гэсэн. Мэргэжлийн төрийн албан хаагчдыг өөрчилдөггүй байх хэрэгтэй. Өөрчлөх ганцхан шалтгаан байна. Тэр юу вэ гэхээр яг мэргэжлийн дагуу шалгалт аваад тэнцэхгүй бол тодорхой хувиар, 10 хүртэлх хувь нь жилдээ өөрчлөгдөж байдаг. Сайн мэргэжилтэй, төрд ажиллая гэсэн хүмүүс шалгалт өгөөд нөөцөөр бүртгүүлчихсэн байж байдаг 10 хувь өөрчлөгдөхөд нөөцөд бүртгүүлсэн хүмүүс араас нь орж ирж байдаг, ийм төрийн албаны хууль хэрэгтэй байгаа юм.
Би УИХ-ын дарга, бүрэлдэхүүнийг хуулиа хэлэлц гэж шаардсаар байгаад энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудалд Төрийн албаны хууль Хариуцлагын хууль хоёр орсон байна лээ. Гэхдээ л хамгийн сүүлд л тавьчихсан байгаа юм. Би байсан бол хамгийн түрүүн тавьж хэлэлцэнэ. Оруулсан нь их юм. УИХ-ын гишүүд, төрийн хүмүүс ирээд сонгогчидтой уулздаг. Тэгэхэд босоод л хамгийн түрүүнд энэ асуудлыг шаардаж байх хэрэгтэй. Үүн дээр манай нийгэм оволздог байх юм бол түүнийг УИХ-ын гишүүд хийх гэж явна. Тэгэхгүй, өөр ярьж байгаа зүйлд нь хөтлөгдөөд явчихаар энэ хууль явахгүй байгаа юм.
Монголын хамгийн гол асуудал бол улс төрийн дотор болж байгаа энэ зах замбараагүй, хариуцлагагүй, ёс зүйгүй бүтцэд л байгаа юм. Ийм байх юм бол Монголын ардчиллыг ардчилал гэж нэрлэх хэрэггүй. Хариуцлагагүй байгаа энэ ардчиллыг ардчилал гэж нэрлэх боломжгүй.
Шударга ёс, хууль хэрэгжүүлдэг зарчмыг монголчууд анх энэ дэлхийн уудам дээр тогтоож, Их засаг хуулиа Персийн талд, Афганистаны ууланд, Европын улс орнуудад хэрэгжүүлж явсан юм байна. Хууль гэдэг хэрэгждэг юм. Бид бүхэн ястай мах иддэг, хуультай оронд амьдардаг үндэстэн.
Энэ бүхнийг хүн төрөлхтөнд ясанд нь хүртэл мэдрүүлсэн хүмүүс бол монголчууд. Яагаад бид өнөөдөр эрх барьж байгаа, сонгогдсон хүмүүстээ хариуцлага тооцож чаддаггүй юм. Хүмүүс янз бүрээр ярьдаг. Би нэг зүйлд итгэлтэй байдаг. Үнэт зүйлтэй хүн эвдэрдэггүй. Би зүгээр л хөдөөний хүмүүжилтэй. Дээрээ долоон ахтай, найман хүүхэдтэй айлын хүүхэд. Би хэзээ ч ард түмний мөнгө, итгэсэн зүйл рүү нь гар дүрэхгүй. Би ийм л хүмүүжилтэй хүн.
Энэ дотор 27 жил явна гэдэг бол амаргүй шүү дээ. Хүмүүсийн гаргаж ирж байгаа зүйлийг харахаар ямар ч үндэслэлгүй гүтгэлэг байдаг. Надад нэг хүн 27 жил явахад таныг ийм л зүйлээр өөлөөд сууж байна, бас л гайхмаар юм гэж хэлж байсан. Сая нэг хүн хэллээ. Тэр үед “УИХ-ын гишүүн Элбэгдорж 1994 онд цуглаан хийж байхдаа улсын нууц задруулсан юм хэлсэн байж магадгүй байна” гэсэн. “Ер нь зарим орон эдийн засгийн аргаар Монголыг эзэмшил, ноёрхолдоо оруулах бодлого явуулж байна” гэж тодорхой зүйл хэлсэн чинь нууц задруулсан гээд барьж аваад шууд эрүүгийн хэрэг үүсгэж байсан.
Би орж ирээд л УИХ-ын даргад өргөдлөө бичиж өгсөн. Тэгэхэд С.Зориг, Да.Ганболд, Р.Гончигдорж нар миний хойноос татаж байсан. “Элбэг ээ, боль л доо, чи. УИХ-аас гараад шоронд явах нь байна” гэсэн. Би “Шууд намайг чөлөөл. Намайг гэмт хэрэгт холбож гүтгэж байна. Би УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзаад очоод шалгуулна” гээд шалгуулж байсан. Тэгж шалгуулсан хүн 27 жилийн түүхэнд маш олон байгаа гэж бодож байсан чинь яг үнэндээ гэмт хэрэгт гүтгүүлээд шалгуулсан ганцхан хүн байдаг. Тэр нь Элбэгдорж. Бүгд тэгж шалгуулж байх ёстой. Бүрэн эрх гэдэг юмаар халхавчлаад байж таарахгүй. Прокурор асуудал тавилаа. УИХ тэр гишүүнээ шууд өгөөд явуулж байх хэрэгтэй шүү дээ.
Иймэрхүү маягаар УИХ гэдэг байгууллага мөнгө төгрөг, буруу аргаар баяжих гэсэн, гар хөлөө дүрэх гэсэн улсуудын үүр уурхай, улс төр байж болохгүй. Та бүхэн санаж байгаа байх, 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би Ерөнхийлөгчийн тангараг өргөж байсан. Тангараг өргөөд би нэг зүйл хэлж байсан.
Өнөөдрөөс эхлээд төрийн албан хаагчид аа, Монголчууд аа, авлига авахаа болиорой, албан тушаалаа ашиглахаа болиорой. Би Өршөөлийн хууль санаачилж оруулж батлууллаа шүү. Үүнээс хойш гээд зураас татдаг гэдэг шиг үүнээс хойш төрийн мөнгө рүү албан тушаалаа ашиглаж хувьдаа завших, хууль зөрчиж гишгэх юм бол ямар ч өршөөлгүй шүү. Хэний нам, хэний ах дүү, ямар албан тушаалтай байх нь хамаагүй гэж би Ерөнхийлөгч болоод зарлаж байсан. Тэгээд Өршөөлийн хууль гаргуулаад эхлүүлж байсан.
Зарим хүмүүс хэлдэг юм. Таны тэр хэлснээс хойш төрийн албанд ажиллаж байсан хүмүүс “Одоо ч болохгүй юм байна шүү” гэдэг, тэнд байсан хүмүүсийн хандлага өөрчилөгдсөн гэж байсан. Ингэх гэж л удирдагч байдаг юм. Харамсалтай нь буруу зөрж гишгээд, хүн ер нь өөрөөсөө л болж алддаг юм. Өөрөөсөө болж муу хэл аманд ордог. Монголын хууль шүүхийн байгууллага хүний даалгавраар юм уу, санаатайгаар гэмт хэрэг хийгээгүй хүний хойноос явж нэрээ унагадаг хууль, шүүхийн байгууллага, хуульч Монголд байхаа больсон.
Яагаад гэхээр Монголын нийгэм өөрөө нээлттэй. Нэг буруу алхах, нэг буруу юм хийх юм бол тэр нь баригдана, болохоо болино. Маш их анхааралтай болсон шүү дээ. Энэ авлига дээр төр л байгаа бол хатуу байх ёстой. Төрийн албанд орох, төрд ажиллах ганцхан шалгуур байна. Хэрвээ чи авлига, албан тушаалын хэрэгт орооцолдохгүй төрд хийх ёстой юмаа хийгээд явж байгаа бол шалгалтаа давлаа. Орооцолдсон бол чи шалгалтдаа уналаа. Дахиад тэр нөхрийг төрийн албанд, улс төрд оруулж болохгүй. Тэр хууль дүрэмдээ улс төрийн намууд ингэж хийж өгөх ёстой. Ийм зүйлээ цэвэрлээд явах юм бол ард түмэн энэ тогтолцоонд баяр хүргээд явна.
Хариуцлагын хууль гэдгээр тав зургаан сайд дутагдлаасаа болоод ажлаасаа халагдчихсан, шалгагдчихсан байх ёстой. Монголд явж явж нэг бол их өндөр албан тушаалд очдог, буухаараа шоронд ордог нэг ийм утгагүй тогтолцоо бий болж байгаа. Эрүүгийн хариуцлага, улс төрийн хариуцлага, ёс зүйн хариуцлага байна. Бусад газар гарч ирээд миний хийсэн үйлдэл, миний хэлсэн үг буруу болжээ, уучлаарай гэж хэлдэг нь бол ёс зүйн хариуцлага, хүний хариуцлага юм. Би дахиж ингэхгүй, дахин ийм алдаа гаргавал огцорно гээд байдаг биз дээ. Улс төрийн хариуцлага гэдэг бол “Уучлаарай, би ийм алдаа гаргасан байна. Би энэ албан тушаалаасаа татгалзаж байна” гэх ёстой. Хэрэв тэгэх юм бол Эрүүгийн хариуцлагыг тооцдоггүй гэх мэт тодорхой хэмжээний зүйл заалт, зохицуулалт байдаг. Ийм соёлыг бид оруулж ирэх хэрэгтэй. Би энэ соёлын төлөө, энэ соёлын тухай л ярьж, хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Би түрүүн хэлсэн, Ерөнхийлөгч гэдэг ганц хүн, албан тушаалтан бүхнийг хийх, амжуулах боломжгүй. Ард түмний дэмжлэг, та бүхний ойлголт байхгүй бол боломжгүй зүйл. Тэгэхээр үүнийг бүх хүнд ойлгуулна, энэ дэмжлэгийг авна гэдэг амаргүй л дээ. Монголын төрийг хариуцлагатай болгох энэ үйл ажиллагаанд цаашдаа бүгдээрээ хамтарч ажиллах ёстой гэж бодож байна.
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Бадамханд: -Би энд 120 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж ирсэн. 2013 онд бид таныг дэмжиж зөв хүн гараасай гэж хүсч байсан. Өнөөдөр энд орж ирээд маш олон асуудлууд яримаар байгаа боловч хэдэн зүйл хэлье. Хэдийгээр таны хугацаа дуусч байгаа боловч дараагийн Ерөнхийлөгчид санал болгож хэлэх олон ажлууд байгаа.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй залуучууд хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Алхам тутамд эрх нь зөрчигдөж байгаа, үгээ хэлж чадахгүй байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харж байгаа ээжүүдийн асуудал асар хүнд байна. Хүүхдээ харсан жилийг ажилласан жилд тооцох гэм мэт асуудлууд байгаа. Бидэнд ажлын байр бий болговол бусадтай адил ажиллаад, хөдөлмөр хөлсөө үнэлүүлээд, бүтээсэн баялгаа борлуулахад бусадтай адилхан амьдарч чадна гэсэн итгэл үнэмшил байгаа.
Танд энэ олон хүмүүсийн өмнөөс амжилт хүсээд бидэнд төсвийн хуваарилалт шударга байх юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил байвал хийнэ. Тэрнээс биш халамж горьдоод сууж байгаа хүмүүс биш гэдгийг хэлмээр байна. Хандлага өөрчлөгдсөн гэдэгт итгэж байсан, гэтэл бүрэн өөрчлөгдөөгүй байгаа юм байна. Яагаад гэхээр тухайн байгууллагын 25 хүн тутамд хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн ажиллах ёстой боловч энэ хууль хэрэгжихгүй байна. Цаашдаа та Ерөнхийлөгчөөс буусан ч гэсэн үргэлжлүүлж хийх ажлынхаа хүрээнд энэ асуудлыг анхаарч өгөөрэй гэж хүсч байна.
Баянзүрх дүүргийн 5-р хорооны иргэн, тамирчин, жүжигчин Цэгмид: -Миний нас 70. Монголд анх Ардын жүжигчин Ц.Цэгмидийн санаачилгаар Улсын хүүхэд залуучуудын театрыг 67 жилийн өмнө байгуулсан. Тэр театр өнөөдөр байхгүй. Улсын төсөвтэй ажилладаг байсан. Дөрвөн Ерөнхийлөгчийн нүүрийг үзээд өнөөдөр та удахгүй албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж байна. Үүнийг л асуух гэсэн юм. Энэ театр яагаад алга болов? Яагаад энэ театрыг алга болгосон хэн нэгэнд хариуцлага тооцсонгүй вэ? Хоёрдугаарт, Монголын зүйр үг байдаг. 100 ямаанд 60 ухна гэж. Монгол хэдэн хүнтэй билээ. Хэчнээн нам байна. Хэчнээн архины үйлдвэр байна. Авлига, хээл хахууль юунаас болдог гэхээр жижигхэн арын хаалганаас эхэлсэн. Авлигыг зогсооход таны оруулсан хувь нэмэр юу вэ?
Оролцогч Баасансүрэн: -Өгөөдэй хаан 13 жил суухдаа найм дахь жилд нь нэг зүйл хэлжээ. Би гурван сайн үйл хийлээ, гурван муу үйл хийлээ гэж. Түүн шиг Элбэгдорж гурван сайн, гурван муу үйл хийгээд байгаа юм. Гурван муу үйлийг нь орхиод гурван сайн үйлийг нь ярья.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Мууг нь хэлбэл зүгээр шүү дээ. Баасансүрэн: -За тэгвэл хэлье. Элбэгдорж маань хуулийн засаглал гэж гаргаж ирсэн. Би үүнд асар их олзуурхаж байгаа юм. 1990 оны тавдугаар сард Элбэгдоржийг эрсээр яваад хавдар судлалын эмч, ажилтан 150 гаруй эмэгтэйчүүдийн дунд оруулж лекц хийлгэсэн юм. Одоо энэ хүн мартсан уу, үгүй юү. Тэр үед М.Горбачевын өөрчлөн байгуулалт гэдгээр их сайхан яриулсан. Дараа нь хэсэг намын гишүүд эсэргүүцээд, энэ ажил хийдэггүй тэнэж явдаг МоАХ-ны хүнийг хэн олж авчирсан юм бэ гээд маргааш нь Найрамдлын район дээр би байцаагдаж байлаа. Тэгэхэд би хэлсэн. М.Горбачевын өөрчлөн байгуулалтын тухай л ярьсан, тэрнээс энэ хүн ардчилсан холбооны тухай яриагүй гэсэн. Ингэж амь гарч байсан.
Түүнээс хойш чамайг дэмжиж явсаар байгаад 27 жил болчихлоо. Энэ дотор хуулийн засаглал гэдэг юмыг хамгийн эхэн дээр бичсэн байсан. Үүнийг өвөртлөөд яваад байсан чинь ноднин 35 тэрбум төгрөг байхгүй болгосон нэг нөхрийг Америк руу өршөөл үзүүлээд явуулчихаж. Саяхан Эрдэнэтийн 49 хувийг монгол хүн авчирсан учраас хамаагүй ээ гээд ярьж байх юм. Хувийн өмчийг хураах юм бол Монгол ганцаардана гэж ярьж л байна даа. Би ингэж бодож байлаа. Монгол хүн хувийн өмчөө хууль бусаар авсан байх юм бол хувийн өмчийг хурааж авна гэж Үндсэн хуульд байж байгаа. Хурааж болно, хязгаарлаж болно. Тэгээд би дотроо юу гэж бодсон гэхээр Монгол хүн хуулинд захирагдахгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад захирагдахгүй байх юм бол Монгол руу хэн ч орж ирэхгүй. Монгол хууль биелүүлдэггүйгээрээ ганцаардана уу гэхээс биш өөрийнхөө дураар нэг залуу хувийн өмчдөө 49 хувийг авч ашиглаад байх юм бол алдаа гэж бодсон. Үүн дээр Элбэгдорж чиний буруу биш, чиний дор байгаа зөвлөх гэх мэт нөхдүүд хэлэх ёстой байхгүй юү. Энэ чинь буруу, ийм юм байна аа гэж.
Дараа нь ганц гуйх юм байна Монголын ардчилсан холбоо гэж байсан, одоо байхгүй болсон. Ерөнхийлөгчийн хугацаагаа дууссаны дараа намаа нам шиг болгоод аваад яваач. Тэгэхгүй бол С.Эрдэнэ энэ Ардчилсан намыг идээд, гишүүдээ худалдаад, дараа сонгуулийг худалдаж идэх гээд байна.
Дөлгөөн: -Би залуу хүн. Би бол Монгол дархлааны нэг эс юм. Нэг жижиг эс нь суларвал дархлаа тэр чигээрээ сулрах байх гэж би бодож байна. Монгол дархлаа гээд байгаа нь яг юу юм бэ гэдгийг эхлээд асуумаар байна. Хоёрдугаарт, би нам, улс төрийг сайн мэдэхгүй. Намыг бол бүлэг гэж ойлгож байгаа. Нам гэдэг бол нэгдэл биш юм шиг байгаа юм. Миний бодлоор тэгээд яаж би монгол хүн байх вэ гэж асуумаар байна.
Баянзүрх дүүргийн 19-р хорооны иргэн Энхтөр: -Таны санаачилсан хууль тогтоомжууд таныг буусан хойно хэрэгжиж чадах уу гэдэг дээр хувь хүн талаасаа ямар бодолтой байна. Хэрэгжүүлж чадна гэвэл танд ямар баталгаа байна вэ? Мөн та биднийг хүндэтгэж ирсэнд энд цугласан хүмүүсийн өмнөөс танд баярласан, талархсанаа хэлмээр байна.
Баянзүрх дүүргийн 21-р хорооны иргэн Мянганбаяр: -Юуны өмнө “Ардын үг”-ийг зохион байгуулж байгаа Монгол Медиа корпорацийн хамт олонд баярлаж байгаагаа хэлье. Өнөөдөр би энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аав ээжийн дуу хоолой болон зогсож байна. Монгол хүн эрүүл байж дархлаа тогтоно гэж би боддог. Бидний дунд тулгамдаж байгаа гол асуудал юу байна гэхээр Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аав ээжийн нийгмийн асуудал маш их хоцрогдож байдаг.
Би гэхэд таван жил өвчтэй хүүхдээ харж ийшээ тийшээ авч явсаар байгаад эрүүл саруул болгоод ажилд орох гэхээр нийгмээсээ хоцорчихсон байдаг. Энэ асуудлыг төрийн бодлогоор зохицуулж болдоггүй юм уу? Энэ тал дээр Ерөнхийлөгч та саналаа хэлээч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажилламаар байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Тэр гурван асуудлын хувьд тодорхой татварын асуудлаар гаднын иргэн шүүхээр шийдэгдэж байсан. Манай шинэ хуулиар аж ахуйн маргааны асуудлыг эвлэрүүлэн зуучлахаар оруулаад татварын бодлогоор шийддэг хэлбэр рүү орж байгаа юм. Монголын хууль тэгж өөрчлөгдөж байгаа. Гаднын компанид хөлсний ажил хийж байсан хоёр хүнийг шүүхээр шийтгэж байгаа нь эргээд Монголын нэр хүндэд маш хүнд болж байгаа юм. Ерөнхийлөгч байна, тодорхой албан тушаал хашина гэдэг бол хүн алга ташуулсан шийдвэр гаргана гэж хэзээ ч байхгүй. Энд шүүмжлүүлээд хамгийн хэцүү шийдвэрийг гаргахаас өөр аргагүй юм.
Монголчуудад хөрөнгө оруулж яах юм бэ, хамтарч ажиллах боломжгүй юм байна. Аж ахуйн маргаан үүсгээд, татварын маргаан үүсгээд, шоронд барьж аваад хийчихдэг юм байна. Ингээд дэлхий нийтээр Монголын нэр хүндийг унагах үйл явц явж байгаа юм. Монгол бол дэлхий дээр ганцаараа биш. Монголын гадуур байгаа сурталчилгааны 70 хувь нь тэгж явахаар байдалтай байсан. Өөрийн нэрийг шалан дээр унагаж болно. Яавал Монголынхоо нэрийг авч гарах вэ гэж л бодож байсан. Яг ийм маягаар асуудлыг шийдэх гэж улс төрийн тушаал, тодорхой ажил хийдэг болохоос дандаа хүн бүрээс алга ташуулсан, дэмжлэг хүлээсэн ажил гэж хаана ч байхгүй.
Тэр 49 хувь гэж байна. Зарим хүмүүс энэ 49 хувийн хойно ямар муухай юм байгаа бол гэж олж харахыг хичээдэг. Би бол энэ 49 хувийн ард ямар зөв юм байгаа бол гэж хичээж, тэр талаас нь ярьж байгаа юм. Муухай талаас хүмүүс яриад, бүх эрх баригчид дайраад байхад нөгөө талаас нь, зөв талаас нь, үнэхээрийн Монголын 49 хувийг би очоод аваад ирье гээд Монголын бизнесмэн яваад, Оросуудтай яриад аваад ирж байгаа бол, хүний мэдэлд байсан юмыг, хүний нутагт байсан адуугаа хөөгөөд ирж байгаа бол баяр хүргэхээр өөр яах юм. Нэг өдөр гадныхан эзэмшиж байгаа Оюутолгойг Монголынх болгож, би худалдаж авна гээд манай бизнесмэн явж байх юм бол би түүнийг дэмжинэ. Гаднаас бусдын хувийг аваад ирж байгаа бол би дэмжинэ. Миний байр суурь гэвэл ганцхан хуулийн асуудал байгаа бол хуулийнхаа байгууллагаар л шалгуул. Түүнээс биш УИХ-ын гишүүд цуглаад, нэг намын нөхдүүд цуглаад, улс төрийн сонирхлоор шийдвэр гаргах гэж дайрдаг нь буруу.
УИХ-ын шийдвэрээр өмч хураана гэж ямар ч хуулинд байхгүй. Хэрвээ асуудал байгаа бол шүүхийн шийдвэрээр хураадаг юм. Монголд шүүх л шийдэх ёстой. Энэ заавал байх ёстой. Та хэдэн малтай, хувийн машинтай, хувийн байшинтай байхад тэрийг очиж дүүргийн Хурлын шийдвэрээр хурааж авна гэвэл яах вэ? Үүнийг л Үндсэн хуулийн баталгаа, хүний эрхийн баталгаа гэж нэрлээд байгаа юм. Үүнээс бид буцаж болохгүй.
Өнөөдөр УИХ дээр тийм шийдвэр гаргаж байгаа юм чинь маргааш аймгийн Хурал дээр, нөгөөдөр сумын Хурал дээр гаргана. Монголын ард түмэн бүтээсэн зүйлдээ эзэн болоод, өмчлөөд явах эрхийг л бид авчрах гэж явсан. Хүн тэр эрхээ эдлээд яаж явах нь өөрийнх нь асуудал. Тэгэхээр энэ ялгаануудыг харах хэрэгтэй.
Саарал ордонд энэ бүх зүйлээр дамжаад 27 жил дотор нь байлаа. Ямар улстөрч юу гэж бодож байгааг би дотор нь ороод ирсэн юм шиг мэднэ. Би хэлж байсан. Яг үнэндээ та нар Эрдэнэтийн тухай ярьж байна гээд яг үнэндээ түүний тухай биш, Засгийн газраа л унагах гэж байгаа. Үүгээр далимдуулж дараагийн Засгийн газрын сайд болох гэж мөрөөдсөн, хэдэн хүн ажилд шахах гэсэн. Хоёрыг нь Ерөнхий сайд ажилд тавьсан, гурвыг нь тавьж чадаагүй байгаа. Энэ хорслоо та бүхэн тайлж байгаа. Түүнээс биш шударга ёс хийх гэж байгаа юм биш гэж хэлсэн. Арван жилийн дараа миний хэлсэн энэ үг үнэн болно. Хүмүүс үнэн ярьж байжээ гэдгийг харна. Би энэ чиглэлд нь дүгнэж цэгнэж л хардаг. Тэгэхээр энэ гаргасан шийдвэр, хэлж байгаа үг дээрээ байж чаддаг, байх ч ёстой гэж бодож байгаа.
Түрүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн асуудлаар асуулаа. Ер нь энэ хэргийг илрүүлнэ гэдэг маш олон жил шаардсан. Хуулийн байгууллага ямар хэцүү орчинд ажиллаж, олон жил явсан үйл явцаас ганц хоёрхон зүйлийг сугалж аваад үнэлэлт дүгнэлт өгнө гэж байхгүй байх. С. Зориг бол Монголын ард түмний сайн сайхан эрх чөлөөт амьдралын төлөө тэмцэж явсан хайртай хүү нь шүү. Хайртай хүүг нь хэн ямар учраас хөнөөснийг Монголын ард түмэн мэдэх ёстой. Үүнийг Монголын хууль шүүхийн байгууллага тогтооно. Тогтоох ёстой. Хэн ч байсан гэсэн.
Бид өмнө нь ямар нийгэмд байсан юм бэ? Зарим хүмүүс мартчихдаг. Сумаас сум ороход л зам явах авдаг байсан шүү дээ. Тэр чинь бараг виз гэсэн үг. Миний аав малчин хүн. Ээж минь төрөхөд нэг шөлний хонь гаргаад өгөх мэдэлгүй байсан. Тийм байсан юм шүү. Капитализмын хувцас өмслөө гээд үсээ ургуулаад жинс өмчихсөн байхад барьж аваад шоронд хийдэг байсан. Зүгээр л юм ярьж байгаа хүнийг чи Монголын радио шиг цуурч байна гээд шоронд явж байсан. Бүр тэрнээс өмнө гучин хэдэн мянгаараа буудуулж байсан. Тэгэхээр өнөөдрийн энэ нийгэм бол хүн эрхээ эдлээд, үүргээ хүлээгээд амьдралаа аваад яв л гэж байгаа юм.
Хүний хүссэн бүгдийг өгдөг, чаддаг тийм нийгэм, улс гэж байхгүй. Дэлхий дээр бүх асуудлаа шийдсэн нэг ч улс байхгүй. Монголд асуудал байгаа. Хүндрэл байгаа бол тэнд шийдэл байсан гэсэн үг. Өнөөдрийн тулгамдаж байгаа асуудал бол өнөөдрийн эрх баригчдын шийдэх асуудал, хойш тавьж болохгүй гэж би бодож байна. Арван жил, таван жилийн дараа Монголд шинэ асуудлууд үүснэ. Хэзээ ч энэ асуудлууд дуусахгүй. Араас нь ирж байгаа энэ асуудлууд хэдэн үед давтагдана. Хүний нийгмийн дэвшил гэдэг чинь ийм удаан явдаг юм. Хүний бохир муу зан тэгтлээ удаан хадгалагддаг юм байна. Үүнийг тийм амархан нэг далайлтаар субботник шиг шийдэж болдоггүй юм байна. Болох ч үгүй.
Тиймээс үнэхээр чадаж байвал өөрийнхөө амьдралын эзэн бол. Өөрийнхөө амьдралдаа эзэн бол, бусдад тусал, ингэж л ажиллаж, амьдрах нийгмийг бид сонгосон гэж би хувьдаа боддог.
НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орон байгаа. Тэр таван гишүүн орон Монгол Улсын цөмийн зэвсэггүй, аюулгүй байдлын асуудлаар тогтоол гаргасан. Намайг НҮБ-ын хуралд орчихоод ирэхэд П.Очирбат гуай манайд ирээд хэлж байсан. “Элбэг ээ. Зөвхөн энэ ажлыг л хийхэд чиний Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бүх ажил хангалттай. Монгол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүнээс аюулгүй байдлын баталгаа авлаа шүү дээ” гэж байсан. Энэ болоогүй, Монголын хийх ажил байна. Хөгжилтэй орнууд Монголд цөмийн хог хаягдлаа булшилна, барина гэж тухайн үед их яригддаг байсан. Тэгэхэд НҮБ-ын индэр гарч ирээд ярьдаг байсан. “Монгол Улсын газар нутаг дээр гаднаас цөмийн ямар ч хог хаягдал булшлуулахгүй. Энэ байр суурийг НҮБ-ын гишүүн орнуудад Монголын Ерөнхийлөгчийн хувьд би зарлаж байна. Бид ийм шийдвэр, би ийм зарлиг гаргасан” гэж зарлаад ирж байлаа. Одоо дахиж энэ асуудлыг сөхдөг газар байхгүй болсон. Ингэж бид дархлаа, аюулгүй байдлаа авч үлдэх ёстой. Гайхалтай амжилт болсон шүү.
ЕАБХАБ гэж байдаг, 52 дахь гишүүн нь Монгол Улс болж Азиас орсон шүү дээ. Европын тэр хөгжилтэй янз бүрийн байгууллагууд багтдаг 50 гаруй улс Монголын аюулгүй байдлын төлөө үүрэг хүлээдэг болсон. 1911 онд Богд хаан тэргүүтэй улстөрчид, эх орончид эх орон тусгаар тогтнолоо авч байхад энэ тусгаар тогтнолынхоо боломжийг Япон, Швейцарь, Америк, Хятад, Оросоор нэг дэмжүүлчих юмсан гэж явж байсан шүү дээ. Гэтэл бид тэр дотор ороод тэр баталгааг гаргаад ирж чадаж байгаа байхгүй юү. Монголын удирдагч, Монголын Ерөнхийлөгч байна гэдэг бол Монголоосоо гарч, тэр хэмжээнд харж сэтгэж ажиллах хэрэгтэй.
Япон, Хойд Солонгосын хүмүүс ирээд маш хүнд асуудлаар Монголд хэлэлцээр хийдэг. Бид Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар санаачилга гаргасан. Үүгээр маш олон ажлууд яригдсан. Бид хоёр талдаа хоёр том хөрштэй. Нэг хөрш нь хамгийн том газар нутагтай, нөгөөх нь хамгийн их хүн амтай. Дэлхийн хоёр том гүрэн байна. Гурвуулаа нэг цуг сууж байгаад ярилцах юмсан гэхэд хүмүүс энэ хэзээ ч бүтэхгүй гэж хэлж байсан. Монголын түүхэнд хэзээ ч бүтэж байгаагүй, ийм боломж байхгүй гэхэд нөгөө хоёр Ерөнхийлөгчтэй ярьж байгаад, гурван улсын уулзалт гэдгийг гурав дахь удаагаа хийгээд Монголоор дамжин өнгөрөх тээвэр, эдийн засгийн коридор гээд бүх зүйлийг хоёр орны Ерөнхийлөгч нартай хамт сууж байгаад хийлээ. Тэгэхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад оролцож байгаа орны Ерөнхийлөгч нар хэлж байгаа юм. Та бүхэн яаж энэ саналыг гаргаад яаж хэрэгжүүлж чадав. Энэ хуралдаанд хамгийн их амжилттай, хамгийн их хувь нэмэртэй, хамгийн их өөрсдөдөө хэрэгтэй оролцож чаддаг улс Монгол болчихлоо. Бусад орнууд, энэ хоёр том орны Ерөнхийлөгч нартай суугаад гурван талаар ярья гэсэн улсууд байж л байна. Үүнийг олж хараад хийж байгаа нь Монголын төрийн уламжлал, Монгол үндэстэн бие даан цаашаа аюулгүй явах зүйлийг л хийхийн төлөө байдаг. Энэ зүйлд хувь нэмрээ маш олон хүмүүс оруулсан байдаг. Ганцаараа хийх боломжгүй.
Тэр охин асууж байна. Монголын дархлаа гэж юу вэ? Би яаж монгол дархлаатай болох вэ гэлээ. Энгийн хариулт. Чи зүгээр ээж шигээ л бай. Чи аав шигээ л бай. Тэгэхэд чи Монгол дархлаа сууна. Ээж ааваасаа сур. Ээж аавынхаа сайныг сур. Тэгээд л чи Монгол дархлаатай болно. Монголын дархлаа гэдэг бол Монголоороо бахархдаг. Цагаан сар, монгол наадмаа үзээд омогшдог нь дархлааны тариа хийлгэж байна гэсэн үг. Миний Монгол чинь ямар сайхан юм бэ гэдэг.
Та бүхэн сонссон байх. Гаднын хэцүү улсад Энхийг сахиулах ажиллагаанд явсан манай цэргийнхэн ирээд хэлдэг юм. “Миний Монгол, манай эх орон гэдэг чинь диваажин юм байна. Ямар гайхамшигтай эрх чөлөө, гайхамшигтай боломжтой юм бэ” гэж. Үнэн. Газар нутаг нь хүртэл говьтойгоос нь говь, модтойгоос нь мод, талтайгаас нь талыг нь тасалж авчраад байгуулчихсан юм шиг газар нутагтай. Хүн нь гэхэд ийм авьяаслаг. Ийм хүмүүсийг цуглуулж ирээд байгуулчихсан. Ийм эх оронтой. Эх орныхоо газар шороон дээр төрөөд, эх орныхоо нэрээр нэрлүүлээд, Монгол хүн гэж явах, улс орныхоо төлөө хувь нэмэр оруулчих боломжтой бол өөрөөрөө, Монголоороо бахархаж явах хэрэгтэй. Энэ сэтгэхүйг бид хүн бүхэнд суулгаж өгөх хэрэгтэй.
Ер нь сайн удирдагч гэдэг бол өөрөө үлгэрлэдэг. Анх намайг Ерөнхийлөгч болоод яваад очиход архи гаргаад аймгийн хил дээр угтдаг байсан. Одоо больё, ийм юм байхгүй, архигүй угтдаг болно гэхэд л бүгд архигүй болсон. Би очсон ямар ч хүлээн авалт дээр архи харагддаггүй. Одоо тийм болчихсон. Цаашдаа төсвөөс, ард түмний мөнгөнөөс нэг ч төгрөг архинд зарцуулахгүй шүү гэсэн. Одоо архигүй төгсөлт, архигүй хурим болж байна. Цагаан сар, энэ тэр баяраар эхэндээ “Архигүй, хундага өргөхгүй яасан эвгүй юм бэ” гэдэг байсан, сүүлдээ тэгэхээ больсон. Зүгээр л барьж байгаа аягатай цай, сүүгээрээ ерөөлөө хэлчих л дээ. Заавал тулгаж, мансуурч баяр тэмдэглэдгээ больсон шүү дээ. Хүн гэдэгт нэг ийм боломж байдаг юм.
Хэрвээ манлайлал бий болгоод, үлгэр үзүүлж чадах юм бол хүн дутагдлаасаа салж чаддаг амьтан. Яг үүнтэй адилхан Монгол муугаасаа салж болно шүү дээ. Эхлээд өөрөө, өөрийнхөө гэр бүл, эргэн тойрноо муу юмнаас салга. Бүгдээрээ муу юмнаасаа салаад ирэх юм бол Монгол муу юмнаасаа сална.
Бичгээр ирсэн асуултууд байна. Далай ламын айлчлал хоёр орны харилцаанд ямар нөлөө үзүүлсэн бэ гэж асуусан байна. Монгол улсын хувьд нэг хөдлөшгүй бодлого байдаг юм. Нэг Хятадын бодлого гэж байдаг. Энэ бодлого бол Монгол Улсын хувьд хөдлөшгүй барьж явдаг бодлого. Салан тусгаарлах гэдэг юмыг Монгол Улс хэзээ ч дэмждэггүй. Дээрээс нь ямарч шашны хүн ирсэн Монгол Улс улс төрийн асуудал ярьдаггүй. Монголын энэ байр суурь бол өнөөдөр ч байгаа, цаашид ч байх болно.
Та бүхэн цаг заваа гаргаж ирээд ярилцана гэдэг бол сайхан юм. Иргэдтэйгээ асуудлаа яриад явах нүүртэй байх, боломжтой байх гэдэг бол ажиллаж байгаа, албан тушаал хашиж байгаа хүний хувьд сайхан байдаг юм. Хийж байгаа олон ажлуудаа цаашаа хийж явах болно. Надад сүүлийн үед хүмүүс захиа их бичдэг болсон байна. Ийм ажилтай тантай хамтарч ажиллана шүү. Таны энэ ажлыг цаашдаа дэмжинэ шүү гээд сайхан санаанууд хэлдэг болжээ.
Та бүхэнтэй байнга хамт байх болно. Тийм ээ, бүх хаалга Монголын өмнө нээлтэй байгаа гэдгийг хэлье. Та бүхэнд их баярлалаа” гэлээ.
ЭЛБЭГДОРЖ ГУТАМШИГ ЧИ ТӨРД ЮУ ХИЙСЭН ЮМ БИТГИЙ ШАА ЧАМАЙГ ШААДАГИЙГ 8-Н ЖИЛ ХАРЛАА ШААДАГ ШИГЭЭ АЖИЛ ХИЙДЭГ БОЛ ЮМ ХЭЛХГҮЙ ХҮНИЙГ ЦУСГҮЙ ЦУСТАЙ АЛДАГ АЛУУРЧИН ЧИН ЧИ ШДЭЭ МОНГОЛЧУУД ЧАМАЙГ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ ҮНЭН БАЙХ 8-Н ЖИЛ ГАНЦ ХҮНИЙГ АЛАХ ГЭЖ УЛААРЧ БАЙХИЙГ ЗУРАГТ БОЛГОНООР ХАРСАН ҮГЭЭ БОДОЖ ЯРЬЖ СУРМААР ЮМ ТӨРИЙН ЭЦЭГ ЧАМШИГ ҮГ ХЭЛДЭГИЙГ МЭДЭХ ЧГҮЙ ЮМ БАЙНА УРЬД УРЬДИЙН 3-Н ЕРӨНХИЙЛӨГЧИДӨӨС СУРАХ ЮМ ЧАМД ИХ БАЙНА ГЭЖ ХАРАГДАЖ БАЙДАГ НЬ ҮНЭН ҮГ ШДЭЭ ЧИ Л МОНГОЛ ТӨРИЙГ ЖИНХЭН САМАРСАН ШДЭЭ ЧИ ХҮНД МУУ ЮМ ХИЙХ БОЛГОНЫ ТООГООР ЧАМД ҮХЭЛ ЗОВЛОН ТАСРАХГҮЙ ГЭЖ МЭД МАЛ АА
ЭЛБЭГДОРЖ ГУТАМШИГ ЧИ ТӨРД ЮУ ХИЙСЭН ЮМ БИТГИЙ ШАА ЧАМАЙГ ШААДАГИЙГ 8-Н ЖИЛ ХАРЛАА ШААДАГ ШИГЭЭ АЖИЛ ХИЙДЭГ БОЛ ЮМ ХЭЛХГҮЙ ХҮНИЙГ ЦУСГҮЙ ЦУСТАЙ АЛДАГ АЛУУРЧИН ЧИН ЧИ ШДЭЭ МОНГОЛЧУУД ЧАМАЙГ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ ҮНЭН БАЙХ 8-Н ЖИЛ ГАНЦ ХҮНИЙГ АЛАХ ГЭЖ УЛААРЧ БАЙХИЙГ ЗУРАГТ БОЛГОНООР ХАРСАН ҮГЭЭ БОДОЖ ЯРЬЖ СУРМААР ЮМ ТӨРИЙН ЭЦЭГ ЧАМШИГ ҮГ ХЭЛДЭГИЙГ МЭДЭХ ЧГҮЙ ЮМ БАЙНА УРЬД УРЬДИЙН 3-Н ЕРӨНХИЙЛӨГЧИДӨӨС СУРАХ ЮМ ЧАМД ИХ БАЙНА ГЭЖ ХАРАГДАЖ БАЙДАГ НЬ ҮНЭН ҮГ ШДЭЭ ЧИ Л МОНГОЛ ТӨРИЙГ ЖИНХЭН САМАРСАН ШДЭЭ ЧИ ХҮНД МУУ ЮМ ХИЙХ БОЛГОНЫ ТООГООР ЧАМД ҮХЭЛ ЗОВЛОН ТАСРАХГҮЙ ГЭЖ МЭД МАЛ АА