Олон улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан “Эмч нартаа талархъя” хүндэтгэлийн уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүндэтгэлийн уулзалтад оролцсон эмч нартаа хандан үг хэллээ. Тэрээр,
“Эх орны өнцөг булан бүрт суугаа хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийн эзэд үе үеийн эмч, анагаахын эрдэмтэн багш, эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан, ажилчид Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, баярын мэнд хүргэе.
Манай ард түмэн хүний төлөө бүхнээ зориулдаг, алтан гартай эмч нараа “Цагаан нөмрөгтэй бурхад” хэмээн эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай. Эрүүл мэндийн яамнаас санаачлан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд оролцож, Та бүхний баярыг хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.
Засгийн газраас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тодорхой зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна. “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан нь эрүүл мэндийн салбарын ирэх 10 жилийн хөгжлийн зорилгыг тодорхойлсон баримт бичиг болж, “Эрүүл мэндийг дэмжих сан”-г сэргээн байгуулж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлж, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Халдварт өвчнөөс сэргийлэх” үндэсний хөтөлбөрийг баталлаа. Мөн иргэдэд эрүүл мэндээс шалтгаалан учирч байгаа эдийн засгийн дарамтыг бууруулах үүднээс бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний төлбөр, эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарын зардлыг төрөөс хариуцах, элэгний С вирусийн эмийн үнэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хөнгөлөлт үзүүлэх боллоо.
Түлэнхийн төвийн барилгыг цогцоор барих, Эх, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх олон улсын стандартын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, хүүхдийн 160 ортой төрөлжсөн мэргэшлийн төв, эх, хүүхдийн 300 ортой цогц эмнэлгийг концессоор барьж дуусгахаар төлөвлөж байна.
Орон нутгийн иргэд, малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх хүрээнд түргэн тусламжийн автомашин нэн шаардлагатай сумын Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийг автомашинаар бүрэн хангана.
Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, ажилтнуудыг ажил үүргээ гүйцэтгэх, иргэдийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад сөргөөр нөлөөлдөг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эмнэлэгт бус цагдаагийн байгууллагад албадан эрүүлжүүлэхээр боллоо. Эдгээр олон ажлыг манай Засгийн газар, та бүхнийхээ оролцоо, дэмжлэгтэйгээр хийж хэрэгжүүлсэн.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бууруулалгүй үе шаттайгаар нэмэгдүүлэх, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан бусад арга хэмжээг төлөвлөсний дагуу хэрэгжүүлэхийг Засгийн газар зорьж ажиллана. Тухайлбал, эмч, эрүүл мэндийн ажилтан Та бүхний ажиллах урам зоригийг дэмжих, ажлын байрны эрсдлийг бууруулах, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрийг батлан хэрэгжүүлнэ.
Хүн амын дундаж наслалт, эх, нялхсын эрүүл мэнд, иргэн бүрт эрүүл мэндийн суурь тусламж, үйлчилгээг хүргэх тогтолцоо нь тухайн улсын хөгжлийг тодорхойлох хэмжүүр болж байдаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн өндөр ур чадвартай, хүнлэг энэрэнгүй, ёс суртахууны нандин чанартай эмч хүн Монгол Улсын хөгжлийн нэг чухал тулгуур юм. Эрүүл иргэн эх орноо хөгжүүлнэ, эрүүл Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх хариуцлагатай үүрэг зөвхөн эмч Та бүхэнд байна. Засгийн газраас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн нэг бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл, ёс зүй, хариуцлага, мэргэжлийн өндөр ур чадвар, Та бүхний хамтын ажиллагаа чухал гэдгийг энд онцлон тэмдэглэе.
Нийт эмч нартаа дахин баярын мэнд хүргээд, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, эрдэнэт хүмүүний эрүүл мэндийг хамгаалах ариун үйлс, нөр их хөдөлмөрт тань улам их амжилт хүсье” гэлээ.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мөн эмч нартаа баяр мэндийн хүргэн, сүүлийн найман сарын хугацаанд хийж, хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулан, мэндчилгээ хүргэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.