Сурсан эрдэм хэзээ ч дуусахгүй, хэнд ч булаагдахгүй

2017 оны 03-р сарын 30 өдөр, 14 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nom-1-696x522
Хүүхдүүдээ номноос “айдаггүй” болгоё
Сүүлийн үеийн хүүхдүүд ном уншихаа больсон, алдаатай бичдэг болсон гэдэг таагүй гуншинтай болсон. Худлаа цуурхал ч биш л дээ. 12 дугаар ангийн гурван сурагч охин үсэглэн байж арай гэж уншиж байсан тухай нэгэн танил маань надад ярьсан нь гашуун боловч үнэн байдал. Уншиж, бичиж чадахгүй дунд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүд их, дээд сургуульд суралцаад ямар мэргэжилтэн болж төгсөх вэ гэдэг туйлын эргэлзээтэй, бүрхэг.

Хүүхдүүд ч гэлтгүй бүгд л ном бус дэлгэц шагайж, түүнийхээ хэрээр сэтгэж, ярьдаг болсон нь харамсалтай. Номын сангууд ч энэ хэрээр уншигчийн тоо цөөрч, төрөл бүрийн шинжлэх ухааны шилмэл шидээвэр, бэстселлэр номууд унших эзнээ хүлээн тоосонд дарагдан хэвтэх боллоо. Ном уншихын ач тус, шим өгөөжийг мэдэхгүй, мэдрүүлэхгүй байгаагийн хар гай. Үр хүүхдүүд, сурагчдадаа ном уншуулах, алдаагүй зөв бичиж сурах, сууж сургах, анхаарлаа төвлөрүүлэх, номонд дуртай болгох, уншсан зүйлээ нэгтгэн дүгнэж, задлан шинжлэх, өөрийгөө зөв илэрхийлж бусдад санаа бодлоо ойлгуулах, өөртөө итгэлтэй болох гээд ном уншихын тус эрдмийг эцэг эх, эмээ, өвөө, ах эгч, багш нар гээд хүн бүр ойлгуулж, биеэрээ үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй байна.

Үүнийг уншин суугаа та ач зээ, хүү охин, шавь нарынхаа төлөө сэтгэл зовдог, анхаарал тавьдаг л бол одоохон ойр байгаа номын сан руу дагуулаад яв. Насны хязгаар харгалзахгүй, бүх насныханд үйлчилдэг нийслэлийн нийтийн 5 номын сан бий. Бүртгэлийн хураамж 16-аас доош насныхан 3000 төгрөг, насанд хүрэгчид 5000 төгрөг, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 2000 төгрөг. Бүх төрлийн шинжлэх ухааны номноос хүссэнээрээ унших, гэрээр авч унших, өдөр тутмын мэдээллийг тогтмол хэвлэлүүдээс цаг алдалгүй авах, үнэгүй утасгүй интернет цагийн хязгааргүй ашиглах, хүүхдүүддээ үнэ төлбөргүй гэрээр ном авах гээд төлсөн үнийн дүнгээсээ хавьгүй илүү боломжийг та хүртэх болно.

Эцсийн үр дүн нь та үр хүүхдийнхээ ирээдүйд эд таваар, мөнгө төгрөгнөөс ч үнэтэй оюуны хөрөнгө оруулалт хийснээр гарна. Эд таваар элэгдэж дуусна, мөнгө төгрөг үрэгдэж дуусна, харин сурсан эрдэм хэзээ ч дуусахгүй, хэнд ч булаагдахгүй билээ.
Та бүхнийг Баянзүрх дүүрэг дэх нийтийн номын санд урьж байна. Манай хаяг: БЗД 12 хороолол 1 хороо 58-р байр/Сансрын колонк, KFC-ийн урд/
Утас: 70155708, 96077017, 89058982

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх