БОАЖЯ, МАЖХолбоо албан ёсны түнш Ховд аймагтай хамтран “Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 31-нээс ирэх сарын 1,2-ны өдрүүдэд Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна. Уг үзэсгэлэнг 18 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн ивээн тэтгэгчээр Женко тур бюро ХКК ажиллаж байна.
Тус үзэсгэлэн нь Монгол улсын хэмжээнд зохион байгууллагддаг хамгийн том үзэсгэлэн төдийгүй, нийслэл хот, бүх аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаараа онцлогтой юм. Үүнээс гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог зэрэг олон давуу талтай.
Энэ жилийн хувьд үзэсгэлэн гурван хоног үргэлжлэх энэ үеэр аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлгийг зохион байгуулна. Мөн төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээрүүдийг баталгаажуулах B to B өдөрлөг болно. Үзэсгэлэнгийн сүүлийн 2 өдөр буюу амралтын өдрүүдэд үнэ төлбөргүй, нийтэд нээлттэй зохион байгуулахаар болжээ.
Бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аялалын хөтөлбөртэй танилцах, хямдралтай үнээр захиалах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн үнийг хөнгөлттэй үнээр авах, гэрээгээ баталгаажуулах, аялалын даатгалын иж бүрэн үйлчилгээтэй танилцах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана. Мөн үзэсгэлэнгийн сүүлийн өдөр 30 гаруй ажил олгогчдын 210-аад ажлын байр зарлагдсан “Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж” зохион байгуулагдана. Энэ үеэр аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн суралцаж байгаа оюутан залуус, хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад бүртгүүлэн ажилд орох, үйлдвэрлэлийн дадлага хийх газраа эртнээс сонгох боломжийг бий болгож байгаа тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.
Үзэсгэлэнд тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 200 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлах юм.