Д.Чулуунбаатар: Эмч хүн сайхан сэтгэлтэй, өндөр мэдлэг, ур чадвартай байх ёстой

2017 оны 03-р сарын 30 өдөр, 12 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Chuluunbaatar

Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Эмнэлзүй сургалт эрхэлсэн захирал, Бөөр, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүн, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч  Д.Чулуунбаатартай эмч хүний ажил, амьдралын замнал, бахархалын талаар яриа өрнүүлснээ та бүхэнд хүргэж байна.

 

Танд нийт уншигчдынхаа өмнөөс танд эмч нарын баярын мэндийг хүргэе. Анх эмч хэмээх эрхэм хүндтэй ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

Баярлалаа. Нийт уншигчиддаа энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Нийт хүн амынхаа эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа эмч нартаа Олон улсын эмч нарын баярын мэндийг мөн хүргэе.

Би сургуулиа төгсөөд анх Завхан аймгийн Шилүүстэй суманд 1988 оны 7 сарын 26-ны өдөр Салбарын эмчээр томилогдож байлаа. Тухайн үед айл бүрээр орж нэгдсэн бүртгэл хийж, үзлэгт хамруулдаг сайхан үе байсан юм.  Энэ нь нэг талаар өвчтөнүүдийн судалгаа хийж, нөгөө талаар айл өрхүүдтэй танилцаж, мэнд усаа мэдэлцдэг болоход их тустай.  Тэгээд л Шилүүстэй сумын  2500 орчим хүнийг бүгдийг нь таньдаг болсон /инээв/.  Дараа нь 1995-1998 он хүртэл Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдээгүйжүүлгийн эмчээр ажилласан.

Харин УНТЭ-т 1998 оноос эхлээд Эрчимт эмчилгээний тасагт 10 гаруй жил эрчим эмчилгээ мэдээгүйжүүлэгийн эмчээр ажиллаж, 2007-2014 онуудад Эрчимт эмчилгээний тасаг-Яаралтай тусламж, сургалт аргазүйн төвийн тасгийн эрхлэгчээр тус тус ажилласан. Харин 2014 оноос хойш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэлзүй хариуцсан захирлаар ажиллаж байна. Одоо ингээд бодоход ийм сайхан хамт олон намайг хүрээлж байсны хүчинд би гэдэг хүн сайн ажиллаж,  илүү ихийг хийж бүтээхийн эрчээр эрчлэгдэж  байна даа.

Ингэхэд таныг цэргийн эмчийн албыг хааж байсан гэж танай хамт олноос сонссон?

Би 1988 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургууль одоогийн АШУИС-ийг төгссөн. Дараа нь Анагаах ухааны дээд сургуулийн Цэргийн танхимд суралцаж байсан. Цэргийн эмчилгээний ангийн нэг онцлог нь оюутан байхаасаа эхлээд  цэргийн бателон буюу ангид цэргийн эмчийн зуны дадлагыг цэргүүдтэй хамт байрлаж хийдэг байлаа. Цэргийн эмч мэргэжлээр сурахад давшилтын үед эмнэлгийн цэргийг хэрхэн байрлуулах, ямар үйл ажиллагаатай ажиллах зэргийг онцгойлон заадаг байснаараа давуу талтай байсан.

Таныг сумын эмч байх үед эмчийн ажлаас гадна олон ажлыг зэрэг хийдэг байсан гэдэг.

Сумын эмч нь эмнэлгийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Янз бүрийн сургалт, арга хэмжээ зохион байгуулах, хэвтэн эмчлүүлж буй хүмүүстээ эрүүл мэндийн боловсрол олгох хичээл хүртэл заадаг байлаа. Сумын эмчийн бас нэг онцлог нь тоног төхөөрөмж байхгүй учраас 5 мэдрэхүйгээрээ л өвчтнөө оношлоно шүү дээ. Төрөх ээжүүд, мэс засал, дотор, халдварт, гэмтэл, шүд гэх мэтчилэн бүх төрлийн өвчтөнгүүддээ үзлэг хийнэ. Нэг хэцүү зүйл нь төрөхийн хүндрэл байсан. Тухайн үед төрөхийн өмнөх байр гэж байсан. Энэ тасагт төрөх дөхсөн эхчүүд төрөхөөс 7-14 хоногийн өмнө хэвтэж, хяналтанд ордог. Ингэж төрөхийн өмнөх байранд эхчүүдийг хэвтүүлснээр эхийн эндэгдэл буурах гол үзүүлэлт болсон юм.  Хөдөөгийн иргэдийн хувьд хяналтанд орохгүй удах тохиолдол их байдаг байлаа.

Анагаах ухаанд олон төрөл чиглэл, салбар байхад чухам яагаад эрчим эмчилгээ, мэдээгүйжүүлэгч эмч болохоор шийдсэн юм бэ?

Би анх мэдээгүйжүүлтийн эмч болно гэж төлөвлөөгүй байсан.  Тухайн үед намын даалгавраар Эрүүл мэндийн яамны боловсон хүчний салбараас мэргэжилтнүүд бүх оюутнуудыг хуваарилдаг байсан үе. Тэр үед одоогийн УНТЭ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эрхлэгчээр Ардын эмч н.Лхагважав гэж бидний багш ажилладаг байсан. Тэр хүний шавь болоод энэ сайхан мэргэжлийг сонгосон доо. Одоогийнхтой харьцуулахад тэр үеийн эрчимт эмчилгээний тасаг тоног төхөөрөмж, хүчин чадал муу байсан. Гэхдээ багшийнхаа удирдлаганд хамт олонтойгоо эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагааг зохицуулаад л явж байлаа.

Ер нь мэдээгүйжүүлгийн эмч гэдэг маш нарийн мэргэжил. Дэлхийд хамгийн эрсдэлтэй,  мэдлэгтэй, ур чадвартай эмч нар ажиллаж, хамгийн өндөр цалин авдаг. Харин Монголд мэдээгүйжүүлгийн эмч нарын мэдлэг ур чадвар гадны орныхонтой эн зэрэгцэх ч ажлын үнэлэмж муу байдаг.

УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хэд хэдэн удаа амжилттай хийлээ. Энэ ажлуудад та гар бие оролцсон уу.

1998 онд монголд анх удаа  бөөрний хагалгаа хийж байсан түүхтэй. 2006 оноос  Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг эрчимжүүлж эхэлсэн. Уг багт бөөр шилжүүлэн суулгах хагалгааны мэдээгүйжүүлгийн эмчээр мөн ажилласан. Миний хувьд бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн ба анхны хагалгаагаа 2006 оны намар нь хийж байсан. Миний багш АУ-ны доктор, профессор Л.Ганболд эмчтэй мэдээгүйжүүлгийн эмчээр хамтран ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 140 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна.  Энэ завшааныг ашиглаад Төрийн соёрхолт профессор Эмнэлгийн дарга Б.Бямбадорж, хүний гавьяат эмч  Д.Нямсүрэн багш, профессор Л.Жамбалжав, хүний гавьяат эмч Б.Бямбадаш, хүний гавьяат эмч н.Төмөрбаатар, мөн Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч Д.Баян-Өндөр, Эмнэлзүй эмгэг судлалын төвийн лабораторын эмч Ж.Саранцэцэг, Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмч Л.Ганболд нарт талархсанаа илэрхийлье.  Эдгээр алтан гартай эмч нарын хүч хөдөлмөрөөр бөөр шилжүүлэн суулгах хагалгаа өдий зэрэгтээ хөгжиж, манай улсын анагаах ухаанд тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулсан. Энэ нь залуу үеийнхэндээ маш сайхан суурийг бий болгож өгсөн юм.

Дараа нь элэг шилжүүлэн суулгах хагалгааны багийн гишүүнээр орсон. 2010 оноос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Хүний гавьяат эмч О.Сэргэлэнгээр ахлуулсан баг хийж эхэлсэн. Тухайн үед эхлээд туршилтын хагалгааг  амьтан  дээр хийсэн шүү дээ. Энэ ажлын хүрээнд Солонгосын Асан эмнэлгийн Эрхтэн шилжүүлэх төвийн хамт олонтой 5 жил хамтран ажилласан. 2010-2014 онд бид Солонгосын Асан эмнэлэгт очиж мэргэжил  дээшлүүлэх сургалтанд хамрагдсан.

Мөн 2009 онд  Л.Ганболд багштай  хамт АНУ-ын Колородогийн их сургуулийн Элэг шилжүүлэн суулгах сургалтанд явсандаа их баяртай байдаг.

Одоо бол элэг шилжүүлэн суулгах хагалгаа ердийн хагалгааны түвшинд хүрсэн гэж хэлж болно. Эхний 25 хагалгааг Солонгосын эмч нартай хамтран хийж байсан бол 2015 онд УНТЭ-ийн 90 жилийн ойн үеэр элэг шилжүүлэн суулгах 100 дахь хагалгааг хийлээ. 100 дахь мэс засалд зориулж эмнэлгийн гадаа хөшөө дурсгал байгуулсан.

Энэ завшааныг ашиглаад Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн гишүүд болох Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Хүний гавъяат эмч О. Сэргэлэн, Анагаах ухааны доктор, Хүний гавъяат эмч, Клиникийн профессор Л. Амгалан, Х.Батчулуун, Ц.Эрдэнэ, Анагаах ухааны доктор, профессор, Зөвлөх эмч Л.Ганболд нартаа талархал илэрхийлье.

Засгийн газраас элэг шилжүүлэн суулгах хагалгааны тоног төхөөрөмжийн асуудал дээр анхаарч ажилласан. Учир нь гадаадад эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэхэд эмчилгээний зардал, донор, дагалдаж явж байгаа хүн гээд эдийн засгийн хувьд маш хүндрэлтэй байдаг. Харин монголд энэ хагалгааг хийснээр гадагш урсах мөнгийг дотооддоо авч үлдэхээс гадна,  өвчтөний сэтгэлзүйн хувьд эерэг нөлөөтэй байдаг.

Гадаадад хагалгаанд орсон хүмүүс УНТЭ-ийн хяналтанд байдаг. Сая гуравдугаар сарын 27-нд УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв “Элэгний урхаг хүндрэл  ..” гэсэн сургалт зохион байгуулж,  маш өргөн хүрээг хамарч чадсанд бид их баяртай байгаа. Үүний дараа тухайн сургалттай холбоотой ном гарсан нь бидний хувьд том гарын авлага болсон гэж хэлж болно.

Эмч  болохоор бэлтгэгдэж буй залуус сургуульд сурч байхдаа л мэргэжилтэний хэмжээнд бэлтгэгдээд гардаг гэж боддог. Энэ салбарт таны сурч байх үе, өнөөдрийн сургалтын тогтолцоо хооронд ямар ялгаа байна вэ?

Манай эрүүл мэндийн чиглэлийн оюутнууд өглөө лекцэнд орлоо, үдээс хойш дадлага хийхээр ирж байна. Бусад мэргэжлийн сургуулиудтай харьцуулахад анагаахын сургуулиуд практик дээр суурилдагаараа онцлог. Бидний үед ийм л байсан. Одоо ч хэвээрээ. Харин ч одооны оюутнууд техник ашиглалт, хэлний мэдлэг илүү болсон. Анагаахын олон сургууль байдаг нь өрсөлдөөнийг нэмэгдүүлээд сайн хэрэг. Бид багш нарынхаа лекцийг нэг бүрчлэн гараараа бичдэг байсан бол өнөөдөр техникийн эрин болсноос ч тэр үү хүүхдүүд утсаараа бичлэг хийх, файлаар нь авах зэргээр цаг хугацаа хожиж байгаа давуу талтай юм уу гэж хардаг.

Нөгөөтэйгүүр сурч байгаа залуусын хувьд чин сэтгэлээсээ эмч болохыг хүсдэг нь хэд байдаг бол гэх эргэлзээ ч төрдөг. Өнгөрсөн жил манай нэг багшийн лекцэнд сууж байхад нэлээд олон оюутан эмчээр төгсөөд, мэргэжлээрээ ажиллаагүй гэсэн мэдээг сонсч байсан. Тэдгээрээс дэлгүүр ажиллуулах гэх мэт өөр чиглэлээр ажиллаж байна гэдэг. Үүнд эмчийн цалин хангамж, ажиллах орчин ч нөлөөлсөн байж мэднэ. Бидний үед багш нарыгаа дагаж хагалгаанд орж, хүнд өвчтөнийг үзэж байхад нь хамт байх зэрэг эмнэлэг дээр хичээлүүд явагддаг байсан. Энэ нь оюутнуудыг анхнаас нь эмнэлгийн орчинд бэлдэж өгдөг байсан юм болов уу. Тэр үед нүдээрээ харж байсан, багшийн хийж байсан үйл зэрэг бол насан туршийн мэдлэг, туршлага болж өгч байсан.

Танай эмнэлгийн зүгээс ирээдүйн боловсон хүчнээ бэлдэхэд хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

УНТЭ нь төрийн болон хувийн их, дээд сургуулиудтай хамтран ажилладаг. Тухайлбал 3-р  курсийн оюутнуудыг манай эмнэлэгт хөтөчөөр ажиллуулж байна. Энэ нь өөрөө  эмнэлгийн орчин нөхцөлд дасах, өвчтөнтэй харьцах зэрэг дадал зуршлыг бий болгох ирээдүйн эмч нарыг бэлдэхэд их нөлөөтэй байдаг. Харин 4-р курсийн оюутнууд сувилахуйн үйл ажиллагааны дадлага хийх,  5-р курсийнхан эмч нарын туслахаар ажиллах гэх мэт Анагаах ухааны боловсрол олгоход хамтран ажиллаж байна.

Эмч хүний хариуцлага таны нүдээр…

Эмч хүн бол хамгийн түрүүнд сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Өвчтэй хүнтэй чин сэтгэлээсээ харьцдаг байх, өндөр мэдлэг, ур чадвартай, байнгын мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлдэг байхыг шаарддаг тийм л хариуцлагатай мэргэжил. Орчин үед хэлний мэдлэг нэмэгдэж, сурах бүрэн боломжтой болсон байна. Гэхдээ хамгийн чухал нь сайхан сэтгэл. Мөн мэргэжилдээ маш дуртай байх хэрэгтэй.

УНТЭ-ийн онцлогоос та бидэнд танилцуулахгүй юу ? Тоног төхөөрөмжийн шинэчлэл хэр хийгдэж байгаа вэ?

УНТЭ-ийн хувьд сүүлийн үеийн эмнэлгийн техник технологиудыг нэвтрүүлж илүү өргөн цар хүрээг хамран ажиллаж байна. Улсын хэмжээнд Яаралтай тусламжийн тасаг гэдгийг өөрийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан шинээр байгууллаа. Манай эмнэлгийн зүгээс ирсэн өвчтөнүүдээ өвчний ангилал, хүндрэлийн дагуу эрэмбэлдэг. Тухайлбал нэн яаралтай эмчилгээнд оруулах шаардлагатай бол улаан, дараагийн шатанд шар, дараа нь ногоон гэх мэт эрэмбийн дагуу тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн шөнийн цагаар ирсэн онош нь тодорхойгүй үйлчлүүлэгчдийг Ажиглалт хяналтын хэсэгт хүлээн авдаг. Н.Алтансүх эрхлэгчтэй Яаралтай тусламжийн тасаг нь байгуулагдаад 4 жил болж байгаа ч улсын төсвөөс боловсон хүчний зардлыг төсөвлөж өгөөгүй ч улсдаа үлгэр жишээ болсон тасаг үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин н.Баялагмаа эрхлэгчтэй мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасагт хоногт дунджаар 60 гаруй хагалгаа хийгдэж байна. УНТЭ-ийн зөвлөх эмч н.Ганбат эрхлэгчтэй Эрчимт эмчилгээний тасгийн хувьд 9 ортой ажиллаж байна. 2002-2012 оны хооронд Швейцарын төсөл хэрэгжсний дагуу нэг сарын хугацаатайгаар эмч, сувилагч ирж бидэнтэй хамтран өдөр бүрийн үзлэг оношлогоо хийж, сургалт явуулж хамтран ажилласан.  Дараа нь Австрийн Хелтенбург сангийн төслийг 2007-2009 оны хооронд хэрэгжүүлсэн. 2015 онд Австрийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 7 сая еврогийн тоног төхөөрөмжөөр хангасан нь маш чухал арга хэмжээ байсан. Одоо бид тоног төхөөрөмжийн хувьд харьцангуй сайн байна. Цаашид ч төр засгаас энэ тал дээр анхааран ажиллах байх гэж бодож байна.

Танд хандаж бусдын хэлж байсан хамгийн сайхан үгнээс? Эмч хүний хувьд зөндөө л сайхан үг сонсдог байх.

Та залуу эмч нартаа хандаж  юу хэлэх вэ?

Эмч хүн гэдэг бол мэдлэг, мэргэжил, сайхан сэтгэл, хичээл зүтгэл шаардсан нарийн мэргэжил. Тиймээс залуу байхдаа л амжиж сурах хэрэгтэй. Өнөөдөр бол сурах бүх нөхцөл бололцоо бүрдсэн байна. Та бүхэнд маш сайхан ирээдүй байна.  Ер нь эмчийн ажил бол сэтгэлийн ажил байдаг гэдгийг онцолж хэлмээр байна.

Цаг зав гарган ярилцсан танд маш их баярлалаа.  Ажлын өндөр амжилт хүсье.

Баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх