Япон Улсын Засгийн газар 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

2017 оны 03-р сарын 29 өдөр, 10 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
yapon

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки нартай уулзав.

УИХ-ын дарга М.Энхболд нүүрс-хими, эрчим хүчний үйлдвэрлэлийн төсөл,

зарим бүтээгдэхүүний экспортын талаар санал тавилаа

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Японы Ерөнхий сайд Ш.Абэтай энэ өдөр уулзлаа.

Ноён Ш.Абэ “Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр Японд элэгсэг дотно ханддаг Монгол Улсын Их Хурлын дарга Та манай оронд айлчилж буйд баяртай байна” гэж уулзалтын эхэнд хэллээ.

Тэрбээр айлчлалын хүрээнд гарын үсэг зурах Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны ойрын ирээдүйн дүр зургийг тодорхойлох бөгөөд хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Мөн ОУВС-тай Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэнд талархаж байна гээд энэ хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгож, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдлээ. Тэрбээр “Энэ зээл Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийхэд тус нэмэр болоосой гэж хүсэж байна” гэв.

Эл зээл нь манай улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойших он жилүүдэд Японы Засгийн газраас олгосон нийт хөнгөлөлттэй зээлийн хэмжээтэй бараг тэнцэж байгаа юм. Тус улс Монгол Улсад нийт 3.0 тэрбум ам.долларын зээл, тусламж үзүүлснээс хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нь 1.0 орчим тэрбум ам.доллартай тэнцэж байгаа билээ.

УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэн хүлээн авч, уулзаж буйд нь ноён Ш.Абэ-д талархал илэрхийлээд “Өнөөдөр парламентын болон бусад түвшний олон чухал уулзалт хийсний дотор Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр намайг болон манай төлөөлөгчдийг парламентын гишүүд элэгсэг дотноор угтан мэндчилсэн нь Та бүхний Монгол орныг, монголчуудыг гэсэн халуун дулаан сэтгэлийн илэрхийлэл гэж хүндэтгэж байна.

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон биднийг дэмжин туслах чиглэлээр ноён Ерөнхий сайд Таны зүгээс тавьж буй онцгой анхаарал нь манай хоёр ард түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна. Монгол, Япон хоёр орон нэг бүс нутгийн, нэгдмэл үнэт зүйлтэй, бие биедээ дотно дулаан сэтгэлээр ханддаг, хамтын ажиллагааны баялаг түүхтэй ард түмэн. Та Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаарлаа хандуулаад зогсохгүй даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад онцгой хүчин зүтгэл гаргаж буйд талархъя” гэж онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр “Улаанбаатарт болсон АСЕМ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Таныг оролцох үеэр бид уулзаж байсан. Тэр үеэс хойш манай төр, засаг эдийн засагт тохиогоод буй хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлээр олон арга хэмжээ авсны нэг нь ОУВС-тай хамтран ажиллах зорилт байсан юм. Үр дүнд нь бид хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Дөрөвдүгээр сарын 05-нд УИХ-ын чуулган нээгдэнэ. Чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал бол төсвийн тодотгол. Уг асуудлыг дөрөвдүгээр сарын 12 гэхэд батлах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газар 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орон хамтран хэрэгжүүлж болох зарим томоохон төслийн асуудлыг хөндөв. Тэрбээр Монголын нүүрсийг  ашиглаж шатдаг хий, химийн болон нефть орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолборын төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж бид үзэж байна. Монгол орон нүүрс, нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй.  Энэ баялгийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцох, бүс нутгийн орнуудад түүнийг нийлүүлэх боломж бий. Эдгээр төслүүдийг Япон Улстай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна гэлээ. Түүнчлэн Японы зах зээлд Монголоос зэс, төмрийн хүдэр, хайлуур жонш экспортлох асуудлыг анхааралдаа авахыг хүсэв.

Ноён Ерөнхий сайд Ш.Абэ нүүрс-химийн цогцолбор байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл, бэлтгэл ажил хангагдсан үед мэргэжлийн баг илгээж судалгаа, дүгнэлт хийлгэх боломжтой. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцох, зарим бүтээгдэхүүнийг Японд экспортлох асуудлын тухайд Элчин сайдын яамаар дамжуулан асуудлаа тавиарай гэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ш.Абэ нар олон улсын байгууллагын хүрээнд урьдын адил харилцан бие биенийг дэмжиж, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотлов.

Дадлагажигч ажилтан илгээх асуудлаар санал солилцов

Энэ өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки, Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн дарга, хатагтай К.Ито нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхав.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад хийж буй айлчлалынхаа талаар болон хийсэн уулзалтууд, хэлэлцэж ярилцсан асуудлуудын талаар товч мэдээлээд хоёр гол асуудлыг хөндөв.

Эдгээр нь Япон Улсад Монголоос дадлагажигч ажилтан илгээх, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах болон жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгох зэрэгт зориулан Монголын Засгийн газраас бонд гаргаж, Японы тэтгэврийн сангаас хөрөнгө босгож болох, эсэх тухай асуудал байв.

Ноён Я.Шиозаки УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, “Япон, Монголын ард түмэн бие биедээ ойр дотно ханддаг хүмүүс. Бид Монгол Улсын бие даасан бодлого, хөгжлийн ирээдүйг чухалд тооцдог” гэж хэлэв.

Тэрбээр “Дадлагажигч ажилтан ажиллуулах төслийг анх хэрэгжүүлсэн хүний нэг нь би юм. Монгол Улсаас дадлагажигчид ирж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, буцаж очоод сурсан мэдсэнээ улс орныхоо хөгжил дэвшилд зориулбал сэтгэл нэн таатай байх болно. Манай тэтгэврийн сан энэ төрлийн хувьд дэлхийд томд орно. Япончуудын тэтгэвэрт гараад сайн сайхан амьдрах баталгааг хангахад зориулагдах учраас сангийн аливаа үйл ажиллагаа япон хүний эрх ашигт нийцэж байх ёстой гэсэн зарчимтай. Энэ зарчмын дагуу эрсдэлгүй, үр ашигтай зүйлд ашиглагдах ёстой гэж хуульчилсан байдаг. Гаднын үнэт цаас худалдан авахаар болбол хөгжиж буй орны хувьд Дэлхийн банк зэрэг байгууллагаар дамжуулан баталгаа гаргуулж, тусгай сан үүсгэх маягаар ашиглаж болох юм” гэж ярилаа.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дадлагажигч ажилтан илгээх бэлтгэлийг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар ноён Я.Шиозакид тодорхой мэдээлэл өглөө. Тэрбээр дадлагажигчдын асуудал хариуцсан төлөөлөгчийн газрыг Японд байгуулах, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагчдад япон хэл, соёлын хичээл заах бэлтгэлийг хангаж байна гэлээ.

Сайд Н.Номтойбаяр 300 хүний ортой, жилдээ 15.000 хүн хэвтэж эмчлүүлэх, 350 мянган хүнийг амбулаториор үзэж эмчлэх томоохон клиник эмнэлэг барих төслийг хэрэгжүүлэхээр судалж байна. Энэ эмнэлэгт япон менежмент нэвтрүүлж, япон мэргэжилтэн ажиллуулах, Японы тоног төхөөрөмжийг ашиглах, эмч ажилтнуудыг Японд дадлагажуулах нь чухал гэж бид үзэж байгаа. Энэ төсөлд эрхэм сайд Та анхаарлаа хандуулахыг хүсье гэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд “Цаашид Тантай болон Таны хариуцдаг салбараар дамжин хамтын ажиллагааны олон асуудал хөндөгдөх байх. Та бол Монголын төлөө гэсэн халуун сэтгэлтэй, хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүн. Тиймээс Таныг цаашид их зүйл хийнэ гэдэгт бид итгэж байна. Японы Засгийн газрын танхимд Монголыг сайн ойлгодог, биднийг дэмждэг хүн байгаад баяртай байна. Танд сайн сайхныг хүсье” хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх