Б. Буджаргал хэт холын зайн олон өдрийн гүйлтийн ДАШТ-нд оролцоно

2017 оны 03-р сарын 28 өдөр, 13 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
17619447_458510947873599_860301503_n

Дэлхийн тэсвэр хатуужлын хэт холын зайн олон өдрийн “Өөрийгөө ялах” нэртэй 10 өдөр, 10 шөнө буюу 240 цагийн тасралтгүй гүйлтийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дахь удаагийн  тэмцээн АНУ-ын Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-27-ны өдрүүдэд болно.

Манай улсын гүйлтийн шилдэг таван тамирчин оролцох тус тэмцээнд хөнгөн атлетик болон уулын спортын мастер Бямбаагийн Буджаргал дөрөв дэх удаагаа оролцох гэж байна.

Тэрээр  гүйлтийн спортоор 20 гаруй жил хичээллэж буй бөгөөд нэг өдөр буюу 24 цагийн гүйлтийн 2011-2013 оны Монгол Улсын гурван удаагийн аварга бөгөөд 2013 онд 24 цагийн хугацаанд 180 км зам туулж, Монгол Улсын дээд амжилтыг  тогтоож байсан билээ.

Хүссэн тамирчин нь ороод байдаггүй, оролцох тамирчин өдөртөө доод тал нь 80 км гүйх чадалтай, өөрийн улс орондоо өндөр амжилт гаргасан байх ёстой гээд шалгуур өндөртэй энэ тэмцээнд тэрээр анх 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон зургаан өдрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлгүй оролцсон ч 485 км зам гүйж тавдугаар байр эзэлж байжээ.

2015 онд 10 өдрийн гүйлтэнд орж, 487 mile буюу 779 км гүйж 10-р байранд орж байсан бол өнгөрсөн жил 240 цагт 601 mile буюу 967 км (өдөрт 96 км) гүйж IV байранд орж өмнөх жилийнхээ амжилтыг 188 км-ээр ахиулж Монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулаад ирсэн юм.

17619723_458510834540277_118100356_n

10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга болох зорилготой түүний бас нэгэн хүсэл бол хорт хавдартайгаа тэмцэхийн тулд гүйлтээр уйгагүй хичээллэн, хорт хавдрын эсрэг сан байгуулан, гүйлтийн замдаа өөд болсон Канадын тамирчин Терри Фоксын замналаар 143 өдөр 5373 км замыг туулах явдал ажээ. Эртний грекийн сэтгэгчид, философичид хүний амьдралын хамгийн чухал зүйл бол өөрийгөө ялан дийлэх гэж хэлсэн байдаг. Хүн өөрөө өөрийгөө ялан дийлж байж дараа нь бусдын төлөө, олон түмний төлөө гэсэн сэтгэлтэй болж, түүнийгээ ажил хэрэг болгох урам зоригтой болдог гэдгийг биеэрээ мэдэрч, бусдад үлгэрлэж яваа тамирчиндаа амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх