Манай улс дамжин өнгөрөх тээврийн зангилаа, тээвэр логистикийн төв болох боломжтой. Энэ ч үүднээс олон улсын тээвэр, худалдааг хүндрэлгүй хурдацтай болгох ТИР конвенцид манай улс нэгдсэн байдаг. Гэвч энэхүү ТИР конвенцийн системийг бүрэн хэрэгжүүлэхэд хил гаалийн шалгалтыг бүрэн цахимд шилжүүлэх, ажилчдыг сургалтад хамруулах зэрэг шаардлага тулгарч байгаа юм.
Тиймээс Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос Олон Улсын автотээврийн холбоотой хамтран “Олон улсын тээвэрлэлт ба ТИР конвенцийн үүрэг” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулж байна.
Сургалтад 300 гаруй хүн хамрагдаж, Удирдах ажилтны семинарт 120, гаалийн байцаагч нарын сургултанд 100 хүн, ТИР горимын тээврийн жолоочийн сургалтад 100 орчим жолооч хамрагдах юм байна.
Энэхүү сертификат олгох сургалтыг манай улс дотооддоо зохион байгуулдаггүй бөгөөд Олон улсын автотээврийн холбооноос зохион байгуулдаг. Цаашид дотооддоо тус сургалтыг зохион байгуулахаар сургагч багш нарыг Олон улсын автотээврийн холбоотой хамтран бэлтгэж байгаа аж.
Сургалт, семинарыг эхэнд Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батхүү “ТИР систем нь өөрөө ачаа тээвэрлэлтийг улс хооронд хөнгөвчлөх зорилготой систем. НҮБ-ын хяналтын дор явдаг дэлхийн худалдааг либералчлах, хөнгөвьчлөх, тээврийн өртгийг бууруулах үндсэн зорилготой. ТИР системийн хүрээнд цахимжуулах ажлыг дэлхий нийт хийж байгаа. Манай улсын хувьд ч хил, гааль бүрэн цахим систем шилжих шаардлага тулгарч байна. Энэ ажлаас Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо хоцролгүй хөл нийлүүлж алхахын төлөө өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтыг зохион байгуулж сертификаттай болсноор ТИР конвенцийн хүрээнд тээвэрлэлт хийх, үйл ажилагаагаа эхлүүлэх эрх нээгдэж байна” хэмээн хэллээ.
ТИР систем нь одоогоор 25 улсад хэрэгжиж байна. Эдгээр улсын газар дэвсгэрээр ТИР-ийн гишүүн орны тээвэр ямар нэг хүндрэлгүйгээр дамжин өнгөрөх боломжийг бүрдүүлдэг. Уг системд нэгдээгүй улсын ачаа тээвэр бусад орны хилээр нэвтрэх болгондоо зөөвөрлөж яваа бараагаа бүрэн шалгуулж, гаалийн бүрдүүлэлт хийж багагүй хэмжээний цаг хугацаа алддаг. Харин ТИР конвенцид нэгдсэн улсын тээвэр ТИР дэвтрээрээ хүндрэлгүй хил нэвтэрдэг.
Манай улс ТИР системд 10 жилийн өмнө нэгдсэн. Гадаад худалдааны эргэлт, ачаа тээвэрлэлтийг ямар нэг хүндрэлгүй явуулж өнөөдрийг хүрлээ. Цаашид ТИР системд нэгдсэн орнуудын тээврийг хүндрэлгүй нэвтрүүлэх, харилцан итгэлцлээ үргэлжлүүлэхийн тулд гаалийн шалгалтыг 100 хувь цахим системд шилжүүлэх шаардлагатай.