Монголд жил бүр 200 цэнгэлдэх хүрээлэнгийн дайтай ой устдаг

2017 оны 03-р сарын 22 өдөр, 18 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
77777777

Биднийг гурав тоолох хооронд буюу гурван секунд тутамд хөлбөмбөгийн талбайтай тэнцэхүйц хэмжээтэй ой дэлхий дахинд устаж үгүй болдог гэсэн судалгаа бий. Тэгвэл Монголд нэг жилд 200 цэнгэлдэх хүрээлэнгийн дайтай ой газрын хөрснөөс арчигдан алга болдог ажээ. Энэ нь ойролцоогоор 47 мянган га талбай бөгөөд Ойн судалгаа хөгжлийн төвийн cудалгаанд үндэслэн ийм харьцуулалт хийсэн тухайгаа Монголын “UN-REDD” үндэсний хөтөлбөрийн ерөнхий менежер Б.Хишигжаргал ярилаа.

Өнөөдөр олон улсын ойн өдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг ой мод хамгаалах, сурталчлах өдөр болгон дэлхийн нийтээрээ тэмдэглэдэг. Энэ жилийн уриа “Ой ба эрчим хүч” нэртэй. Эрчим хүч, дулаан хангамжийн гол эх үүсвэр нь мэдээж ой. Ойн захад очоод хэсэг саатахад л бид асар их эрч хүч, энергиэр цэнэглэгддэг шүү дээ. Энэ ч утгаараа ой бол яах аргагүй хүн төрөлхтний үнэт баялаг юм.

Манай орны хувьд хамгийн том давуу тал бол 100 хувь байгалийн ойтой. Дэлхий дахинд байгалийн ойн нөөц асар бага буюу 10 гаруйхан хувийг эзэлдэг, ихэнхийг нь таримал ой бүрдүүлдэг байна. Тэр ч утгаараа Монголын ой экологийн хувьд өндөр ач холбогдолтой гэнэ. Харин байгаль цаг агаарын хүчин зүйл, байршлаасаа хамаараад манай орны ой маш эмзэг гэдгийг мэргэжлийн хүн хэлж байна. Сибирийн ойн зах, хээр, говь цөлийн яг зааг дээр байдаг тул уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий. Өөр нэг сул тал нь манай ой хөнөөлт шавьжийн нөлөөнд автахдаа амархан аж. Мөн ойн тогтвортой менежмент байхгүй, ашиглалт бага гэдгийг албаны хүн ярилаа.

Мөн түймэр гарах эрсдэл өндөр. Улсын хэмжээнд байгалийн ойн нөөцийн 18.8 орчим хувь нь түймэрт өртсөн нь үүний гэрч юм. Ойн нөөцийн ихэнх хувь нь тайгад байдгаас дэд бүтэц хөгжөөгүй. Самар түүж, эсвэл зугаалгаар явсан хэн нэгэн гал алдахад түүнийг унтраах хүн хүч шуурхай очиж ажиллах боломж хомс байдгаас олон хоног түймэр үргэлжлэх тохиолдол бий. Тиймээс маш зөв бодлого авч хэрэгжүүлэхгүй бол ойн талбай хорогдох магадлал өндөр юм байна. Өнгөрсөн жил ойн салбарт нэгэн томоохон үйл явдал болсон нь сүүлийн 40 жил хийгээгүй томоохон судалгаа хийсэн явдал. Олон зорилтод ойн тооллогын үр дүнд Монгол орны ой өсөлт удаан, хөгширсөн, нөөцөөр ядмаг, бага ашиглагдсаныг тогтоосон юм.

“Улсын хэмжээнд ойн нийт массыг хамарсан тооллого хийснээр ой ямар төлөв байдалтай байгаа талаарх судалгааг гаргасан. Бид цаашдаа ямар менежмент рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах вэ гэдэг ерөнхий чиг баримжаатай болсон. Энэ бол маш том давуу тал. Хоёрдугаарт, төрөөс ойн талаар баримтлах бодлоготой болсон. Ингэснээр хууль эрх зүйн орчин нэлээд сайжирлаа. Өмнө нь бодлого нь алдагдаад байсан ойн салбарын мэргэжлийн удирдлагын бүтэц бий болж байгаа.

Цаашдаа Монголын ойд тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд давуу тал бий болж байна” хэмээн “Туушин” зочид буудалд энэ сарын 20-нд болсон, Ойн талаар суралцахуй-Албан ба албан бус боловсролд оролцогч талуудын зөвлөлгөөний үеэр БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Отгонсүрэн ярилаа.

Ойн талаар НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудад нүүрс хүчлийн хийн шингээлтийг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, ойн нөөцийн тогтвортой байдлыг хангах, цөлжилттэй тэмцэх тухай тусгасан байдаг. Мөн ой их хэм­жээгээр устаж бай­гааг бууруулах, ой­жуу­лалт, ой нө­хөн сэргээх аж­лыг үлэмж хэм­жээгээр нэмэг­дүүлэх зо­рилт тавьж бай­гаа. Монгол Ул­сын тогтвортой хөгж­лийн үзэл баримт­лал болон Ногоон хөгжлийн бод­логод 2030 он гэхэд Монгол Улсын ой­гоор бүрхэгдсэн тал­ байн хэмжээг нийт газар нутгийн есөн хувьд хүргэнэ гэсэн зорилт тавиад буй. Одоо энэ үзүүлэлт 7.78 хувьтай байдаг аж.

Олон улсын ойн өдрийн хүрээнд БОАЖЯ, Монгол орны “UN-REDD” үндэсний хөтөлбөр хамтран гурван өдрийн турш эрдэм шинжилгээний хурал, боловсролын зөвлөлгөөн зохион байгуулж буй. Мөн Уран зургийн галерейд “Монгол орны ойн гайхамшиг” гэрэл зураг болон хүүхдийн гар зургийн үзэсгэлэн гаргаад байна. Өчигдрийн зөвлөлгөөнөөр албан болон албан бус боловсролын тогтолцооны хүрээнд хүүхэд залуучууд, иргэдэд ойн талаарх мэдлэг, боловсрол, хүмүүжил, ой хамгаалах арга дадал хэрхэн олгож байгаа өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцсэн юм.

Энэ талаар зохион байгуулагч Монголын “UN-REDD” үндэсний хөтөлбөрийн ерөнхий менежер Б.Хишигжаргалаас тодруулахад “Олон улсын байгаль орчны боловсролын сангийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сур­галтын төв гэж төрийн бус байгууллага байдаг. Бид сургуулийн өмнөх болон сур­гуу­лийн насны хүүхдүүдэд ойн талаар ямар сургалт, хөтөлбөр явуулах талаар энэ төрийн бус байгууллагатай хамтарч ажил­лаж байна.

Энэ зөвлөлгөөнөөс шат шатны боловсролын байгууллагууд, төрийн захир­гааны төв байгууллага, иргэд, сурган хүмүү­жүүлэгч нарт хандсан зөвлөмж гар­гана. Манай хөтөлбөрөөс Монгол орны ой ямар хүчин зүйлсээс шалтгаалж хомсдож до­рой­­тоод байна вэ гэсэн тойм судалгаа хий­сэн. Энэ судалгааны үр дүнд Монгол орны ой нэг­дүгээрт, түймэр, хоёрдугаарт, хор­тон шавьж, гуравдугаарт хууль бус мод бэлт­гэл­тэй холбоотойгоор буюу хүний хүчин зүй­лийн нөлөөтэй маш их хэмжээгээр хомсдож до­ройт­сон гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрсэн” гэв. Жил гаруйн өмнөөс Монголд үйл ажил­лагаагаа эхлүүлсэн “UN-REDD” үндэсний хө­төл­­бөр ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хү­лэм­жийн хийн ялгарлыг бууруулах гол зо­рил­­готой аж.

Тус зөвлөлгөөнд нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх инс­титут, их, дээд сургуулийн эрдэмтэн суд­лаа­чид, төрийн бус байгууллагууд, МСҮТ-үүд, олон улсын байгууллагын төлөөлөл, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар оролцсон юм.

Хүүхэд залуучууд, иргэдэд ойн талаарх мэдлэг, боловсрол, хүмүүжил, ой хамгаалах арга дадал олгож буй өнөөгийн байдлыг төдийлөн хангалттай бус байна хэмээн оролцогч талууд илтгэлдээ дурдсан. Мөн тогтвортой хөгжлийг хэрэг­жүү­лэхэд гол суурийг нь боловсролын сал­барынхан та­вих учиртай гэдгийг зөв­лөл­гөөнийг зохион бай­гуу­лагчид онцолж байлаа.

1960-аад оноос дээд боловсролтой ойн мэр­гэ­жилтэн бэлтгэж ирсэн түүхтэй аж. Өд­гөө таван их сургуульд энэ чиглэлийн мэр­гэжилтэн сургаж, жилдээ 300 гаруй хүн төгс­гөж буй нь чамлалттай үзүүлэлт болохыг багш нар хэлж байна. Зах зээлд эрэлт ихтэй ч хүний нөөц дутмаг байгааг тэд энэ чиглэлд төрөөс анхаарахгүй байгаатай холбоотой гэв.

Учир нь таван сургуулийн нийт 20 хэд­хэн багш л Монгол Улсын ойн салбарын мэр­гэжил­тэн бэлтгэдэг юм байна. Бие даасан ой судлалын тэнхим байхгүй, олон газар тар­хай бутархай цөөн тоогоор мэргэжилтэн бэлт­гэдэг, судалгаа нь тусдаа явагддаг зэрэг олон тулгамдсан асуудал байгааг багш нар илтгэлдээ дурдсан. МСҮТ-үүдэд ойжуулагч, ойн арчилгаа, цэцэр­лэг­жүүлэгч зэрэг таван чиг­лэ­лээр мэргэ­жилтэй ажилчин бэлтгэдэг байна.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх