Ц.Элбэгдорж: Хаврын баяр гэдэг бол үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэдэг сайхан цаг ирж байгааг бэлгэддэг баяр юм

2017 оны 03-р сарын 22 өдөр, 16 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600 havar

Казах зоны хаврын баяр, Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ахмад эрдэмтэн, багш Кылышийн Аксолтаныд зочиллоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт казах түмэнд хандаж хэлэхдээ “Өнөөдөр Наурызын баяраа тэмдэглэж байгаа нийт иргэддээ, казах түмэндээ хаврын баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Баян-Өлгий аймаг болон Монгол нутгийн газар бүр амьдарч, ажиллаж байгаа казах иргэд маань өнөөдөр хамгийн сайхан баяраа тэмдэглэж байна.

Хаврын баяр гэдэг бол өдөр шөнө тэнцсэний баяр, хаврын баяр гэдэг бол үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэдэг ийм сайхан цаг ирж байгааг бэлгэддэг бэлгэдэлтэй сайхан баяр юм.

Дээрээс нь ахмадуудаа хүндэтгэж золгодог энэ сайхан уламжлал, ёс заншлаа залуучууд, үр хүүхэддээ уламжлуулдаг ийм сайхан баяр юм.

Манай казах түмэн бол их хөдөлмөрч, хичээнгүй хүмүүс. Ажиллаж байгаа газар бүхэндээ их амжилт гаргадаг, их бүтээл бий болгохыг эрмэлзэж сайхан ажилладаг улсууд юм.

Ингээд энэ сайхан ахмад буурлынхаас та бүхэнд дахин хаврын баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Өнөөдөр бас монгол хүн сансарт ниссэн баяр давхцаж байгаа. Нийт монгол түмэн маань өөрийнхөө төлөөлөл, өөрийнхөө иргэнийг сансарт нисгэж энэ сайхан хөх дэлхийгээ сансрын уудмаас анх удаа харсан ийм өдөр.

Ж.Гүррагчаа гуай хэлж байсан. Сансраас дэлхийгээ харахад хайрлахгүй байхын аргагүй тийм сайхан харагддаг юм гэж байсан.

Ийм учраас нийт монгол түмэндээ монгол хүн анх сансарт ниссэн нь  технологийн дэвшил, найрамдал, эв хамтын ажиллагааны сайхан үр дүн байсан гэдгийг өнөөдөр дахин дурсаж хэлье гэж бодож байна.

Дахиад хаврын баяр, Наурызын баярын мэндийг энэ баярыг тэмдэглэж байгаа нийт иргэддээ, казах түмэндээ хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Та бүхэндээ хөдөлмөр, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай” гэлээ.

Ахмад эрдэмтэн, багш К.Аксолтан гуай улсад 53 дахь жилдээ ажиллаж байгаа ажээ. Түүнээс 40 гаруй жилийг ШУА, МУИС-ийн Эдийн засгийн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, багшаар ажиллажээ. Сүүлийн 13 жилд нь “Монгол” дээд сургуульд ажиллаж байгаа юм байна. Өдгөө тэрээр 52 жил ханилсан гэргий Аятолхан, 4 хүүхэд, хоёр ач, дөрвөн зээгийн хамт өнөр өтгөн аж төрж байна.

Энэ үеэр залуу дуучин К.Тилекжан “Атам Казах”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн” дуугаар ая барьж, К.Аксолтан гуайн ач охин Е.Балсара өөрийн бичсэн “Аав” шүлгийг уншиж ирсэн зочдыг баясгалаа.





Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх