УИХ-ын намрын чуулганы хуралдаан завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ сарын 17-ноос эхлэн өөрийн сонгогдсон тойрог болох Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Тэрбээр өнгөрөгч өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Түшиг, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад ажиллаж тойргийнхоо иргэд сонгогчидтойгоо уулзаж, УИХ-аас баталж гаргасан хууль тогтоомжийг сурталчлах, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулж, санал бодлыг сонслоо.
Мөн тойргоос сонгогдсон гишүүний хувьд цаашид хийх ажлын талаар санал бодлоо солилцлоо.
Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур сумынхны хувьд малчдын хэрэгцээг хангах жижиг тэжээлийн үйлдвэр барих шаардлагатай байгаа аж. Мөн Арьс шир, ноос, ноолуур угаах үйлдвэр Цагааннуур суманд байгуулах саналтай байгаагаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай уулзах уулзалтын үеэр илэрхийлсэн юм.
Харин Зүүнбүрэн сумын хувьд энэ жил өвөлжилт маш хүнд байжээ. Нийт өрхийн 80 гаруй хувь нь өвөлжилт хүнд, хамгийн дээд тал нь 400 гаруй толгой мал хорогдоод байгаа учраас энэ асуудлыг анхааралдаа авах хүсэлтийг тойргийнхоо гишүүнд хэлсэн юм. Үүний зэрэгцээ орон нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг хөгжүүлэх шаардлагатай байгааг ч мөн илэрхийлж байлаа.
Үүнээс гадна эрх баригч намаас явуулж буй зарим бодлого ялангуяа нийгмийн асуудлыг тойрсон буруу шийдвэрүүд гаргаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, амьжиргааны түвшинг маш дээгүүр тогтоож байна, тэтгэврийн насыг нэмж буй нь, насны хишгийг тэтгэврийн насны хөгшдөд ялгавартай тогтоон олгож байгаа нь буруу гэв. Мөн хүүхдийн мөнгийг олгохдоо шалгуурыг өндөрсгөсөн нь иргэдээ ялгаварласан шийдвэр болсон. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн санхүүжилт өмнөх оноос хойш шийдвэрлэгдэхгүй байгаа нь ажлыг хүндрүүлж байна гэлээ.
Эрх баригчдад шаардлага тавьж сонгогч олноо төлөөлөн УИХ-д сонгогдсон гишүүний хувьд бүхий л асуудлыг анхааралдаа авч, алдаатай гаргасан буруу шийдвэрүүдийн талаар эрх баригчдад уламжлахаа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах үеэрээ хэллээ.
Тэрбээр өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаж байна.