Ж.Мөнхбат: Төсөв, санхүүгийн орчноо эрүүлжүүлж, сахилга баттай болно

2017 оны 03-р сарын 18 өдөр, 11 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Munkh

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын баталсан хуваарийн дагуу Засгийн газрын гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр Баянгол дүүргийн иргэдтэй уулзан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засгийн өнөөгийн байдал зэргийн талаар танилцуулав.

Эдийн засаг маш хүнд, төсвийн алдагдал, өр хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдсэн улсыг хүлээн авсан тухай сайд Ж.Мөнхбат товч танилцуулж, таван төсөвтэй байсныг цэгцэлж, “Чингис”, “Самурай”, “Дим сам”, “Мазаалай” бондын зарцуулалт болон концессын гэрээгээр хийсэн ажилд дүгнэлт өгснөө жишээ болголоо.

Эдийн засаг хүндэрсэн учир Засгийн газар ОУВС-тай 10 гаруй удаа яриа хэлэлцээ хийсэн. Хөтөлбөрт хамрагдсанаар манай улс төсөв, санхүүгийн орчноо эрүүлжүүлж, сахилга баттай болно. 580 сая ам.долларын бондын өрийг Засгийн газар эдийн засагтаа дарамт учруулахгүйгээр шийдсэн. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл нэмэгдэж, хувийн хэвшлийнхэн гадаад, дотоодоос хөрөнгө босгох боломж бүрдэн, манай улсын зээлжих зэрэглэл дээшлэх боломжтой болсон. Засгийн газар  саяхан 100 сая ам.долларын бонд гаргахад гадаадаас гурван тэрбум гаруй ам.долларын санал ирсэн нь үүний нотолгоо. ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсанаар манай улс 5.5 тэрбум ам.долларын дэмжлэгийг олон улсын банк, санхүүгийн байгууллага, бусад улсаас авах боломж бүрдсэн гэдгийг сайд Ж.Мөнхбат онцоллоо.

  “Цаашид төрийн тансаглал, дур зоргоороо аашилдаг байдлыг таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэдэг байх болно. Дарга нарын толгойг илээд, ядарсан түмнээ дээрэлхдэг төр байж таарахгүй. Энэ Засгийн газар энэ жишгийг хална. Хууль хүн бүрт тэгш үйлчилнэ гэсэн зарчим барьж ажиллана”  гэж тэрээр хэлэв.

Хөтөлбөрт нь хамрагдахын тулд орлогоо нэмж, зарлагаа бууруулах чиглэлээр хэд хэдэн тодорхой арга хэмжээ авахыг Олон улсын валютын сан манай улсаас шаардсан байна. Тухайлбал архи, тамхины онцгой албан татвар болон тансаг зэрэглэлийн буюу 100 сая төгрөгөөс дээш үнэтэй, шинэ автомашин худалдан авах бол татварыг нь нэмэх гэдгийг Засгийн газар хүлээн авчээ. Харин “Насны хишиг”, “Цалинтай ээж” хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоохгүй байхаар  тохиролцож чадсан байна.

Дээрх хөтөлбөрүүдээс гадна “Боловсролын зээлийн сан” байгуулж оюутнууддаа 1-10 жилийн хугацаатай бага хүүтэй зээл олгож, малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулсан, эхчүүдийг төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад 1.5 жил улсад ажилласнаар тооцох болсон, ахмадуудын тэтгэврээ хүүгүйгээр урьдчилж авах боломж бүрдүүлж, зээлийн хүүг бууруулсан, Засгийн газар байгуулагдсанаас хойшхи өнөөг хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэн, өнгөрсөн дөрвөн жил алдагдалтай гарч байсан улсын төсөв анх удаа нэмэх үзүүлэлттэй болсон зэргийг уулзалтад ирсэн иргэд талархан хүлээн авч байлаа.

  Уулзалтын үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг тухайн үеийн Засгийн газар нууцаар зарсан тухай асуудал ч хөндөгдлөө. Засгийн газрын тухай, УИХ-ын тухай болон Үндсэн хууль зөрчиж  УИХ, ард иргэддээ мэдэгдэлгүй гаргасан шийдвэрийг одоогийн УИХ цуцалсан. Энэ нь хувийн өмчийг нийгэмчилж, дээрэмдэж авч байгаа хэрэг биш. Хувийн хэвшил худалдаж авах эрхтэй ч бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Худалдаж авахад зарцуулсан 400 сая ам.долларыг нь Засгийн газар өгснөөр энэ хувь төрийн мэдэлд ирнэ гэдгийг ч тайлбарлалаа.

  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат товч мэдээлэл хийсний дараа иргэдийн санаа бодлыг сонсож, асуултад нь хариуллаа.

  Иргэд орон сууцны хорооллыг сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, явган хүний замтай цогц байдлаар нь барьдаг байх, олон жил болж, хэзээ мөдгүй нурах гэж байгаа орон сууцнуудыг дахин төлөвлөлтөд оруулах эсэх зэргийн тухай асууж, хороо, багийн Засаг дарга нарыг иргэддээ хүрч ажиллахыг шахаж шаардахыг хүсэн, Баянгол дүүрэгт засаглалын хямрал нүүрлээд байгааг шүүмжиллээ.

Тухайлбал хорооны Иргэдийн нийтийн хурлыг 14 хоногийн өмнө нийтэд зарлан хуралдуулах ёстой ч өглөө нь зарлаж хэдхэн хүн цуглуулан Засаг даргаа сонгодог, үүнээс болж 23 хороонд маргаан гараад байгаад иргэд ихээхэн бухимдалттай байна. Энэ асуудлыг Ажлын хэсэг гарган шалгуулна, харин шүүхийн шатанд байгаа асуудал зохих журмаараа явах ёстой гэж сайд Ж.Мөнхбат хэллээ. Мөн дүүргийн нэр бүхий газруудад дахин төлөвлөлт хийх чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам болон хоттой хамтарсан Ажлын хэсэг гаргахаар болов.

Уулзалтын дараа сайд Ж.Мөнхбат Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хяналтын нэгдсэн төвд ажиллалаа. Энэ төв 415 телекамераар орон сууцны хороолол, гудамж талбай, олон нийтийн газар, гэр хорооллын гудамжийг 24 цагийн турш хянадаг. Камеруудын тал орчим хувь нь эхнээсээ хуучирч, ашиглалтаас гарсан, 211 цэгт телекамер байрлуулвал нутаг дэвсгэрээ бүрэн хянах боломжтой ч үүнд 830 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байна.

Тооцоо судалгаагаа нарийвчлан гаргаж, албан тоотын хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэхийг сайд Ж.Мөнхбат хэлээд асуудлыг байгаа боломж, бололцооныхоо хүрээнд шийднэ гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх