Т.Бат-Эрдэнэ: Бүгдээрээ Монгол гэсэн ганцхан фракцитай явъя л даа

2017 оны 03-р сарын 17 өдөр, 14 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baterdene
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Тогоочийн Бат-Эрдэнийг бид зочноороо  урилаа. Уншигч та түүний ямар ч чимэггүй атлаа бас эгэлгүй ертөнцөөр надтай хамт аялна уу.

-Дөрвөн жил Улаанбаатар хотыг удирдсан багийн нэгэн чухал төлөөлөгчтэй уншигч та бүхнийг уулзуулж байна. Ер нь бол танай багийнхантай уулзахыг хүсч байсан юм. Ялангуяа хотын ногоон хөгжил, эко бодлогыг хариуцсан орлогч даргатай ярилцах зүйл их байлаа.

-Баярлалаа.

Нэг талаасаа надад оройтож уулзаж байна гэсэн гомдол байгаа ч нөгөө талаасаа дөрвөн жилийн хөдөлмөрөө дүгнүүлэх гэж буй босгон дээр уулзаж байгаа нь чухал ч байж магадгүй.

-Ер нь аливаа зүйлийг хийхгүй байх нь хамгийн их оройтсон зүйл байдаг. Харин хийж эхэлбэл хэзээ ч тэр оройтдоггүй. Тэгэхээр бид хоёр таны хэлдгээр аль ч талаас нь харсан хамгийн чухал өнцөг, хамгийн чухал цаг хугацаанд уулзаж байна гэж бодож байна.

-20 жилийн өмнөх түүхээс тань асууя гэж бодож байна. Өөрийн тань тухай уншсан. Бид бол нэг үеийнхэн. Дунд сургуулиа төгсөөд гадаадад сургуульд явахыг л  мөрөөддөг байсан. Гэтэл та их сонин шийдвэр гаргаж байсан байх юм. Үнэнийг хэлэхэд би хувьдаа илгээлтийн эзэн болъё гэж огт мөрөөдөж байгаагүй. Таны толгойд яахаараа тийм бодол орж ирдэг байна вэ?

-Тэр их сонин үйл явдал. (инээв) Би 1989 онд Улаанбаатар хотын төмөр замын 51 дүгээр сургуулийн 10В ангийг төгссөн. Тэр үед их л мөрөөдөмтгий, ажиллаж хөдөлмөрлөх, амжилтанд хүрэх эрмэлзэлтэй хүүхэд байж л дээ.

Тэгээд ангийнхаа 10 гаруй хүүхдийг Гутлын үйлдвэрт илгээлтээр явъя гэж уриалсан. Арвуулаа “за” гээд л лавтай санал нэгдэж байсан. Эцэстээ надтай нийлээд нэг эрэгтэй, хоёр эмэгтэй дөрвүүлээ л явсан. (инээв) Бид үнэхээр их мөрөөдөмтгий хүүхдүүд байсан л даа. Тэр үед 1986 онд “Би чамд хайртай” гэдэг кино яг анх гарч байж билээ.

-Яг тэр кино нөлөөлсөн байх гэж дотроо бодож суулаа.

-Тэгсэн. Тэр кино нөлөөлсөн. “Гутлын үйлдвэр” дээр залуучууд ангиараа очдог доо. Тэгээд л мөрөөдөмтгий зангаараа ангийнхныгаа уриалсан хэрэг. Бид дөрөв “Гутлын үйлдвэр”-т очоод хоёр нь гутлын эсгүүрчний мэргэжлээр, хоёр нь гутлын оёдлын мэргэжлээр дагалдан ажилчнаар ажилласан.

Би бол очоод ёстой хөдөлмөрийн баатар болно доо гэж л боддог байсан.(инээв) Тэгээд маш богино хугацаанд гутлын эсгүүрчний мэргэжлийг эзэмшсэн. Өдөрт 600-аас 1000 хос гутлын нормтой. Сайн ч ажилласан. Маш мундаг залуу ажилтнаар тодроод л явж байлаа шүү дээ. Тэгээд яахав нийгмийн өөрчлөлт болоод эхэлсэн, Ардчилсан хувьсгалын салхи сэвэлзээд л, бүх юм нэг л өөр болж эхэлсэн.

-Тэгээд яг яваад очиход үйлдвэр ямар байсан бэ. Кинон дээрх шиг хайр татам өвгөн багш, хамт олон  байсан уу. Амьдрал, кино хоёр өөр шүү дээ.

-Маш гоё. Амьдрал дээр бүр гоё. Би бүр яагаад ч юм энэ дурсамжаа ярихаар сэтгэл их хөдөлдөг. Би ерөөсөө мартдаггүй. “Гутлын үйлдвэр”-ийн эсгүүрийн 220-р цехийн Ганхүү мастерын тасагт очдог юм. Өлзий гээд манай багш, бас л олон жил эсгүүрчний ажил хийсэн мундаг хүний дагалдан шавиар орж байлаа даа. Залуу байсан болохоор гэдгэнэж, годгоноод ажил хийхгүй алга болчихно.

Хүрч ирэхээрээ өдөржин шөнөжин ажлаа хийнэ. Манай багш их нямбай хүн байсан. Гутлын эсгүүрийг зөв хийхгүй бол материалын алдагдалд ордог юм. Ингэж зөв эсгэ, буруу тавьж болдоггүй юм, материалын өргөрөг, уртраг гээд маш олон юм зааж өгнө. Амралтын өдөр юм уу, чөлөөт цагаараа тухайн үеийн илгээлтээр ирсэн болон ТМС төгсөөд ирсэн залуус бөөнөөрөө Хандгайт явж цанаар гулгадаг, цасны баяр хийдэг, гэх мэтчилэн залуу насны хөгжөөнтэй сайхан үеийг тэр үйлдвэрт бид өнгөрөөсөн. Ажил хийж сурсан.

-Тэр үед чинь анги болгон Үрлээтэй, Баяраатай, Дэлгэртэй байсан биз дээ. Манай ангид л лав Дэлгэр, Үрлээ хоёр байсан. Үнэхээр хөгжилтэй санагдаж байна. Гутлын үйлдвэртээ хэдэн жил ажилласан бэ?

-Нэг их удаагүй шүү. 1989 оноос 1990 оны төгсгөл хүртэл. Яагаад гэхээр цаг үе нь өөрчлөгдөөд, манай улсын үйлдвэрийн газрууд хаалгаа барьж, цомхотголд орж эхэлсэн. Олон жил ажилласан хүмүүс нь үлдээд залуучууд нь арга эвээ олоод л явцгаасан. Тэгээд 1991 оноос наймаа гэж юугаа ч мэдэхгүй хүүхэд хүн дагаад наймаачин болж нэг хэсэг Москва явж билээ.

-Илгээлтийн эзэн гэхээрээ цалин их авна биз дээ?

-Сайн авна шүү. Манай аав ээж хоёр гэхэд сард 350-550 төгрөг авдаг байсан. Би бол 950-иас буухгүй л авдаг байсан.

-Бид нарын үеэс хойш бол тэр цагийн үйлдвэрүүдийн тухай бараг мэдэхгүй байх аа.

-Би чинь хамгийн сүүлчийн илгээлтийн эзэн шүү дээ.(инээв) Тэрнээс хойш илгээлтийн эзэн гэж байхаа больсон.

-Биднийг багад манай улс шүдэнзээ, шаазангаа, гутлаа бүгдийг нь өөрсдөө дотооддоо хийж байсан гээд ярихаар зарим залуус гайхаад байдаг.

-Мундаг байсан. Үнэхээр бүгдийг өөрсдөө бид хийж байсан.

-Ингэхэд хувь заяагаа холбож, залуу насны романтизмаар жигүүрлэн, илгээлтээр очиж байсан тэр үйлдвэр юу болсон бэ. Та эргэж тэр газраар очдог уу?

-Одоо бол “Номин”-гийн том дэлгүүр болсон шүү дээ. Би саяхан дэлгүүрээр нь очсон.  Миний яг суурь машинаа тавиад хажууд нь зогсоод байж байсан газар дэлгүүрийн лангуу болсон байгаа нь сонин санагдаж байна билээ.

Одоо ч гэсэн зургаа, долоон давхар тэр  саарал байшинг харахаар сэтгэлд ямар нэгэн сайхан бодлууд орж ирдэг. Хажуугаар нь өнгөрөх болгондоо өөрийн эрхгүй л нүд тэнд тусгадаг. Тэнд л миний залуу насны хоёр жил өнгөрсөн. Жинхэнэ бужигнаж явлаа шүү дээ.

-Яг тэр үед улс төрийн сонголтоо хийсэн үү?

-Тэр үед улс төрийн сонголт хийгээгүй. Би тэр үед юугаа ч мэдэхгүй дөнгөж 20 гарч байгаа залуу байлаа.

-Гэхдээ л хаалга нээгдсэн. Тэр үед дарга нарын хүүхдүүд л гадаад явдаг байсан бол бидэнд тэгш боломж ирсэн.

-Тэгээд л учраа мэдэхгүй цагаан хуудас аваад л Москва руу жил гаруй наймаа хийх гэж явсан. Ертөнцтэй л танилцаж байгаа нь тэр. Анх удаа хилийн дээс алхаж байсан. 1994 онд ирээд яаж мөнгө олох тухай л бодож явсан. Тэр үед амьдрал хэцүү байсан даа. Тэгсэн манай нэг найз над дээр хүрч ирээд Баагий нэг хүн мөнгө яаж олох тухай ярьж өгье гэнээ гэж байна.

Хэн гэдэг хүн бэ гэсэн чинь мэдэхгүй ээ, Монсоник группийн Т.Баярхүү гэж хүн байна гэсэн. Тэгээд яваад очсон чинь Социал демократ намын дэргэдэх залуучуудын “Улаан сарнай” гэж клуб ажиллаж байсан. Тэнд 16 цагаас уулзалттай гэнэ. 1995 оны үед байх аа. Тэгээд очсон чинь залуучууд Т.Баярхүүтэй нэлээн сонирхолтой юм ярьж байна. Тэгээд 18 цагт уулзалт дууслаа. Араас нь хэлэлцүүлэг эхэлсэн. Илтгэгч маань түрүүлээд явчихсан.

Тэгээд залуучууд суугаад яаж оюутны эрх ашгийг хамгаалах вэ гээд ярьж байна. Тэгэхэд тэр дунд би ганцаараа ажилгүй залуу сууж байсан. Тэгсэн би үг хэлж болох уу гэлээ. Болноо гэж байна. Та нарыг сонсохоор бүгд ажилтай орлоготой, эсвэл оюутан залуучуудын л эрх ашгийг хамгаална гэх. Та нар бол боловсрол эзэмшсэн том залуучууд. Нийгэмд байр сууриа аль хэдийнэ олсон хүмүүс гэж бодож байна. Гэтэл над шиг ажилгүй маш олон залуучуудын тухай яагаад ярьж чадахгүй байгаа юм бэ гэж асуулт тавилаа. Ямар ч уран цэцэн үгтэй байсан юм.(инээв) Одоо энэ МУИС-ийн Гадаад харилцааны багш хийж байгаа Оюунсүрэн “Улаан сарнай”-гийн гүйцэтгэх захирал хийж байсан. Тэгсэн тэр чамд ямар санаа байна гэж надаас асуусан.

Би надтай адилхан олон залуучуудыг сонсмоор байна. Хэр олон хүн байдгийг мэдмээр байна гэлээ. Тэгвэл чи наад сэдвээрээ төсөл бичээд ир гэсэн. Яг үнэндээ төсөл гэж юу байдгийг ч мэдэхгүй. Тэгэхээр нь төсөл гэж юу билээ гэсэн чинь юу хиймээр байгаагаа бичээд аваад ир гэж байна. Тэгээд л маш их урам аваад гэртээ очоод бичлээ. Санаа нь ажилгүй залуучуудыг л ажлын байртай болгох гээд байгаа юм. Тэгсэн маргааш нь Төрийн ордонд А.Ганбаатар гишүүний өрөөнд ир гэнэ. Хамгийн гоё хувцсаа өмсөе гэсэн костюм пиджак байдаггүй.

Жинсэн хувцас өмсөж болдоггүй. Тэгээд байгаагаа өмсөөд л орсон доо. Оюунсүрэн 1996 онд А.Ганбаатар гишүүний туслах хийж байсан юм билээ. Тэгээд их гоё нь миний төслийг үзээд Их хурлын гишүүн Х.Хулантай уулзуулна гэсэн. Наадахаа аваад Конрад Аденуарын сан дээр аваад оч, залуучуудыг дэмжинэ гэлээ. Хаана байдаг вэ гэсэн Монголын Ардчилсан холбооны байранд байдаг гэж байна. Яваад очсон хүмүүс байна. Төслөө үзүүлсэн. Х.Хулан гишүүн явуулсан гэсэн чинь та нарыг дэмжинэ гээд 500 долларын төсвийг баталж өгч байлаа.

Тэгээд анхны “Ажилгүй залуучуудын улсын зөвлөлгөөн”-ийг зохион байгуулж байлаа ш дээ. Одооны Шинжлэх ухаан технологийн үндэсний парк дээр 100 залуу оролцуулаад хурлаа хийгээд, амьдралын сайн мууг ярьж эхэлсэн нь миний улс төрийн хамгийн анхны том ажил байсан. Тэрийг зохион байгуулсны дараа маш олон залуучууд намайг дэмжиж, мундаг залуу байна хэдүүлээ юм хийе гэж ярьж эхэлсэн. 1996-1998 он хүртэл залуучуудынхаа холбоонд явж байгаад, “Улаан сарнай” төвийн Гүйцэтгэх захирал болж байлаа.

-2008 онд Чингэлтэйн иргэдэд зориулж таны бичсэн нэг захиа байдаг. Маш энгийн, гэхдээ үнэн үгтэй захидал байсан. Ганзагын наймаанд явж үзлээ. Хүмүүс шиг айхтар баян болсонгүй…гээд л. Ингэхэд бизнест аз, од гэдэг юм байдаг байна уу, эсвэл хувь хүнд чинь төрийн хүн байхаар нэг тийм өөр чанар дуудаад байв уу. Бид нээлттэй хаалгаар бүгдээрээ пижигнээд л гарцгаасан. Бизнесийг сонгох нь сонгоод л, өөр зам сонгох нь сонгоод л. Наймаа хийж байсан хүн яагаад тэр тэрбумтан гэдэг нь болж чадсангүй вэ. Наймаа ер нь өөрийн тань ажил биш байна уу?

-Бизнес хийх гэж үзсээн. Бас ч гэж нэлээн ажилласан. Гэхдээ би тийм ч муу бизнесмэн биш шүү. Бизнес хийе гэсэн сэтгэл надад үнэндээ байхгүй юм билээ. Дур хүсэл байхгүй. Зүгээр амьдрал намайг хоолны мөнгөө зүтгээд ол гэвэл би хийж чадах л юм билээ. Компани байгуулж үзсэн. Тэр нь боловсролын зөвлөгөө өгдөг чиглэлээр. Улаанбаатар битгий хэл Монгол Улсад энэ чиглэлийн хоёр дахь компани шүү дээ.

Гадагшаа дотогшоо оюутан сургадаг, зөвлөгөө өгдөг том компанийн анхны гүйцэтгэх захирлаар ажилладаг байлаа.  Дараа нь би салаад явсан. Мөнгө олно гэдэг бол дур хүсэл, шунал тачаалтай хүмүүсийн ажил юм билээ. Мөнгөнд сэтгэлээ өгдөг, тэр ажилдаа эрэмгий, мөнгийг ойлгож чаддаг хүний ажил юм билээ.

-Гэхдээ дур тачаал гэдэг нь тийм муухай утггаар биш биз дээ?

-Тийм. Муухайгаар биш. Мөнгө гэдэг маань капиталын суурь шүү дээ. Сэтгэлээ өгдөг хүн л гэсэн үг л дээ. Би бол бизнест сэтгэлээ өгч чадаагүй. Харин нийгэм, улс төрийн ажилд бол үнэхээр сэтгэлээ өгсөн хүн болов уу.

Гудамжинд явсан тэр залуу халуун наснаасаа эхлээд нийгэмд ажиллалаа. Бас бусдын тархи толгойд зөвөөр нөлөөлж, эерэг тэмүүллийг нь сэргээх, залуучуудын байр суурийг идэвхжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадамжийг нь хөгжүүлэх гэж зүтгэж явсан.

-Тэгээд тэр сангаас өгсөн 500 доллараар юу хийсэн бэ. Тэр үедээ бол их мөнгө шүү дээ. Зөвхөн хурал цуглаан хийгээгүй биз дээ?

-Тэр үедээ бол мөнгө байсан. Өөр юм хийгээд шуугиж болох л байсан. Гэвч би тэгээгүй. Хурлынхаа байрыг түрээсэлж, илтгэлээ хэвлэж олшруулж байгаа юм. Зуугаад залуучууд цуглуулсан.

Тэр залуучууд дотроос өнөөдөр төрийн нэлээд өндөр албан тушаал хашаад нийгэмдээ зүтгэж яваа хэд хэдэн залуучууд бий. Би тэднийг хараад баярладаг.

-Цуглаж ярьж, бие биенээ олж харахын ач холбогдол гэдэг тийм гайхалтай.

-Тэр залуучуудын эрч хүчийг нийлүүлээд, нэг тогоонд оруулаад бас зарим нэг хүний тархи толгойноос гарсан сайхан санаануудыг ажил хэрэг болгосондоо баярлаж явдаг.

-Өнөөгийн улс төрд явж байгаа хүмүүсийн дотор гялс жирэлзсэн, цахилгаан шатаар өгссөн, товчилсон түүх их байх юм. Тэгсэн ч гэсэн ямар нэг аргаар зорилгодоо хүрсэн нь бас чухал. Олны дотор цүнх баригч, тэрний хүн, энэний хүн гэх гоочлол их л явдаг. Ардчилсан нам гэдэг айл бол тухайн хүн тодорхой нэг шатанд гарч иртэл үнэхээр бор зүрхээрээ “байлдаж” учраа олдог. Өөрөө халуун цог атгаж явж байж бойждог гал тогоо л доо.

-Тэр үнэн.

Ардчиллыг унтуулахгүйн төлөө үргэлж энэ нам ажиллаж ирсэн. асч Дүрэлзэж, алдаж онож…

–Хүүхдүүдийг хөтлөөд гүйдэг лидер ч байхгүй. Тэр лидерүүд өөрсдөө гудамжинд тэмцсэн хүмүүс болохоор доод үеийнхэнтэйгээ нялуурдаггүй. Үүгээрээ танай намын залуус хатуу “өсдөг”. Таны замыг харахад бас л удаан. Мөн таныг тэрний хүн, энэний хүн гэж ярьдаггүй юм билээ. Энэ бол бидний үеийнхний давуу тал. Гэвч энэ давуу тал маань танд хэр хэрэг болдог вэ?

-Ардчилсан нам бол маш их хүнд характертай нам шүү дээ. Яг өөрөө л өндийж босч ирж чадвал цаашаа явдаг. Гэхдээ түрүүн таны дурдсан зарим нэг үзэгдлүүд байдаг. Өөрөөр хэлбэл лифтэнд суугаад дээшээ гарсан хүмүүс байдаг л даа. Онгоцонд суужээ, шүхрээ мартав даа гэж бид нар бас дотроо шоглодог л юм. Би улс төрийн сонголтоо хийгээд яг 20 жил болж байгаа юм байна.

1994 оноос ажиглагч явж байгаад 1996 онд намын батлах авсан. Энэ жил 20 жил болж байна. Эргээд энэ хугацааг бодоход миний найзууд, надтай  хамт явсан хүмүүс өндөрт л явж байна. Би өөрийнхөө түүхийг боддог. Нэг ч удаа намыг ялахад төрөөс ажил гуйж үзээгүй юм байна лээ. Ялагдахад нь хаяад яваагүй юм байна лээ. Би Ардчилсан намын жирийн гишүүнээс эхлээд Ардчилсан намын Тамгын газрын  даргын албыг хүртэл хашиж явсан.

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга хүртэл хийж явлаа. Ингэж явсаар байгаад анх удаа орон нутгийн сонгуульд нэр дэвшээд ялсан. Дараа нь нийслэлд дэвшээд ялсан. Би яг улс төрийн гэдэг утгаараа бол өөрөө өөрийнхөөрөө гудамжинд алхсаар яваад, тугаа унагахгүй зүтгэсээр яваад л өөрийнхөө байгаа газар өөрийнхөө тугийг өөрөө л зоосон.

Хэн нэгэн хүний нөлөөнд яваагүй. Ардчилсан намын таван лидер дарга байдаг. Би тэр тавтай бүгдтэй нь ажилласан байдаг. Намын аппаратад олон жил ажилласан л даа. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг намын дарга байхад Тамгын газрын дарга нь байлаа. М.Энхсайхан гэж эрхмийг байхад Залуучуудын байгууллагынх нь дарга байлаа. Р.Гончигдорж даргын Тамгын газрын дарга байсан. Н.Алтанхуяг даргын Залуучуудын байгууллагыг байгуулалцаж байлаа. Д.Дорлигжав даргыг байхад бас богино хугацаанд ажиллахдаа тамгын даргаар нь ажилласан.

Энэ таван дарга бүгд нэг л зүйлийг ярьдаг байсан. Олон хүний итгэл зүтгэлээр оршин тогтнож байгаа намын үзэл баримтлалыг албан тушаалын шуналаар юм уу, аль нэг өөрийн субъектив санаагаар эргүүлж тойруулан буруу тийшээ ярьж ухуулж болохгүй. Төв намын даргын аппарат гэдэг бол бүгдтэй нь эв найрамдалтай байх ёстой гэдэг байсан.

Энэ таван дарга тавуулаа ингэж ярьдаг. Би яг л тэгж хүмүүжсэн. Ингэж ажиллаж яваад аль нэгэн фракцид орж чадаагүй. Саяхан манай дотор маш том том фракц үүслээ шүү дээ. Тэгсэн ч гэсэн фракцид ороогүй үлдсэн хэдхэн хүний нэг нь би юм. Энэ нөхрийг чинь яах юм бэ гэсэн яриа үүссэн байдаг. Бүгд намайг мэддэг болохоор за за, дураараа болог гэсэн юм байлгүй тэр чигээр маань орхисон.

-Өнгөрсөн он жилүүдэд танай намын бүх үйл явц нүдний өмнө үргэлжилж ирлээ. Дээр үед Р.Гончигдорж даргатай ярилцлага хийж байсан дурсамж санаанд орж ирж байна.  Танай нам дотроо байнгын дажинтай, хаалга үүд нь дэлгээтэй л үзэж байх юм гэж би түүнд хэлж байсан юм. Харин тэр хариуд нь “Ардчилсан намыг туулсан зовлон болгон нь хүчирхэгжүүлдэг юм” гэж хэлж байв. Энэ үнэн үү?

-Үнэн. Дархлааг нь бас бий болгодог гэж боддог. Бид өнөөдөр хэрэлдэж, уралдаж, зөрчилдөж байгаа юм шиг харагддаг байх. Үнэн хэрэгтээ ардчиллын дархлааг алдчихгүйн тулд нам гүм, амар жимэр байхыг чухалчилж болно. Тэгвэл харин ч магадгүй ардчилал өөрөө унтчихаж мэдэх юм. Ардчиллыг унтуулахгүйн төлөө үргэлж энэ нам ажиллаж ирсэн. Асч, дүрэлзэж, алдаж онож. Нам дотор болж өнгөрсөн бүх амьдрал нь том агуулгаараа дандаа эерэг хөгжлийг тээж ирсэн гэж би хардаг.

-Улс төрд багаар ажиллах чадвартай, хөрвөх чадавхитай, хүнтэй нийцтэй, тэвчээртэй, сэтгэл хөдлөлөө дарж чаддаг хүмүүс л хол явж байгаа харагдах юм. Өөрийг тань өнөөдөрт хүргэсэн гол үнэт зүйл юу вэ. Мэдээж үзэл  санаанаас гадна шүү дээ?

-Намайг мөрөөдөмтгий хүн гэдгийг та мэдэрсэн байх. Би бусдад хэрэгтэй, төрийн хар хүн байхыг л хүсдэг. Дэлгэрүүлж хэлбэл, би энэ төрийн төлөө зүтгэхийг хүсдэг. Миний хэлэх дуртай үг “Төрийн минь сүлд өршөө” гэдэг үг. Ямар нэгэн хүч тэнхээ алдарсан үед би энэ үгийг л өөртөө хэлдэг. Би нэг номноос уншиж байсан юм. Улстөрч хүн гэдэг бол “Тэнгэрээс үүрүүлсэн үйлийн үрээ эдэлж байгаа хүн” гэж.

Харамсалтай нь өнөөдөр тэр үйлийн үрээ эдэлж яваа хүмүүс, хувийн эрх ашгаа ардаа нуугаад эрх мэдэлд хүрэх замаар хувийн бизнесээ хөгжүүлэх тийм зорилго бүхий этгээд хоёрыг ялгахад тун хэцүү болж байна. Төрийн төлөө олон хүний итгэлийг даагаад, олон хүний төлөө ажил хийнэ гэдэг бол яг үнэндээ хувийн амьдралаа хоёрдугаарт тавь л гэсэн үг. Тэгж амьдрахаас өөр гарц ч байхгүй.

Төрийнхөө төлөө зүтгэе гэсэн чин хүсэл надад байдаг. Ямар ч сайхан ярьдаг, ямар ч мундаг дарга цаанаа дандаа л эрх ашгаа ханхлуулж явдаг. Бүр мэдрэгдээд байх нь хэцүү. Тэгээд яахав тэр их эрх ашгийн дундуур Монгол гэсэн ганц фракцтай явъя гэж л боддог юм. Ер нь бүгдээрээ Монгол төр гэсэн нэг фракцтай явъя л даа. Яагаад болдоггүй юм бэ.

-Улс төр өөр зам бас тулгадаг.

-Эрх ашгаа эрүүл эрэмбэлээгүй хүмүүст энэ тулгалт бас бүдрүүлдэг л зүйл байх. Гэхдээ би тийм бүдрэлтийг тойрох чадал суусан байхаа. Тийм хэмжээнд өөртөө итгэж байна.

-Одоо та нар улс төрийн циклээрээ алдаа оноогоо дүгнүүлэх гэж байна. Нийслэл удирдлагын бүтцийн хувьд урьд өмнө нь байгаагүй том данхар бүтэцтэй ажиллалаа. Олон орлогчтой гэж шүүмжлүүлдэг. Би нэг зүйлийг асууя. Хотын орлогч дарга нар цалингүй ажиллана гэсэн нэг мессеж явсан. Энэ ямар учиртай юм бэ. Ийм юм байж болох юм уу?

-Цалингүй ажиллана гэдэг бол байж болохгүй зүйл л дээ. Шууд энэ утгаар нь хэлэхээс өмнө би нэг тайлбар хийх нь зөв байх. Улаанбаатар хотын ажил гэдэг бол өдөр тутмын, ахуйн шинжтэй маш их ажил байдаг.

Үүнийг зургаан орлогчид хуваасан нь маш зөв бүтэц гэж боддог. Хоёр болго гэсэн шүүмжлэлийн үндэслэлийг би ойлгоогүй. Тэр хоёр хүн яаж энэ их хотын ажлыг авч явж барах юм бэ. Би 2012 онд экологи, ногоон хөгжлийн салбарыг анх удаа бий болгосон.

Надад 10 байгууллага харьяалагддаг. Улаанбаатар хотын уул уурхай, газрын олборлолт, үйлдвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, байгаль орчин, агаарын чанар, жижиг дунд үйлдвэр нь харьяалагддаг. Би яг хөдөө аж ахуйн яамны сайд шиг ажилладаг. Байгаль орчин, үйлдвэр хөгжлийн сайд шиг ажилладаг. Улаанбаатар хотын 40 орчим хувь хамрагддаг. Магадгүй хоёр хүн хийвэл зарим нэг салбараа орхих байх.

-Яг ачааллын хувьд бол үнэхээр тийм л дээ.

-Хоёр орлогчид бүх салбарыг хариуцуул гэдэг нь улс төрийн шинжтэй шахалт. Цалингүй ажиллана гэдэг бол улс төрийн л хариулт.

-Гэхдээ одоо цалинтайгаа ажиллаж байгаа биз дээ?

–Цалинтай.

-Туул голын асуудал таны бодлогын цөмд байсан байх. Үе үеийнхэн бүгд л анхаарсан. Таны өмнөх үеийнхэн гэхэд минж нутагшуулах  төслийг эхлүүлсэн байдаг. Манай Туулын оршин байх бодит байдал бодлогоор хэр тэтгэгдсэн бэ. Үнэхээр үйлдвэрүүд нь голын эх рүүгээ бохироо асгаад байдаг нь хэвээрээ байна уу?

-Туул бол Улаанбаатар хотын дундуур урсдаг, манай монгол хүмүүсийн сэтгэлд хоногшсон, хамгийн их хайрладаг том гол нь. Манай Улаанбаатар хот бол маш сайхан байгалийн үзэсгэлэнтэй хот шүү. Өвөг дээдэс маань ямар ч мундаг ухаантай хүмүүс байсан юм. Улаанбаатар хотын урдуур Туул урсдаг. Туул руу хойноосоо дөрвөн гол урсдаг. Улиастай, Сэлбэ, Дунд гол, Толгойтын баруун салааны Баяны гол гээд. Энэ голуудын урсац дүүрэн байна гээд бодохоор мөн ч гоё хот шүү дээ. Уур амьсгалын хувьд зөөлөн, ус гол мөрний хувьд баялаг.

Туул голд тулгарч байгаа өнөөдрийн зовлон бол өмнөх он жилүүдийн бүгдийнх нь алдаа онооноос үүдэлтэй зовлон. Өнөөдөр бид Туул голоо яаж аврах уу, яаж сэргээх үү гэж өдөр шөнөгүй ажиллаж байна. Үндсэндээ хоёр том ажлыг бодлогын төвшинд хийж чадсан байна. Улаанбаатар битгий хэл Монгол Улс дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэх эрсдэл өндөртэй улс. Үүнийг давж гарах, дасан зохицох ухааныг бид гаргах ёстой. Анх удаа Улаанбаатар хотын төсөв дээр маш том зоригтой алхам хийж, сэтгэл гаргаж төсөв баталсан. Туул голын эхэнд олон улсын хэрэгцээний далан байгуулах гэж байгаа. Энэ бол маш том хөгжлийн түлхэц болно. Үнэхээр том ажил.

-Угаасаа том хотын голоор урсдаг мөрөн, голууд дандаа далантай байдаг.

-Тэгж байж бид ганцхан Туул голоосоо татаж уух биш хөрсний ус, борооны ус, байгалийн бусад нөөц усыг хуримтлуулаад түүнийгээ урсгаж сэлбэх маягаар усыг хэрэглэх шинэ замыг гаргаж байгаа.

Иргэд хэрэглэсэн усыг дахин цэвэршүүлэх ажил дээр маш их шүүмжлэлтэй ханддаг. Бохир ус Туул руу гардаг нь үнэн. Одоо ч гаргаж байна. Яагаад гэвэл манай хот цэвэрлэгээний горим алдагдсан, доройтолд орсон цэвэрлэх байгууламжтай.

Улаанбаатар хот анх удаа түүнийг шинэчлэх төсвийг төсөвтөө суулгаж өглөө. Энэ бол маш том ахиц авчирна. Одоо бид нөгөө хэцүү үнэрийг гаргахгүй болгох ажлыг хийж байна. АСЕМ-ын чуулганд зориулж бид юм хийхгүй. Зүгээр л төрөлх хотоо сайхан хот болгох гэж л ажиллаж байгаа. Иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах, аятай тухтай байлгах гэж хийж байгаа ажлууд юм. Цаашдаа ч хийнэ.

-Минж нутагшуулах төсөл юу болсон бэ?

-Минж нутагшуулах төслийг бол би өмөөрнө. Энэ бол маш сайн төсөл. Байгаль дэлхийг хүн битгий хэл араатан амьтан яаж хамгаалах гэж зүтгэдэг гэдгийн хамгийн том илрэл бол минж төсөл. Минж төсөл дээр би жил бүр бага ангийн хүүхдүүдийг аваачиж үзүүлдэг юм. Хөөрхөн минжнүүд яаж усаа боодог, яаж үр төлөө хайрлаж өсгөдөг, яаж орчноо цэвэрлэж хамгаалж амьдарч байгааг нь тэдэнд харуулдаг юм. Ямар хөөрхөн гээч.

-Танаас одоо миний асуух асуултад ямар хариулт ирэхийг мэдэхгүй байна. Та өөрийнхөөрөө чөлөөтэй ярих хэрэгтэй болов уу. Түүхэндээ анх удаа Улаанбаатарын унаган иргэн Улаанбаатар хотоо удирдаж байна гэж нэг мессеж явах юм. Мэдээж улс төрийн зорилготой эд байх. Өмнөх үеийн дарга нар, тухайлбал Л.Энэбиш, М.Энхболд, Ж.Наранцацралт, Ц.Баасанжав, С.Мөнхжаргал, Г.Мөнхбаяр гээд бүгдээрээ л хөдөөний угшилтай нөхдүүд. Тэгээд л хот хөгжөөгүй гэх маягийн сонин яриа нисч байгаа. Бид нар цаг зуурын юманд их ач холбогдол өгдөг. Жижигхэн сурталчилгаа нисгэх гээд л аргаа барж байдаг. Та ийм зүйлд хэр ханддаг вэ?

-Би ажил ихтэй болохоор арагшаа хардаггүй. Хэн юу хийж байсныг нь ч бараг хардаггүй. Миний үүрэг бол эндээс үргэлжлүүлээд тэрийг хий гэсэн бол тэрийгээ л хийх. Бид бүгд энэ төрийн албаны үргэлжлэл. Өөр өөрсдийн үедээ оногдсон үүргээ биелүүлэх нь л чухал. Би тийм л бодолтой байдаг. Би ер нь сонин бага уншдаг хүн. Зурагт бас бага үздэг. Үнэндээ цаг заваа тийм зүйлд зарцуулахад бага байдаг.

Та цахим сүлжээнд байдаг уу?

-Фейсбүүк хаяа хөтөлдөг. Хүн чинь нийгмийн амьтан юм болохоор хүмүүст уруу татагдах юмаа. Бусдын хандлагад сонирхол татагдаад хааяа үзэж хардаг. Бид одоо байгалийн амьтан гэхээсээ нийгмийн амьтан болж. Нийгмийн уур амьсгалд хөтлөгдөөд хэтэрхий нийгэмшээд байх шиг. Бид хэтэрхий нийгэмшээд хот гэдэг аквариумд дэлхий дахинаараа амьдардаг болчихлоо.

Гэтэл сая НҮБ-аас маш том уриалга гаргалаа шүү дээ. Өмнө нь 2000-2015 он хүртэл “Мянганы хөгжлийн бодлого” гэж дэлхий дахинаараа уриалсан тэр том  бодлогыг монголчууд яг үнэндээ ойлгоогүй. 2015 оны есдүгээр сард НҮБ хуралдаад дараагийн 15 жилд ногоон хөгжлийн баримтлал буюу тогтвортой хөгжлийн загварыг баримжаалан хөгжье гэж уриалга гаргаад явсан нь их сонирхолтой.

Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Үүнтэй давхцаад би хотын ногоон хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулаад, ногоон хөгжлийг стратегийг гаргасан. Миний бодож, сэтгэж, хийх гэж тэмүүлж байгаа зам маань олон улсын чиг хандлагатай нийлж байх ёстой. Тийм учраас би Улаанбаатар хотыг хөдөөний хүмүүс удирдаж байсан, хотын хүмүүс удирдаж байсан гэдэг энэ үгэнд тийм ч таатай байдаггүй.

Хот гэдэг аквариумаас гарч хүрээлэн буй орчиндоо дасан зохицож, ээлтэй эко хотыг хөгжүүлэх зорилго дээрээ л бид нэгдэх ёстой гэж бодож байна. Жижиг сажиг мессеж хэрэггүй. Улам л эв эе эвдэхээс цаашгүй шүү дээ. Тийм болохоор би элдэв пиар сурталчилгаанд анхаарал хандуулдаггүй. Тийм зүйлээс хол явдаг.

-Ер нь хуучин дарга нар ч том, одоогийн дарга ч том. Хотыг том дарга нар л удирддаг шүү дээ.

-Санал нэг байна.

-Ногоон зүлэг гэхээр л хиймэл зүлэг авч ирдэг юмнаас салмаар байна. Эрээний нэг настай цэцгэнд олон тэрбум төгрөгийг өглөө гэсэн шүүмжлэлүүд бас явсан. Төсөв мөнгө, цаг хугацаа гээд олон л зүйл шахаж байдаг. Таны үед ямар ногоон орчин нэмэгдэв. Технологийн хувьд ахиулсан ямар шийдлүүд шинээр орж ирэв?

-Ногоон байгууламж гэдэг бол тухайн хотын амьдралын өнгө төрхийг улирал болгонд нь тааруулж ялгаруулж байх, агаарыг цэвэршүүлж байх үүрэгтэй л ойлголт. Өвөл бол цас дарсан мод, зун бол ногоорсон мод, намар бол шаргалтаад л… Энэ нь хот өөрөө амьд организм гэдгийг илтгэж байдаг. Мэдээж хотыг амьд байлгаж байдаг зүйл бол хүн өөрөө шүү дээ.

Хүний сэтгэл санаа ямар байх нь хотоосоо шалтгаалдаг ч үе бий. Эсрэгээрээ хот заримдаа уурладаг, бухимддаг, заримдаа баярладаг. Энэ үзэгдлүүдийг үүсгэж, өнгө төрхүүдийг нь хамгийн сайхан байлгах нь хотын удирдлагын үүргүүдийн нэг нь. Ногоон байгууламж бол их олон ойлголтуудын нэгдэл. Зам талбайн хажуугаар мод тарьж байна. Энэ нь зөвхөн мод нэмэгдэж байгаа үйл явц биш.

Тоос шороо, салхинаас хамгаалахаас эхлээд давхар ач холбогдлуудтай. Агаарын бохирдлыг бага болгоход нөлөөлнө. Үүнийг хийхэд төсөв мөнгө хэрэгтэй. Нэг настай ургамал тарилаа л гэнэ. Хотууд бүгд тарьдаг. Богино настай боловч өртөг багатай босч ирдэг урлаг юм шүү дээ. Тэр цэцгүүд хангалттай үүргээ биелүүлээд л хагдардаг.

-Амьдрах хугацаандаа үүргээ биелүүлдэг гэж сайхан үг байна шүү. Үнэхээр тийм ч юм уу?

-Тэгэлгүй яахав. Олон наст ургамал бол арчилгаа ихтэй, төсөв мөнгө их шаарддаг. Дөрвөн улирлын эрс тэс уур амьсгалыг давж цаана нь гарна гэдэг их хэцүү л дээ. Тийм учраас нэг настай ургамлыг тухайн улиралд нь тарихыг зөв гэж боддог. Улаанбаатар хотын гэр хороолол гэж шоовдорлогдсон газар шиг байдаг байлаа. Тэгвэл Улаанбаатар хотын гэр хороололд гурван цэцэрлэгт хүрээлэн бид шинээр байгуулсан.

Бичил цэцэрлэгт хүрээлэн нэгээс хоёр га газарт босгож байна. Ямар орчин, яаж хүмүүсийн  сэтгэлд хүрдэг вэ гэдгийг тэгэхэд л би харсан. Чингэлтэй дүүргийн 17-р хороонд 1,5 га жижиг цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Усан оргилуур, мод жимстэй, сандал ширээтэй. Тэгэхэд тэр хүмүүсийн баярлаж байгаа сэтгэлийг ээ. Эмээ, өвөө нар, залуучууд нь, хүүхдүүд нь орж ирээд манай энд ямар гоё болсон юм бэ гэж баярлан хэлдэг.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг үзэх гэж хаа байсан долоон буудлаас автобусанд хоёр цаг түгжирч, шахцалдаж очдог байдал тэр хавьдаа л алга болчихно. Богд хааны зундаа нэг очиж амардаг байсан Гүнжийн нуур буюу тэр сайхан дурсгалт газар бол Яармаг, Сонгинохайрхан дүүрэгт байдаг. Тэр нуур өмхий үнэртэй байсан. Тэрийг тохижуулсан. Одоо тэр хавийг хараарай.

Хүүхдүүд дугуй унаж, скитээр гулгасан, хөгшид өвгөд нь нарлачихсан ямар гоё амьдрал бий болсон гэж санана. Энэ бүхэн жижиг ажил байж магадгүй. Гэхдээ л эхлэл юм шүү. Эхлэлгүйгээр төгсгөл гэж байж болохгүй биз дээ. Хиймэл зүлэг бол хуурамч зүйл. Санал нэг байна. Ажил хийхдээ хэлбэр үзүүлэх байдал гаргаж болохгүй. Хүний сэтгэлийн хөдлөлөөр тоглож хуурмаг зүйл хийх буруу.

Амьд зүлэг бол өөрөө хүүхэд өсгөхтэй адил хэцүү хөдөлмөр шаарддаг л даа. Эхний жил ургахгүй байж болно ш дээ. Хүн хөлд орохдоо бүдэрч унахгүй байна гэж байдаггүйтэй адил. Харин ухарч, зогсож болохгүй. Урагшаагаа бага багаар ч гэсэн зүтгэх хэрэгтэй. Бид ногоон байгууламжтай газраа 70-80 га-гаар нэмэгдүүлсэн шүү. Зүтгэл байхад юм босдог.

“Аквариум Хот”-оос гарч шинэ эко хот хөгжүүлэхэд нэгдэх ёстой

 -Өнгөрсөн дөрвөн жилд мод их тарих шиг боллоо.

-Би том том мод тарина гэж их үглэсэн. Тэгсэн мэргэжлийн хүмүүс том мод гэж юу байдаг юм гээд. (инээв) Тэгээд 4-5 метр ургасан модыг үрсэлгээний газраас авч ирж суулгасан. Манайд социализмын үед үрсэлгээний байгууламж байсан шүү дээ. Сүүлийн үед ер нь тэрийгээ устгаад алга болгочихсон байсан.Одоо сэргэж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд манай мод үржүүлгийнхэн маш эрчимтэй ажилладаг болсон. Шинээр ч олон газрууд нээгдсэн.

-Ногоон бодлого дагасан бизнесийнхнийг та хэр дэмжив ээ. Энэ шинэ орчин руу бизнес хийж байгаа залуучуудад итгэл найдвар төрж байгаа болов уу. Дэлхий ертөнцөөр дүүрэн эко бизнес байна шүү дээ. Тийм аж ахуйн нэгж шинээр нэмэгдэв үү?

-Маш их нэмэгдсэн. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Ногоон сертификат олгох журмыг батлууллаа. Энэ маань нөгөөдөхөө л дэмжээд байгаа хэрэг шүү дээ. Хүний эрүүл мэндийг дээдэлсэн, ээлтэй,байгаль орчноо хамгаалсан ямар ч ажлыг дэмжиж байна. Хотоо дэмжсэн, иргэдээ дэмжсэн хос бодлого явуулж ирсэн. Одоо байшин барьсан ч урд нь бетон гэхээсээ илүү хүний эрүүл мэнд, цахилгаан эрчим хүчинд ээлтэй, дулааны алдагдал багатай орчин байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн сан байгуулсан. Анх удаа Улаанбаатар хотын төсөвт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр таван тэрбум төгрөгийг тусгасан. Бичил бизнесийг дэмжихээр 15 тэрбум төгрөгийг төсвөөс гадна гаргаж тавьж байгаа. Хүн бүхэн цочирдож байсан. Юун 15 тэрбум төгрөг гэж. Эд нар улс төрийн ажил хийх гэж байна гэж хардсан.

Үгүй. 15 тэрбум төгрөг хотын 152 хороон дээр зуу зуун саяар нь байршуулаад хорооны иргэд маань цуглаад өөрсдөө дотроосоо итгэмжлэл үзүүлээд нэгэндээ зээл өгдөг, цувруулж зээл олгодог схем бий болгосон. Өрхийн орлого өөдлөх тусам сэтгэл санаа, эрч хүч нэмэгдэж, эргээд өрхийн орлого сайжирсан. Ийм сайхан зүйлийг бий болгож чадсан. Ногоон хөгжил гэдэг бол ганцхан байгаль орчин, зүлэг ногоо биш л дээ.

-Саяхан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай ярилцсан. Ер нь манай хотын дүүргүүд хур хог ихтэй байсан. Энэ үнэн. Тус дүүрэг хогноосоо үнэхээр салсан байна. Хог боловсруулах үйлдвэр гээд яриад л байдаг. Тийшээ бид хэзээ алхах гэж байна вэ?

-Ер нь бол ганцхан Сонгинохайрхан дүүрэг биш бүх дүүргүүд хогны асуудал дээр маш том алхсан. Одоо бол хүний нүдэнд харагддаг хур хогууд байхгүй болсон. Харин бидэнд хогоо дахин боловсруулах тал дээр асуудал гарч ирж байгаа.

-Нийслэлийн төвшинд яриад л байгаа юм шиг байна билээ.

-Яриад л байгаа. Бид жилдээ нэг сая гаруй тонн хогийг ялгаруулдаг. Тэгээд тэр хогнуудаа Улаанбаатар хотын гурван төвлөрсөн цэгт газарт булшлах замаар арилгаж байна. Түүнийгээ нөхөн сэргээж орчныг нь сайхан болгоно.

Энэ ачаалал маань хөгжлийн дараагийн шатанд орохыг шаардаж байна. Тийм учраас бид хог боловсруулах үйлдвэрийг хотод нэг бусыг барихаар ерөнхий төлөвлөгөөндөө оруулсан байгаа. Нэг гоё юм дуулдаж байгаа нь хувийн хэвшлүүд маань нийлээд хогийн эко парк байгуулъя гэсэн санал гаргаж байгаа. Иргэд ингээд нийлээд, өөрсдөө оролцоод явбал зөв байгаа юм.

Манай Нарангийн хогны цэгт хог боловсруулах үйлдвэр, парк байгуулъя гээд хувийн хэвшлүүд маань ТЭЗҮ-г нь хийгээд Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтраад явж байгаа. Том төсөл хэрэгжүүлнэ гэдэг амар байдаггүй юм байна. Энэ ажлыг хийхийн тулд сэтгэл хэрэгтэй. Давж гарах зориг хэрэгтэй болдог юм байна. Хогийг бид нар зохицуулж чадна. Энэ бол тийм том бэрхшээл биш. Хог бол мөнгө л гэсэн үг. Энэ төвшин рүү бид удахгүй хүрэх болно.

-Гудамж төслийн ажил хэр явж байна вэ?

-Гудамж төсөл бол маш том ажил. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт үүсч байсан хамгийн том хүндрэл бол түгжрэл. Ач холбогдол муутай төлөвлөсөн зам маань ачааллаа дийлэхгүй байдалд хүрсэн.

Үүний ачааллыг багасгахын тулд бид 33 уулзварыг шинэчилсэн. Нийтийн тээврийн сул дорой байдлаас болж бид бүгд машинтай. Хэрвээ нийтийн тээвэр бүрэн хөгжсөн байсан бол машин хэрэггүй л дээ. Ийм учраас бид нийтийн тээвэр рүүгээ анхаарал тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн замын сүлжээг сайжруулахаас гадна автомашингүй гудамжуудыг хийж байгаа. Суугаад гоё кофе уучихмаар, хүмүүс нь инээлдэж шуугилдсан, ном сонины цэгтэй, машин явдаггүй ийм газрууд гадаадын хотуудаар дүүрэн л байдаг шүү дээ. Бид энэ бүхнийг хийе гэж байгаа.

-Хотын хөгжил бол хүний хөгжил биз. Өнөөдөр бид аман дахь бохио хогийн саванд хаяж сураачээ гэдэг сэдвээ ярьсаар л байна. Эргээд  ёс суртахуун маань бидний ажлыг нураасан хэвээрээ л байна шүү дээ. Модоо битгий зулгаа, мод руугаа битгий шээгээч гэж өнөөдөр бид ярьсаар. ТҮК-ийн хэд маань л хормогчоо зүүчихээд үүрээр гудамж шүүрдэж харагдах. Тэдэн шиг гоё дүр ч алга даа.

-Яг үнэн. Хүний хөгжил гэдэг бол хотын хөгжил. ТҮК-ийн ажилчдын талаар та их гоё сэдэв хөндлөө. ТҮК-ийн ажилчид маань бас л нэг шоовдорлогдсон хэсэг байсан. Гадуурхагдсан, хийж байгаа хөдөлмөрийг нь иргэд нь хүндэтгэдэггүй ч юм шиг тийм нэг дүр төрх харагддаг байсан. Одоо бол ТҮК-д ажилд оръё гээд арын хаалга ярьдаг болсон ш дээ. (инээв)

Бид жилд ТҮК-ийн ажилчдыг арав арваар нь гадаадад сургалтанд явуулж дадлагажуулдаг. Ажил, амьдрал гэж ямар байдгийг, өөрөө өөрөөрөө бахархах, хөдөлмөрийнхөө үр шимийг мэдрэх, хийж байгаа ажлаа бусдаар хүндэтгүүлэх тэр нөхцөл байдлыг суулгахын тулд дадлагажуулах сургалт байдлаар явуулж байгаа. Энэ бол хотын соёлд хувь нэмэр оруулж байгаа маш том ажил.

Нөгөөтэйгүүр хүний хөгжил маань нийгмийн хөгжлийн бас нэг салшгүй хэсэг. Хот маань гоё болж байгаа гэдэг итгэл найдварыг, тэр үнэлэмжийг төрүүлэх ёстой. Хот бол баярладаг газар шүү дээ. Дандаа л баяр хөөртэй байх ёстой. Баяр тэмдэглэлээ гэж хүмүүс шүүмжилдэг. Хотын амьдрал болгон баяртай байх ёстой. Улаанбаатар хот руу хүмүүс урлаг, кино шиг тэмүүлж ирдэг байх ёстой.

-Тэгдэг байсан. Тэгдэг баяр нь одоо ч байгаа байх л даа.

-Тэрийг нь олон болгох ёстой. Хүний хөгжил бол маш том ажил. Би энэ богино хугацаанд бүгдийг нь ярьж амжихгүй нь. Амьдралын хэв маягийг солих бол хэцүү ш дээ. Ухаалаг хот байхын тулд ухаантай иргэдтэй хамтарч байж өндийлгөх ажил шүү.

-Нэг талаас манай Улаанбаатар бол маш хүнлэг хот, ирээд амьдаръя гэсэн нь таван ханатай гэрээ чирч ирээд л амьдардаг. Манай хот хаалгаа хаадаггүй. Үнэхээр хүнлэг хот мөн биз дээ?

-Яг үнэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тал дээр хамгийн их зүтгэл гаргаж байгаа хүмүүс бол гэр хорооллынхон шүү дээ. Гэр хорооллынхныг утаа гаргадаг гэж хүмүүс шүүмжлэхэд би эсрэг байр суурьтай байдаг.

-Нүүрс хөтөлбөрийг хамгийн их өмөөрсөн нь тэд нар. Даанч тэд нарт үйлчилдэг хэвлэл мэдээлэл гэж байхгүй. Манай хэвлэл ядуу хүнд хаалттай.

-Тийм ш дээ. Ер нь бол хүн өөрийнхөө буруу дадал зуршлыг өөрчилнө гэдэг бол хамгийн хэцүү зүйл шүү дээ. Дугуй түлж хүртэл зовлоо. Одоо өөрсдөө утаагаа багасгах гэж бидэнтэй хамтарч тэмцдэг болсон.

-Бид өнөөдөр дагавар хотуудын хөгжлийн тухай их ярьж байгаа. Та бодлогын хүрээнд энэ дагавар хотуудаа хариуцдаг байх. Алслагдсан дүүрэг, дагавар хотуудад энэ эко бодлого дээр ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Манай хот бол залуухан хот. Хэдэн зуун жил болсон хотууд өнөөдөр эргээд алдаагаа засах гэхээр маш хэцүү нөхцөл байдалд зогсож л байна. Харин бид бол засахад хялбархан. Тийм учраас Улаанбаатар хотын ойр орчмын дагуул хотуудыг эко шийдэлтэй, дэлхийн хөгжлийн чиг хандлагаар төлөвлөгдсөн, сэргээгдэх эрчим хүчийг өөрөөсөө гаргаж ирдэг, өөрөө өөрийгөө дулаанаар хангадаг, бие даасан системтэй ийм хотын технологи руу оруулж байгаа.

Энэ бүтээн байгуулалтын төслүүдээ бид ухаалаг хот гэж нэрлэж байгаа юм. Нөгөөтэйгүүр хотын энэ том том гэр хорооллуудыг бие даасан хот болгох талаар судалж ажиллаж байна. Яармаг хот ч гэдэг юм уу, Зайсан хот ч гэдэг юм уу, салбарлуулж, тус тусын амбицийг нь  хөдөлгөж хөгжүүлэх ёстой.

-Багануур болон Налайхад хотын статус өгчихсөн. Тэгэхээр бид Төв аймаг, Замын-Үүдийг ч юм уу хотын статус өгөөд, өрсөлдөөн үүсгэж  жижиг хотуудыг хөгжүүлэх цаг ирчихээд байна л даа.

-Бие биенийгээ муу хандлага уруу татсан, өөрийнхөө хийсэн сайхан зүйлийг өөрийнхөө гараар булшлах гэсэн явдал бас л нэг сөрөг үр дагаварыг үүсгээд байна л даа. Сайн юман дээр хүн итгэлтэйгээр сайхаан гэж хэлэх хэрэгтэй ш дээ.

Сайхан гэж дотор хүн нь бодчихоод сайхныг нь өөрөө хүртчихээд муухай гэж ярьж байвал тэр эх оронч үзэл биш. Би тэрийг их гайхдаг. Ажил явж байгаа, эрчимтэй явж байгаа. Заримдаа энэ хэт их үгүйсгэл, нэг нэгнийхээ ажлыг гутааж, хараар будах гэсэн сэтгэхүй бухимдал төрүүлдэг. Хэдийгээр би тэр бүр бухимддаггүй ч гэсэн ёс суртахуунаа уландаа гишгэчихсэн, сайн сайхан зүйлсийг харсан ч хараагүй царайлдаг хүмүүст эгдүүцдэг.

-Эр хүнийг эр хүн болгож байдаг нэг том чанар тэвчээр юм болов уу гэж би хардаг.

-Тэвчинэ гэдэг бол амаргүй зүйл шүү дээ. Би бол өөрийгөө тэвчээртэй хүн гэж боддоггүй.

-Тийм гэж үү.  Таныг тэвчээртэй хүн гэж хардаг шүү дээ.

-Тэвчихгүй зүйл зөндөө гарна. Учир нь энэ чинь амьд халуун амьдрал шүү дээ. Олон хүний төлөө, олон хүн надад итгэл хүлээлгээд ажил хийлгэж байхад саад тотгор гаргах, ажлыг зориудаар зогсоох гэх мэт элдвийн оролдлого тохиолддог. Ийм нөхцөлд ажил хийж байгаа хүн дандаа инээж явах боломж хомс. Заримдаа бухимддаг, маш их бухимддаг. Санаагаар болоогүй зүйл дээр, таалагдахгүй зүйл дээр дуугүй байж чадахгүй тэвчээр алдаад хэлдэг. Тэр нь хувь хүн рүүгээ муухай ааштай ч гэдэг юм уу нэр хоч авчирдаг л байх.

Монголын нийгмийг баллаад байгаа юм нь баримттай харилцах харилцаа байдаг. Дандаа хов жив. Ерөөсөө шалгахгүйгээр тэр тэгсэн гэнээ гэж очоод л төрийн ажлыг балладаг. Ингэсэн гэнэлээ гэдэг дам шуурга л нийгмийг буцалгачихдаг. Энэ их батлагдаагүй мэдээллийн уулгалсан урсгал төвөгтэй асуудлууд үүсгэдэг юм шиг санагддаг.

-Энэ асуултанд чинь би танд тийм ч аятай сайхан хариулт хэлж чадахгүй. Энэ бол төвөгтэй асуудал. Би үүнийг тайлбарлаж чадахгүй. Энэ бол цаг хугацаа хэрэгтэй ойлголт. Мөн ажил хийж байгаа хүмүүсээс тэр бүр шалтгаалдаггүй асуудал юм шүү.

Энэ бол миний хувьд маш гунигтай яриа. Ер нь бид ёс суртахуунаа ч гэсэн бага багаар засаад л явахгүй бол нийгэм муу мэдээнд шуурдаг, дайвалздаг, автдаг нь хэвээрээ л байна. Нэг хоёр өдрийн дотор  л ертөнцийг өөрчилдөг тийм ид шидтэн байхгүй шүү дээ. Эвдэрсэн зүйлийг засч болдог. Үүнд хугацаа хэрэгтэй. Харин үгүй болсон зүйлийг бий болгох хэцүү шүү дээ. Эх орондоо хайргүй хүн гэж лав байхгүй байх. Бидэнд зүтгэхээс өөр гарц байх ч үгүй.

-Хотын хүн, хөдөөний хүн гэдэг ойлголт бий. Нэгэнт л хувь заяагаар заяасан оногдохуун. Энэ ойлголтыг та яаж хардаг вэ. Жишээлбэл, бид нутагтаа яваад очиход гоё л байдаг. Хэдийгээр өссөн тэр орчин, байшин хашаа, аавын гэр байхгүй байсан ч сэтгэл хөдөлгөх эгшиг тэнд шингээстэй байдаг. Яг хотын хүнд ийм  сэтгэгдэл төрүүлдэг зүйлс нь юу байдаг бол. Би энэ хотын унаган иргэн шүү дээ гэдэг ойлголт байгаа шүү дээ?

-Би төмөр замд өссөн. Хотын хүн, хөдөөний хүн хоёрын хооронд нэг л зүйл байгаа. Амьдралын хэв маяг. Заавал дагаж мөрдөх зан үйлийн шинж чанараараа л ялгагддаг. Хөдөө бол такси барина гэж байхгүй шүү дээ. Өдөр тутмын амьдралын заавал дагаж мөрдөх зан үйлийн тийм нэг хэмнэл байна л даа. Тэрүүгээрээ л ялгаатай. Жишээлбэл, би өглөө босоод автобусанд суухдаа смарт картаараа төлбөр төлж байна.

Такси барихдаа зогсоол дээр очиж байна. Энэ амьдралын хэв маяг маань л өөр. Түүнээс биш хотын хүн, хөдөөний хүн гэхээрээ хүнийхээ мөн чанараар өөр байдаггүй. Улаанбаатар хотын унаган гэх анхны хүмүүс бүгд л хөдөөнөөс ирж Хүрээнд суурьшсан хүмүүс болов уу. Манай өвөө, миний аав гээд хоёр л үе байгаа биз. Бид өнөөдөр нэг нэгийгээ хот хөдөөний гэж ялгах нь утгагүй зүйл.

-Т.Бат-Эрдэнэ гэдэг хүн ямар гэр бүлийн “бүтээгдэхүүн” бэ. Ямар удам судартай хүн бэ?

-Миний аав Тогооч нэртэй, олон жил жолооч хийсэн хүн. Ээж маань эмч хүн байсан. Олон жилийн өмнө бурхан болсон. Анхны угшил нь малчин гаралтай биз, дараа нь ажилчин гаралтай нөхдүүд төрж өссөн биз.

-Өвөө эмээ тань аль нутгийн хүмүүс вэ?

-Өвөө бол Увсын Тэс сумын гаралтай хүн. Тухайн үед маш олон илгээлтийн эзэд олон газар руу явдаг байж л дээ. Би бол яг төрөхдөө Сэлэнгэ аймагт төрсөн. Ухаан орсноосоо эхлээд сургууль, цэцэрлэгээр явсан нь Улаанбаатар хот. Би нэг хүүтэй. Миний хүү ой дөрвөн сартай. Хожуу хүүхэдтэй болсон. Хүний амьдралд тааж болшгүй олон бэрхшээл, зовлон таардаг.

Тэр болгоныг давж туулаад, амьдралын төлөө зүтгээд л явж байгаа айл гэрийн нэг эзэн л гэж өөрийгөө боддог. Эхнэр бид хоёр олон жилийн өмнө нэг хүүтэй болоод, тэрийгээ алдчихсан юм. Хүн бол зовлонг тэгээд давдаг л даа. Би айлын ганц хүү юм. Аав маань ач, гучаа үзэх хүсэл асар ихтэй байдаг. Хэцүү л санагддаг байсан. Одоо бид хөөрхөн хүүтэй, сайхан л амьдарч байна. Хүн ер нь хүнийг хайрлахад ухаан хэрэгтэй. Ханьтай нөмөртэй, хамт байя гэвэл хүнийг уучлах, ойлгох сэтгэл хэрэгтэй. Энэ хорвоогийн түмэн олон дундаас олж учирсан ханьтайгаа хамт энэ амьдралыг туулахад тэвчээр бас хэрэгтэй.

70 -аад онынхны зарим нь мөрөөдлөө ч мартаж чимээгүй шингэсэн

-Тэр урт хугацаанд хүн ямар ч донсолгоонд автаж болно. Сайхан түүх юм даа. Зарим нь хөл алдаад нэг нэгийгээ орхиж л харагддаг.

-Худлаа яриад яахав. Гуч, дөч гараад явчихлаа. Сэтгэл гундах үе байсан. Гэхдээ би хайрлаж байгаа хүндээ ухаан зарсан. Хоёр биендээ уучлалтай, тэвчээртэй хандсан. Амьдралын төгсгөл хүртэл хосуудад тэвчээр асар хэрэгтэй юм байна гэдгийг ойлгодог. Тийм учраас би гэр бүлдээ маш их хайртай. Аав маань маш их баяртай байгаа.

-Аавыгаа яагаад Тогооч гэдэг нэртэй болсныг асууж байв уу?

-Асууж байсан. Миний аавын өмнө өвөөгийн маань хоёр гурван хүүхэд нь тогтоогүй юм байна лээ. Тухайн үед мэддэг чаддаг хүмүүсээс нь асуухад тогоо хөмрүүлж тавьж дом хэрэглэж  засал хийж өгсөн юм билээ. Тэгээд Тогооч гэдэг нэр тэр лам нь хайрласан юм гэсэн. Амьдралаа ярихаар заримдаа уйлмаар ч юм шиг, заримдаа инээмээр ч юм шиг. Эргээд бодоход бахархмаар ч юм шиг, амьдралын тухай яриа нь өөрөө хүнд сэдэв л дээ.

Манай 1970-аад оныхон ч ширүүн замаар явсан шүү. Бид сайхан, яруухан замаар эцэг эхийнхээ гар дээр элдэв хурц юмгүй орчинд өслөө. Хоёр нийгэм туулаад явж байна. Яг сайхан мөрөөдлөө өвөртлөөд л, амьдралд хөл тавьтал нийгэм солигдчихсон. Олон маань тэр дунд хөлөө алдсан. Эргээд харахад манай 70-аад оныхон амбиц багатай явсан ч юм шиг. Үрэгдсэн гэх нь юу юм. Их завсардсан, золиослогдсон үеийнхэн гэж хардаг юм. 1980-аад оныхон Их хурлын гишүүн болчихсон явж байхад, та бид хоёр энд ингээд хууч хөөрөөд сууж байна. Өөрийнхөө үеийнхний тухай та ер нь юу боддог вэ?

-Манай үеийнхэн үнэхээр хэцүү замыг туулсан. Гэхдээ бид чинь шинэ хуучин хоёр нийгмийн жийргэвч хэсэг нь байсан. Амортизатор байсан. Ямар нэгэн илүү сөргөлдөөн гарах, илүү эвгүй байдал руу орох байсан бол далаад оныхон тэрийг хамгаалж чадсан гэж онгирч хэлмээр ч юм шиг. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих тэр савалгаан дунд бид жийргэвч байж чадсан.

Тийм учраас 70-аад оныхны хамгийн том гавьяа бол энэ.  70-аад оныхон гээд хөшөө босгосон ч яадаг юм. (инээв) Гэхдээ зүдэрсэн, золиослогдсон үеийнхэн атлаа манай 70-аад оныхон уран зохиолын хамгийн том төлөөлөгчдыг төрүүлсэн. Үнэн үү. Манай үеийнхэн л байна. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Галсансүх гээд бүтэн үеэрээ зогсож байна. Урлагт, сэтгүүл зүй, улс төрд ч, бизнест ч манай үеийнхэн гараад ирчихсэн байж байна.

Ямар ч цаг үе өөрийн үеийн төлөөлөгчдийг чардайсаар байгаад төрүүлдэг, үлдээдэг гэдгийг манай үе харуулна. Олон залуус маань бидний дундаас амьдралын төлөө зүтгэж яваад эхнэр хүүхдээсээ салж, амьдралаа алдаж, өөрсдөө ч үрэгдсэн. Зарим нь мөрөөдлөө ч мартаж чимээгүй шингэсэн. Ийм жишээ олон.

-Тэгсэн хэрнээ юунд ч гомдоогүй.

-Гомдоогүй. Тэгсэн хэрнээ хэнээс нь авлага нэхээгүй. Бид зүтгэсэн. Түүний нэг жишээ нь би байх. Төр засаг ямар нэг байдлаар унаж доройтоод явахад надад ажил өг, Ардчиллын төлөө би зүтгэсэн гэж хэнд ч очиж үүдийг нь тогшиж, уурлаж уцаарлаагүй. Миний хийх ёстой ажил, зүтгэх ёстой зам, сонголт л ийм байсан. Би зогсож болохгүй гэдгээ л мэддэг. Жаахан ч гэсэн урагшаа алхах хэрэгтэй гэж өөрийгөө шахдаг байсан. Тийм учраас л нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн хуралд өөрөө гудамжинд алхаж яваад л сонгогдсон.

-Ер нь бол Т.Бат-Эрдэнэ гэдэг хүн учиргүй шогшоод, гүйгээд, улайраад байдаггүй, гэхдээ зогсдоггүй алхаж л явсан байна. “Амьдралын зам аажим бөгөөд өгсүүр байх амттай” гэж С.Баяр дарга миний ярилцлаганд орохдоо хэлж байсан юм. Тэр үг санагдаж байна.

-Наадах чинь сайхан үг байна. Намайг аажуу явж байхад хурдтай яваа хүн зөрөхдөө түлхэж унагаачих гээд л өнгөрдөг байсан. Унахгүй болохоор бас дэгээ, саад тавина. (инээв). Би ухаан дутуу гаргасан юм шиг мэдрэмж авсан үедээ л өөртөө уур хүрдэг. Өөрөөр би амьдралыг үзэх өөрийн үзэлдээ итгэлтэй байдаг хүн. Аливаа сөрөлтөнд уурлаад л эхэлбэл миний ухаан дутаж байна гэж би өөртөө боддог. Би хааяа дотоод хүнтэйгээ удаан ярьдаг. Би яагаад ингэв, яагаад бухимдчихав гээд л. Өөрт өөрийг минь нээж өгөх цаг ийм үед л ирдэг шүү дээ.

Та хэр олон найзтай вэ?

-Найз тийм олон биш ээ. Миний найз бол миний хүүхэд насанд л олон байсан гэж боддог. Хүүхэд байхад оройн 10, 11 цаг хүртэл хамт тоглож ээж, ааваасаа айгаад үсээ зангидаад л гэртээ ордог байсан тэр сайхан үеийн найзууд маань л миний найзууд.

-Угаасаа гэзэгнийхээ үзүүрийг зангидахаар аав ээж загнадаггүй байсан ш дээ. Эрэгтэй хүүхдүүд бас тэгдэг байсан юм уу. Хөгжилтэй юм аа?

-Тийм л домтой өссөн биз дээ, бид. (инээв) Улс төр, нийгмийн төлөө зүтгэж байгаа хүний хувьд би найз гэж найзархахаас илүү хийх гэж байгаа ажилд маань хэр хамтрагч байх нь вэ гэж л харж нөхөрлөдөг. Гэхдээ төрийн ажлыг хамт үүрэлцэж яваа тэр хүмүүсийг би хүндэлж явдаг. Эр хүний хувьд хүнд нөхөрлөл байлгүй яахав. Хамтрагчид бие биенээ хүндэлдэг байх ёстой, хэзээ ч нэгэндээ хуурамч зан гаргаж болохгүй. Ийм зүйлийг бол би тэвчдэггүй.

-Улс төрд өгсөж яваа, хол явах эрчүүдэд тавьдаг хэдэн айхтар тест байдаг юм байна л даа. Хүүхэн, эрх мэдэл, мөнгө. Ихэнх нь гурвуулантай нь орооцолдоод тээглэх нь тээглээд, санамж авах нь аваад, жингүйдэх нь жингүйдээд явдаг юм бололтой. Өнөөдрийн Т.Бат-Эрдэнэ гэж хүнийг бүтээхэд таны ямар үнэтэй чанарууд таныг авч үлдэв. Энэ гурван дэгээтэй та яаж учраа олов?

-Эмэгтэй хүн бол үнэхээр үзэсгэлэнтэй. Би эмэгтэй хүнээс хол явсан гэж хэлэхгүй. Би харин ч ажил төрлийн орчинд эмэгтэй хүнтэй ойрхон байхыг хүсдэг. Тэдэнд итгэж болдог. Миний унаган зан чанар дотор ая тал засдаг тийм авьяас байхгүй. Би эмэгтэй хүнтэй шулуухан, тодорхой л харилцдаг. Яагаад ч юм эмэгтэйчүүд бидний бодоогүйг боддог. Эмэгтэйчүүдтэй ярьж суух дуртай.

Ядахдаа л илүү дутуу эрх ашиг ярьдаггүй. Ер нь л гоё яриа өрнөдөг. Эмэгтэй хүнийг маш их хүндэлж явах хэрэгтэй. Хүний амьдрал юм чинь залуу насанд найзалж үерхэж явсан бүсгүйчүүд байлгүй яахав. Харин тэд нараас ер нь салаагүй юм байна шүү. Таарахаараа хүүхэд шиг зан гаргана.Эмэгтэй хүн бол эрч хүч, энерги, зөвлөгөө өгдөг мундаг хүч шүү дээ.

-Эрэгтэй хүний амьдралд дурсамжаа бүтээлцсэн, баяр гунигаа хуваалцсан, амьдралыг хамт туулсан, хамт өтөлсөн гээд олон янзын эмэгтэйчүүд байдаг. Тэр бүх тохиолдлууд дунд эрэгтэй хүн өөрийнхөө ээжтэй адилхан эмэгтэйг л хайж явдаг гэсэн. Энэ үнэн үү?

-Мэдэхгүй. Би лав тэгж яваагүй. Эр хүн болгонд эмэгтэй хүнийг харах, хүлээж авах мэдрэмж өөр өөр байдаг. Өөр өөрийн дүрэмтэй байдаг. Би эмэгтэй хүний ухаалаг шинж чанар, миний алдсан алдаан дээр дүгнэлт өгчихдөг, түшиг болдог, сайн хамтрагч байж чаддаг талаас нь илүү татагддаг. Тэгээд бодохоор би их өөдгүй ч юм уу. Өөрөө өөртөө хэрэгтэй хүнтэй нөхөрлөдөг болчих гээд байгаа юм л даа. (инээв) Гэхдээ бүтэн утгаараа би тийм хүн биш шүү.

-Дараагийнх нь архи гэдэг ойлголт байна.

-Архи хааяа, тохирсон орчинд амсана аа. Найз нөхөд цуглах, баярлах цэнгэх, аливаа сэтгэл хөдлөлд автсан үед бага зэрэг хэрэглэдэг. Өдөр тутмын хэрэглээ бол биш л дээ. Бадрах үедээ бадрах дуртай, ийм л нэг эр хүн.

-Эрх мэдэл. Энэ л жинхэнэ сорьдог гэж байгаа юм даа.

-Эрх мэдэл бол их эмзэг зүйл. Эрх мэдэлд дургүй хүн гэж байхгүй. Гэхдээ эрх мэдэлд бялуурч болохгүй. Эрх мэдлийг бэлэг гэж ерөөсөө харж болохгүй. Эрх мэдэл бол маш том хариуцлага. Эрх мэдэл бол чамайг нэр хүндтэй байх боломжийг олгож байгаа боломж гэж боддог. Нэр хүнд бол муу зүйл биш.

-Нэр хүнд бол том зах зээл, боломж.

-Нэр хүндтэй, төрийн хар хүн байхын төлөө хичээж л явна даа. Хэтэрхий их мөнгөнд дуртай байж болохгүй. Хэтэрхий хүүхэмсэг байж болохгүй. Хэтэрхий архичин байж болохгүй. Хэтэрхий албан тушаалын донтой байж болохгүй. Өөртөө л дүүрэн явах сайхан.

эгвэл та гурван тестээ өгөөд, шалгуулаад гарчихсан хүн юм байна.

-Одоо 45 хүрлээ. “Дөч гарсан эр, дөрвөө дарсан ат” гэж. Амьдралын аливаа нэг хуурмаг, ганган зүйлд хууртахаа байсан.

-Гэхдээ хүний дотор нэг өөр хүн бас байдаг гэх юм. Таны дотор таниас өөр хүн байгаа юу?

-Байна.

-Тэр нь миний харж байгаа Т.Бат-Эрдэнээс ямар өөр чанартай Т.Бат-Эрдэнэ байдаг вэ?

-Яг одоо бол миний дотоод хүн тантай ярьж байна. Би ажил дээрээ юм уу, бусад үед миний гадаад төрх их гарч ирдэг. Би өөрөө өөртэйгөө их ярьдаг хүн. Маш их эргэцүүлж боддог. Хуучны тавын дэвтрийг дүүртэл дүүртэл дотоод юмаа гаргаж тэмдэглэл бичсэн хүн шүү дээ.

Хүн дотоод хүнээсээ холдож ерөөсөө болохгүй. Дотоод хүнээсээ салж хол очиж болохгүй. Дотоод хүн чинь чамайг дуудах орон зай байх хэрэгтэй. Хүүе нааш ир гээд дуудахгүй холддог хүмүүс байдаг. Бүр хол явчихсан. Хүмүүс ярьдаг даа. Зарим тэнцвэрээ алдсан хүнийг хараад энэ уг нь ийм хүн биш юм шүү дээ гэж. Тэр бол дотоод хүнээсээ дэндүү хол явсан хүн байна л гэсэн үг. Дотоод хүнээ аргамжаад явж байвал болно доо.

-Би бол дотоод хүнээсээ залхаад байдаг.

-Тэгвэл та өөрөө өөртэйгөө тэрсэлддэг хүн байна.

-Сонирхолтой гоё хариулт байна. Амьдралыг гоё болгодог олон мессеж байдаг. Олон гоё өгөгдлүүд байдаг л даа. Урлаг, уран зохиол гээд. Ялангуяа тань шиг ганцаардмал маягийн хүнд. Хүн төрөлхтөний бүтээсэн гайхамшгуудаас юу таны хүслийг илүүтэй булаадаг вэ?

-Надад бол ном. Би маш их ном ушдаг байсан. Тэр дотроо хайр дурлалын сэдэвтэй, эсвэл адал явдалтай. Бидний үед 10 дугаар анги төгсөхөд билет боловсруулдаг байлаа. Тэгэхэд би билетнийхээ завсар уран зохиолынхоо ном тавьчихаад ээж аав хоёр харахад билетээ уншиж байгаа дүртэй, цаана нь номоо уншдаг хүүхэд байсан. Бидний үеийнхнийг ном их хүмүүжүүлсэн шүү.

Одоо сэтгэл сэргээдэг зүйл бол хөөрхөн хөнгөн магтаал болж. Ядраад, зүтгээд сэтгэл гаргаж байгаа хүнийг чи яасан зүтгэлгүй хүн бэ гэж урам хугалах шиг муухай зүйл байдаггүй. Намайг яаж сэтгэл гаргасныг тэр хүн мэдэхгүй байж хөнгөмсгөөр дүгнээд, олны өмнө нэр хүндийг минь гутаах маягаар хэлж байгаа үгэнд би гомддог. Гэхдээ үзэн яддаггүй.

-Нийгэм өөрөө хатуурчихаад бие биедээ гэрэл гэгээ өгөхөө больсноос болоод байна шүү дээ.

-Үнэндээ жаахан урмын үгэнд баярладаг болсон байна шүү. (инээв) Бат-Эрдэнээ энэ ажил овоо явжээ, ашгүй дээ. Ингээд зүтгээд байна шүү гэх төвшний л үг хангалттай. Илүү нялуун юм бол муухай.

-Хотын дарга, Их Хурлын дарга байсан Лхамсүрэнгийн Энэбиш гэж төрийн зүтгэлтэн байсныг та мэднэ. Тэр хүн хэлж байсан юм. Ахынх нь дээд мөрөөдөл төрийн хар хүн байх. За даа, тэр рүүгээ нэлээн дөхсөн байх аа гэж. Миний мөрөөдөл бол төрийн хар хүн байх гэж надад хэлсэн хоёр дахь хүн та байлаа. Яагаад ч юм сэтгэл хөдөлж байна. Саяхан бас Р.Амаржаргал гишүүн бичсэн байна билээ. Төрийн хар хүн байхгүй болчихлоо доо гэж.

-Би түрүүн хэлж байсан. Төрийн төлөө зүтгэнэ гэдэг бол үйлийн үр. Тэр үйлийн үрийг үүрээд явж байгаа хүн бол төрийн төлөө зүтгэх хар хүн байж чадна. Харин манай сонгогчид эрх ашгаар далимдуулан эрх мэдэлд хүрээд, хувийн амьдралаа хөгжүүлэх гэсэн хүн, Төрийн хар хүн хоёрыг ялгаж харах нүдтэй байх ёстой.

Тогоочийн Бат-Эрдэнэ бид ийнхүү хөөрөлдлөө. Миний зорилго ямар нэгэн даргатай биш өөрийн гэсэн дотоод ертөнцтэй зочинтой ярилцах л байсан юм. Энэ зорилго маань намайг олон гайхалтай хүмүүс рүү хөтөлдөг. Амьдрал намайг сайн муу, эсвэл байдаг л нэг дундаж, эсвэл адгийн бэртэгчин гээд олон
төрлийн дүрүүдтэй уулзуулдаг.

Харин би өнөөдөр хайж явдаг тэр цөөнхийнхөө нэгтэй тааралдчихлаа. Өчигдөрхөн гуниглаж, амьдралын ачаанд түүртэж явсан сэтгэлд сайхан зочны тусгасан гэгээ дүүрэн байна. Учир нь бид өөрөөс цацрах гэрлээ нуудаг болсоор уджээ. Нийгэм маань эмх цэгцгүй хашгираанд автаж, дундаас нь нэг нэгийгээ олж харахаа байсан байна. Сонинынхоо хоёр жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд бидний урилгыг хүлээн авч, чин сэтгэлийн, элдэв хачиргүй болоод хиймэл маскгүй сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Б.Ганчимэг 
Эх сурвалж:ner.mn 2016.10.21 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх