Ардчилсан намын VI, VII Их хурлаар Ардчилсан намын даргын сунгаа, сонгууль зохион байгуулах, Үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг тодорхой хэдэн асуудлыг хэлэлцэн баталсан. Энэ дагуу Ардчилсан намын даргын сунгаа, сонгууль зохион байгуулж, гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар УИХ-ын гишүүн Содномзундуйн Эрдэнэ Ардчилсан намын даргаар сонгогдсоныг Улсын Дээд шүүх гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, бүртгэж авснаа мэдэгдсэн юм. Түүнчлэн Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон зарим өөрчлөлтийг бүртгэж авах байсан ч бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн шалтгаанаар түр хойшлуулж байгаагаа мэдэгдсэн билээ. Үндсэн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шалтгаанд Улс төрийн намуудын тухай хууль болон холбогдох бусад хууль, журмыг зөрчсөн зүйл байхгүй юм. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхээс шаардсан бичиг баримтын бүрдлийг гүйцэд хангасны дараа асуудлыг дахин хэлэлцүүлж, хуульд заасны дагуу Үндсэн дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүхэд бүртгүүлэх эрх зүйн бүхий л боломж нээлттэй байгаа.
Энэ боломжоо ч ашиглана гэдгээ Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр болсон Хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Ардчилсан намын дарга С. Эрдэнэ хэлэхдээ “180 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг байя гэсэн утга бүхий хоёрхон өөрчлөлт л Үндсэн дүрэмд орсон. Дотоод сонгууль зохион байгуулах асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу явж байгаа.Тиймээс дотоод сонгууль болдгоороо болно. Цөөн хүний эрх ашгийн төлөө 180 мянган гишүүнээ хохироож болохгүй” гэлээ. Түүнчлэн Ардчилсан намын Хууль дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг “Улс төрийн намын тухай хуульд зааснаар дүрмийг шүүхийн маргаанаар шийдвэрлэх боломжгүй. Ардчилсан нам Дээд шүүхэд бүртгэлтэй дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулжбайгаа. Улс төрийн намын тухай хуульд зааснаар Улсын Дээд Шүүх манай байгууллагын дүрмийг бүртгэх л үүрэгтэй, дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Орон даяар бүх гишүүдээрээ дүрмийн төслийг хэлэлцсэн. Ямар нэг зөрчил байхгүй” гэж мэдэгдэв.