Д.Онон: Эмэгтэйчүүд сайн гэсэн болгоныг өөрт тохирох эсэхээс үл хамаараад авч хэрэглэн арьсаа гэмтээх нь ихэссэн

2017 оны 03-р сарын 16 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
oNON

“Монос” гоо заслын салоны эрхлэгч, гоо сайхны зөвлөх Д.Ононтой арьсаа арчлах, тэжээл өгөх, хамгаалах, мөн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох талаар ярилцлаа.          

-Сүүлийн үед манай бүсгүйчүүд, залуус маань арьсаа арчлах, хамгаалах талаар сонирхож, үүнийгээ ч өөрийн арьсанд турших болсон. Гэхдээ эхлээд өөрийн арьсаа зөв тодорхойлох нь арьс арчилгааны үндэс байх. Тийм үү?

-Арьсаа эрүүл сайхан авч явах нь хамгийн чухал. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаална. Юун түрүүнд арьс арчилгаа, тэжээл өгөх, хамгаалах хамгийн чухал бүтээгдэхүүн бол тос юм. Тэгэхээр яриагаа тосны тухай яриагаар үргэлжлүүлье. Одоогоор усан, гелин, тосон суурьтай гэсэн гурван тос үйлдвэрлэгдэж байна. Усан болон гелин суурьтай тос гэдэг маань технологийн өндөр шийдэл юм. Манай улсад хэрэглэгдэж буй тосны 80 хувийг тосон суурьтай тос эзэлдэг. Тосон суурьтай тосыг монгол хонины нэхийнээс гаргаж авдаг ланлин хэмээх бүтээгдэхүүн орсон байдаг юм. Энэ нь өөрөө монгол бүсгүйчүүдийн арьсанд маш сайн тохирдог л доо. Бид 26 жилийн турш судалгаа шинжилгээ явуулсны дүнд тосон суурьтай тос бол монгол хүний арьсанд маш сайн тэжээл өгөх тохиромжтой бүтээгдэхүүн гэж тогтоосон. Усан суурьтай тосыг өдөр тутамдаа хэрэглэх бөгөөд хүний арьсанд чийгшил өгдөг, гадны нөлөөнөөс хамгаалдаг.

-Манай улс эрс тэс уур амьсгалтай учир тосон суурьтай тосыг хэрэглэх ёстой гэсэн үг үү?

-Монгол Улсад амьдарч буй хүмүүс тосон болон усан суурьтай тосыг хамтад нь хэрэглэх шаардлагатай. Яагаад гэвэл манайх шиг эрс тэс уур амьсгалтай болохоор хамтад нь хэрэглэхээс өөр аргагүй. Тэжээлийн тос буюу тосон суурьтай тосыг өдөр бүр хэрэглэх шаардлагагүй. 7 эсвэл 14 хоногтоо тэжээл өгөх байдлаар хэрэглэнэ. Харин усан суурьтай тосыг өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй. Нарны тос, гелин тос зэрэг нь бүгд усан суурьтай байдаг. Монгол тос харлуулдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Ер нь бол тосон суурьтай бүтээгдэхүүнийг крем, пудрын дор тавихад тохиромжгүй. Харин усан суурьтайг нь хэрэглэх ёстой. Үүнийгээ мэдэхгүйгээс болж буруу хэрэглээ үүсдэг.

Хүний арьс өнгөн хөрс, арьсан давхарга, өөхөн давхарга гэсэн гурван давхаргаас бүтдэг. Өнгөн хөрсний давхарга гэдэг рүүгээ цусан судлууд маш бага шим тэжээл өгдөг. Ил байдаг арьс гадны нөлөөнөөс болж маш их үрчийж, тэжээл алдаж, хөгшрөлт явагддаг. Тиймээс арьсандаа заавал тос түрхэх шаардлагатай. Арьсыг генийнх нь байдлаар дөрөв хувааж үздэг. Энгийн арьс, хуурай, холимог, тослог арьс. Иймд хүмүүс арьсаа зөв тодорхойлж, тэжээл өгөх, өөрт тохирох бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсээр аппаратаар оношлуулах хэрэгтэй. Маш нарийн оношилдог.

-Арьсаа яаж цэвэрлэвэл хамгийн зөв цэвэрлэгээ болох вэ?

-Арьс арчилгаа нь цэвэрлэгээ, тэжээл өгөх, гадны нөлөөнөөс хамгаалах гэсэн энэ гурван үндсэнд л хийгддэг. Цэвэрлэгээ хийхдээ хамгийн нэгдүгээрт бохирдлыг сүүн шингэнээр авах шаардлагатай. Сүү шингэн нь арьсны өнгөн хөрсийг гэмтээхгүйгээр цэвэрлэдэг. Үүний дараа арьсныхаа онцлогоос хамаарч хөөс, саван зэрэг өөрт тохирох бүтээгдэхүүнээр цэвэрлэнэ. Цэвэрлэсэн арьсан дээрээ үндсэн арьсанд тохирох тос, эмульс, гелин тос зэргийг түрхэнэ. Тэжээл өгөхдөө тосон сууртай тосыг түрхэж, массажилж өгнө. Үүний дараа үлдэгдлийг нь арчиж аваад арьсаа амраах хэрэгтэй. Шим тэжээл авсан арьсанд нөхөн төлжилт явагддаг. Манай гоо заслын салон байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд тосон суурьтай тос хамгийн үр дүнтэй гэдэг нь баталгаажсан.

-Харин арьсаа хамгаалах тухайд?

-Арьсаа заавал хамгаалж байх ёстой. Хамгаалахад чийгшүүлэгч тос, будалтын суурь бүтээгдэхүүн, крем, пудр орно. Пудр бол хамгаалах, өө дарах гэсэн хоёрхон үүрэгтэй. Мөн сөрөг тал ч бий. Маш нарийн боловсруулсан цагаан шавранд суурилагдаж пудр хийгддэг. Тиймээс арьсанд шууд түрхэхээр арьсыг хамгаалахын хажуугаар арьсыг гэмтээж байдаг. Хүн жилийн дөрвөн улиралд, өдөр тутам арьсаа цэвэрлэж, тэжээл өгч, хамгаалж байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд маань өвлийн улирал арьсаа сайтар хамгаалаагүйгээс болж хавар арьс нь хуурайшиж, гэмтэх нь их байдаг. Сүүлийн үед сошиалаар ийм бүтээгдэхүүн сайн гэхээр л бүсгүйчүүд маань өөрт тохирох эсэхээс үл хамаараад аваад хэрэглэчихдэг. Үүнээсээ болоод дараа нь арьсан дээр нь харшил гарах, гэмтэх олон асуудал үүсдэг. Ийм байдалтай хүмүүс манайд их ирдэг. Ер нь муу тос гэж байдаггүй. Хүмүүс өөрт тохироогүйгээ л муу гэж ярьдаг. Иймд хамгийн гол нь бусдыг дуурайж хошуурах бус өөрт тохирох бүтээгдэхүүнээ хэрэглэх ёстой юм шүү дээ.

-Танайх клиникийн судалгаа хийдэг гэсэн. Эмэгтэйчүүдийн арьсны асуудлын ихэнх нь юу байна?

-Манайх бол эмчилгээний гоо засал. Энэ чиглэлээр олон жил ажилласан мэргэшсэн хүмүүс ажилладаг. Хүний арьсыг эмчлэхийн тулд эхлээд оношлох хэрэгтэй болно. Манайх оношилгоо, зөвлөгөө үнэгүй байдаг. Клиникийн судалгааг мөн давхар хийдэг. Эмэгтэйчүүдийн арьсны асуудал нь хуурайшилт байгаа юм. Арьс тэжээлийн дутагдалд ороод ирэхээрээ эмзэгшээд, тэжээлийн дутагдалд ордог. Ийм болоод ирэхээрээ л эмэгтэйчүүд монгол тос хэрэглэхээр ирдэг. Бүсгүйчүүд тосон болон усан сууриныхаа ялгааг сайн мэдэхгүй, арьсаа сайн оношлуулаагүйгээс болж буруу бүтээгдэхүүн сонгож, арьсаа тэжээлийн дутагдалд оруулах нь их. Зарим бүсгүйчүүд нарны тос заавал түрхэх ёстой гэсэн ойлголттой байдаг. Нарны тосонд орсон SPF химийн нэгдлүүд ихсэх тусмаа хүний арьсанд эмгэг үүсгэх нь их юм. Чийгшүүлэгч тос, эмульс, крем, пудрыг түрхэж арьсаа хамгаалж байгаа тохиолдолд заавал нарны тос түрхэх шаардлагагүй. Химийн нэгдлүүд их ороод ирэхээрээ үндсэн бүтээгдэхүүн багасдаг. Тэгэхээр химийн найрлага өндөр байгааг нь сайн гэж ойлгож болохгүй.  Солонгосчуудын судалгаагаар хүн төрөөд хоёр нас хүртэл арьс эрүүл байдаг. 4-10 насны хооронд эмгэг үүсэх нөхцөл бүрдэж байдаг аж. Энэ бүгд орчин нөхцөл, агаарын бохирдол, хооллолт зэргээс хамаарна. Тиймээс 10 наснаас эхлээд арьсаа арчлах хэрэгтэй болж байгаа юм. Хүүхдийн арьсыг хамгаалж байна гээд янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглээд байх шаардлагагүй. Оройдоо арьсаа угааж, хүүхдийн арьсанд тохирсон тос түрхээд байх хэрэгтэй юм.

-Арьсны эрүүл, эмчилгээний ямар үйлчилгээг “Монос” гоо заслын салон үйлчлүүлэгчиддээ үзүүлж байна вэ?

-Манайх эрүүл ахуйн, эмчилгээний хоёр төрлөөр үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл ахуйн үйлчилгээнд эрүүл арьсыг цаашид эрүүл чигээр нь хадгалах, дархлаажуулах, арьсны хөгшрөлтийг зогсоох зэрэг багтдаг. Сүүлийн үеийн техник технологиор эмчилгээ хийдэг. Дэлхийн стандартад нийцсэн, хамгийн үр дүнтэй эмчилгээний арга бол хуулалт юм. Энэ эмчилгээг маш олон аппаратаар хийдэг. Тухайлбал, алмазан хошуутай аппарат байна. Мөн Солонгосоос орж ирж буй бичил зүйн аппарат бий. Энэ нь өнгөн хөрсийг хуулна, шинэ арьс төлжиж гарч ирэх процессийг бий болгоно. Булчингийн эд эсийг сэргээдэг. Түүнчлэн арьсны өнгөн хөрсний муу цусыг гадагш нь гаргадгаараа бичил зүүн аппарат үр дүнтэй. Хүний биед хор нөлөө байдаггүй учир манай гоо заслын салон энэ үйлчилгээг явуулж байна. Зүүн аппаратад орсноор арьсны бүх төрлийн эмгэг арилна. Хүмүүс нэг удаа ороод зүгээр болчихно гэж ойлгодог. Гэтэл тийм биш шүү дээ. Тухайн хүний арьсны эмгэгээс хамаарч эмчилгээ хийгдэнэ. Бидний амьдралын хэв маяг, орчин нөхцөл, хоол, амралт зэрэг гоо сайхан байхад хамгийн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдралын зөв хэв маягтай, мөн дээрээс нь арьсаа амрааж, тэжээл өгч, хамгаалаад байвал эрүүл сайхан арьстай байна.

Ц.Энх

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх