Д.Очирсүрэн: Тээврийн хэрэгслийн татвараа нөхөн төлөхөд торгууль ногдуулахгүй

2017 оны 03-р сарын 13 өдөр, 13 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mashin

“Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлөх журмыг баталсан. Үүний дагуу энэ сард 2, 7-гоор төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар татвараа төлөх юм. Энэ талаар нийслэлийн mатварын газрын нийслэлийн төсвийн татварын орлогын тасгийн дарга Д.ОЧИРСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Өнгөрсөн сард албан татвараа төлөх хуваарьтай байсан хувь хүн, хуулийн этгээдийг бүрэн хамруулж чадсан уу?

-Энэ сард албан татвараа төлөх ёстой 86744 тээврийн хэрэгсэл бий. Нийслэлийн Засаг даргын захирамж, Татварын ерөнхий газрын даргын удирдамж бий. Үүгээр автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдуулсны болон авто зам ашигласны төлбөрийг зохицуулдаг. Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 9-нөөс автомашины татвар хурааж эхэлсэн. Улсын дугаар нь 1,6-гаар төгссөн 80757 тээврийн хэрэгсэл нийслэлийн хэмжээнд байдгаас 24161 буюу 30 хувь нь нэгдүгээр сард багтаж албан татвараа төллөө. Он гарснаас хойш автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар хоёр тэрбум, агаарын бохирдлын төлбөрөөр 85.3 сая, автозам ашигласны төлбөрөөр 848.3 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Ойролцоогоор гурав орчим тэрбум төгрөг төсөвт оруулсан. Ингэхдээ автозам ашигласны төлбөрийг нийслэлийн замын санд, автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг нийслэлийн төсөвт, агаарын бохирдлын төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлдэг.

-Тэгэхээр дийлэнх нь буюу 70 хувь нь хугацаандаа татвараа төлөөгүй юм байна. Тэдгээр тээврийн хэрэгслийн жолооч нарт ямар хариуцлага тооцох вэ?

-Татвараа нөхөн төлж буй жолооч нарт одоохондоо янз бүрийн торгууль ногдуулахгүй байгаа. Гэхдээ Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т заасны дагуу татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсвэл түүнийг 2-3, албан тушаалтныг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолыг биелүүлээгүй бол Захиргааны хэргийн тухай хуулийн 32.1- т заасны дагуу найман мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм. Эдгээрийн аль нэгээр нь торгож, хариуцлага тооцох эрхтэй.

-Хугацаандаа татвараа төлөөгүй жолооч нарыг хуульд заасных нь дагуу хариуцлага тооцохгүй бол бүрэн хамруулж чадахгүй юм биш үү?

-Улаанбаатар хотын ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсгийнхэн цагдаа нартай хамтарч үзлэг шалгалт хийхээр төлөвлөж байна. Үлдсэн 70 хувиа хамруулахын тулд зайлшгүй замын цагдаатай хамтарч ажиллах шаардлагатай байна. Ингэснээр нэгдүгээр сард татвараа төлөөгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байвал дээр дурдсан байдлаар торгуулийн арга хэмжээ авна. Гэхдээ сайн дураараа, үүргээ ухамсарлаад татварын хэлтэс дээр очоод төлбөл ямар нэгэн тогууль ногдуулахгүй.

-Жолооч нар хаана хандаж татвараа төлөх боломжтой вэ?

-Бүх дүүргийн татварын хэлтсийн байр болон Автотээврийн үндэсний төвийн “Цирк”, “Таван ган” салбар, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” төвд ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд очиж татвараа төлөх боломжтой. Мөн Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн оношилгооны төв ажлын өдрүүдэд 08.30-20.30, амралтын өдөр 09.00-17.30 цаг хүртэл ажилладаг. Эдгээр төвд ч татвараа төлж болно.

-Энэ онд нийт хэчнээн автомашиныг албан татварт хамруулж, хэд орчим төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолж байна вэ. Өнгөрсөн онд төлөвлөгөөгөө бүрэн гүйцэтгэж чадсан уу?

-Нийслэлд 480 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүний 430 орчим мянга нь хөдөлгөөнд идэвхтэй оролцдог. Эдгээрийг албан татварт хамруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ жил автотээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвараар 26.2 тэрбум, агаарын бохирдлын төлбөрөөр нэг тэрбум, автозам ашигласны 11.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийслэлд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 хувь буюу 351 мянган тээврийн хэрэгслийг өнгөрсөн онд татварт хамруулсан. Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараар 29.9, агаарын бохирдлын төлбөрөөр нэг тэрбум, автозам ашигласны төлбөрөөр 9.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Нийт 32.4 тэрбум болж байгаа юм. Гэхдээ 90 орчим мянган тээврийн хэрэгслийг татварт хамруулж чадаагүй учир төлөвлөгөөндөө хүрч ажилласангүй.

-Нийт автотээврийн хэрэгслийг яагаад албан татварт нь хамруулж чадахгүй байна вэ?

-Айл болгон хашаандаа хөдөлгөөнд оролцдоггүй нэг машиныг хөрөнгө хэлбэрээр зогсоочихдог. Мөн улсын дугаартай машин олон жилээр орон нутагт байх жишээтэй. Энэ бүгдэд хүрч ажиллаж чадахгүй байгаа учир бүртгэлээ шинэчлэх хэрэгтэй болж байна. Янз бүрийн тохиолдлоор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, ашиглах боломжгүй болсон тохиолдолд жолооч нар сарын дотор тээврийн хэрэгслийнхээ хасалтыг хийлгэж байх ёстой. Тэгээгүйгээс нэг хүний нэр дээр олон автомашин бүртгэлтэй хэрнээ татвараа төлж хөдөлгөөнд оролцож байгаа нь нэг байдаг. Энэ нь улсын тоо бүртгэл, статистик мэдээнд нөлөөлж байна. Татвараар бүрдүүлэх төсвийн төлөвлөгөөг автомашины бүртгэлтэй холбон гаргаж өгдөг. Харин нийслэлийн зам дээр хөдөлгөөнд оролцож байгаа автомашиныг татварт нь хамруулчихдаг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх