Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/ энэ сарын 06-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сумын нутагт “Нүүдэл-2017” хаврын анхны фототур зохион байгуулаа.
МГЗНХ гишүүд дэмжигчдийн дунд “НҮҮДЭЛ”/NOMAD event/ төслөөр дамжуулж эрт үеэс уламжлан ирсэн өв соёлоо сэргээн таниулах, сурталчлах зорилгоор Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сумын ЗДТГ-тай хамтран орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх энэхүү гэрэл зургийн өдөрлөгийг зохион байгуулж, “Адуучин” тэмцээн болон тэмээний өв соёл, монгол нүүдлийг харуулсан бүтэн өдрийн арга хэмжээ амжилттай боллоо.
Төв аймгийн Цээл сумын нутаг ИХ Хангинахын өвөрт хаваржиж байгаа малчин Н.Саруулын тэмээн сүргийг Монголын гэрэл зурагчид зорин очиж нүүдлийн соёл, талын нүүдэлчин амьдралын нэг өдрийг дуран авайдаа буулгав. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах үүднээс “Хөх морь трэйвл” ХХК сэдсэн санааг МГЗНХолбоо ийнхүү хэрэгжүүлсэн юм.
“Нүүдэл” төслийн гэрэл зургийн өдөрлөгт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн фотосэтгүүлч С.Цацралт тэргүүтэй гавьяат цолтон тав, гэрэл зургийн 70 орчим уран бүтээлчид хамрагджээ. Энэ удаагийн арга хэмжээнд Нийслэл хотоос гадна Сэлэнгэ, Төв, Дархан, Говьсүмбэр, Эрдэнэтийн гэрэл зурагчид өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирснээрээ онцлог байлаа. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-оос Шилийн гол аймгийн гэрэл зурагчин С. Найрамдал тэргүүтэй таван зурагчин нүүдлийн соёлын арга хэмжээг зорин иржээ.
Ийнхүү Цээлийн хөндийд анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр 70-иад фотосэтгүүлч, сурвалжлагчид, гэрэл зураг сонирхогчид чуулсан содон юм.
Цээлийг зорин гарсан уран бүтээлчид үдээс өмнө тэмээчин айлаар зочилж нүүдлийн ахуй соёл, зан заншил харуулсан зургаа буулгаж, үдээс хойш Угтаалцайдам, Цээл хоёр сумын адуучдын дунд зохиогсон Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “Адуучин” нэвтрүүлэгт оролцогчдын зургийг дуран авайдаа буулгасан юм.
МҮОНТ-ээс уламжлал болгон зохион явуулдаг “ Адуучин” тэмцээнийг нэрт сэтгүүлч Л.Цагаандалай хөтлөн явуулсан нь сонирхолтой байв. Зэргэлдээ хоёр сумдын адуучин эрс Цээлийн хөндийн Талын хайрханы зүүн энгэрт адуучны авхаалж самбаа, эрийн зориг золбоо гарган өрсөлдлөө. Хоёр талаас 20 адуучин залуу тэмцээнд оролцсоноос Цээл сумын адуучин Н.Намсрай шилдгээр шалгарлаа. Ивээн тэтгэгчийн шагнал “Акума” аккумулятор болон гэрэл зурагчдын шилдэг бүтээлийн дээжээс урамшуулав. “Нүүдэл” фототурт МҮОНТ, “UBS” телевиз болон “Өнөөдөр”, “Ардчилал” сонин, өдөр тутмын мэдээллийн сайтууд дэмжин оролцов.
Гэрэл зургийн урлагаар Монголын нүүдлийн уламжлалт соёлыг олонд түгээж, түүгээр орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх ажлыг МГЗНХ уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.