Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гэр бүлийн, улс орны сайн сайхан ээжүүдээс, эмэгтэйчүүдээс хамаарч явдаг

2017 оны 03-р сарын 09 өдөр, 10 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
600x600 mart

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алдарт эхийн одонт ээжүүдийн холбооноос зохион байгуулдаг одонтой эхчүүдийн чуулга уулзалт өчигдөр Төрийн ордны Их танхимд болов.

Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:

“Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, та бүхэндээ Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж баяр хүргэе.

Монгол түмний уламжлалт их сайхан баяр, цагаан сар болоод удаагүй байна. Энд хүрэлцэн ирсэн нийт ээжүүдтэйгээ золгоё оо.

Манай цагаан сарын үйл ажиллагаа, энэ уламжлалт сайхан баяр маань жилээс жилд сайхан болж байгаа. Ээжүүдийн маань оролцоогоор уламжлалаа хүндэтгэсэн, ахмадуудаа хүндэтгэсэн, ээж ааваа хүндэтгэсэн, залуучууд нь монгол уламжлал, ёсоо суралцсан ийм сайхан баяр болж байгаа.

Бас нэг сайхан зүйл нэмэгдэж байгаа нь бидний энэ уламжлалт сайхан баяр жил ирэх тутам архи дарс багатай, агсам согтуу багатай болж байгаад би маш их баяртай байна. Үүнд манай ээжүүдийн гүйцэтгэсэн үүрэг их бий. Баяруудаа архигүй тэмдэглэж, бие биедээ сайн сайхны ерөөл өргөхдөө сүүнийхээ дээжийг өргөе. Монгол Улс, монголчууд архигүй байхын төлөө явъя гэж олон жилийн өмнөөс ярилцаад энэ чиглэлээр явсан. Одоо энэ ажил маань үр дүнд хүрээд, нийт олны маань дунд ийм соёл, хэвшил тогтож байгаад би туйлын их баяртай байгаа. Цаашаа уламжлалаа хүндэтгэсэн, архи дарснаас хол, ёс уламжлалаа дагасан, ийм болох болтугай гэж бодож байна.

Хүмүүс ярьж байна. Өмнө нь гурав дөрвөн шилээр нь архи гаргаад, бүгдийг нь уучихдаг байсан бол одоо ширээн дээр архи задлаад тавихад бараг бүтнээрээ үлдэж байна гэж ярьдаг болсон. Энэ бол монголчуудын их сайхан уламжлал сэргэж, сайн соёл нэмэгдэж байна. Энэ бол ээжүүддээ барьж байгаа бэлэг юм гэж хэлж болно. Архи амсах гэдэг нөхөд голдуу эрчүүд байдаг. Ээжүүддээ баяр бэлэглэе, баяр баяслыг нь хадгалж явъя гэвэл ээжүүдээ баярлуулж, ачийг нь хариулж, архи гэдэг ундааг цаашдаа ч хэрэглэхгүй байх чиглэл рүү монголчууд явах ёстой. Энэ дээр хамтдаа амжилтад хүрсэндээ баяртай байдаг юм.

Өнөөдөр 3 дугаар сарын 8-ны өдөр Төрийн ордонд одонтой ээжүүдийнхээ төлөөллийг цуглуулж, ярилцаж, хамдаа баярладаг уламжлал сүүлийн хэдэн жилд тогтоод явж байна. 3 дугаар сарын 8 дөхөөд ирэхээр энэ уулзалтыг сурагладаг, энэ үйл ажиллагаанд оролцох юмсан гэж ээжүүд хүсдэг. Ээжүүдээ баярлуулах гэсэн хүүхдүүд, хань ижил нь сурагладаг, ийм эрэлттэй арга хэмжээ болж байгаа юм. Цаашдаа ч энэ үйл ажиллагаа үргэлжлээсэй гэж бодож байна.

Одонтой ээжүүд цуглахаар энд их сайхан эрчим хүч бий болдог. Сайхан ерөөл бие биедээ хэлдэг. Сайхан хайр улс орон даяар эх орон даяар тардаг байх аа.

Төрийн ордонд цугласан, улс орны өнцөг булан бүрээс ирсэн нийт одонтой ээжүүдийнхээ нэрийн өмнөөс, биднийг хараад, баяраа тэмдэглээд сууж байгаа нийт ээжүүддээ, нийт эмэгтэйчүүддээ, охиддоо, нийт Монголын ард түмэндээ халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Аливаа улс орны сайн сайхан, амжилттай, гэрэл гэгээтэй зүйл гэр бүлээс эхэлдэг. Айл өрх амжилттай сайн явахын тулд ээжүүдийн оролцоо, үүрэг их байдаг. Айл сайн явъя гэвэл ээжийн хариуцлага, ажил их чухал. Ямар ч эгэл амьдрал ээж хүнээс эхэлдэг гэж би боддог. Гэр бүлийн сайн сайхан тэр гэрийн ээжээс эхэлдэг гэж боддог. Улс орны сайн сайхан ч гэсэн ээжүүдээс, эмэгтэйчүүдээс хамаарч явдаг.

Тэр айлд ямар ээж, ямар эмэгтэй байх, тэр хүн үүргээ хэрхэн хэрэгжүүлэхээс тэр айлын амьдрал, улс орны амьдрал хамаарч явдгийг энд хэлэх хэрэгтэй.

Ингэж авч үзэх юм бол манай эмэгтэйчүүд дээр, ээжүүд дээр маш их үүрэг, хариуцлага ирж байгаа. Би хувьдаа ээжүүдээрээ, эмэгтэйчүүдээрээ их бахархаж явдаг. Манай эмэгтэйчүүд, ээжүүд энэ үүрэг хариуцлагаа хамгийн сайн мэддэг, хамгийн сайн мэдэрдэг, хамгийн сайн биелүүлж явдаг хүмүүс гэж боддог. Бид бүхэн өөрсдийнөө ээж, ойр дотно байдаг эмэгтэйчүүдээрээ авч үзэж болно шүү дээ.

Манай ээжүүд өөрийгөө мартан бусдын төлөө зүтгэдэг хүмүүс байгаа юм. Өөрөө өмсч болох сайхан зүйлээ үр хүүхэддээ өмсүүлэх гэдэг, өөртөө олдсон ганц чихрийг ч ач, зээдээ тавьдаг. Ингэж өөрийгөө мартан бусдын сайн сайхны төлөө зүтгэж явдаг, өөрт нь халамж хэрэгтэй байхад халамж шаардлагатай байга хүмүүсийг хамгийн түрүүнд халамжилж явдаг ийм хүмүүс бол манай ээжүүд байгаа юм. Ээжүүд маань энэ улс оронд, гэр бүлд хамгийн хүнд, хамгийн хариуцлагатай ачааг үүрч явдаг. Тэгэхээр манай Монголын төр, засаг бүх шатандаа ээжүүдийнхээ асуудал руу, эмэгтэйчүүдийнхээ асуудал руу онцгой анхаарч явах шаардлагатай. Ингэх юм бол улс гэр маань тайван, амгалан, бидний хүсч байгаа сайн сайхан амьдрал бий болоход их түлхэц, нөлөөтэй гэж боддог.

Амьдралаас харахад ээжийн дуу гарахад л гэрт эмх цэгц тогтож байдаг шүү дээ. “Ямар бохир байгаа юм. Гэрээ цэвэрлээгүй юм уу” гэхэд л тэнд байгаа хүмүс нэг юм бодож байдаг. Маргааш нь ээж ирэхээс өмнө гэрээ цэвэрлэж, хийх ёстой зүйлээ хийдэг. Ингэж ээжүүдийн нөлөө, дуу хоолой, оролцоо их чухал юм.

Эмэгтэйчүүд асуудалд оролцоод, ээжүүд асуудалд оролцоод ирэхээр шийдэл нь зөв гараад ирэх шиг надад санагддаг юм. Ийм учраас нийгмийн амьдралд, улс орны амьдралд ээжүүдийн, эмэгтэйчүүдийн оролцоо илүү байх ёстой. Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих ёстой. Бүх шатны төр, засгийн байгууллага, бүх шатанд явдаг сонгууль, бүх шатанд албан тушаалын асуудлыг шийдэхэд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, эмэгтэйчүүдээ өмнөө тавьж, эмэгтэйчүүдээ дэмжиж явах бодлогыг Монголын төр, засаг, Монгол Улс үеийн үед авч явах ёстой гэж боддогоо бас хэлье.

Бидний энэ хэлж ярьж байгаа уриалга, санаачилга бол бас амжилтад хүрээд байгаа. 2012 онд сонгогдсон УИХ-аар хамгийн олон эмэгтэй гишүүд сонгогдлоо. Ард иргэд маань дэмжлээ гээд бид баярлаж байсан. 2016 оны УИХ-ыг харсан ч гэсэн мөн л олон эмэгтэй гишүүд сонгогдож УИХ-д орж ирлээ. Тэр эмэгтэйчүүд, ээжүүд зөвхөн өөрсдийнхөө асуудлыг ч юм уу, эмэгтэйчүүдийн асуудлыг ярьдаггүй. Эмэгтэйчүүд ороод ирэхээр улс орны асуудал ярьдаг юм. Ярьж байгаа асуудал маань бүтэн болдог. Бүрэн болдог. Эрчүүдийн олж харахгүй байгаа зүйлийг манай эмэгтэйчүүд олж харж чаддаг юм шүү.

Эмэгтэйчүүд, ээжүүдийн байгалиас өгөгдсөн өгөгдөхүүн байдаг. Ядарсан зүдэрсэнээ эхэлж олж хардаг. Бид хүнлэг сайхан нийгэм байгуулах гэж явж байгаа шүү дээ. Ядарсныгаа дэмждэг, зүдэрсэнээ дэмждэг, тэдний асуудалд чих нь нээлттэй байдаг байвал энэ нийгэм өөрөө хүнлэг сайхан нийгэм болно гэж бодож явдаг.

Манай ээжүүдийн өөр нэг гайхамшигтай чанар байдаг. Асуудалд чин сэтгэлээсээ ханддаг. Чин сэтгэлээсээ хандаад ирэхээр асуудлын шийдэл зөв болдог. Нэг үгээр хэлбэл их хариуцлагатай ханддаг. Ямар ч хүү, ямар ч хүүхэд манай ээж асуудалд хайнга ханддаг юм шүү гэж бараг бодохгүй байх аа. Бүгдээрээ л миний ээж сайн ээж. Миний ээж бол сайхан ээж гэж бодож байгаа. Түүн дотор ээжүүдийн хандлага агуулга нь болж өгдөг юм гэдгийг бас хэлэх хэрэгтэй.

Ээжүүд дандаа зөвийг номлож байдаг. Ээжийн үгнээс буруу зүйл бараг гардаггүй. Тиймээс зөвийг номлоно гэдэг бол тухайн бидний зорьж байгаа нийгмийн ёс зүй их сайхан болж байгаа. Тухайн нийгмийн хариуцлага сайхан болж байгаа. Ийм учраас эхчүүдээ, ээжүүдээ сонсож явах нь их чухал.

Би сая энэ хуралд ирэхийн өмнө Монголын эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын удирдлагуудтай эмэгтэйчүүдийн өмнө, Монголын нийгмийн өмнө ямар асуудал тулгамдаж байгааг ярилцлаа. Жил бүхэн, 3 дугаар сарын 8-ны өглөө эрт босч тэр хүмүүстэй уулздаг юм. Би тэр уулзалтаас ирлээ.

Тэнд эмэгтэйчүүдийн өмнө, нийгмийн өмнө, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын өмнө ямар асуудал тулгамдаж байна вэ гэдгийг жил бүхэн ярилцдаг, сонсдог. Ерөнхийлөгчөөсөө эхлээд сонсдог уламжлалыг л бий болгох гэж оролдож байгаа юм. Үүнийг аймаг аймагтаа, сум сумандаа, хот суурин газраа, тэнд удирдаж байгаа хүмүүс бүгдээрээ ийм байдлаар явах юм бол зөв болно гэж боддог.

Эмэгтэйчүүд оролцоод ирэхээр их зөв болдог өөр нэг зүйл бол эмэгтэй хүн өөрийнхөө байгалийн зан төрхөөр эрсдлийг хамгийн түрүүнд олж хардаг. Хүүхэд сургуульдаа явах гэж байна. Гадуур хувцсаа яагаад өмсөөгүй байгаа билээ. Даарчих вий, хөрчих вий гэж эрсдлийг хардаг. Миний охин явахдаа ахыгаа дагуулаад хамт гараарай гээд хамтад нь явуулдаг. Бусад хүн магадгүй, түүнийг олж хардаггүй. Энэ нь эргээд нийгэм амгалан байх, тайван байх, эрсдэлгүй, аюулгүй байх суурийг эмэгтэйчүүдийн энэ оролцоо, ээжүүдийн анхаарал халамж гаргаж өгдөг.

Би бас олон жил бодож байсан. Ямар учраас манай эмэгтэйчүүд ийм их хариуцлагатай, ямар учраас ээжүүд ийм их ухаантай, дандаа асуудлын зөв талд байдаг юм бол гэсэн бодол надад төрдөг. Эндээс би өөрөө нэг гаргалгаа гаргаж байгаа. Ерөөсөө байгалийн жамаар манай эмэгтэйчүүд өөрсдөө ухааждаг юм байна. Байгалийн жамаар эмэгтэй хүн явж байгаад мориноосоо буух шаардлагатай болдог. Эрчүүд бид нэг ажилд томилогдох юм бол тамгаа өгтлөө, хугацаагаа дуустал зүтгээд л байдаг. Эмэгтэй хүн бол байгалийн жамаар охин нөхөрт гардаг. Хөл хүндтэй болдог. Чөлөө авдаг. Байгалийн жамаар хүүхдээ хөхүүлээд, асуудлыг эргэцүүлээд суудаг. Хүүхдээ өсгөнө гэдэг байгалийн зовлон, жаргалыг шууд өөрөө мэдэрч байгаа юм. Хүүхэд халуурна, бүлээрнэ. Өлсөнө, цангана. Уйлна. Тэр хүнийг аргадна. Ингэж тэр зам дундуур явахад ээжүүд, эмэгтэйчүүд илүү ухаантай болдог юм байна. Илүү зөв болдог юм байна. Ийм учраас эмэгтэйчүүдэд өгөгдсөн нэг сайхан зам энэ.

Сайн ээжээс сайн охинд тэр ээжийн ген, тэр ээжийн уламжлал дамжиж үлдэж байдаг. Сайн ээжээс сайн охин, сайн хүүхэд төрлөө. Тэр охин, тэр хүүхэд нь сайн уламжлал, сайн зүйлээ өөрийнхөө эрдмээр, ээжийнхээ тусаар нэмээд явах юм бол хүмүүс маань улам сайн хүмүүс болох боломж байгаа юм.

Өнөөдрийн хэлэх нэг санаа бол эхээс төрөөгүй хүн гэж ерөөсөө байхгүй. Бид бүгдээрээ ээжээс төрдөг. Тэр ээжид байгаа сайн сайхныг үр хүүхдүүд нь авч явдаг учраас аливаа улс орон, түүн дотор Монгол Улсын ирээдүй цаашдаа их сайхан байна. Зөв байна гэдэгт би эргэлздэггүй юм.

Улс орон зөв замаар явъя, асуудлаа зөв шийдье гэвэл эмэгтэйчүүдийг, ээжүүдийг оролцуулдаг, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг оролцуулж шийдэх юм бол тухайн улс орны нийгмийн амьдрал бүтэн болдог. Бүтэн болоод ирэхээр нийгэм өөрөө хүндээ ойрхон, хүнлэг, зөв нийгэм болох чиглэл рүү явдаг юм байна гэж харж байгаа.

Хүний асуудал бол улсын асуудал. Тэр дотроо эмэгтэйчүүдийн асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш. Энэ бол улс орны асуудал юм шүү гэж өмнө нь би хэлдэг байсан. Өнөөдөр бас давтаж хэлье.

Улс орны хүн ам олуулаа болох сайхан шүү дээ. Саяхан Монгол Улс гурван саяулаа болж байсан. Ямар их баяр баясал, ямар их бэлгэдэл, сайн сайхныг авчирсныг бүгдээрээ сайн мэдэж байгаа. Гэхдээ энэ олуулаа болж байгаа нь ээжүүдэд, эмэгтэйчүүдэд дарамт болох ёсгүй. Хуучин ч тийм байсан. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ээжүүдээ төр нь, нийгэм нь, хамт олон нь харж үздэг, хамтарч дэмждэг байсан. Энэ сайхан уламжлал өнөөдөр ч, цаашдаа ч үргэлжилнэ. Бид өмнө нь ярьдаг байсан. Олон хүндрэлтэй асуудал байсан. Тэгээд ярихад зарим зүйл дээр амжилт гараад л явж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал ч юм уу, ээжүүд, эмэгтэйчүүдтэй холбоотой санааг нь зовоосон олон зүйлийг хууль тогтоомждоо тусгаад, Монголын төр хэрэгжүүлээд явж байгаа. Энэ дотор ээжүүдийн маань дуу хоолой, та бүхний оролцоо их чухал байсан гэдгийг бас хэлэх нь зүйтэй.

Түрүүн би та бүхэнд цагаан сарын мэндийг хүргэж үгээ эхэлсэн. Энэ жил алтан тахиа жил гарч байна. Алтан унжлагат тахиа жил гэж ярьж байгаа. Тахиа жилийн бас нэг онцлог байгаа. Ер нь жил жил өөрийн онцлогтой гэж ярьдаг. Тахиа жил бол зүтгэсэн хүнд хайр ивээлээ хайрладаг жил гэж манай ахмадууд ярьж байгаа. Хүн зүтгэлтэй байх юм бол, хөдөлмөрлөж чадах юм бол, ажилтай байх юм бол манай иргэд, гэр бүл, ээжүүд бүгдээрээ амжилттай байх боломж байна гэж үзэж байгаа.

Өмнө нь би ээжүүддээ нэг зүйл захия гэж байгаад захидаг байсан. Ээж хүн бүхэн, эх хүн бүхэн хүүхдээ, хүүгээ, охиноо ажилд сургах л хэрэгтэй. Эмэгтэй хүн ямар ажил, хөдөлмөр сурсан байх ёстой юм, түүнийг охиндоо сургах хэрэгтэй. Хүү ямар байх ёстой юм, түүнийг давхар сургах л хэрэгтэй. Юм оёулна, хоол унд сайхан хийлгэнэ. Хүнийг хүндэлнэ. Хүнд хүн ёсоор хандана. Зөв хүмүүжилтэй байна. Хүнтэй зөв харилцана гэдэг маш чухал. Зөв хүн байхын суурь шүү дээ. Үүнийг суулгаж өгдөг. Багаас нь эхийн сүүтэй хамт шимүүлж өсгөдөг хүмүүс бол та бүхэн байгаа юм. Тиймээс хүүхдүүдээ сайн сайхан зүйлд сургах нь эргээд Монгол Улс амжилттай явах боломж бүрдэнэ. Энэ чиглэлд манай ээжүүд үлгэрлэж сайхан явна.

Монголчууд гайхамшигтай ард түмэн л дээ. Бидний магтаж дуулдаг яруу найраг, дуу нэг бол эх орны сэдэвтэй дуу их байдаг, нэг бол ээжүүдийн сэдэвтэй, аавын сэдэвтэй, ээжийн элбэрэл хайртай холбогдсон байдаг. Энэ бол монгол хүний сэтгэл зүрхнээс гарч байгаа сайхан зүйл. Дараа нь морь мал ч гэдэг юм уу, ингээд явдаг. Монгол хүн бүхэн ээжийгээ амжилттай сайн яваасай гэж боддог юм байна гэж би бодож байгаа.

Өнөөдөр ээжүүдийн маань баяр. Эрчүүд бүхэн ээжүүдээ баярлуулах ёстой. Сайхан хань нь ханиа баярлуулах ёстой. Хөвгүүд нь ээжүүдээ баярлуулах ёстой. Зөвхөн нэг өдөр баярлуулдаг биш, ээждээ болж өгвөл өдөр бүхэн, болж өгвөл ярих бүртээ л сайн мэдээ дуулгадаг, сайн яваагаа дуулгадаг л байх юм бол, сайн ажил хийж яваагаа дуулгадаг л байх юм бол энэ бол ээжүүдийн маань баяр шүү дээ. Бүх ээжүүд маань ингэж баярлаж байх юм бол Монголын баяр болно. Өнөөдөр үүнийг хэлье гэж бодсон юм.

Ээжүүдээ баярлуулах бол тийм хэцүү ажил биш. Энгийн ажил шүү дээ. Зүгээр л ээждээ хайртай байх, ээжийгээ дэмждэг, ээждээ сайхан үг хэлчихэд л тэгээд баяр. Зүгээр л ээжээсээ жаахан холдоод явахдаа утсаар ярихад л ээжийн баяр шүү дээ. “Миний хүү яаж яваа бол, миний охин яаж яваа бол” гээд бодож байхад л охиноос, хүүгээс утас орж ирэхэд сайхан байдаг шүү дээ. Яг ингэж ээж рүүгээ хандаж, ээжийгээ баярлуулж явах нь энгийн, эрэгтэй хүн бүхний, эрэгтэй хүүхэд бүхний, сайн хань бүхний хийж чадах энгийн ажил шүү гэдгийг энд бас хэлсэн нь зөв байх аа.

Жил бүхэн энэ уулзалтад оролцох нь надад их сайхан байдаг. Энэ уулзалтыг бас хүлээдэг. Ард түмнийхээ дэмжлэг туслалцаагаар Монгол Төрийн тэргүүнээр ажиллах ийм их хувь заяа надад ноогдсон. Малчин айлын хүүхэд, найман эрэгтэй хүүхэдтэй айлын хүүхэд. Тэр наймын отгон нь би. Ээждээ төрөхдөө нэгдүгээр одонгийн хүүхэд болж төрсөн хүн. Тэгэхээр энэ баярынх нь өдөр төрсөндөө би их баярлаж явдаг юм. Ээж минь надад хэлдэг байсан юм. “Миний хүү бол мартаар төрсөн юм. 3 дугаар сарын 8-нд төрсөн” гэдэг. Манай аав хөдөө малчин байсан учраас бүртгүүлэхдээ 3 дугаар сарын 30-нд бүртгүүлсэн байдаг. Би энэ түүхийг олон ярьж байсан даа. Тэр үед төрсний гэрчилгээ анх гаргаж байсан. Тэгээд “Танай хүүхэд хэзээ төрсөн бэ” гэхэд “За яах вэ, өнөөдрөөр биччих” гээд миний төрсний гэрчилгээн дээр 3 дугаар сарын 30 гэж явдаг. Яг төрсөн өдөр бол 3 дугаар сарын 8 шүү. Үүнийг би зохиогоогүй. Хүн эхээс төрөх бол хорвоогийн хамгийн үнэн гэдэг. Энэ бол миний ээжийн надад хэлсэн үнэн байгаа юм. Ийм учраас би бол 3 дугаар сарын 8-нд, өнөөдөр төрсөн юм. Ээждээ одонгийн хүүхэд болж төрсөн. Энэ сайхан өдөр, ийм олон мянган ээжийн төлөөлөл болсон одонтой ээжүүдтэйгээ ингэж уулзаж, сэтгэл санаагаа хуваалцдаг боломж гардагт би их баярладаг. Энэ өдрийг хүлээдэг.

Жил бүхэн та бүхний надад өгдөг цэцэг, та бүхний надад хандсан сайхан хандлага, энэ алга ташилт, энэ бүхэн надад их урам зориг болдог. Та бүхэндээ их баярлаж явдаг шүү гэдгийг хэлье.

Их баярлалаа. Ээжтэйгээ уулзах шиг сайхан байлаа шиг үнэхээр ээжтэйгээ уулзаж байгаа юм шиг ийм сайхан мэдрэмж та бүхний дэмжлэг, алга ташилтыг сонсоод төрж байна. Сайны ерөөлийг тавья. Жил жилд сайхан баяртай уулзаж байхын ерөөл дэвшүүлье. Та бүхэнд баярын мэнд хүргэе. Хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Монголын ээж бүхэн баяртай, аз жаргалтай байх болтугай. Баярлалаа, та бүхэнд” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх