“Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа

2017 оны 03-р сарын 07 өдөр, 19 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
enh_20170307060857

Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийн Ажлын хэсгийг Нийслэлийн засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/86 тоот захирамжаар байгуулсан бөгөөд энэхүү ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр  боллоо.

Тус хуралдааныг Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр ахалж, НЗД-ын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, дүүргүүдийн Засаг дарга нар болон  нийслэлийн харъяа газрын удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.

“Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн ажилгүйдийн түвшинг бууруулах нөхцөл бүрдэх юм байна.

Нийслэлийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг хүргэх таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай ажиллах хүчнийг нийлүүлэн хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлнэ.

Дашрамд дурдахад “Нэг өрхөд –Нэг ажлын байр” хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх юм байна. Уг хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулах болон өрх бүрээс судалгаа авах зэрэг ажлууд багтсан байна.

Хөтөлбөрийн хамрах хүрээ нь: 

  • Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага
  • Өрх – Ажилгүй иргэн
  • Ажил олоход хүндрэлтэй иргэн буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  • Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн
  • Залуучууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд
  • Өрхийн үйлдвэрлэл болон бичил бизнес эрхлэгчид
  • Гадаадад сурч, ажиллаж байгаад ирсэн иргэд
  • Албан бус хөдөлмөр эрхлэгчид

Хөтөлбөр нь нийслэлийн төр захиргааны байгууллага, дүүрэг, хороод, өрх, иргэд,  аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж  үр дүнд хүрэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх