Хаврын урь ирсэн энэ өдрүүдтэй зэрэгцэн эцэг, эхчүүд хүүхдийнхээ төгсөлтийн шалгалт, зуны амралт гээд олон зүйлсэд санаа тавьж эхлэдэг. Энэ удаад бид энэ зун Монголд болох хүүхдийн хамгийн том арга хэмжээ болох Ази Номхон Далайн бүсийн 31-р Жембори буюу Скаутуудын чуулга уулзалтыг Монголдоо зохион байгуулах гэж байгаа Монголын Скаутын Холбооны гүйцэтгэх захирал Д.Баяржаргалтай ярилцлаа.
Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Скаутын хөдөлгөөний зорилго юунд чиглэдэг вэ? Өнөөдөр Монголд ямар хэмжээнд хөгжиж, ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
Хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд анхаарал хандуулсанд баярлалаа. Монгол улсад скаутын хөдөлгөөн үүсээд 26 жил, скаутын холбоо байгуулагдаад 25 жил болжээ. Дэлхий даяар 110 жил хөгжсөн энэ байгууллагын гол зорилго нь хүүхдийг хамт олных нь дунд, идэвхитэй үйл ажиллагаа, шинжлэх ухаанч албан бус боловсролын системээр дамжуулан нийгмийн сайн иргэн болгон төлөвшүүлэн, хөгжихөд нь туслах явдал байдаг. Өнөөдөр Монгол манай оронд 10,000 гаруй хүүхдүүд байнгын идэвхитэй скаутын анхан шатны нэгжийн гишүүн байна. Тэднийг хөгжүүлэхээр 500 орчим насанд хүрэгч сайн дураараа ажиллаж байгаа. Бид нэг ч болов хүүхдийг сайн иргэн болгохоор өөрсдийн боломжоор хичээн ажиллаж байна.
Энэ жил Монголд өмнө болж байгаагүй том хүүхдийн арга хэмжээ болно гэлээ. Жембори гэдэг нэрийг тайлбарлана уу?
Тиймээ Монголын скаутын холбооны хамт олон 2012 онд эрхийг нь авсан Ази Номхон Далайн бүсийн Жембори хэмээх том арга хэмжээг энэ зун 7-р сарын 27-ноос 8-р сарын 2-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах гэж байна. Жембори гэдэг нь скаут хүүхэд, залуучуудын хамгийн том чуулган, баяр наадам бүхий майхант зуслан гэж ойлгож болно. Спортынхноор бол Азийн тоглолт, улс төрийн хүрээнд ноднин Монголд болсон АСЕМ шиг л том хүүхэд, залуучуудын арга хэмжээ юм даа.
Энэ зун болох Жемборийн онцлог нь юу вэ? Хичнээн хүүхдүүд хамрагдах бол.
Монголд өмнө нь 1500 хүүхдийн арга хэмжээ хамгийн томдоо орж байсан. Энэ жилийн Жембори бүсийн арга хэмжээ тул нийт 6000 гаруй оролцогчид, 2000 орчим зохион байгуулагчтай болно. Гадаадын 50 орны 2000 хүүхэд, залуучууд, Монголын 21 аймаг 9 дүүргийн 4000 гаруй хүүхэд, залуучууд оролцоно.
Энэ том арга хэмжээ ямар хугацаатай болдог вэ? Дараа Монголд ахин зохион байгуулагдах уу?
АНДБүсийн Жембори 4 жилд нэг удаа болдог. Манай бүс 25 гишүүн оронтой. Улс болгоноор дамжаад ирнэ гэвэл манайд ахиад 100 жилийн дараа л болох юм. Тэгэхээр энэ цаг үед төрсөн хүүхдүүд үнэхээр азтай хүүхдүүд юм.
Нэгэнт ийм том арга хэмжээ болж байхад эцэг, эх бүхэн хүүхдээ оролцуулахыг хүсэх байх. Гэтэл заавал скаут хүүхдүүд л орох ёстой болов уу?
Бидний зүгээс нэгэнт бүсийн арга хэмжээг Монголдоо авч чадсан болохоор энэ удаад скаутуудаас гадна скаутыг сонирхож байгаа бүх л хүүхдүүдийг хамруулахыг хүсч байгаа. Тиймээс ч “Сум, сургууль бүрээс 10+1” гэсэн уриа дэвшүүлсэн. Энэ нь сургуулиуд зохион байгуулалтанд ороод 10 хүүхэд 1 багштай оролцуулах боломж байгаа гэсэн үг.
Тэгвэл орон нутгаас болон хотын сургуулиудаас оролцох хүүхдүүдэд ямар шаардлага тавьж байгаа вэ? Хэрхэн бүртгүүлж оролцох вэ?
Монголын Скаутын Холбооны 11-324171, 99960606 утсуудаар холбогдон өөрийн аймаг, дүүргийн скаутын зөвлөлийн дарга нартай холбогдоно. Тэд хэрхэн зохион байгуулалтанд орох, яаж бүртгүүлэх, ямар зүйлс бэлдэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Та жемборийг АСЕМ болон Азийн тоглолттой зүйрлэж байна. Уг арга хэмжээнүүдийн бас нэг том зорилго нь эх орноо сурталчилах байдаг. Жемборийн үеэр Монголоо сурталчлах ямар үйл ажиллагаанууд багтсан бэ?
Энэ үйл ажиллагааны эрхийг авахаасаа эхлээд л Монголоо сурталчилж эхлэсэн гэхэд буруудахгүй. Бид Жемборийг “Go Nomad” буюу “Нүүдэлчдийн зүг” гэсэн уриатайгаар зохион байгуулж байгаа. Мөн арга хэмжээний бүтэн нэг өдрийг оролцогч хүүхдүүд өөрийн улс, аймаг, дүүргийг бусаддаа сурталчлан, таниулах үйл ажиллагаанд төлөвлөсөн. Гадаадаас оролцож байгаа 2000 гаруй хүүхдүүдэд Монголын нүүдэлчин соёлын төрөл зүйл бүрийг таниулахаар Хүй долоон худагт “Нүүдэлчин соёлын цогцолбор” ажиллуулж бүх хүүхэд, насанд хүрэгчдийг хамруулна.
Хүүхдүүд 7 хоногийн хугацаанд яг юу үзэж, сурч, танин мэдэх боломжтой вэ?
10 хүүхэд 1 багш нийлээд салаа болно. Бүх л арга хэмжээнд энэ салаагаараа оролцож, хоолоо хамт идэж, байгальтайгаа ойр амьдрана. Энэ нь хамгийн наад зах нь тэднийг хамт олонч, багаар ажиллаж чаддаг, бусдынхаа өмнө хариуцлага хүлээх, хоолоо хийж идэх, майхандаа цэвэр сайхан амьдрах, бие даан хөгжих гэх мэт олон дадал чадварт сургана. Мэдээж үе тэнгийнхээ гадаад, дотоод хүүхдүүдтэйгээ танилцаж, найзын хүрээгээ нэмэх, өөрийгөө жишиж харах, шинэ хүсэл тэмүүлэлтэй болох, хэлний мэдлэгээ дээшлүүлэх гээд олон боломжууд байна. Түүнээс гадна хүүхдүүд дараах 4 том цогцолбор төвөөр салаагаараа зочилж шинэ мэдлэг, дадал, туршлага олж авахаас гадна хамт олноороо бэрхшээлийг даван туулж, бүтээх болно.
– Адал явдалт цогцолбор-Төрөл бүрийн авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөөнүүд,
– Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор-Шинжлэх ухааны туршилтууд, танин мэдэхүйн сонирхолтой өртөөнүүд,
– Браунси арал цоцолбор-Скаутын төрөл бүрийн чадваруудыг олгох, шинээр суралцах өртөөнүүд,
– Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор-Амьдралд хэрэгтэй, дэлхийн иргэний хувьд анхаарал хадуулах мэдээллүүдийг багтаасан өртөөнүүд,
Энэ арга хэмжээг төр засаг болон бизнесийн байгууллагууд хэрхэн дэмжин ажиллаж байгаа вэ?
Бүсийн Жембори нь Засгийн газарын 2016 оны тогтоолоор 2017-2018 онд засгийн газраас дэмжин ажиллах төвлөрсөн арга хэмжээний жагсаалтанд орсон. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Мөн олон хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахыг хүссэн бизнесийн байгууллагууд ивээн тэтгэгч, ханган нийлүүлэгчээр хамтран ажиллахаар саналаа тавиад байна.
6000 гаруй хүүхдийн арга хэмжээ зохион байгуулж байгаа танай хамт олны бэлтгэл ажил ямар түвшинд явж байгаа вэ? Эрүүл, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлсэн бэ?
Энэ арга хэмжээний эрхийг авснаас хойш гадаадын туршлагатай 20-30 хүнтэй экспертүүдийн баг 4 удаа ирж бидний ажлыг дүгнэж, зөвлөгөө өгсөн. Бид олон улсын стандартын түвшинд бэлтгэж байгаа бөгөөд одоогоор бэлтгэл ажил 80 орчим хувьтай явж байна. Хүүхдийн арга хэмжээ тул аюулгүй байдал, эрүүл ахуй хамгийн нэгдүгээрт тавигдан хоёр ч томоохон баг гадаад, дотоодын өндөр зэрэглэлийн зөвлөхүүдийн хамт ажиллаж байна.
Үнэхээр сонирхолтой бас асар том арга хэмжээ болох юм байна. Магадгүй миний асуугаагүй үлдээсэн чухал мэдээлэл байна уу?
Одоогоор бидэнтэй холбогдож амжаагүй сургуулийн захирал, нийгмийн ажилтнууд та бүхнийг бидэнтэй нэгдэж уг арга хэмжээнд хүүхдүүдээ зохион байгуулалттайгаар оролцуулахыг хүсч байна, мөн эцэг, эхчүүд та бүхэн ч гэсэн хүүхэддээ олдсон энэ сайхан боломжийг бүү алдаарай хэмээн хэлмээр байна.
За их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсэе!