Монголын цагдаагийн байгууллагад анх цагдаагаас эхлэн ажиллаж, өнөө ч залуу үеийнхэнтэй мөр зэрэгцэн яваа Л.Билгээ хурандаагийн хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.
Түүнийг төрийн дээд одон гардсанд цагдаагийн байгууллагынхан төдийгүй Монголын үе үеийн сэтгүүлчид чин сэтгэлийн баяр хүргэж байна. 1990 –ээд оны эхээр гэмт хэргийн мэдээ, шүүхийн танхимын сурвалжлагыг олон нийтэд ил тод нээлттэй мэдээлж байх үед Л.Билгээ хурандаа сэтгүүлчидтэй хамтран ажиллаж, нийгэмд эерэг уур амьсгал төлөвшүүлэхийн чухлыг онцолж байсан юм.
Хэвлэл мэдээллийнхэнтэй ойр дотно ажиллаж, залуу сэтгүүлчдэд түшиг болж байсныг нь түүнийг төрийн дээд одон гардаж байхад нь үе үеийн сэтгүүлчид бахархан ярьж байв.
Л.Билгээ хурандаа одоо ЦЕГ-ын ахмадын хорооны даргаар ажиллаж байна. ШУА-ийн философийн хүрээлэнгийн хүндэт доктор, профессор Л.Билгээгийн цагдаагийн алба хаагчдыг сургаж, бэлтгэх,цагдаагийн байгууллагын ажил үйлсийг сурталчлах,залуу үеийг ахмадын гавьяат үйлсээр хүмүүжүүлэхэд оруулж буй нөр их хөдөлмөрийг Монголын төр ийнхүү үнэллээ. Түүний цагдаа судлалын ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан,одоо ч тасралтгүй эрэл хайгуул хийж яваа төдийгүй хэвлэн нийтлүүлсэн бүтээл олон ном товхимол нь өдө тутмын ажилд гарын авлага, ширээний ном болсныг мэргэжил нэгт нөхөд нь сайшаан магтаж байсан юм.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан Л.Билгээ хурандаад баяр хүргэе,ажилд нь амжилт хүсье.