УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНООС ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН- 2017.02.20
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 21 удаа хуралдаж, хуулийн төсөл 16, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 3, олон улсын гэрээ, конвенцийг зөвшилцөх асуудал 3, Байнгын хорооны тогтоол 12-ыг хэлэлцэн шийдвэрлэж, харьяа яам, байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл 4 удаа сонссон бөгөөд тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо нийт 3 удаа хуралдсан байна.
Чуулганы хугацаанд Төрийн болон албаны нууцын тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай зэрэг 7 бие даасан хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан.
Байнгын хорооны хуралдаанаас чиглэл, үүрэг өгсөн тэмдэглэл 16, санал, дүгнэлт 31, эцсийн хэлэлцүүлгийн танилцуулга 4-ийг гаргаж, зөвшилцсөн асуудлаархи 13 санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 7 ажлын хэсэг нийт 13 удаа хуралдсан байна.
Мөн тус Байнгын хорооны дарга, гишүүд болон ажлын албаны ажилтнууд Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дотоодын цэргийн тухай хуулийн төслүүдийн Хууль зүйн Байнгын хорооны ажлын хэсэг болон дэд ажлын хэсгүүдэд хамрагдан ажиллав.
Түүнчлэн Байнгын хорооны тогтоолоор “Төрийн цэргийн байгуулалтыг хөгжүүлэх стратеги-2030” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, төслийг боловсруулан батлуулахаар Засгийн газарт хүргүүлсэн болно.
Байнгын хорооны дарга болон ажлын албаны ажилтнууд “Тусгаар тогтнол-Гадаад бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын хэлэлцүүлэг, Бельгийн Вант Улсын Брюссель хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, НАТО-гийн улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний батлан хамгаалах их сургуулиас зохион байгуулсан “Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх арга зам” онол-практикийн бага хуралд тус тус оролцсноос гадна “Монгол Улсын аюулгүй байдал-2016” судалгаа, шинжилгээний альманахынхамтран зохиогчоор оролцлоо.
Чуулганы хугацаанд Байнгын хорооны дарга, гишүүд Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудын талаар харилцан санал солилцов.
Монгол Улсын Гадаад харилцааны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан.
Байнгын хорооны дарга, гишүүд, ажлын албанаас тайлангийн хугацаанд нийт 12 удаа уулзалт, ярилцлага зохион байгуулав. Үүнд: Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гишүүдийн хамтаар АНУ, Казахстан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, ХБНГУ-ын Холбооны аюулгүй байдлын бодлогын академийн ерөнхийлөгч Карл-Хайнц Камп, Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн дэд захирал Филипп Флюри, АНУ-ын Засгийн газрын гадаад тусламжийн агентлаг Мянганы сорилтын корпораци (MCК)-ийн Сонгон шалгаруулалт хариуцсан захирал Кристофер Мэлони, Европын аюулгүй байдал судлалын Жорж Маршалын төвийн дэд захирал Свен Гарейс, ОХУ, БНХАУ-ын цэргийн атташе болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна гэж Байнгын хорооны Ажлын албанаас мэдээлэв.