БСШУСЯ, Биеийн тамир, спортын газраас тус наадамд баг, тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулахад онцгой анхаарч, тамирчдын замын зардал, хувцас хэрэглэлд зориулан 172 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн, багийн бүрэлдэхүүний хувцсыг үндэсний үйлдвэрлэгчдээрээ захиалан хийлгүүллээ. Арга хэмжээг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан үг хэлсэн юм. Тэрбээр “Тэмцээндээ амжилттай оролцохын зэрэгцээ бусад орнуудын сургалт дасгалжуулалтын арга барил, туршлагаас судалж, шинжлэх ухаанч, бүтээлч байдлаар хандан Монгол хүн, тамирчин хүний ёс зүйг өндөрт өргөн, эрхэмлэж явахыг хүсье. Азийн өвлийн спортын наадмуудад гаргаж байсан өмнөх амжилтаа ахиулж, Монгол түмний итгэл найдварыг өндөрт өргөн, Саппорогийн тэнгэрт албан соёмбот төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа олонтоо эгшиглүүлэхийг спортод хайртай монгол түмнийхээ өмнөөс хүсэн ерөөе” гэв.
Тус наадамд цана, тэшүүр, биатлон, хоккей, кёрлинг гэсэн спортын 11 төрөл зайд шар тивийн 45 орны баг тамирчид 64 багц медалийн төлөө өрсөлдөнө. “Саппоро-2017” Азийн наадамд манай баг тамирчдын хувьд гүйлтийн тэшүүр, шорт трек, уулын цана, биатлон, хоккейн төрөлд 28 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 42 тамирчин хурд, хүчээ сорих юм. Тус наадмын Монголын шигшээ багийн тугчаар биатлоны төрөлд өрсөлдөх Э.Бархүүг томилов. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө биатлоны Европын АШТ-д амжилттай оролцоод ирсэн билээ.