М.Энхболд: Хөдөөгийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь хямралаас гарах нэг гол алхам байх болно

2017 оны 02-р сарын 16 өдөр, 15 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bayanulgii

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёрдугаар сарын 15-ны өдөр Ховд аймгаас Баян-Өлгийд ирэв.

Замдаа Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2-р багийн малчин Х.Есенкелдийнд зочлов. Х.Есенкелдийнх хэдэн үеэрээ Толбо нуурын эргэн тойрон нутагласаар өдийг хүргэсэн, малч удмын хүн аж. Эднийх аймаг, сумандаа шилдэгт тооцогддог малчдын нэг. Хонь, ямаа голлосон 1000 гаруй малтай, хоёр хүүхэд нь удмаа дагаж малчин болсон байна. Эдний гал голомтод Монголын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, Н.Багабанди нар зочлон ирж байсан бөгөөд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын дарга М.Энхболд айлчлан ирсэнд бэлгэшээн баярлаж байгаагаа гэрийн эзэн хэлж байв.

М.Энхболд дарга тэдэнд мал сүргээ өсгөх, ашиг шимийг нь бүрэн ашиглах, малчдын залуу халааг бэлтгэх, мал аж ахуйгаа дагасан жижиг үйлдвэрлэл хөгжүүлэхийн чухлыг онцлон захиад удахгүй болох Наурызын баяраа сайхан тэмдэглэхийг, айл хотлоороо амар жаргалантай амьдрахын ерөөлийг дэвшүүлэв.

УИХ-ын даргыг Өлгийд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул жагсан угтаж, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар орон нутгийнхаа ажил байдлаас танилцуулав.

47.5 мянган ам км газар нутагтай, 13 сум, нэг тосгон, 90 багтай, 102.0 мянган хүн ам, 23.3 мянган өрх, түүний дотор 8800 малчин өрхтэй, 2.2 сая малтай тус аймгийнхан дулаахан, сайхан өвлийг үдэж байна. Булган, Сагилаас бусад сум цас зудгүй, 2016 онд мал өссөн дүнтэй байна.

Аймгийн удирдлагууд 1974 онд, 50-иад мянган хүн амтай байхад баригдсан Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинэчлэх, Өлгий-Ховдын хоорондох 100 гаруй, Цагааннуур-Улаанбайшинтын чиглэлийн 25.8 км хатуу хучилттай замыг дуусгах, Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжиж буй босоо тэнхлэгийн замын трассыг Өлгийн төвөөр биш, хажуугаар тавьж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүслээ. Түүнчлэн сумын дайтай буюу 10 жилийн дунд сургууль, эмнэлэг, цэцэрлэгтэй, хүн ам олонтой 6 багийг сум болгож өгөхийг хүссэнийг “Хуулийн дагуу сум, аймгийн ИТХ шийдвэрээ гаргаж ирүүлбэл УИХ хэлэлцэнэ” гэж УИХ-ын дарга хэллээ.

Тус аймагт хамгийн тулгамдсан асуудал нь ажилгүйдэл аж. Ажилгүйдлийн түвшин улсын дунджаас их буюу 14.9 хувьтай байна.

УИХ-ын дарга М.Энхболд аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ төр, засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомж, тэдгээрийн ач холбогдлын талаар танилцуулав.

Тэрбээр:

-Өмнөх Засгийн газрын алдаатай бодлого, үйл ажиллагааг засаж залруулах, унаж уруудсан эдийн засгаа сэргээхэд төр, засаг, бүхий л аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүхний хүчин чармайлт шаардлагатай. Аймгуудад иргэдтэй уулзаж явахад хүндрэлийг даван туулахад зориулж мал өгье, мөнгө хөрөнгө, цалин тэтгэврээ хандивлая гэсэн хүмүүс цөөнгүй байна. Тэдний энэ сайхан сэтгэлд гүнээ талархаж байна. Гэхдээ хүн бүр ажиллаж, хөдөлмөрлөж, бүтээн босгож байж амжилтад хүрнэ гэдгийг мартаж болохгүй.

УИХ-аас эдийн засгаа сэргээх, төсвийн нэгдмэл байдлыг хангах, ахмад настан, эхчүүд, хүүхэд, малчдын талаар авах нийгмийн хамгааллын бодлого, банк санхүү, үйлдвэрлэл эрхлэлтийн эрх зүйн орчныг сайжруулахад голлон анхаарч ажиллалаа. Тухайлбал, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй хөнгөн, хүнсний 4 чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 1.0 хувийн татвар ногдуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ бол хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд маш том боломж гэж харж байна. Хүн бүхэн, айл өрх бүр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж орлоготой, ажилтай байж гэмээнэ бид хямралаас богино хугацаанд гарч чадна. Хөдөөгийн бизнес эрхлэгчдийг дэмжих нь хөдөөд байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэл хөгжүүлэх гол алхам байх болно. Энэ зорилтыг бүс нутгийн хөнгөлөлтийн бодлого явуулах замаар хэрэгжүүлэх нь зөв гэж үзэж байна.

Ажлын байр бий болгож буй санаачилга бүрийг дэмжих нь чухал. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, тээвэрлэлт, худалдаанд татварын хөнгөлөлт олгох нь зүйтэй. МАН засгийн эрх барьж байх үедээ Хөдөө аж ахуйн бирж байгуулсан нь эхний үр дүнгээ өгч байсан ч өнгөрсөн 4 жилд үндсэндээ хаягдсаныг засаж залруулах арга хэмжээ авна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж, энэ төрлийн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэглээг бүрэн хангах, цаашид экспортлогч орон болох зорилтоо цаашид тууштай үргэлжлүүлнэ.

Бид төрийн албанд сахилга хариуцлагыг бэхжүүлэх, төрийн институци, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэхэд анхаарч байна. Хэрвээ үүрэгт ажлаа сайн хийж чадахгүй, дутагдал гаргавал албан тушаалд томилж болсон юм, хариуцлага тооцож бас болно гэсэн зарчмыг бид баримталж байгаа гэдгийг дуулгая гэлээ.

Иргэд аймагт Нэгдсэн эмнэлэг, Цементийн үйлдвэр барих, бүрэн дунд боловсролын 2-р сургуулийн дутуу гүйцэтгэлтэй барилгыг дуусгах, Хүүхдийн хөгжлийн ордон байгуулах, ажилгүй иргэдийг ажилтай болгох, Астана-Өлгийн чиглэлд нислэгийн шинэ шугам нээх, хил гаалийн ажмиллах цагийг уртасгах зэрэг саналыг тавьж, цөөнгүй асуулт тавьсанд УИХ-ын гишүүн А.Баделхан, Г.Солтан, УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр, Дэд сайд Ё.Отгонбаяр, Л.Бямбасүрэн, Б.Цогтгэрэл, Ж.Сауле нар хариулт өглөө.

Мөн аймгийн төвийн дулааны алдагдлыг багасгах, утаа ихсэж буй тул эртнээс арга хэмжээ авах, үүний тулд Улаанбаатар болон бусад аймгуудад хэрэгжүүлж эхэлсэн шөнийн цахилгааны хөнгөлөлтөд Өлгийнхнийг хамруулах санал гаргасанд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хариулт өглөө.

Иргэд Үндсэн хуульдаа зохих өөрчлөлтийг оруулах, хууль ёсыг төрийн байгууллагуудад сайтар сахиулах нь нэн чухал байгааг УИХ-ын даргад хандан захиж байлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх