Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ирэх өдрүүдэд цас орж, шуурах төлөвтэй байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-16-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 13,16-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 14-15-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус байна.
Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтэрнэ.