Гялгар уутны хэрэглээнээс татгалзахыг уриаллаа

2017 оны 02-р сарын 10 өдөр, 17 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uut

Нийслэлийн Байгаль орчны газар, “ТЕХНОЖ БИТ” ТББ, Финландын ФЛОМ байгууллагын төлөөлөгчийн газартай хамтран олон нийтэд гялгар уутны хор уршигийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачлага өрнүүлж байгаа талаараа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ. Хэвлэлийн хуралд нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, “ТЕХНОЖ БИТ” ТББ-ын захирал Г.Галаарийдий, НБОГ-ын Төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Золзаяа болон ТББ-уудын төлөөллүүд оролцов.

“Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачилга төслийг Дэлхийн зөн Монгол, Флом олон улсын байгууллагатай хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс энэ сарын 28 хүртэл хэрэгжүүлж байгаа аж. Төслийн нөлөөллийн ажлыг НЗДТГ, ХУД, СХД, Дундговь, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, их дээд сургуулиуд, супермаркетууд, сайн дурын ажилтан оюутнууд хамтран дэмжиж ажиллаж байгаа гэдгийг оролцогчид хэлж байлаа.

“ТЕХНОЖ БИТ” ТББ-ын захирал Г.Галаарийдий “Өнөөдөр дэлхий нийтэд хог хаягдал тэр дундаа хүний хүчин зүйлээс хамаарсан бохирдол чухал асуудал болоод байна. Тогтвортой хөгжлийн зорилтыг дэлхийд олон байгууллагууд дэвшүүлэн тавьж, улс орнууд нэгдэн ажиллаж байна. Энэ хүрээнд бид Цагаан сарын баярыг угтан ногоон дадал зуршлыг бий болгоё, бие биедээ даавуун тор, улавч бэлэглэх хөдөлгөөн өрнүүлж байна. Улаанбаатар хотод өнөөдөр агаар, хөрс, усны бохирдол анхаарлын төвд ороод байна. Энэ бохирдлыг бууруулах үүднээс олон санаачилга гаргаж байгаагийн нэг нь гялгар уутнаас татгалзъя гэсэн уриалга гаргаж байгаа юм. Нийслэлийн иргэд нэг өдөрт л 660 тонн гялгар уутыг хог дээр хаяж байна. Энэ нь байгальд маш их хор хөнөөлтэй” хэмээлээ.

НБОГ-ын төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Золзаяа “Нийслэлийн иргэд маань хариуцлагатай хэрэглэгч байгаасай гэсэн үүднээс бид энэхүү урилга, санаачилгыг дэмжин ажиллаж байгаа юм. Иргэд маань долоо хоногийн нэг өдөр автомашингүй байж сурсан. Харин одоо сардаа нэг удаа гялгар уутны хэрэглээнээс  татгалзаж сураасай гэдэг үүднээс энэ ажлыг эхлүүлж байна. Цаашдаа олон цуврал ажил өрнөх болно. Иргэд та бүхнийг энэ төслийг дэмжин ажиллаасай гэж хүсч байна” хэмээсэн юм.

Олон улсын жишгээр “ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗАХ ӨДӨР”-ийг санаачлах хөдөлгөөн өрнүүлж  төр, олон нийтэд гялгар уутны хор уршгийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нөлөөлөл хийснээр байгаль орчин болон хүний эрүүл мэндийг хамгаалах, ногоон хөгжилд бодитой хувь нэмэр оруулах болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

Дэлхийд жилд 1.3 тэрбум тонн хог хаягдал гардаг бөгөөд түүний 30 хувийг гялгар уут эзэлдэг аж. Өнгөрсөн 30-аад жилд хог хаягдлын хэмжээ 10-34 хувиар нэмэгдсэн байна. Хүн гялгар уутыг ердөө 12 минут ашиглаад хаядаг гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Дэлхийн хэмжээнд 1 минутад 1 сая гялгар уут ашигладаг байна. Жилд 4 тэрбум гялгар уут хог болон хаягдаж экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж байна. Хүний зохисгүй хэрэглээнээс үүдэн хаягдаж хөрсөнд булагдвал 100-500 жил оршин ялзрахдаа химийн хорт бодис, хий ялгаруулж, хүний өвчлөлийн нэг шалтгаан болж, хөрс, ус, агаарыг бохирдуулж, амьтан ургамлыг үхэлд хүргэдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх