Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав өнөөдөр /2017.02.09/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Шинээр томилогдон ирсэн эрхэм Элчин сайд таньд баяр хүргэе. Хоёр орны найрамдалт харилцаа гүнзгийрч, шинэ шатанд гарч буйг онцолмоор байна. Япон Улсын тусламж, дэмжлэгээр Монголд олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн бөгөөд ойрын хугацаанд хоёр улсын стратегийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа. Өмнө нь Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Япон улсад олон удаагийн айлчлал хийж хамтын ажиллагаа өрнүүлж байсан. Энэ сарын 24-ны өдөр Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохионо. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам бэлтгэл ажил ханган ажиллаж буйг дуулгахад таатай байна.” гэдгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тодотгосон юм.
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока “Эрхэм УИХ-ын дэд дарга Я.Санжмятав таныг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлье. Энэ албанд томилогдоод удаагүй ч Монголын холбогдох албаныхантай уулзалт хийж шаардлагатай мэдээллийг авч байна. Хоёр орны стратегийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах асуудал хурдан шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орны найрамдалт харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд таны дэмжлэг чухал. Энэ ч үүднээсээ өнөөдрийн уулзалт их чухал. Япон Улсаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд Монголын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсанд бидний хувьд таатай байна” гэж хэллээ.
Талууд бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.