Сүүлийн үед “Амьдралын бэлэг”, “Ханьдаа”, “Амьдрал хайраар гоёдог” зэрэг олон сайхан хайрын дуунуудаараа яах аргагүй олон мянган сонсогчидынхоо талархалыг хүлээгээд байгаа дуучин бол хоймор нутгийн хүү СТА Я.Гэрэлчулуун билээ.
Тэрбээр эх орондоо төдийгүй дэлхийн 10 гаруй оронд ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчууддаа “Монголоо санасан сэтгэл” тоглолтоо тун амжилттай хүргээд ирсэн аж. Тэгвэл саяхан гаргасан “Амьдрал чамд хайртай” нэртэй цомгоороо нэрэлсэн өөрийн хоёр дахь бие даасан тоглолтоо тун удахгүй хийхээр болсон гэнэ. Түүний энэ удаагийн тоглолтонд өөрийнх нь бүх шилдэг уран бүтээлүүд нь дуулагдахаас гадна нэгэн цаг үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид, өөрийнх нь шүлгээр бүтсэн дуунуудыг дуулж оролцохоороо онцлогтой юм байна.
Дуучин залуу өөрийн цахим хуудаснаа “…Миний дууг сонсдог түмэн олондоо баярлалаа. Та бүхэндээ зориулж миний бие 2017 оны 02 сарын 14 буюу гэгээн хайрын өдөр “Амьдрал чамд хайртай” тоглолтоо хүргэх болсондоо баяртай байна…” гэсэн байна. Юутай ч дуулсан дуу бүр нь сэтгэлийнх байдаг дуучныхаа урлагийн зам, удахгүй болох тоглолтонд нь их амжилт хүсье.