Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зарим нутгаар -3 градус хүрнэ хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Мөн Улаанбаатарт энэ баасан гарагт -8, бямбад -7, ням гарагт -6 градус болж дулаарах хандлагатай байна. Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээгээр:
13-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11, 13-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 20-25 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр14-19 градус,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 11-13 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.