УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хийсэн юм.
Тус байнгын хороо 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хийж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгасны зэрэгцээ төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй найруулгын зарим засварыг төсөлд тусгаж эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Мөн хуулийн төслийг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 5 саналын томьёолол бэлтгэснийг хэлэлцэж дэмжжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сарангэрэл нар асуулт асууж тодруулан хариулт авсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Улмаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.6 хувийн саналаар бүхэлд нь батлав. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан холбогдох 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг эцэслэн баталлаа.