БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Дэд сайд Ё.Отгонбаяр нар өнөөдөр /2017.02.02/ их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнолын төлөөх мөнхийн үйлс” үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.
Тус үзэсгэлэнг БСШУСЯ, “Монголын үндэсний музей” хамтран 2017 оны хоёрдугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгуулж, үзэгч олноо толилуулж байна. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их жанжин Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 02-ны өдөр Их хүрээний Зүүн дүүрэг, Элбэг Амгалан гацаанд мэндэлсэн бол маршал Х.Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 08-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлжээ. Эдгээр эх орончдын мэндэлсэн өдрийг тохиолдуулан энэхүү үзэсгэлэнг олны хүртээл болгож байгаа юм. Үзэсгэлэнд Их жанжин Д.Сүхбаатар болон маршал Х.Чойбалсангийн амьдралын замнал, түүхэн гавъяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг мөнхжүүлэх зорилгоор эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, одон тэмдэг, бичгийн хэрэгсэл, зэр зэвсэг болон нэрт уран бүтээлчдийн туурвисан урлагийн бүтээлүүд, уран зураг, баримал зэрэг музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 160 гаруй ховор сонин үзмэр, эх хэрэглэгдэхүүн багтжээ. Эдгээрийн дотор жанжин Д.Сүхбаатарын эдэлж, хэрэглэж байсан малгай, дээл, гутал, хөөрөг, даалин, сэлэм маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан тэрлэг, цэрэг малгай, маршал сэлэм, бичгийг хэрэгсэл зэрэг сонирхолтой түүхэн үзмэрүүд бий.