С.Эрдэнэ Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар хүргэнээ томилжээ

2017 оны 01-р сарын 31 өдөр, 18 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bayangol

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга болон удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд өчигдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Баянгол дүүргийн Иргэдийн нийтийн хурлыг хууль зөрчиж, иргэдэд зарлан мэдэгдэлгүйгээр нууцаар хуралдуулан, Иргэдийн нийтийн хурлын дарга, хорооны Засаг дарга нарыг хууль бусаар сонгосон гэдгийг тэд хэллээ.

Түүнчлэн Баянгол дүүрэгт болж байгаа хууль зөрчсөн үйл ажиллагаа, төрийн данхар бүтэц,  зарим байгууллагын удирдлагын чиг үүргийн давхцал хэрээс хэтэрсэн гэдгийг ч хэлсэн. Тухайлбал, тус дүүрэгт  Засаг даргын орлогчоор гурван хүн ажилладагт төдийгүй ИТХ-ын гурван дэд даргатай байгаа гэнэ. Баянгол дүүргийн Иргэдийн нийтийн хурлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24, 25-нд тус дүүргийн 23 хороонд нэгэн зэрэг зохион байгуулжээ. Үүнд хууль зөрчсөн олон үйлдэл гаргасан гэдгийг хэлж байна. Нэгдүгээрт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж Иргэдийн нийтийн хурлыг товыг зарлахдаа 14 хоногийн өмнө иргэдэд зарласан байх ёстой байтал иргэдэд нээлттэй зарлаагүй бөгөөд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн байна. Хоёрдугаарт, Иргэдийн нийтийн хурлыг дээрх өдрүүдэд зарлахдаа зарим хүнд АН-ын гишүүдийн хурал гэж зарлажээ. Дээр нь Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Нямцэцэг  нь 24-нд болсон хурлыг Эрх зүйн байдлын хуралдаан гэж зарлаж иргэдийг тараачихаад, үдээс хойш нь дахин хуралдаж хорооны Засаг даргыг сонгосон байна. Мөн Баянгол дүүрэгт удирдлагын чиг үүргийн давхцал хэрээс хэтэрч байгааг тэд мэдээллээ. Өөрөөр хэлбэл, улс эх орон хямралтай байгаа энэ үед төрийн байгуулалтын данхар бүтэц хэрээс хэтэрч улс дотор улс байгуулагдаж байна хэмээн тэд хэлж байлаа. Тухайлбал, Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын алба 78 хүний бүтэцтэй байгаа аж. Баянгол дүүргийн Засаг даргаар С.Одонтуяа толмилогдоод долоо хоноогүй байхдаа арван хорооны Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч гэдэг нэрээр томилжээ. Энэ нь мөн Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний уирдлагын тухай хуулийг зөрчиж байгаа аж. Өөрөөр хэлбэл, уг хуульд Иргэдийн нийтийн хурлыг жил, улирал бүр иргэдэд нээлттэй зохион байгуулж, иргэддээ үйл ажиллагаагаа тайлагнасан байх ёстой гэсэн хуулийн заалтыг зөрчиж арван хорооны Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр сольсон байна.  Гэтэл эдгээр арван Засаг дарга нь иргэдээс “Хамгийн муу ажилласан” гэсэн үнэлгээг авсан байжээ. Ийнхүү тус дүүргийн ИТХ-ын зарим  төлөөлөгч, иргэд энэ мэт хуулийг ноцтой зөрчсөн, хууль бус үйл ажиллагаагаа зогсоож , Баянгол дүүргийн 23 хорооны Иргэдийн нийтийн хурлыг хууль дүрмийн дагуу иргэдэд нээлттэйгээр дахин зарлаж хуралдуулах албан шаардлагыг дүүргийн Засаг дарга С.Одонтуяад хүргүүлээд байгаа аж.   Мөн өмнөх Засаг дарга нарын тайланг тавиулж иргэдээс үнэлэлт, дүгнэлтийг авч цаашдын үйл ажиллагаагаа явуулахыг хүсэв. Хэрвээ хууль дүрмээ зөрчиж цаашид энэ байдлаар үргэлжилбэл  Баянгол дүүргийн 2000 гаруй иргэнтэй нийлж хууль зөрчиж байгаа үйлдлийн эсрэг тууштай тэмцэж,  Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулах хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн хурлын үеэр Баянгол дүүргийн  ИТХ-ын тэргүүлэгч Ж.Баатар хэлэхдээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тус дүүргийн ИТХ-ын даргаар өөрийн хүргэнээ томилсон талаар мэдээлэв. Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар С.Эрдэнийн хамаатан саднаар бүрдсэн тухай дам яриа сонссон. Гэтэл дотор нь ороод ажиллаад ирэхэд үнэн гэдгийг мэдлээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дүүргийн ИТХ-ын даргаар өөрийн хүргэнээ томилсон. Өөр хаана, ямар хороонд өөрийн хамаатнаа томилсныг би мэдэхгүй байна. Төрөл садангийн сүлжээ ирэх дөрвөн жилд ч үргэлжилнэ гэж би харж байна” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх