Дэлхийн чуулгандаа оролцоорой, бүсгүйчүүдээ

2017 оны 01-р сарын 31 өдөр, 16 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Brazil Argentiin hil deerh Iguza  hurhree

Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбооны тэргүүн Ш.АРИУНААтай ярилцлаа. 

Дэлхийн Эмэгтэйчүүдийн Дээд Чуулган /ДЭДЧ/ ер нь ямар учиртай хурал вэ, дэлгэрэнгүй танилцуулж өгөөч?

-Америкт төвтэй Global summit of women  гэж төрийн бус байгууллага бий. Тэд дэлхий даяар эмэгтэй бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох зорилгоор анх 1992 оноос Дэлхийн Эмэгтэйчүүдийн Дээд Чуулганыг зохион байгуулж ирсэн юм билээ. Анхандаа бизнес эрхлэгч манлайлагч эмэгтэйчүүд оролцдог байсан бол яваандаа төрийн байгууллага, иргэний нийгмийн салбар ч оролцдог болсон. Гол зорилго нь тухайн жилд дэлхийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, чиг хандлага болон эмэгтэйчүүдийн засаглалын хэмжээг тодорхойлдгоороо онцлог.

-Эмэгтэйчүүдийн засаглал гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Дэлхийн томоохон корпорациудын Удирдах зөвлөл болоод менежерийн албан тушаал дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувийг жил бүр гаргадаг бөгөөд засаглалд эмэгтэйчүүд олон байгаа компани амжилттай ажиллаж байгаа дүр зураг жилээс жилд харагддаг. Сүүлийн жилүүдэд Франц болон Японы бизнесийн засаглал дахь эмэгтэйчүүдийн тоо өсөж байгаа.

-Монгол эмэгтэйчүүд хэрхэн оролцох боломжтой байдаг вэ, ямар нэгэн шалгуур байх уу?

-Энэхүү чуулган бүгдэд нээлттэй. Бүх зардал мөнгөө өөрсдөө гаргана, хүсвэл та тэдний сайт руу ороод өөрөө бүртгүүлээд явах боломжтой. Одоогоор Монголоос гурван ТББ зохион байгуулалттайгаар авч явж байна. Ардчиллын үеэс анхлан байгуулагдсан Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Төв 2005 оноос эхлэн авч явсан байдаг. Мөн 90 гаруй жилийн түүхтэй Монголын Эмэгтэйчүүдийн холбоо нь 2008 оноос эмэгтэйчүүдийг зохион байгуулан энэ Чуулганд оролцож эхэлсэн. Манайх байгуулагдсан цагаасаа ДЭДЧ-нд монгол эмэгтэйчүүдийн өргөнөөр оролцуулах бодлого баримтлан ажиллаж байна. Бидний онцлог тал нь нэгэнт хүн цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаад явж байгаа учир аль болох бага зардлаар, аятай таатай явах, аялахыг хичээдэг.  Анх бид 2014 онд Франц улсын нийслэл Парис хотноо болсон ДЭДЧ-нд оролцохоос гадна Итали улсын Венец, Трипорти хотоор аялсан. Дараа жил нь Бразилийн Сан Пауло хотод ДЭДЧ-нд оролцохдоо Аргентин, Бразил улсын хил дээр орших Игуза хүрхрээ орсон гэх мэт. Энэ жилийн хувьд Токио нисэх замдаа Сөүл хотоор аялахаар төлөвлөсөн.

Jpeg

-Ер нь энэ чуулганд оролцсоны ач холбогдол юу байдаг юм бэ?

-ДЭДЧ-ны талаар анх сонсоод надад бас ингэж бодогдож байсан юм. Өөрийн биеэр оролцоод, нүдээр үзээд ирэхээр ач холбогдлыг нь мэдэрдэг. Чуулганы зохион байгуулагч Global Summit of Women-ийн ерөнхийлөгч Ирина Натвидад гэж эмэгтэй бий, маш сайн уран илтгэгч, манлайлагч. Тэр хүний хэлж буй үг бусдад урам зориг өгч, танхим дүүрэн 1000 гаруй хүн нэгэн дуугаар уран үгэнд нь хөтлөгддөг. Дэлхийн мундаг эмэгтэйчүүдтэй чөлөөтэй танилцаж болохын зэрэгцээ тэднээс суралцана. Монгол эмэгтэйчүүд их авхаалжтай, явсан орныхоо байшин барилга, гражийн дээвэр, ногоон тохижилт зэргээс л санаа авчих жишээтэй. Барилгын салбарын хэд хэдэн эмэгтэйчүүд шинэ санаагаа эх орондоо хэрэгжүүлснийг мэдэх юм байна. Тэгээд ер нь жилдээ нэг удаа аялаж, юм үзэж чих онгойх чинь амьдралд шинэ санаа, шинэ эрч хүчийг сэлбэдэг. Уяуулж сурсан морь гэдэг шиг ирэх жилийн Чуулганаа тэсэн ядан хүлээдэг болчихдог.

-Хэлний бэрхшээл тулгарах уу, заавал англи хэлтэй байх ёстой юу? Сурталчилгаа хэрхэн явагддаг вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн энэ бол дэлхийн мундаг эмэгтэйчүүдтэй танилцах чөлөөт орон зай. Мэдээж, хурал бол англи болон НҮБ-ын зарим хэл дээр явагдана. Бидний зүгээс нэгдсэн хуралдааны үед орчуулагч авч байсан. Гэхдээ та завсарлагааны үеэр, салбар хуралдаан дээр бусадтай танилцах, харилцах өргөн боломжтой, хэлээ сайжруулах дадлага болдог гэж хэлбэл хэтрүүлэг болохгүй байх. Сүүлийн жилүүдэд олон улсын сэтгүүлч Ц.Сарантуяа ДЭДЧ-ыг биечлэн сурвалжилж,  тусгайлсан нэвтрүүлгийг Монголдоо телевизийн суваг, интернэтээр цацсан төдийгүй АНУ дахь Монгол телевизээр нэвтрүүлэг мөн явдаг. Бидний хувьд шинэ залуу байгууллага учир өөрсдийн боломжоороо сошиал мэдээллийн хэрэгслэлээр урилга, мэдээллээ хүргэж байна.

-Жил бүрийн Чуулган ижил сэдэвтэй байх уу?

-Үгүй, тухайн жилийн онцлогоос хамаараад өөр байдаг. Гэхдээ хэд хэдэн бүтцийг хадгалдгаараа онцлогтой. Манлайллын чадвараа сайжруулах нь, бизнес эрхлэгчийн ур чадвар, залуучуудын форум гэх мэт. Дээр нь сүүлийн жилүүдэд зөвхөн төрийн байгууллагынханд зориулж “Залуу охид эмэгтэйчүүдэд эдийн засгийн таатай боломж олгох төр-хувийн хэвшийн түншлэл” сэдвээр уулзалт болдог болсон. Харамсалтай нь манай төрөөс энэхүү уулзалтад оролцоогүй л байна. Дэлхий даяар эмэгтэйчүүдэд эдийн засгийн боломж олгож байж ядуурлаас гарна гэдгийг ойлгочихсон, тунхаглаад байна шүү дээ.

-цаашид энэ Чуулганыг илүү үр өгөөжтэй болгох тал дээр танай холбоо юу хийх вэ?

-Илүү олон монгол эмэгтэйчүүд оролцдог болоосой гэж хүсэж байна, дурын хүн www.globewomen.org сайт руу ороод бүртгүүлэх боломжтой. Мянган удаа сонсохоор нэг удаа үз гэдэг дээ, оролцоод ирэхээрээ ач холбогдол, үр шимийг нь илүү мэдрэх болно. Дэлхийн хэмжээний манлайлагчдын Чуулганд монголоо төлөөлөөд ирсэн хүмүүсийн туршлагыг хуваалцах үүднээс өнгөрсөн жилээс бид “ДЭДЧ-ны монгол төлөөлөгчдийн уулзалт” зохион байгуулж эхэлсэн. Төлөөлөгчид маань олж мэдсэн, сурсанаа бусадтайгаа хуваалцах боломжтой, нөгөө талаас тэдний тайлан болдог гэж хэлж болно.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхэн амжилттай сайн яваад ирээрэй.

Ярилцсан: С.Болормаа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (202.179.27.***)
    2017/01/31 19:16

    Гоё ярилцлага байна. МЭХДХ-ны хамт олонд амжилт хүсэе.

    (0) (0)