МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор цагийн болон байнгын ажлын байранд 5 дахь жилдээ зуучилж байна. Өнгөрсөн онд тус бирж байнгын ажлын байранд 4816, цагийн ажлын байранд 13858 залуусыг ажлын байранд зуучилсан байна. Залуучуудын Хөдөлмөрийн Төв биржээс зохион байгуулдаг цагийн ажил хайгчдад зориулсан “Part time” чиглүүлэх сургалтын талаарх мэдээллийг тус төвийн гүйцэтгэх захирал М.Болорцогтоос тодрууллаа.
Залуучуудын Хөдөлмөрийн төв биржид өдөрт хэдэн цагийн ажлын байрны захиалга ирдэг вэ?
М.Б: Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж дээр өдөртөө 20-30 цагийн ажлын байрны захиалга орж ирдэг. Мөн өдөрт 20 гаруй оюутанг цагийн ажилд зуучилдаг.
Монголд цагийн ажлын байрны олдоц хэр байдаг вэ?
М.Б: Цагийн ажил бол манайд боломжийн байдаг. Үйлдвэрлэл, дэд бүтцийн салбар хөгжөөгүйтэй холбоотой тэр чиглэлийн цагийн ажил тааруу байдаг. Борлуулагч, сурталчилгааны ажилтан, барилгын дараах цэвэрлэгээ гэх мэт цагийн ажлууд байнга байж байдаг.
Манай залуучууд цагийн ажил хийх сонирхол хэр их байдаг вэ?
М.Б: Манай залуучууд сүүлийн үед цагийн ажил хийх сонирхол их болсон. Сүүлд хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 60 гаруй оюутан цагийн ажилд бүртгүүлдэг. Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн Facebook хуудсаар зочилдог хүмүүсийн 60 гаруй хувь нь 20-24 насны эмэгтэйчүүд байдаг. Ийм насны хүмүүс цагийн ажлыг түлхүү хайдаг гэдгийг харж болно.
Залуучууд цагийн ажил хийхийн давуу тал нь юу вэ?
М.Б: Цагийн ажил гэдгийг бид нар одоохондоо оюутан л хийдэг гэж ойлгодог. Ажилладаг хүмүүс ч ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох боломжтой байдаг. Цагийн ажил хийх нь олон давуу талтай. Оюутан зохион байгуулалттай болдог, хүнтэй харилцаж сурдаг, их дээд сургуульд заадаггүй зүйлсийг сурах боломжтой. Оюутан цагаасаа ажил хийнэ гэдэг нь тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байгаа гэсэн үг. Ажил хийдэг хүмүүс ажлынхаа хажуугаар онлайн ажил хийх боломж их байна. Монголд онлайнаар хийх боломжтой 100 гаруй төрлийн ажил байна.
Монголд цагийн ажлын дундаж хөлс хэд орчим төгрөг байдаг вэ?
М.Б: Цагийн ажлын дундаж хөлсийг хуулиар тогтоосон зүйл байдаггүй. Байгууллагаасаа шалтгаалаад янз бүр байдаг. Дунджаар нэг цагт ажиллахад 2500-5000 төгрөгийн хооронд байдаг.
Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж цагийн ажил хийх сонирхолтой залуучуудад зориулсан сургалт явуулдаг юм байна. Уг сургалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?
М.Б: Урьд нь манайх цагийн ажил хайж ирж байгаа иргэдийг шууд зуучилдаг байсан. Тухайн хүн ажлын байрны талаар ойлголтгүй байх, ажилдаа хариуцлагагүй хандах зэрэг сул талууд гардаг байсан. Энэ асуудлыг байхгүй болгохын тулд бид цагийн ажил хайгч, цагийн ажилтан нарт зориулан долоо хоног бүрийн Пүрэв гарагт сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтаар цагийн ажил гэж юу вэ? цагийн ажлын дэвтрийн талаар, цагийн ажлын хөлсний тухай, хариуцлагатай цагийн ажилтан гэж хэн бэ зэрэг сэдвээр сургалтыг зохион байгуулдаг. Энэ сургалтад сууснаар залуучууд манай төв дээр бүртгэлтэй болох, цагийн ажлын дэвтэртэй болох, ажилд зуучлуулах боломжтой.
Цагийн ажлын дэвтрийн талаар мэдээлэл өгвөл?
М.Б: 2016 оноос манай төв цагийн ажлын дэвтрийг хэрэглээнд нэвтрүүлсэн ба одоогийн байдлаар 2800 гаруй оюутан цагийн ажлын дэвтэртэй. Энэ нь цагийн ажилтны сургалтанд суугаад цагийн ажлын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон залуучуудад олгодог. Давуу тал нь цагийн ажил хийсэн түүхийг бүтээдэг, хариуцлагатай цагийн ажилтан шүү гэдэг зүйлийн баталгаа болдог. Мөн төгсөөд ажлын байранд ороход тодорхой хэмжээний ажлын туршлагыг илтгэдэг.