Аймаг толгойлж асан нэгний ажил хэрэгч яриа

2017 оны 01-р сарын 31 өдөр, 15 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
badraa

Энд Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраатай хийсэн ярилцлагыг нийтэллээ. Ярилцлага хийсэн цаг хугацааны хувьд бас ч улирч буй гэж болох.Тухайн үедээ нийтлэхэд Сонгуулийн хууль зөрчих байсан тул уншигчийн хүртээл болгож амжаагүй юм.Харин ч одоо тус аймгийн өнөөгийн даргын биш өмнөх Засаг даргынх нь ажил хэрэгч яриа цаг хугацааны тодорхой гэрч баримт болох биз.

-Өмнөговь ч өнгөтэй яваа аймаг даа гэлцэх юм билээ.Танай аймгийн талаар бусад аймгийнхан ам сайтай байдаг.Үүний утга учир юундаа байна вэ?

-Баярлалаа. Аж ахуйн арга гэж бид бараг томъёолох шахуу ярьдаг даа.Манайх тэр дагуу өөрийгөө санхүүжүүлдэг аймаг. Санаачилга байвал хөгжих бололцоо байдгийг  энэ хэдэн жилд аймаг маань харуулсан. Үүний үндэс нь бид ард иргэддээ ойлгомжтой, амьдралд байгаа тодорхой асуудлуудыг намын мөрийн хөтөлбөртөө оруулсан байгаа.Амьдралаас урган гарсан тэрхүү асуудлуудаас нь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлсэн.Амьдралд ойрхон учир хэрэгжих боломжоо олсон хэрэг.

-Та бүхэн боломжийг зөв харахдаа эн түрүүнд юу руу анхаарлаа чиглүүлсэн бэ?

-Өөрийн аймаг Өмнөговьдоо сайхан амьдрахын тулд эрүүл байцгаах ёстой.Бодлого зорилтын энэ хэсэг нэгдүгээрт орсон.Хоёрдугаарт нь боловсролтой байх.Гуравдугаарт нь Өмнөговь аймаг дэд бүтэц сайтай байх гэдгийг онцолсон.Дөрөвдүгээрт өрхийн орлогыг нэмэгдүүлж, иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцтай болгох, амьдрах орчныг нь сайжруулахад тодорхой анхаарч ажилласан.Манай говь нутагт тулгамдсан нэг асуудал нь байгаль хамгаалал юм.Үүнд онцгой анхаарсан. Бид ийнхүү гарын таван хуруундаа багтах таван чиглэлийг мөрийн хөтөлбөртөө суулгаж өгсөн. Тэр чиглэлүүддээ хөрөнгө оруулж ажилласан.Энэ бүхний үрээр Өмнөговь хөгжиж байна гэсэн ойлголтыг өгөөд байгаа.

-Таван салаа зорилтынхоо эхнийхийн хэрэгжилтийн талаар буюу эрүүл мэндийн салбартаа ямар алхам хийсэн тухайд?

-Энэ салбар ер нь хотдоо ч хөдөөдөө ч олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн байгууламжтай байх ёстой юм билээ. Ийм учраас сүүлийн жилүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж гайгүйтай болсон.Монголд хоёрхон байдаг томографийн төхөөрөмжийн нэг нь Өмнөговьд байх жишээний.

-Тухайн салбарын боловсон хүчний хувьд хүрэлцээ хэр вэ?

-Хамгийн гол нь эмч боловсон хүчний хүрэлцээ, орон тооны хувьд нэг үеэ бодвол сайн болсон. Ганц хоёрын зэрэг нарийн мэргэжлийн эмч дутаж байгаа тал бий.Ажиллагсдын хувьд мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлж мэргэшүүлдэг байх чухал.Тэгээд тэд маань илүү санаачилгатай, хариуцлагатай ажиллах учиртай юм. Энэ хүмүүсийнхээ хэлний мэдлэгт анхаарч гадаад хэл сурахад дэм өгөхийг бид  хичээсэн. Яагаад гэвэл гадны оронд очиж мэргэших сургалтад суух, туршлага хуримтлуулахад нь хэлний хэрэглээ шаардагдана.Тиймээс Оюутолгойтой хамтарч гадаад хэлний сургалт зохион байгуулсан.Тэр үндсэн дээр Солонгос, Герман, Тайланд зэрэгт оронд тодорхой хугацаагаар явуулан туршлага солилцуулан мэргэжлийг нь дээшлүүлж байгаа.

-Эмнэлгүүд чинь унаа уншаар хэр найдвартай вэ?

-Өмнөговь чинь улсдаа нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр хамгийн том аймаг.Тиймээс яаралтай түргэн тусламжид туулах чадвар сайтай машин шаардлагатай.Бүрэн тоноглогдсон гурван автомашиныг Герман улсаас бид авчирсан.Тэдний онцлог нь явдал дунд нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх бололцоотой, тоног төхөөрөмж бүхий эд.Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарыг бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд бүтэн анхаарч ажилласан даа.

-Танай аймгийн хэмжээнд хүн амын дунд нийтлэгдүү санаа зовоосон ямар өвчлөл түгээмэл байдаг вэ?

-Нийтлэг санаа зовоож байгаа нь элэг, ходоодны өвчлөл байх аа. Говь маань ундны ус муутай.Тэрнээс болон элэг, ходоод нь өвчлөх тал багагүй тохиолдоно.Бид эмнэлэгтээ тоног төхөөрөмж нэмлээ гээд бүхнийг шийдчихээгүй нь мэдээж.Ер нь өвчлөлийг бууруулах гэж тал талдаа хичээж яваа.Өөр нэг сэтгэл зовнисон асуудал нь эх нялхсын эндэгдэл юм.Зөвхөн эмнэлэг сайхан байхаас гадна тэнд ажиллагсдын дадлага туршлага, мэдлэг мэргэжлээс их зүйл шалтгаалж буй.Эрүүл мэндийнхээ салбарыг цогцоор нь цааш хөгжүүлэх чухал гэж бодох болсон.

-Тус салбарын чинь ахмад, залуу гээд үе солигдох нь хэр байна?

-Ер нь нэг ээлж халааны үе  иржээ.  Эмч эмнэлгийн ажилтан их залуужиж байгаа.Ахмад эмч нараасаа суралцах зайлшгүй шаардлага тэдэнд байгаа болов уу.Онолын мэдлэг нь өндөрч дадлагын хувьд амьдрал дээрээ асууж лавлах юм зайлшгүй гарна.

-Гол зорилтуудынхаа аман хүзүүн дээр авч үзсэн боловсролын салбарын тухайд…?

-Боловсролын салбарын хамгийн гол зүйл нь хүүхдийг хөгжүүлэх юм. Өнөө цаг үед дасан зохицон амьдарч чадах хүн  болгох, түүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх энэ тал дээр анхааран ажиллаж байгаа.

-Өөрөө боловсролын салбарт ажиллаж байсан хүний хувьд аймгийн Засаг даргын албанд томилогдоод боловсролынхондоо үүнийг л шийдээд өгчихье, унаган салбартаа миний хийх ажил энэ гээд цохож төлөвлөсөн зүйлээ хийж амжив уу?

-Би бол боловсролын салбарт 20 гаруй жил болсон. Багшаас эхлээд сургуулийн захирлын албыг хашиж байлаа.Тэр бүхнээс үзэхэд хөдөө сумын сургуульд багшлах боловсон хүчин дутагдалтай байдаг.Сургалтын орчин нь зарим талаараа аймгийн төв, хотынхоос дутуу байдаг.Мөн зарим нэг сумын сургуулийн сургалт нь бусад сургуулийн хэмжээнд хүрч чаддаггүй.Иймэрхүү байдал ажиглагддаг.Бүгд адилхан жигд хөгжих ёстой биз дээ.Тийм болохоор тэр тал дээр анхаарч ажилласан. Энэ богинохон хугацаанд тийм сайтар хөгжүүлж дээшлүүлнэ гэж байхгүй.Олон жилээр сайн зохион байгуулан ажиллаж  байж хэдэн жилийн дараа үр дүн нь гардаг. Ямарч байсан миний тухайд багш хүнийхээ хувьд боловсролын салбараа анхаарч ажиллаад тодорхой хэмжээний ахиц гаргасан.

-Гурав дахь гол асуудлынхаа талаар, “Ланд“ уначихаад, лаа барьдаг аймаг гэгдэж байсан. Яаж өөрчлөгдсөн бэ?

-Өмнө нь Өмнөговь аймгийн хувьд бэрхшээлтэй он жилүүд байсан.Гэрэл чийдэнгүй ч байх тохиолдол цөөнгүйг туулсан.Төвөөс хол, өргөн уудам нутагтай.Аймгийн хамгийн хол сум 316 км зайд бий.

Ийм л учраас  бидний хувьд аймагт дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй юм гээд найман жилийн өмнө ажлаа авахдаа бодсон төлөвлөсөн. Улмаар энэ ажлыг хийсэн.УИХ-д сууж байхдаа Бат-Эрдэнэ, Баярсайхан нар нэлээд анхаарч аймгийн удирдлагын зүгээс чармайж ажилласны дүнд эрчим хүч, гэрэл цахилгааны бэрхшээлээс гарсан.Мөн хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдсон.Энэ бүгд Өмнөговь аймгийн хөгжилд нөлөөлж байгаа.Бас их том ирээдүйг ойртуулж байгаа юм. Цаашид Гурвантэс, Ноён, Сэврэй гурвынхаа гэрэл цахилгааны асуудлыг шийдчихвэл болох нь тэр. Бололцоо бол байгаа.Түүнийг хаа хаанаа харж чадвал болох юм болно.Одоогоор Гурвантэс жишээ нь хөрш Хятад улсаас эрчим хүч импортолж байна.Дотооддоо шийдээд явчих бололцоо бол бий.Аймгийнхаа баруун бүс нутагт цахилгаан станц барих бүрэн боломж байгаа.Эсвэл Баяндалайгаас Ноён сум руу цахилгаан дамжуулах агаарын шугам татах бололцоотой шүү дээ.Хамгийн холын сум Гурвантэсийг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбохын эхлэл 70 гаруй км замыг орон нутгийнхаа төсвийн хөрөнгөөр тавьсан. Энэ жил нэмээд 86 км болгох юм. Алсдаа Даланзадгадтай Гурвантэс сум замаар холбогдоно.Энэ нь хамгийн холын сум маань улсынхаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно гэсэн үг. Одоо аймгийн төвөөс нийслэл рүү хатуу хучилттай засмал замаар орж байгаа.Гурвантэст зам хүрэх тэр үеээс Шивээхүрэнгийн хилийн боомтоос Улаанбаатар руу явах чиглэл бий болно.Тэр нь аялал жуулчлалын хувьд ач холбогдолтой байх болов уу.

-За дэд бүтэц аймгийн чинь баруун талдаа яригдаад байна. Энэ сэдвээрээ зүг чигээ жаахан өөрчилвөл?

-Зүүн урагшаа чигт улсын хөрөнгө оруулалтаар Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл зам тавьчихсан. Улаанбаатарын буюу төв замыг Цогтцэцийтэй холбох 59,6 км хатуу хучилттай замыг барих компани ажлаа эхлүүлж нээлтээ хийгээд удаагүй байгаа. Ерөөс бид улсын төсвөөс ч бай, орон нутгийн төсвөөс ч бай авто замын асуудлыг шийдээд л яваа.

-Замын ажил өртөгт  орон нутгийн төсвөөс хэдий хэр мөнгө гарч байна. Нэг км-т нь гэхэд…?

-За түрүүнд онцлоод ярьсан, эхлээд нэлээд явчихсан баруун чигийн зам байна. Тал хоолой газраа 900 сая төгрөг, уул устай газартаа нэг тэрбум төгрөг болж байгаа.Нийтдээ 307 км урттай зам болох юм.Тэр нь нийтдээ 300 тэрбум орчим төгрөгөөр л бүтнэ дээ.

Энэ бүхий л замтай болчихвол зөвхөн манай аймаг, сум гэлтгүй улс орны хөгжилд ч үр нөлөөтэй дөө.

-Дэд бүтцийн тухайд дараагийн алхам нь гэвэл?

-Бидний өөр нэг ажил нь төв суурин газрынхнаа орон сууцжуулах юм. Сүүлийн гурван жилд гэхэд 1400 орчим айлыг орон сууцанд оруулсан.Хамгийн гол нь хувийн хэвшилтэйгээ түншлээд орон сууц бариулан боломжтой гэсэн айл өрхөө оруулах нь зөв.Цаана нь хараахан орон сууцанд орж чадахгүй гэсэн айл өрхийнхөө хашаанд нь цэвэр бохир усны хоолой хүргэчихье.Түүндээ холбоно.Ийм хоёр арга зам байгаа.

-Иргэд энэ тухайд яаж хүлээж авч байгаа, цаашид хэрхэн хандах бол?

-Аймагт орон сууц төдийлөн баригдаагүй үед иргэд маань байранд ормоор байна гэдэгсэн. Орон сууц баригдахыг тэдний зарим нь  их хүлээдэг байсан. Харин орон сууц нь босоод бэлэн болчихоороо иргэдийнхээ зээлийг хүлээгээд байж байх төлөвтэй.

-Барилгын компанитайгаа түншлэлийн ямар арга хэрэглэн ямар гэрээтэй хамтардаг вэ?

-Хувийн хэвшлийнхэнд газрыг нь гаргаад өгнө, дэд бүтцийн асуудлыг нь шийднэ. Дээр нь орон нутгийн төсвийн хүрээнд 40-50 хувийн дэмжлэгийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр үзүүлдэг.Үүний төлөө орон сууцаа барьж дуусаад манай иргэдэд 1 ам метрийг нь тэдэн төгрөгөөр өгөөрэй гээд жишиг тогтоож өгнө.Захиалгад хамрагдсан айл өрхөд бидэнтэй хийсэн гэрээ-хэлэлцээрийн дагуу жишиг үнээр орон сууц борлуулаад цаана нь үлдэж илүү гарсан байраа зах зээлийнхээ үнээр яаж арилжих нь тэдний эрх юм.

-Аймгийн төвийн маргаашийн төрхийг аймгийн Засаг даргын амнаас сонсвол?

-Даланзадгад ирээдүйд зүүн хойшоо хөгжих ерөнхий төлөвлөгөөтэй. Эхний ээлжид 90 га газарт шинэ суурьшлын бүс байгуулж байгаа.Даланзадгадын Засаг даргын тамгын газрын байрыг тэнд барьсан.Түүнчлэн аймгийн Засаг даргын харьяа зарим агентлаг –газрын байрыг тэнд бариулна.Орон сууцны цогцолбор болон сургууль, цэцэрлэг … гээд тэнд барих барилга цөөнгүй. Тэр бүхэнд дэд бүтэц шаардлагатай.Аймгийн хувьд сүүлийн дөрвөн жилд нийтдээ 24 тэрбум төгрөгийн дэд бүтцийн асуудал шийдсэн байна.Манайх  орон нутгийнхаа төсвийн хүрээнд сургууль, цэцэрлэг барьдаг анхны аймаг болсон. Улмаар Оюу толгойтой хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу тэдний хөрөнгөөр 200 хүүхдийн цэцэрлэг барьсан. Энэ маягаар  орон нутагтаа бүтээн байгуулж л байна. Нэмж хэлэхэд Даланзадгадын цэвэрлэх байгууламж ачаалал даахаа больсон түүнийг шинэчлэхээр Азийн хөгжлийн банкны шугамаар хөрөнгийг нь шийдүүлэхээр гэрээнд гарын үсэг зурчихсан байгаа.Дэд бүтцийн хувьд аймгийн төвд гол нь хамаарна.Бид боломжоор нь шийдээд яваа.

-Усны нөөцийн тухайд Даланзадгад бололцоотой юу?

-Аймгийн төв тэр талаар бололцоотой.

-Та бүхэн байгаль орчны чиглэлээр багагүй ажил өрнүүлсэн гэлүү?

-Энэ жил, ноднин мод тарилаа. Говийн хувьд хамгийн хэрэгтэй зүйл нь мод их тарих юм.Тэгээд ч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлаас болоод цөлжилт газар авч байгааг хэн хүнгүй мэднэ.Өмнөговьт ч энэ өөрчлөлт ажиглагдаж байгаа.Цөлжилт, хуурайшилтыг багасгахаар бид булаг шандны эхээ хамгаалан ойн зурвас бий болгох ажил хийн ус чийг татан хуримтлуулахаар оролдож л байна.

-Урьд өмнө нь хүн ам цөөтэй аймаг байсан. Одоо арай өөр үзүүлэлттэй байгаа. Шилжилт хөдөлгөөн, суурьшлын талаар  нийслэл болон төвийн бүсээс ийшээ ирж байна уу. Ялангуяа уугуул Өмнөговийн гаралтай иргэд нутагтаа буцан ирж суурьших нь хэр байна вэ?

-Би анх 2008 онд аймгийн Засаг даргын ажлыг хүлээж авсан. Тэр үед 47740 хүн амтай байсан.Найман жилийн дараа гэхэд 61000 хүнтэй болжээ.Энэ бол аймагт бүртгэлтэй суурин хүн амын тоо.Үүн дээр уул уурхайд ажиллан ирж, очдог хөдөлгөөнт хүн ам нэмэгдээд 110 000 гаруй болчихсон. Өнөр олуулаагийн  үр өгөөж худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд ашиг тусаа өгч байна. Гагцхүү энэ олуул болчиход хуучин цөөн хүн амд тохируулан төлөвлөж барьсан эмнэлэг, сургууль, цэцэрлэг ачааллаа дийлэхгүйд хүрдэг юм.Тиймээс заримыг нь бид орон нутгийн төсвөөсөө шийдсэн талаар түрүүнд би хэлсэн.

-Асуултаа улс төр рүү чиглүүлье, аймгийнхаа АН-ын дарга нь та. Засаг даргын ажлыг хийхэд тань намын удирдлагын үүрэг хэр нөлөөлдөг вэ?

-Ардчилсан үйл явц өрнөөд 26.5 жил болоход энэ хугацааны 50-иас илүүд нь аймагтаа энэ намын даргын ажлыг хэдэнтээ сонгогдож хийв.Тийнхүү удаа дараа сонсгогдсоны сүүлчийнх буюу энэ ээлжид ес дэх жилдээ хийж байна. Бэрхшээл бол байлгүй яах вэ.Намаа яаж санхүүжүүлэх билээ. Нэгэнтээ улс төрд орсон хүний хувьд сайхан ажил юм.Гагцхүү бодлогоо ард иргэдэд сайн ойлгуулах, мөрийн хөтөлбөрөө зөв боловсруулах, амлалтаа биелүүлэх энэ л намын гол ажил шүү дээ.Энэ бүгд боломжийн байснаас л Өмнөговь аймгийнхан АН-ын бидэнд 2008 онд итгэл хүлээлгэсэн. Цаашид итгэл хүлээлгэж гэмээнэ үргэлжлүүлээд хийх их ажил байгаа.Бидний боловсруулсан 5D хөтөлбөр байгаа, түүнийг хэрэгжүүлээд хөгжүүлээд явахад иргэдийн амьдрал дээшлэх, орон нутаг хөгжих боломжтой юм.

-Танай аймгийн намын байгууллагын хувьд бүтэц бэхжилт хэр вэ?

-Хуучин бол дарга, нарийн бичгийн дарга хоёр л намын ажил гэж явдаг байлаа шүү дээ. Одоо намын дэд дарга, улс төрийн ажилтан, намын хэрэг эрхлэх газрын дарга гээд нэмэгдсэн.Бүр сумдын баг хариуцсан хүн ч бий.Энэчлэн нэлээд том аппараттай болсон.Гишүүд дэмжигчидтэйгээ ажиллахад түвэггүй гэсэн үг.

-Намынхаа боловсон хүчнийг бэлтгэх, улс төрийн ажилтнаа сургалтад хамруулах зэрэгт дэмжлэг хаанаас авч байна?

-Намаа санхүүжүүлэх, ажилтнаа цалинжуулах, зарим нэгнийх нь сургалт семинарийн зардлыг зохицуулах ажлыг намын дарга л голлон гүйцэлдүүлж байна.Намын хорооныхоо татвараас цалинждаг. Бас хүмүүсийн өгсөн хандиваас санхүүжилт босдог. Энэ талаар бас төв намаас үе шаттайгаар анхаардаг юм.Жилдээ 4-5 хүн Удирдлагын академид суралцуулдаг.

-Танай аймгийн гадаад харилцааны төлөв байдал…?

-Манай аймаг БНХАУ-тай хиллэдэг. Урд хөрштэйгөө харилцах давуу талтай.Гашуунсухайт болон Шивээхүрэнгийн хилийн боомт буй.Аль алинаар нь нүүрс экспортолж байгаа.Гэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлээд явах бүрэн боломжтой.Хөрш гүрний ӨМӨЗО-ны хоёр аймагтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.Тэр дагуу уг хоёр аймагтайгаа сайн харицаатай байна.

-Өөрөө бүрэн эрхийнхээ хугацаанд гадаад томилолт олонтой байв уу.Энэ хугацаандаа аль аль оронд очсон бэ?

-Засгийн газраас зохион байгуулсан тохиолдолд явдаг. Харин урд хөршийн хамтын ажиллагаатай аймгуудад гэрээ дүгнэх ажлаар очсон.Бусдаар бол боломжгүй л дээ.

-Аялал жуулчлал хэр өргөжиж байна, аймаг чинь жуулчдын хөлд их дарагддаг уу?

– Манай аймгийн нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын 27 бааз ажилладаг. Цаашид ирэх гадаадын жуулчдын тоог нэмье гэвэл түр хугацааны визийг л шуурхай гаргаж өгөх учиртай.Хилийн хоёр боомтод виз шуурхай олгодог болчихвол манай руу ирэх аялал жуулчлалын зах зээл их тэлнэ дээ.Ялангуяа урд талд Альшаа руу ирдэг олон мянган жуулчнаас наашаа хандана.Даанч виз олголт маш хүндрэлтэй.Түүнээс манай аймагт үзүүлэх сонин сайхан байгаль нь байна.Байрлуулах жуулчны баазууд байгаа.Зам харилцаа сайжирсан.

-Мал аж ахуй тэр дундаа тэмээн сүрэг сайтай аймгийн үзүүлэлт бусдад сонин байх?

-Монгол улсдаа хамгийн олон тэмээтэй аймаг. Нэгэн үе манай аймгийн тэмээн тоо толгой цөөрөөд 60 000 болсон хүнд жилүүд байсан.Одоо аймаг маань 120 000 тэмээтэй шүү дээ.Хоёр бөхт тэмээ дэлхийд ховор амьтан.Тиймээс энэ сүргээ хамгаалах, өсгөх тал дээр янз бүрийн арга хэмжээ аван ажиллаж байна. Гарсан ботго болгонд  гэж тооцон урамшуулал олгож байгаа. Бат-Эрдэнэ анх УИХ-ын гишүүн болохдоо санаачилсан.Тэрнээс хойш цөөнгүй жил олгож ирлээ.Улсаас тэмээний ноосны урамшуулал гэж өгч буй.Манайд Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн гэсэн тэмээд бий.Эднийг эрдэмтэд оролцсон баг судалж ажиллаад албан ёсны үүлдэр болгон батлуулсан.Бас 1000 тэмээний уралдаан зохион байгуулсныг та бүхэн мэдэж байгаа.Гиннесийн номд бүртгүүлсэн.Өөрөөр хэлбэл Өмнөговь аймаг бол дэлхий дээр хамгийн олон тэмээг нэр дор уралдуулсан аймаг.1115 тэмээ гараанаас гарч 1101 тэмээ барианд орсон гэсэн гэрчилгээ авсан.Ийм зохион байгуулалттай ажил нь тэмээгээ цаашид хамгаалж өсгөхөд нөлөөтэй билээ.

-Аймгийн эрх зүйн орчин хэр байна. Нийгэм дэх гэмт хэргийн ямар нь танай аймагт илүү байна?

-Аймгийн хэмжээнд бол ерөнхийдөө хэрэг түвэг бага шүү. Нүүрс тээвэрлэхээр олон зуун машин явдаг Тавантолгойн замд осол гарах нь бий.Харин бусад аймгаас илүү гэмт хэрэг гараад байгаа юм биш.Замын хөдөлгөөний тухайд анхаарал татах юм бол байгаа.

Сүүлийн жилүүдэд хамгийн их анхаарал татагч нь хүмүүсийн амьдрал аж байдлыг улам дээшлүүлэхэд бодлогоо бүр сайн болгож хэрэгжүүлэх  юм.

 Б.ЦОГЗАЯАБААТАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх