С.Дэмбэрэл: Нефтиэ нэрж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь импорт орлоно, экспорт нэмнэ

2017 оны 01-р сарын 30 өдөр, 13 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
demberel

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрээр Монгол Улсын бизнесийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулсан туршлагатай эдийн засагч, улс төрч бөгөөд түүнтэй ярилцахад бизнес эрхлэгч болон өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд эдийн засгийн бодлогоо чиглүүлэх ёстой гэдгийг онцолж байлаа.
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-2016 оны эдийн засгийн өсөлтийг улиралын нөлөөллийг хассанаар нь тооцвол анх удаа гурван улирал дараалан хасах тэмдэгтэй гарсан. Үүнийг эдийн засгийн орчлын онолын хувьд хямрал гэж үздэг. “Хүссэн юм хүзүүгээр орооно” гэдэг шиг бид хямрал гэж их ярьсан. Энэ нь бодитоор, эдийн засгийн утгаараа ирсэн. Удахгүй 2016 оны ДНБ-ий тооцоо эцсийн байдлаар гарна. Эндээс ямар үзүүлэлттэй байхыг харна. Хөрөнгө оруулалт бага зэрэг нэмэгдсэн, өрхийн хэрэглээний эцсийн зардал баяр ёслол энэ тэр гээд нэмэгдсэн (гэхдээ олонхийн хувьд өрхийн орлого өсөөгүй нөхцөлд), цэвэр экспортын хувьд тоо хэмжээний өсөлтөөр гол нь нэмэгдсэн гэх мэтээр бодвол 2016 онд 1-3 хувийн хооронд өсөлт гарч магад, гэхдээ энэ нь 2017 оны эхний хагас жилд тогтвортой байж чадахгүй л болов уу. Гуравдугаар улиралын тооцооллын гол зүйл нь гадаад эрэлт буюу экспорт импорт хоёрын зөрүү болох цэвэр экспортоор эдийн засгийн өсөлт бага зэрэг торгоогдож байсан юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортийн хэмжээг нэмэгдүүлснээр ДНБ-ий өсөлтөд эерэг нөлөөлсөн. Харин өрхийн хэрэглээ яаж хумигдаж байгаа нь харагдаж байсан. Дээрээс нь хөрөнгө оруулалт зогссон. Энэ байдал архагшаад, нэлээд удаан үргэлжилж байна. 2014 оны нэгдүгээр улирлаас эхлэн өрхийн бодит орлого хасах үзүүлэлт рүү орсон. Эдийн засгийн идэвхжлийг харуулдаг статистик үзүүлэлтүүд мөн хасах утгатай гарсан. Уг нь бол статистик үзүүлэлтийг хараад эрх баригчид цаашид авч хэрэгжүүлэх бодлогодоо өөрчлөлт оруулдаг юм.
Үүнийг Монгол Улсын төрд гарсан аль ч нам хийж чадахгүй байна л даа. Шинэ Засгийн газар хямралын эсрэг томоохон төслүүдээ хөдөлгөхөөр ярьж л байна. Энэ төслүүд яахав хэрүүлтэй ч ингэс гээд явах л байх.  Хамгийн гол нь өрхийн орлого нэмэгдэхгүй, бодит утгаараа буураад байгаа учраас өрхийн хэрэглээ хумигдаж, нийт дүнгээрээ эдийн засгийн үзүүлэлтэд хасах болж очоод байна. Үүнийг яаж зогсоох вэ гэдэг бол эдийн засгийн бодлогын гол асуудал. Дээр нь хөрөнгө оруулалтыг яаж идвэхжүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.
-Бид яавал энэ хямралыг  хохирол багатай даван туулах вэ?
-Импорт, экспортийн зөрүү нэмэх тэмдэгтэй байгаа. Тэгэхээр бид баярлаад байна шүү дээ. Гэтэл бодит байдал дээр эдийн засгийн идэвхижил муудаж импорт хумигдснаас энэ зөрүү багасаж нэмэх үзүүлэлттэй гарч байгаа юм. Өрхийн амьжиргааны түвшин дээшлээгүй байхад эдийн засаг сайжрахгүй. Тэгэхээр өрхийн орлого яавал тогтвортой, яавал өсөх вэ гэдэг рүү төр эдийн засгийн бодлогоо чиглүүлж байх ёстой. Өөрөөр хэлбэл, өрхийн орлого нэмэгддэг бүх сувгийг нээж өгөх, мөнгө хүүлэлтийн биш зээлийн орчин бүрдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес хийхэд таатай, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөнгөний бодлогоороо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, хэт өсөхгүй байхад анхаарах нь төрийн үүрэг. Түүнээс өдөр шөнөгүй Тавантолгой, Оюутолгой яриад эдийн засаг сэргэчихгүй.
-Гэхдээ томоохон төслүүдээ хөдөлгөх нь эдийн засгийг сэргээхэд чухал ач холбогдолтой юм биш үү?
-Энэ төрийн хийх ажил биш л дээ. Хувийн хэвшил нь нүүрсээ ухаж, бизнесээ хийгээд төр ажиллах эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, Эрдэнэс-Тавантолгой гэх мэт компани олборлолт явуулахгүй, харин төрийн өмнөөс ерөнхий гэрээлэгчийн журмаар гадаад дотоодын хувийн хэвшлийнхэнийг ажиллуулдаг, ерөнхий гэрээний бодлогын орчныг зохицуулж байдаг ТӨК байвал шахаа гарахгүй, өөр өөрсдийнхөө ажлыг хийнэ. Харин төр хориг тавих эрхтэй “Алтан хувьцаа” гаргаж болно. Ингээд гаднынхан болон хувийн хэвшлийнхэн төрийн бодлого, стратегиэс зөрүү юм хийгээд байвал хориг тавьчихдаг. Эрдэнэт мэтийн төрийн өмчит компанууд бүгд нийтийн өмчит хувьцаат компани болох, энэ нь хөрөнгийн захыг хөгжүүлдэг гэх мэт. Ийм байвал илүү тохиромжтой.
-Өрхийн амьжиргааны түвшин, худалдан авах чадварыг бууруулж буй нэг гол хүчин зүйл бол валютын ханшийн өсөлт. Валютын ханшнаас хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна. Тэгэхээр үүнийг хэрхэн зогсоох вэ?
-Манайх валютын ханш хэлбэлзээд ирэхээр нь интервенц хийж, бусад үед нь ажиглаад байж байдаг. Ханш хэлбэлзэх нөхцөлд мөн валютын “хонгил” үүсгэх аргыг хэрэглэж болно л доо. Энэ нь ханшийг  тодорхой хязгаараас давуулахгүйн тулд авах арга хэмжээг урьдчилан тооцоолж, валютын нийлүүлэлт төдийгүй эрэлт тал дээр нь ч ажиллаж байдаг. Банкны зах зээлд үнэхээр эрэлт байна уу, эсвэл “дам”-ын эрэлт байна уу гэдгийг үзэх ёстой. Монголбанкны Ерөнхийлөгч Баяртсайхан “Хэн ханшийг өсгөөд байгааг бид мэдэж байгаа” гэж хэлж байсан. Тэгэхээр энд ханшийн зөрүүнд тоглолт хийж, ашиг олдог “дам”-ын хүчин зүйл нөлөөлж байна гэсэн үг шүү дээ. Төв банкны тухай хууль, валютын зохицуулалтын тухай хууль гэх мэтийг өөрчлөхдөө энэ чиглэлээр тодорхой заалтууд оруулах хэрэгтэй. Төв банкны хувьд үнийн тогтвортой байдлыг хангах нь үндсэн зорилт, тийм ч учраас УИХ-аас тодорхой тоон хязгаар үнийг тогтвортой байлгахыг жил бүр баталдаг. Харин ханшийг “чөлөөтэй бөгөөд уян хатан” байхыг мөн хуульчилж баталдаг. Ингэхлээр ханшийн бодлого бол үндсэн зорилтондоо захирагдаж явдаг хоёрдогч бодлого юм. Үүнийг сайн хийж чадахгүй л байна. Гэхдээ Монгол Улс бол “үнэ тогтоогч” улс биш, “үнэ хүлээн авагч” улс гэдгээ санаж байх ёстой.
-Монгол Улсын Засгийн газар, Энэтхэгийн Засгийн газартай хэлэлцээр хийж Экспорт-Импорт банкны зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар боллоо. Энэ үйлдвэрийг барьснаар манай улсад өгөх үр ашиг нь юу вэ?
-Үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г нь хараагүй байгаа болохоор урьдчилсан байдлаар хэлэх эрт байна.  Гэхдээ нефтиэ нэрж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь импорт орлоно, экспорт нэмнэ. Энэ хэмжээгээр төсвийн орлого, валютын нөөц нэмэгдэнэ. Мөн хүнд үйлдвэрийг дагаж маш олон жижиг үйлдвэрүүд бий болж, ажлын байр нэмэгдэнэ гэж үздэг. Энэ утгаараа энэ үйлдвэрийг байгуулах нь манай улсад хэрэгтэй байж болох юм.
Наад зах нь хэрэглэгчдэд ОХУ-аас оруулж ирсэн шатахуун болон эх орондоо үйлдвэрлэсэн шатахуунаас сонгож авах сонголт бий болно шүү дээ.
Гэхдээ энэ үйлдвэрийг төр өөрөө байгуулах нь эрсдэлтэй. Түүний оронд хувийн хэвшлээр хийлгээд төр санхүүгийн болон байршлын хувьд ч юм уу тодорхой хэмээгээр дэмжлэг үзүүлээд явах ёстой л доо. Өөр нэг онцгой анхаарч, нийгмээрээ бодож явах зүйл бол бүх юмыг орлуулаад л, нүүрс, зэс, төмөр гэх мэт эдгээрээ тулгуурлаад баахан “өртөг нэмэгдүүлэх” төслүүд төлөвлөөд л хэрэгжүүлэх гэж оролдоод байдаг. Үүнийгээ Монгол Улсын хөгжлийн гарц гэж үздэг байдлаас ангижирч бодит ертөнц, бодит зах зээлийн орчинд бууж “ингэх нь үр ашигтай юу, зах зээл байгаа юу, цаашид урт хугацаанд байх уу?” гэж бодож практик байдлаар хөгжлийн асуудалд хандах хэрэгтэй юм. Тэгэхгүй бол баахан мега төсөл ярьсан мега гүрэн шиг л аяглаад байна. Мега төслүүдээс гадна “мини” амьдрал, хүний амьдрал, тэрийг сайжруулах нь л хөгжил гэдгийг ойлгомоор юм даа. “Тогтвортой хөгжил” гээд баталчихсан улс шүү дээ Монгол Улс чинь…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.126.89.***)
    2017/01/31 14:20

    энэ нэг тэнэг бас юугаа солиороод эхлэв. монголд ийм хүн олон болвол ч тэгээд дуусаа

    (0) (0)