Ардчилсан нам гэж Монголдоо л хүчирхэг улс төрийн хүчин. Гэхдээ хүчирхэг байхдаа эв нэгдэл гэхээсээ илүү ашиг сонирхлоо дагачихаад байдаг гэмтэй. Үүнийг тас цохьчих үнэ цэнтэй дарга Ардчилсан намд ус агаар шиг хэрэгтэй. Талцуулан байлдуулагч биш эв нэгдлийг хангагч, өмнөх сайхан цагаа дурсч биш ирээдүй өөд тэмүүлж чадагчийг Ардчилсан нам хүсч байна. Хүслийг дагаж хясал явдаг нь хүний л хорвоо хойно. Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэдэг ч АН-ын даргад өрсөлдөхөөр мөнгөө төлөн мөрөөдлөө гүйцээх гэж зүтгэгчид хясал дундаа түүртэж явнаа. Үнэ цэнгүй хүмүүс өөрсдийгөө үнэд хүргэх гэж хичээж байна. Үнэ цэнээ хадгалж улс төрд явж чадах улстөрч тун цөөн. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа. Ингээд л бараг гүйцэх шив. Эмэгтэй хүнийг тарган, туранхайгаар нь ялгагч биш, өвөг дээдсээ эрээ цээргүй гутаан доромжилж кайф авагч биш, уухай хашхираад дайны ард ганцаар үлдэгч цэрэг биш эр зоригтой, тууштай, тулхтай, тулгуур болж чадах хүн Ардчилсан намд хэрэгтэй. Тэд ч үүнийгээ мэднэ. Мэдэж байгаа болохоор АН-ын даргын сунгааны гарцаагүй сонголт Д.Эрдэнэбат болжээ. Түүнд л намаа даатгаад үлдээчихвэл “нам” тайван амьдарч болох нь гэж итгэжээ, намынх нь.
Нэрт сэтгэгч Архимедийн “Надад тулах цэг өгөөч. Дэлхийг би хөдөлгөе” гэсэн үг бий. Дэлхий ертөнцийг хөдөлгөж барих нь ч яамай. Ардчилсан намаа хөдөлгөж, салхи оруулж, шинэчлэлийн цонхон дээр бүгдээрээ ялалтын уухай цуурайтуулж чадах хүн нь Д.Эрдэнэбат. Тэр савдаг элээ биш, сувдаг сэтгэлтэн биш. Тэр шинийг санаачилагч, шийдлийг эрэлхийлэгч. Ийм үнэт зүйл, ийм үнэт хүн Ардчилсан намд ус агаар шиг хэрэгтэй.