НИТХ сар бүр агаарын бохирдлын асуудлаар хуралдана

2017 оны 01-р сарын 27 өдөр, 16 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7e38371e83868e91d181dfde92d7e2

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хөндөж, нийслэл хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, оршин суугч бүр хохирч байна. Энэ аюулыг гэтлэн давахын тулд нийслэлчүүд бид нийтээрээ хариуцлага хүлээх цаг ирлээ. Зөвхөн төр засаг биш, хэн нэгэн хүн биш, хамтын хүчээр утаатай тэмцэх хэрэгтэй болж байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар хотоос авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь тогтвортой биш, байнга өөрчлөгдөж байснаас үр нөлөө нь хангалтгүй байгааг бид өдөр тутамдаа мэдэрч байна. Үүнээс бид сургамж авах учиртай. Өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг олон өнцгөөс харж, нухацтай хэлэлцэн, агаарыг цэнгэгжүүлж, орчны бохирдлыг бууруулах, иргэдээ хамгаалах талаар онцгой горимын хугацаанд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээгээ тодорхойльё” гэлээ. Тэрбээр мөн хотын утааны асуудлыг зун, өвөл гэлгүй НИТХ сар бүр хэлэлцэж, үр дүнг ярилцаж байхыг онцлов.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд танилцууллаа. Хотын дарга өнгөрсөн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад төрөөс хичнээн төгрөг зарцуулсан болоод үр дүнгийн талаар эхэнд нь дурьдав. Тэрбээр “2007-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улс, нийслэлийн төсвөөс 119 тэрбум 779 сая төгрөг, олон улсын зээл, тусламжаас 87 тэрбум 185 сая трөгрөг буюу нийт 206 тэрбум 964 сая төгрөг зарцуулсан. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдвал “Байгальд халгүй түлшний үйлдвэрлэлийг дэмжих төсөл”, “Нүүрс” хөтөлбөр гээд нэрлэж болно. “Нүүрс” хөтөлбөрийг онцолж хэлэхэд, Багануурын нүүрсийг түлшинд ашиглаж, тоосонцор болон хүхрийн агууламжийг бууруулах зорилготой байсан ч түүхий нүүрсний хэрэглээг бууруулах биш эсэргээр нэмэгдүүлсэн юм. Эдгээр төсөл дунд хэрэгжилт нь сайн төсөл ч бий, үр дүнгүй төсөл хөтөлбөр ч байна” хэмээн ярилаа.

Хотын дарга цааш хэлэхдээ “Одоо хотын удирдлагууд иргэдийнхээ эрүүл мэндийг нэгд тавьж, агаар болон орчны бохирдлыг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 200 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Үүнийг цаашид ч үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. 48 сургуулийн сурагчдад 50 мянган амны хаалт олгосон. Үүнээс гадна гэр хорооллын замбараагүй тэлэлтийг зогсоож, яндангийн тоог бууруулж, суурьшлын шинэ бүс байгуулах талаар 3 захирамж гаргасныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн. Бидний хэтийн зорилго бол Улаанбаатар хот түүхий нүүрсний хэрэглээнээс салах явдал юм. Агаарын бохирдлыг бууруулахад шалтаг, шалтгаан тоочихоос илүү шийдвэртэй алхам хийх нь чухал гэж хотын удирдлагууд үзэж байна” гэсэн юм.

Үүний дараа НИТХ дахь намын бүлгүүд болон хороод санал, дүгнэлтээ танилцууллаа. Мөн НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуралдаан одоо Хангарди ордонд үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.212.11.***)
    2017/01/27 18:11

    ЗӨВ ШҮҮ

    (0) (0)