Д.Мөнхжаргал: Бидний ирээдүй өнөөгийн боловсролын чанараас шууд шалтгаална

2017 оны 01-р сарын 27 өдөр, 15 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Munkhjargal

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргалыг зочноор урьж ярилцлаа. 

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, цаг заваасаа хуваалцаж байгаа танд баярлалаа. Ярилцлагаа цаг үеийн сэдвээр эхлүүлье гэж бодлоо. Учир нь агаарын бохирдол ид гаардаг өвлийн саруудад цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг амрааж, зуны саруудад хичээллүүлж болдоггүй юм уу гэсэн саналыг зарим эцэг эхчүүдийн зүгээс гаргаж байна. Энэ ер нь хэр боломжтой зүйл вэ? Мэргэжилтний хувьд та үүнд хариулт өгөхгүй юу?

-Өвлийн цагт бага насны хүүхдүүдийг хэтэрхий олон хоног амраах нь тийм ч оновчтой санаа биш гэж бодож байна. Өвөл бага насны хүүхэд амарна гэхээр хэрхэн яаж амрах вэ? Гэртээ л байхаас өөр арга үгүй. Эцэг эхчүүд нь ихэнхдээ өвлийн улиралд ажиллаж байдаг тул үр хүүхдээ аваад аялах, зугаалах цаг зав хомс, дээр нь энэ хүйтэн цагаар хэрхэн тэгэж явах билээ. Ингээд өвөл урт хугацаагаар амарчихаар зуны дэлгэр сайхан цагаар хүүхэд багачууд маань эрүүл цэвэр агаарт тав тухтай амрах, хөдөөлөх, аялах, чийрэгжих цаг нь хомс болчихно.

Харвардын их сургуулийн Монгол судлаачийн судалгаагаар Монголчуудын 99% нь Д Витамины дутагдалд орсон гэсэн үр дүн гарч байна. Д витамины дутагдал нь хүүхдийн өвчлөлийн  үндэс суурь болдог. Тэгэхээр зуны амралт урт байх нь илүү чухал байгаа биз.

Утаа нь Улаанбаатар хотын маань хүүхдийн эрүүл мэндэд асар сөргөөр нөлөөлж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ сурагчдыг амрааж, хичээлийн бүтцэд өөрчлөлт оруулах нь утааны эсрэг тэмцэх нь нэг номерийн шийдэл биш байх гэж бодож байна.

Саяхан би нэг судалгаа уншсан юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь их дээд сургуульд элсэн ордог ч эдгээр хүүхдүүдийн 20 хүрэхгүй хувь нь л дээд боловсролын стандартыг хангаж, төгсөж гараад ажлын байртай болдог тухай судалгаанд өгүүлсэн байсан?

-Бид Монгол улсын боловсролын чанар, түүний үр дүнг том зургаар нь харах хэрэгтэй байна. Үнэн хэрэг дээрээ их дээд сургуульд элсэн орж байгаа хүүхдүүдийн 60 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна гэдэг бол манай бага болон бүрэн дунд боловсрол олгож байгаа сургуулиудын чанар чансаа ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг л харуулж буй явдал.

Манай боловсролын чанар 1990 он хүртэл харьцангуй сайн байсан гэж үзэж болно. Харин 1990 оноос хойшхи дүр зураг бол саяны таны ярьсан шиг байдал руу орчихоод байна. Энэ нь бид ямар үнэт зүйлтэй, ямар философитой, ямар чадвартай монгол хүүхдүүдийг нийгэмд бэлтгэж гаргах вэ гэдгээ эргэж харах цаг болсныг л харуулж буй хэрэг. Ямар ч томоохон ажлыг хэрэгжүүлэхдээ үндсэн зарчим, зорилтоо тодорхойлдог шүү дээ. Бид Кембриж, Швед, АНУ-ын гэх мэт гадаадын боловсролын ямар ч сайхан хөтөлбөрийг туршиж, дэвшилтэт арга зүй, сургалтын технологи, агуулгыг нь нутагшуулж, олон улсын стандартад нийцсэн хөтөлбөр боловсруулж түүнийгээ хэрэгжүүлж болно. Харин ямар Монгол хүн бэлтгэх вэ, түүний тулд ямар ухаан, үнэт зүйл шингээх вэ гэдэг маш чухал.

Жишээ нь Кембрижийн хөтөлбөрийн үнэт зүйл нь өв тэгш хувь хүн байх, тэгээд олон хүнд туслах, тэргүүлэгч байхын тулд чадвартай байх гэсэн зарчим үйлчилдэг. Дайны үед Кембрижийн сургуулийн төгсөгчид хамгийн түрүүн эх орон, ард түмэн, газар шорооныхоо төлөө дайнд явцгааж байв. Английн нийгмийн сайн сайхны манлайлал болсон хүмүүс чухам тэр сургуулиас олноороо төрөн гарцгаасан байдаг.

Тэгэхээр таны бодлоор манай боловсрол ямар философитой, зорилго зорилттой байх ёстой вэ?

-Юуны өмнө Монгол улсын ойрын болон алс ирээдүйн хөгжлийн загвартайгаа боловсролынхоо бодлого, агуулгыг нягт уялдуулах ёстой байх. Мэдээж бидний хөгжлийн гарц уул уурхай биш шүү дээ. Монгол улс маань дахин давтагдашгүй түүхтэй, соёл өв уламжлал, ёс заншилтай ард түмэн. Нөгөө талаас даяаршиж буй дэлхий ертөнцийн хүмүүсийн нийгэмшил, хөгжлийн чиг хандлагыг ч мөн давхар шингээж өгөх ёстой. Нэгэнт бид шинэчлэл хийж байгаа учраас гадны хөтөлбөр, боловсролын болон төрийн бодлогын алдааг судалж, түүнийг нь давтахгүйгээр бодлогоо тодорхойлох учиртай байх. Гол нь хүн чанарын боловсрол… Бид одоо Монгол хүнээ тодорхойлох гээд үзье. Өөрт чинь ямар шинж чанарууд тодорхойлогдохоор байна. 30 жилийн өмнө бол Монгол хүн итгэлтэй, уужуу холч ухаантай, найрсаг, зочломтгой гэсэн шинж чанартай байлаа. Одоо бид дэлхийд өөрсдийгөө ямар хэлбэрээр тодорхойлж байна вэ? Энэ боловсролын салбарын эзэнгүй асуудал биш гэж үү?

-Боловсролын чанар – боловсролын философийг зөв тавихаас эхэлнэ гэж үү?

-Тэгэлгүй яахав. Боловсролын философийг боловсруулах нь боловсролын мөн чанар, хөгжлийн зүй тогтол, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, төлөвлөлт, зорилго, агуулга, технологи, багшийн ба суралцагчийн хөгжил, үнэлгээний системийн цогц үндэслэлийг бий болгож, нийгмийн тогтвортой хөгжил, боловсролын хэтийн сайн үр дүнг бий болгоход тусална.

Монгол хүн бүтээлч сэтгэлгээтэй, аливаа асуудлыг шийдвэрлэж чаддаг байх ёстой. Үүний тулд хөрвөх чадвартай, дэлхийн стандартад нийцсэн монгол хүүхдийг бэлтгэхүйц хөтөлбөр төлөвлөгөө, стандартыг боловсруулж, нэн яаралтай амьдралд нэвтрүүлэх хэрэгтэй. Мэргэжлийн хүний хувьд харж байхад манай улсын боловсролын стандарт Монгол хүний оюуны чадамжаас зарим талаар доогуур байгаа нь анзаарагддаг.

-Боловсролын чанарт юу юу нөлөөлж байна гэж та харж байна вэ?

-Боловсролын чанарын шинэчлэлийг үр дүнд хүргэхийн тулд тулгамдаж буй хэд хэдэн асуудлууд байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тусгаснаар 2018-2019 онд ЕБС-ийн сургалтын хөтөлбөрүүдээ олон улсын магадлан итгэмжлэлд оруулах ёстой. Боловсролын чанар, үр дүнг хянах Хяналт үнэлгээний системийг богино хугацаанд сайжруулж, хариуцлага, урамшууллын тогтолцоог ч бий болгох хэрэгтэй.

Багш боловсон хүчний бодлого, хүүхэд хөгжлийн бодлого, түүний материаллаг орчин гээд олон асуудал байна. Энэ олон бодлогыг эрэмбэлэх асуудал огт хөндөгдөхгүй байна. Улсын төсөв хязгаартай тул бүх зүйлд төсвийг хүргэх боломжгүй. Тиймээс энэ хязгаарлагдмал төсвөө хэрхэн ухаалаг зарцуулах вэ гэдэг хамгийн чухал асуудлын нэг.  Ухаалаг гэдгийн учир нь иргэн бүрт маш багаас нь сурах арга барил, нийгмийн чадварт нь зориулж хөрөнгө оруулалт хийх явдал гэж товчоор хэлж болох юм.

Боловсролын чанарт нөлөөлж буй өөр ямар чухал хүчин зүйл байна вэ?

-Боловсролын чанарт нөлөөлж буй өөр нэг томоохон хүчин зүйл бол багш нарын цалин хөлс юм. Би жишээ авъя. Япон хүнийг хэн бэлтгэдэг вэ. Ээж, цэцэрлэгийн багш бага ангийн багш. Тиймээс багш нарын цалин өндөр  байдаг. Үүнтэй холбоотойгоор багш нарын нэр хүнд, үүрэг хариуцлагын асуудал чухал байр суурь эзэлнэ. Манай багш нарын тухайд 500-600 мянган төгрөгийн цалин аваад өдөр хоногийг аргацааж байгаа дүр зураг түгээмэл анзаарагддаг. Иймээс хариуцлагын тогтолцоо, итгэлцэл гэдэг зүйл маш сул байна. Энэ чигээрээ яваад байвал боловсролын салбараас сайн үр дүн хүлээх хэрэггүй. Байдал улам бүр муудаж, дунд сургууль төгсөгчдийн чадвар улам л дордох болно. Сая бид 2017 оны НЗД-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд багш, эмч нарын үр дүнгийн урамшуулал олгох саналыг Нийгмийн хөгжлийн хорооны хурлаар хэлэлцүүлж тусгуулсан. Монгол хүндээ чиглэсэн бодлого явуулахаас өөр арга байхгүй болоод байна.

Цөм хөтөлбөрийн талаар та ямар бодолтой байдаг вэ?   

-2010-2015 онд Монгол Улс ЕБС-ийн стандарт болон хөтөлбөрийг Олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилго бүхий үйл ажиллагаа эхлүүлсэн. Боловсролын хөгжлөөр өндөр яваа ямар ч улс 10 жил тутам хөтөлбөр, агуулгын шинэчлэл хийдэг. Зарим хүмүүс 2012 оноос энэ ажил ерөнхийдөө зогссон гэж үздэг бол миний хувьд Боловсролын шинэчлэл ЦӨМ хөтөлбөрөөр үргэлжилж байна гэж үздэг.  2014-2015 оны хичээлийн жилээс Бага боловсролын Цөм хөтөлбөр, 2015-2016 онд суурь боловсрол, 2016-2017 оноос ахлах сургуулийн 10-р ангийн Цөм хөтөлбөр сургалтанд хэрэгжиж эхэллээ. XXI зуунд боловсролын хөтөлбөр, агуулга зорилго нь асуудлыг шийдвэрлэх, анализ дүгнэлт, задлан шинжилгээ хийх, суралцахуйгаа удирдаж, өөрийгөө илэрхийлэх чадвартай, бүтээлч, аливаа зүйлд дасан зохицох, хөрвөх чадвартай хүмүүсийг бэлтгэхэд чиглэж байгаа.  Даяаршиж байгаа нийгэмд байгаль эх дэлхийгээ хайрлах, хүн байх, багаар ажиллах чадвар өндөр байр суурьтай.

Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед өнөөдөр эзэмшсэн мэргэжил, маргааш хэрэггүй болж, ажил мэргэжлийн чиг хандлагыг тодорхойлоход хүндрэлтэй болж байна. Иймээс агуулгуудыг хэтэрхий цөм рүү нэгтгэх нь учир дутагдалтай болов уу гэж бодож байна. Нөгөө талаас Цөм хөтөлбөр бол асар богино хугацаанд боловсруулагдаж, туршиж, шууд хэрэгжиж эхэлсэн. Үндэсний хөтөлбөрийг цөөн хүнтэй багийн хүрээнд богино хугацаанд боловсруулж, бэлтгэл ажлын шатыг алсгалан эхэлнэ гэдэг бол маш их эрсдлийг дагуулж байна. Ганцхан жишээ татахад Иргэний боловсрол хичээлийн 70-50%-д суралцагчид Монгол улсынхаа ёс заншил, өв уламжлалын судалдаг байсан бол тэрхүү агуулгуудыг бараг байхгүй болгож хувь хүний хөгжлийн орчин үеийн кейсүүдийг судалдаг болгосон. Цаашлаад боловсролын шинэчлэлээ үргэлжлүүлэхийн тулд үндэсний хэмжээний олон хэлэлцүүлэг хийж, өргөн бүрэлдэхүүнээр оролцох хэрэгтэй гэж боддог.

Бид боловсролын салбарт олон хөтөлбөрүүдийг ээлж дараалан хэрэгжүүлсэн. Энэхүү олон хөтөлбөр, бодлогуудын үр дүн нь маш тодорхой харагдаж байх ёстой. Харамсалтай нь тэгэж чадахгүй байна.

Боловсролын систем бол итгэл хариуцлага дээр суурилдаг гэж боддог. Сургууль, багшаас өөр ямар хариуцлага байх ёстой вэ?

-Төр засгийн бодлого зөв байхаас илүүтэйгээр залуу аав ээжүүдийн бодол санаа, хүүхэддээ хандаж байгаа хандлага бас зөв байх хэрэгтэй. Боловсролын чанарын тулгын гурван чулууны нэг яах аргагүй эцэг эх мөн. Орчин үеийн аав ээжүүдийн том дутагдал бол хүүхдээ багшид даатгадаг явдал. Багшид юугаа даатгаад байна вэ гэхээр хүүхдийнхээ насан туршийн амжилтыг даатгаж байгаа юм. Хүүхдийнхээ үнэ цэнэтэй капитал болсон чадварыг хөгжүүлэх цаг хугацааг багшид тэр чигт нь даатгана гэдэг бол хэтэрхий хариуцлагагүй явдал. Хүүхдээ биеэ дааж хичээл, даалгавраа хийж, өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болтол маш хариуцлагатай байх хэрэгтэй. Ээж аав хүүхэдтэйгээ ойрхон ажиллаад байвал үнэхээр гайхамшигтай үр дүнд хүрнэ. Үүнийг би боловсролын салбарын хүний хувьд 100 хувь батлан хэлж чадах байна.

Бас нэг чухал хариуцлагын талаар би энд дурдмаар байна. Боловсролын системийн үүрэг хариуцлага олон улсуудын жишгийн нэгэн адилаар зөвхөн засгийн газрын буюу Боловсролын яамны босоо тогтолцоогоор явагдахаас гадна орон нутгийн удирдлагын үүрэг хариуцлагын нэгэн хэсэг байх нь зүйтэй. Жишээлбэл: УБ хотод 7 хоногт 1400 гэмт хэргийн дуудлага бүртгэгддэг гэж саяхан мэдээлж байсан. Цаашлаад ажилгүйдэл, гэр бүл салалт, нийгмийн соёлын олон зүйл боловсролын чанараас шалтгаалан орон нутгийн хөгжил, төсөвтэй шууд холбогддог. “Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр” буюу PISA шалгалтын дүнгээр дэлхийн Топ 5 улсын нэгэнд ордог Финлянд улсад боловсролын салбарт орон нутгийн удирдлага чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин манайд боловсролын асуудлыг яам л мэддэг хэмээн орон нутаг огтхон ч анхаардаггүй байдал хавтгай байгаа.

PISA гэж ямар шалгалт вэ? Бага зэрэг тодруулахгүй юу?

-Гурван жил дутамд, дэлхий 80 гаруй улс орон боловсролын систем нь хүүхэд залуучуудыг ажил, амьдралд хэрхэн бэлтгэж буйг харьцуулах зорилгоор энэ шалгалтыг зохион байгуулдаг. 1998 онд Эдийн засгийн хамтын нөхөрлөлийн орнууд санаачилж, 15 настай хүүхдүүдээс Математик, байгалийн ухаан, уншлагын хичээлээр “Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр” PISA-г авдаг болсон. Энэ шалгалт бол зөвхөн мэдлэгийг шалгах биш, мэдлэгээ хэрхэн бүтээлчээр, үр ашигтайгаар амьдрал дээр ашиглаж чадаж байна вэ гэдгийг шалгадаг. Энэ шалгалтыг өгсний давуу тал нь тухайн улс орон ЕБС-иудынхаа чанар үр дүнг харьцуулан судлахаас гадна боловсролынхоо чанар үр ашгийг сайжруулахын тулд ямар бодлого явуулж, ямар чиглэл рүү түлхүү анхаарч ажиллах зөвлөгөө тусламж үзүүлдэг. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод /2014-2024/  “Сурлагын амжилтын олон улсын чанарын үнэлгээний судалгаанд 2021 онд хамрагдана” гэж тусгасан байгаа. Тэгэхээр PISA ч бай Кембридж ч бай аль нэг ОУ-ын үнэлгээний шалгалтанд орох байх л даа. Ингэж байж бид хаана явж байгаагаа мэдэж, боловсролын бодлогоо тогтвортой явуулж чадна гэж бодож байна.

-Манай их дээд сургуульд сурч байгаа оюутнууд суралцахуйгаа удирдаж чадахгүй байна гэдэг шүүмжлэлд ихээр өртөж байгаа. Таны бодлоор?

-Боловсролын тогтолцооны доголдол ямар байгааг л хэлж буй хэрэг. Би сурах ёстой гэдгээ ойлгосон хүүхэд хэнээр ч хэлүүлэлгүй, шахаж шаардуулалгүйгээр гэрийн даалгавраа хийж, номонд дурлаж, сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй  байдаг. Ийм чадварийг суулгаж чадсан  бол насан туршийн суралцах арга барилаа олж, ерөнхий боловсролын суурь сайн тавигджээ гэж ойлгож болно. Суралцахуйгаа удирдах чадварууд цэцэрлэгт суурь нь тавигдаж, бага наснаас эхлээд амьдралын бүхэл хугацаанд нь хөгжиж байдаг. Гэхдээ одоогийн хэрэгжүүлж буй сургуулийн өмнөх боловсролын Цөм хөтөлбөрөөр сургалт явуулахад тодорхойгүй зүйл маш олон байгаа. Тиймээс нэн тэргүүнд хийх ажил бол Монгол хүнээ бэлтгэх үзэл санаа бүхий СӨБ-ын хөтөлбөрийг, агуулга, арга зүй, сургалтын технологитой нь хамт яаралтай боловсруулах хэрэгтэй. Хүний хөгжлийн суурь болох хамгийн чухал үе алдагдаж байна гэж их санаа зовниж байгаа.

Та Их дээд сургуулийн оюутнуудын сул байдлыг сургуулийн өмнөх боловсролтой холбож үзэх гээд байна уу?

-Тийм ээ. Дээр хэлсэнчилэн сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын тогтолцоо хүний насан туршийн суралцахуйн чадваруудыг эзэмшүүлдэг. Тэнд сураагүй дадаагүй чадвар их сургуулийн боловсрол эзэмших үед нь асуудал үүсгээд байна л даа. Миний бие Нийслэлийн иргэдийн хурлын төлөөгчөөр сонгогдсоноос хойш улсын 40 гаруй цэцэрлэгээр явж судалгаа хийсэн. ЕБС-ийн сургалтын чанарт СӨБ-ын чанар хэрхэн нөлөөлж байгаа талаар, мөн сургалтын хамгийн чухал үе болох чанартай СӨБ-ыг эзэмшүүлэх материаллаг орчин бүрдсэн эсэх, хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон тоглоом, багш нарын гарын авлага, хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах материал нь хангалттай байгаа эсэх судалгааг хийсэн. Гэтэл хүүхдийн хөгжилд шууд зарцуулагдах сургалтын материал, гарын авлага, үзүүлэн таниулах материал, нас сэтгэхүйд нь тохирсон тоглоом, наадгай, ном сурах бичиг авах санхүүжилтийг төрийн зүгээс цэцэрлэгүүдэд хуваарилахгүйгээр олон жил болсон нь гайхал төрүүлж байна.

Монгол Улс боловсролын төсвийнхөө 20% гаруйг СӨБ-д зарцуулдаг хэрнээ нэг хүүхдэд зарцуулсан хөрөнгийн үр дүнг тооцсон, үр дүндээ суурилсан төлөвлөлт хийгдэхгүй байна. Жишээлбэл 200 хүүхэдтэй цэцэрлэгт хуваарилагдсан төсвийн бараг 99% нь цалин, ашиглалтын зардалд зарцуулагддаг. Сost analysis буюу зардлын дүн шинжилгээг хийгээгүйгээс төсвийн хуваарилалт чанар, үр дүн рүү чиглэгдэхгүй байна. Алдыг аваад дэлэм дээр нь гэдэг шиг бага хэмжээний төсвийг хэмнэлт хийснээр нийгэм, эдийн засгийн асар их хохиролд хүргэж болохыг огтхон ч анхаарахгүй байна. Учир нь сургуулийн өмнөх боловсролын чанар бол ядуурлыг бууруулах таван хүчин зүйлийн нэг, тогтвортой нийгмийн хөгжлийн суурь үе болдог.

-Эхний ээлжинд цэцэрлэгүүдэд хүүхэд хөгжүүлэх зардалд ямар хөрөнгө оруулалт оруулаасай гэж бодож байна вэ?

-Манай улсын хэмжээнд 1000 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Улсын эдийн засаг хямралтай байгаа 2016-2017 оны хичээлийн жилд ядаж 3.5 сая төгрөгийг хүүхэд хөгжүүлэх сургалтын материал, тоглоом баяжуулахаар хувиарлахад нийтдээ 3.5 тэрбум төгрөг л болно. Энэ бол бага мөнгө мөртлөө их үр дүнг авч ирнэ. Цаашид нөхцөл байдлыг сайжруулах тал дээр Засгийн газар, нийслэл, орон нутгийн засаг захиргаа анхаарал хандуулан ажиллана гэж итгэж байгаа.

Сүүлийн 20 гаруй жил сургуулийн өмнөх боловсрол, түүний ач холбогдлын талаар өргөн хэмжээний судалгаа хийгдэж, Дэлхийн олон улс гүрнүүд сургуулийн өмнөх боловсролын ач холбогдлыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Нобелийн шагналт эрдэмтэн Жеймс Хейкман сургуулийн өмнөх боловсролын эдийн засгийн үр дүнг тооцож гаргасан. Түүний тооцооллоор 0-6 насанд хүүхдийн боловсролд оруулсан 1 долларын хөрөнгө оруулалт 13 дахин үр ашигтай байдаг гэж үзвэл бидний зарцуулсан 3.5 тэрбум төгрөг 45.5 тэрбум болж үр ашгаа өгнө гэсэн үг.

-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэдэн наснаас нь эхлээд харьцаж хөгжүүлж эхлэх ёстой вэ? Та мэргэжлийн хүний хувьд зөвлөөч?

-0-5 насанд хүүхдийн хөгжил ямар чухал болохыг олон ээж, аавуудад ярихыг хүсдэг. Би нэг хэдэн тоо баримтуудыг дурьдая.
Хүүхэд төрөхдөө 100 сая гаруй мэдрэлийн эстэй төрдөг бөгөөд секунд дутамд 700-1000 шинэ эс, холбоос үүсч байдаг. 0-5 насанд хүүхдийн тархины бүтцийн хөгжлийн 85% орчим бүрэлдэж тогтдог. Хүний тархи дунджаар 1.36 кг байдаг бөгөөд энэ нь хүний биеийн 2%-ийг бүрдүүлдэг. Гэхдээ хүний биеийн хүчилтөрөгчийн ба хоол тэжээлийн хэрэглээний 20% -ийг хэрэглэдэг.  Хүүхэд 3 нас хүрэхэд хүүхдийн тархины мэдрэлийн эсийн холбоос ойролцоогоор 1 000 их наяд буюу насанд хүрсэн хүмүүсийнхээс 2 дахин илүү их мэдрэлийн эсийн холбоос үүссэн байдаг.

Бага насны хүүхдийн хийсвэр сэтгэхүй хөгжөөгүй байдаг учраас аливаа зүйлийг 5 мэдрэхүйгээр нь дамжуулан барьж,  мэдэрч, бодитойгоор туршиж, өөрсдөө бүтээж хийж үзсэнээр мэдрэлийн эсийн холбоос үүсэх үйл явцыг нэмэгдүүлдэг. Төрсөн цагаас нь эхлээд хүүхэдтэйгээ их ярьж харилцдаг ээжийн хүүхэд хурдан хэлд ордог шүү дээ. Тиймээс залуу аав, ээж та өнөөдрөөс эхлээд цаг, зав гарган хүүхэддээ зарцуулж, анхаараарай гэж захимаар байна. Хүүхэдтэйгээ бага ч гэсэн цагийг өнгөрөөж, хамтарч ном уншаад, ярилцаж байгаарай. Хүүхдийн тархины хөгжил гэдэг бол харилцан үйлчлэлийн үр дүн.

– Одоохондоо мэдээ ороогүй, хэлд ороогүй гээд хойш тавиад байдаг буруу байх нь ээ? 

-Хоёр нас хүртэл хүүхдийн тархи маш хурдацтай хөгждөг. Хэл ярианы хөгжлийн оргил үе 9 сартайд байдаг бол асуудлыг шийдвэрлэх чадвар 7 сартайгаас 10 нас хүртэл хамгийн их хөгжиж, оргил үе нь 1.5 сартайд байдаг. Тэгэхээр хүүхдээ хөгжүүлэх анхны алхам жирэмсэн байх үеэс л эхэлнэ. Учир нь тархины хөгжилд томоохон нөлөө үзүүлдэг хоёр зүйл байдгийн нэг нь стресс. Хүчирхийлэл, айдас, уур бухимдалтай орчин нь хүүхдийн тархины хөгжлийг удаашруулж, гэмтэх эрсдэл бий болгодог. Нөгөө талаас витаминлаг хүнс хэрэглэж байгаа хүүхдийн тархины хөгжил бүрэн бүтэн явагдаж байхад чанартай хоол хүнс дутмаг, ядуурал, өлгөлөн байх нь тархины бүтцэд өөрчлөлт оруулж, хөгжлийг сааруулахаас гадна байнгын стрессээр гэмтээж өвчний суурийг тавьдаг.

– Бага, дунд сургуулийн сурагчдын суралцах чадварыг цэцэрлэгт олж авсан чадвартай нь холбож ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Сургуулийн өмнөх боловсрол бол хүүхэд дунд болон их, дээд сургуулиас мэдлэг олж авах түлхүүр боловсрол нь юм. Хөгжилтэй улс орнууд 10-20 иод жилийн өмнө ахлах сургууль, дээд боловсролдоо хамгийн их анхаарал хандуулдаг байсан бол одоо эсрэгээрээ сургуулийн өмнөх боловсролдоо илүү төсөв хуваарилаж анхаарал тавьдаг болсон. Үүний тод жишээ бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама 2013 онд 7.5 тэрбум ам.долларыг зөвхөн сургуулийн өмнөх боловсролд хөрөнгө оруулалт хийе гэдэг хуулийн төсөл санаачилж өргөн барьсан явдал юм. Канадын боловсролын яам “Learn Canada 2020” тунхаг бичиг гаргаж СӨБ-ыг тогтвортой, бүтээлч, дэвшилтэт нийгмийг бий болгох гол тулгуур багана гэж тодорхойлсон.

Солонгос улсад гэхэд сар бүр нэг хүүхдэд 200-300 мянган вонныг хүүхдийг хөгжүүлэх зардалд зарцуулж байна. Олон улсын судалгаанаас харахад цэцэрлэгийн хүүхдэд дунджаар 2500-4500 долларыг зарцуулж байна. Манай улсад тухайд бол нэг хүүхдэд 700-800 мянган төгрөг зарцуулдаг.

-Цэцэрлэгийн хүрэлцээний асуудал бас их анхаарал татдаг. Улсын хэмжээнд жил бүр гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдэж байна гэсэн судалгаа хүртэл байдаг юм билээ.  Үүнийг ер нь хэрхэн шийдэж болох вэ. Боломж бололцоог яаж харж байна вэ?

-Би ахин хэлье. Монгол хүнийг ээж, цэцэрлэгийн багш, сургуулийн багш нь бэлтгэж байна. Бүх хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах бол төрийн зүгээс баримтлах нэн тэргүүний зорилго байх ёстой.  Одоогоор бид чадахгүй байна. Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 290 мянган хүүхэд байдаг. Үүнээс 200-210 мянга орчим хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж, 90 мянган хүүхэд цаана нь цэцэрлэггүй үлддэг. Энэ хүүхдүүдийг хэн Монгол хүн болгож өсгөх юм бэ. ЭЭЖ. Иймээс ээж нарт боломжийг бий болгож өгөх ёстой. Энэ хүрээнд “Цалинтай ээж” хөтөлбөрөөр 0-3 настай ээжүүдэд улирал дутам 240 000 төгрөг буюу цэцэрлэгийн хувьсах зардалтай тэнцэх цалин өгөх хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Нэгэнт бид 500 цэцэрлэгийг ойрын хугацаанд барих боломжгүй учраас нэн ялангуяа 3-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулмаар байгаа юм. Хэрвээ “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжээд эхлэх юм бол ээжүүд 2 настайд нь хүүхдүүдээ гэртээ хөгжүүлж, 3-5 настай хүүхдүүдийг улсын хэмжээнд 100 хувь цэцэрлэгт хамруулж чадах боломж харагдаж байгаа.

– Та боловсролын салбарт 20 орчим жил ажилласан туршлагатай хүний хувьд НИТХ-ын төлөөлөгч болсноосоо хойш энэ салбарт чиглэсэн ямар, ямар ажлуудыг хийв. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Эхлээд багшаа хөгжүүлэх, сургалтын орчинг сайжруулах гээд олон чухал ажлууд байна.  НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноосоо хойш нийслэлийн 160 цэцэрлэгийн багш, арга зүйч нарын ӨМӨЗО-ны мэргэжил нэгт багш нартайгаа туршлага солилцох зорилго бүхий “Сургуулийн өмнөх боловсролын асуудал ба шийдэл” гэсэн 5 хоногийн чуулга уулзалтыг Шилийн хотод зохион байгуулсан. Маш том гүрний дунд 600 000 гаруйхан Өвөр монголчууд үндэсний ёс заншлаа унаган байдлаар нь авч үлдэхийн тулд багаас хэрхэн хичээж ажиллаж байгааг хараад манай багш нар гайхаж байсан. Цаашлаад нийслэлийн 225 цэцэрлэгийн 500 бүтээлч багш нарын судалгааны баг үйл ажиллагаагаа эхэлж байна.

Саяхан СБД-ийн ЕБС-ын дуу хөгжмийн багш нарын чадварыг дээшлүүлэх үүднээс бишгүүр болон үлээвэр даралтад хөгжмийг зааж сургах арга зүйн сургалтыг “For music” ТББ, “Эрдэнэт хайрхан” компанитай хамтран зохион байгуулсан. Цаашлаад бүх дүүргүүдийн багш нарт зохион байгуулах ба хөгжмийн зэмсэг, сурах бичгээр нь үнэ төлбөргүй хангаж байгаа.

НИТХ, НЗДТГ-аас дэмжиж байгаа учраас цаашлаад БУ-ны багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, роботын сургалтын багш нар бэлтгэх гэх мэт багш хөгжлийн олон ажлуудыг явуулахаар төлөвлөж байна. Нийгмийн хөгжлийн хорооны даргын хувьд зөвхөн багш нар гэхгүй эмч нарын мэргэжил дээшлүүлэх, 50000 мэргэжилтэй ажилтан бэлтгэх гээд өөр олон ажлууд хийгдэхээр төлөвлөж байна.

Мөн сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх, сургуулийн дидактик сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх талаар төсөл боловсруулан ажиллаж байна.

Урт хугацаандаа Монгол хүнийг бүтээх бодлогын асуудал дээр анхаарч ажиллах болно.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.

Ярилцсан сэтгүүлч Г.Долгорсүрэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.126.89.***)
    2017/01/28 15:33

    за даа эцсийн хариулт үр дүнг хүүхэд өөрөө гаргах ёстой. хариуцлага сахилга япон загвар хэрэгтэй. тэгэхээс ийм ч хөтөлбөр тийм хөтөлбөр яриад хий хоосон мөнгө идэх арга. өнөөгөөс 25 жилийн хүүхдийн мэдлэг одоогийн хүүхдийн мэдлэгээс илүү байсан . Математик физик түүх. тодорхой мэдлэгтэй байлаа. Гэтэл олон арван хөтөлбөрийн үр шимийг шалгая. захын сургуулиар ороо математик шалга. 80 хувь нь унана. яг энэ бодлогыг 25 жилийн өмнө 50 хувь давдаг байлаа.Тэгэхээр яг энэ хөтөлбөрийн дүнд г ямар хэдэн хүүхэд тоо бодох вэ

    (0) (0)