АН-ын даргад нэр дэвшигчид өвлийн жаврыг үл тоон бүтэн сарын хугацаанд эх орноо бүтэн тойроод нийслэлд ирлээ. Одоо хотынхонтойгоо уулзаж явна. Ерөнхийдөө сунгаа шувтрах шатандаа орж байна. АН-ын гишүүд,дэмжигчид таван нэр дэвшигчийнхээ амнаас унасан үг,амлалт болгоныг амьсгаа даран чагнаж,хэн нь итгэл даах хүн бэ гэдгийг тунгааж буй. Эв нэгдлийн бэлгэдэл таван сум атгасан нэр дэвшигчдээс хэн нэгнийг сонгох өдөр ойртож байна. 1990 оны партизанууд,намынхаа төлөө “хал үзэж халуун чулуу долоож” чин үнэний талд зүтгэсэн жирийн гишүүдийн сонголт мэргэн байх нь лавтай. Сунгааны өдрүүдийн сурталчилгааны үеэр хэн Монгол Улсын улстөрийн хоёр дахь том хүчин АН-ыг даргалах вэ гэдэг дээр судалгаа хийж буй байгууллага, хувь хүмүүсийн ярихыг сонирхвол, Д.Эрдэнэбатыг дэмжигчид жин дарж байгаа аж. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат инженер мэргэжилтэй. Ширүүн, шазруун зантай гэж түүний тодорхойлолт эхэлнэ. Түүний намдаа байгуулсан гавьяа жин дарна. Тухайлбал, АН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд ялалт байгуулах гол ажлыг нугалсан хүн бол Д.Эрдэнэбат гэдэгтэй маргах хүн олдохгүй л болов уу. Тэрээр 2008-2012 онд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ ажлыг авахаасаа өмнө Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Ер нь Багануурт ардчиллыг хөгжүүлэхэд залуу насаа зориулсан хүн гэдэг дээр нутаг орныхон нь өндөр оноо өгдөг, тэр ч утгаараа дэндүү нэр хүндтэй юм билээ. Түүнийг уйгагүй ажил хэрэгч,шударга зарчимч гэх тодотгол байнга дагалддаг. Энэ мэтчилэн олныг нурших нь илүүц. Харин АН-ыг олон толгойтой могой мэт бие биенээ давах гэж хэмлэлдэн цоролзож байх үед хэрхэн аварсныг мартаж болохгүй. Д.Эрдэнэбатыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүлээж авах үед намын бүх шатанд хэрүүл маргаан,үл ойлголцол хэрээс хэтэрч, өөрийгөө хэт дөвийлгөсөн “их мэдэгчид” цээжээ дэлдэн байсан цаг. Хэдэн талаас нийлсэн намуудын төлөөлөл,фракцууд намыг даргагүй болгох шахан хямралдаж байсан. Чухам тэр үед шуудайд хийсэн үхрийн эвэр шиг намын гал тогоог зоригтой эмхэлж цэгцэлсэн хүн бол Д.Эрдэнэбат юм. Түүний хувь хүний эрс шийдэмгий шулуун зан шударга чанар,улстөрчийн зангарагтай байр суурь,ухаалаг яриа хөөрөө АН-ыг эв гаванд нь оруулсан гэдгийг намын ахмад,дунд үеийн төлөөлөл, дэмжигч мянга мянган хүн хүлээн зөвшөөрдөг юм билээ. Д.Эрдэнэбатаас “Ойлголцол, нэгдэл нягтрал харагддаг” гэдэгтэй санал зөрөх хүн ховор. АН-ын генсек байхад нь нөгөөх олон намын нэгдлээс угшилтай ойворгон нөхөд дүүрэг,хороод дээр байсхийгээд зөрчилдөж элдвийн авир араншингаа үзүүлнэ. Намын төв байранд ирээд хэвтчихнэ, жагсаал цуглаан хийж хүссэнээ шаардана, өлсөж цангаж элдвийн юм болно. Ийм нөхцөл байдлыг генсек тэвчинэ, зохицуулна,олон ургальч үзэл санааг зөв гольдролд нь оруулна. Нам доторхи зөрчил тэмцлийг дэвэргэхгүйгээр зохицуулах эр хар ухаан түүнд байсан. АН хоёр сонгуульд дараалан амжилт үзүүлсэн нь Д.Эрдэнэбатын нөр их тэвчээр, эв нэгдлийг эрхэмлэсэн ухаалаг шийдвэрийн үр дүн байсныг магтан шагших хүмүүс ч олон тааралдах. Хэлье гэснээ хэний хэн гуайгаас ч шийрэгнээд байхгүй шуудхан хэлчихнэ, хэнийг ч нүүрэн дээр нь магтаад байдаггүй, ар хударгаар нь муучлаад байдаггүй нь түүний хүн чанарын илрэл. Гэхдээ намын нөхөр төдийгүй хамгийн ойр дотны хүн нь ч алдаа гаргавал аялдан дагалдаад тал засаад байхгүй, буруутай гэдгийг зоригтой хэлнэ. Ер нь Д.Эрдэнэбат гэдэг хүний хувийн зан чанар эерэг үзүүлэлттэй болохоор түүнийг хүмүүс хүрээлж байдаг нь анзаарагддаг.
Үймж бужигнасан намыг нэг зүгт чиглүүлж эв нэгдэл,ойлголцлыг эрхэмлэж чадсанаараа Ардчилсан намыг ялалтад хүргэсэн хүн бол Д.Эрдэнэбат. Нам асуудалд ороход түүнд л ачаа даах үүрэг ногддог. Тэр үүргийг ямагт нэр төртэй биелүүлдэг. Хамгийн сүүлд гэхэд л 2016 оны УИХ-ын сонгуулийн их ялагдлын дараа АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс түүнийг орон нутгийн сонгуулийг удирдан орох даалгавар өгсөн. Хугацаа богино байсан ч намын гишүүдээ хурцлаад сонгуульд орсон, гурван дүүрэг, 100 гаруй суманд ялалт байгуулж, боломжийн суудал авсан. Д.Эрдэнэбат бол зөвхөн АН-ын төдийгүй Монгол Улсын үнэ цэнтэй улстөрчдийн нэг. Түүний улстөрийн ажлын туршлага,зангараг АН-д ус,агаар мэт хэрэгтэй. Хэрэв намын дарга болбол ажлаа юунаас эхлэх вэ гэж асуухад “Өнөөгийн дээд түвшний үл ойлголцол,эвдрэлийг арилгаж,намын эв нэгдлийг хангахаас ажлаа эхэлнэ” гэсэн. Тиймээ,АН-д эв нэгдэл,шударга зарчимч бодлого, эх орноо хайрлах совесть хэрэгтэй. Д.Эрдэнэбат үүнийг хэрэгжүүлж чадна. АН-ын гишүүд түүнийг намынхаа гал тогоог нэр төртэй барьж явсныг мэдэх учраас “Д.Эрдэнэбат намыг удирдахад суралцах гэж цаг алдахгүй, туршлагаараа залуурдаад явчихна. Намыг өнөөгийн хүндрэлээс эвтэйхэн гаргаж чадна, мөн намд шинэчлэл хийж чадах лидерийн нэг гэж итгэж байна. АН-ыг Д.Эрдэнэбат толгойлбол намаа зөв удирдаж,чиглүүлж чадна” гэж өвөр хоорондоо ярих нь хаана ч очиход сонсдож буй. Д.Эрдэнэбат гишүүд дэмжигчидтэйгээ нүүр тулсан уулзалт болгон дээр “Монгол хүн-2020” хөтөлбөрийн дутууг гүйцээх,2020 оны сонгуульд ялалт байгуулахын чухлыг онцолж байна. Түүнчлэн монгол төрийн үнэлэмжийг өсгөх,эв нэгдэлтэй АН-ыг төлөвшүүлэхийн төлөө ажиллахаа журмын нөхөддөө амалж буй. АН-ын гишүүд хэнийг удирдагчаараа сонгохоо хэнээр ч заалгахгүй шийдэж чадна. Хүндхэн ачааг даах хүнд нь үүрүүлье гэж байгаа бол олны итгэл даах тэр хүн Д.Эрдэнэбат яалт ч үгүй мөн. Яагаад түүнийг намын удирдагчаар сонгож болохгүй гэж. Тэр хэзээ ч хариуцлагаас бултаж зугтдаггүй, хүнд бэрхтэй нүүр тулахаас хулчийдаггүй билээ. АН-ын ялалттай ч ялагдалтай ч хамт байж чаддаг сэтгэлийн хаттай хүн бол Д.Эрдэнэбат. Нам нь ялагдахаар АНУ-д очоод хэвтчихдэг АН-ын лидерүүдтэй адилхан амиа бодогч тэр биш. Тэр хаашаа ч зугтдаггүй. Д.Эрдэнэбат намын даргад өрсөлдөж байгаа нь завшаан биш үү, намын нөхөд өө. Түүний намдаа үнэнч чанар гайхалтай. “26 жилийн түүхэнд бид нар алдсан, оносон зүйл олон байгаа. Гэхдээ 26 жилд бид нар Монгол Улсад хүний эрх чөлөө, хүний үг хэлэх эрх чөлөө, хүний амьдрах эрх чөлөө, хүний өмчлөх эрх чөлөөг авчирсан юм. Энэ эрх чөлөө Монголд амьдрал болон хэвшиж байхад ардчиллын нэрийг бид нар л хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм бэ. Зорилго байгаа бол тэрнийхээ төлөө ягштал явна. Тэр зорилго дандаа араасаа ард түмний сэтгэлийг дагуулж явах ёстой. Сэтгэлийг дагуулж, хүлээн зөвшөөрөгдөж явах ёстой” хэмээн түүний хэлснийг санагтун.
Н.Наран