“Сумтай” тавын хэн нь вэ?

2017 оны 01-р сарын 21 өдөр, 16 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nam01

mungundalai

Сум атгасан   таван нөхөр Монголоороо нэг тойрч эхлээд чамгүй хугацаа өнгөрлөө. АН-ын  даргын сунгаа явагдаж байгаа нь энэ. Сонгогдсон нэг нь  Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны сонгуульд намаа авч орно. Эхлээд тэднээс намаа сонгуульд ялуулж чадах хүнийг, ялсны дараа улсаа авч явж чадах хэмжээний нөхөр хэрэгтэйеэ дээ. Тэгсэн нөгөө хэд маань уулзалтанд орохоороо бие биес рүүгээ сум тавиад болохоо байлаа.  Гээд хэнийг нь сонгохын намын гишүүд мэдэх биз. Энэ аймхай, энэ хөгшин, энэ туршлагагүй, энэ ялагдсан, энэ нөхөр энд юу хийж байгаа юм, хэцүү нэртэд байх хүн,  гээд сайн дураараа хар пиараа хийгээд өгчих юм. Мэдээж өдийг хүртэл туулсан улс төрийн зам нь юу боллоо гэж бүгд хав хар байв гэж. Гялайх гялтайх юм байж л байгаа. Ингэхэд  нэр дэвшигчдийн хэн нь хэн билээ. Энэ удаагийн АН-ын даргын сонгуульд  Ж.Батзандан, Лу.Гантөмөр хоёр “Залуу хүн дээр шүү, ирж яваа цагаа бодоорой” гэлцэн оролцож байна. Бас болоогүй хоёр биенээ аймхай, аймхай бишээр нь дуудаад байгаа.  Ж.Батзандан зоригтой, зоригтой. Юу ч хийж мэднэ. Шийдсэн л бол өөрийнхөөрөө. Лу.Гантөмөр ч манай үеийнхэн муу муухайг үүрэлцэж явчихаад яагаад боломж бидэнд байхгүй юм гэсээр цээж түрэн ярьж байгаа. Гэвч Ж.Батзандангийн  зориг, шийдсэн зан нь заримдаа  юуг ч хамаагүй шийдчих гээд байдаг талтай.  Зарим нөхөд түүнийг Иргэний хөдөлгөөний намын дарга хэзээ хойно АН-д ирчихээд энэ намыг  шинэчилж, удирдаж чадлаа юу гэх нь ч байна. Баруун солгойгүй л пулемётолдог барьцгүй нөхөр шүү гэлцэв.  Лу.Гантөмөр  өнгөрсөн сонгуульд  ялагдсанаараа л их баалуулж байна. Цогзолмаад ялагдчихаад энэ хэдийгээ яаж ялахын гэж ирээд л шүүмжиллээ.  Бас зарим нь өөрийн хүслээр гэхээс ардаа түлхээстэй, цаана нь ташуур өгч байгаа хүн бий хэмээн хардав.  Далаад оны төлөөллийг иймэрхүү л дүгнэж байна даа, намын гишүүд, жирийн олон түмэн. Харин нам удирдахад, нам шинэчлэхэд насны ялгаа хамаагүй гэж зүтгэж байгаа гурав бол Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг. Улс төрийн арвин туршлагатай нөхөд л дөө. Чухам энэ их туршлагын алдаа, оноо хэр байснаар л үр дүн хэмжигдэх байх. С.Эрдэнэ гэхээр шууд л Баянгол дүүрэг  санаанд буудаг. Энэ дүүрэгт эзэн суусан. Ах дүү хамаатнаараа намын хороогоо дүүргэсэн. Элдэв хэрэгт орооцолдсон, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар өөрөө гараад ирсэн ч  намын нэр хүнд унаж, ялагдахад  хамгийн их нөлөөлсөн,  таван хуруунд багтах хүний нэг л гэлцэх. Ийм байж яаж 2020 онд энэ хүн намын нэрийг өргөж сонгуульд ялах юм гэж байхад нэг хэсэг нь нэг дүүргийг өдий зэрэгтэй авч яваа хүн нэг намыг ингээд өөд татна даа л гэх. Сүүлийн үеийн мэдээллээр намдаа баахан царцаа нүүлгэж, ялахын төлөө хамаг л аргаа хэрэглэж байна гэхийн байна шүү дээ.

Угтаа багцалсан сум шиг эвтэй байхыг бэлгэдэж өгсөн, өнөөх хэд маань “сахилгагүйтээд” байх юм. За энэ ч яахав. Жаран чавганц уралдахад хэн нэг нь түрүүлдгээс л хойш энэ таваас АН-ын гишүүд намынхаа толгойд залах нь тодорхой. Улс төрийн намтар арвин гэж гурван нэр дэвшигчийг дээр хэлсэн. Өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар бол өөгүй, бусдынхаа хэлж байгаагаар баахан хар хэрээнүүд мэдээлэл л олон нийтэд хүрч байна.  Н.Алтанхуягийн хувьд нэлээд олон сонгуульд намаа авч орж ялалт байгуулсан нэгэн. Гэвч нам доторх фракцын асуудлыг хамгийн их дэвэргэсэн хүн л дээ. Засаг удирдаж ч явсан, засгаа унагуулж явсан. Хамгийн хачирхалтай нь өөрийнх нь намынхан түүний удирдаж байсан засгийг  унагачихсан нь анхаарал татдаг юм. Сүүлийн үед төрсөн төөрсөн хамаг хүмүүстэйгээ байсхийгээд л ууж, идсэн нь үнэн эсэхийг шалгуулахаар АТГ-ын “зочид” болох нь ихэссэн. Зарим нь түүнийг намынхаа 170 мянган гишүүнийг толгойлж удирдах нь бүү хэл сүүдэрт нь нуугдахаар хүндхэн л байгаа гэлцэж байна. Ямар ч байсан энэ намыг цагтаа удирдаж байсан хүн мөртлөө нутагтаа очоод сонгуульд ялагдчихсан хүн шүү дээ.
Д.Эрдэнэбат намын гал тогоог чамгүй олон жил сахисан хүн. Ялалт, ялагдлын олон жилүүдэд энэ намдаа дандаа л байсан. Хэн нэгний үг хэлээр яваад байхгүй, өөрийн гэсэн бодолтой ноён нуруутай хүн. Өрөөндөө тамхи татаж хууль зөрчсөн гэж эмэгтэй гишүүнд баалуулсан ч дараа нь өнөөх бүсгүй өөрөө тамхи байтугайг хэрэглээд байдал өөр тийшээ эргэсэн л дээ. Энэ сунгаагаар эв нэгдэл яриад л туугаад байгаа. Яахав айхтар их муулаад зүхүүлээд байгаа юм алга. Нөгөөдүүл нь ч сум нэг их харвахгүй юм, өөрөө ч нэг их сум харваад байхгүй, намаас өгсөн хэдэн сумаа тас атгачихаад эв нэгдэл энээ тэрээ ярьсан шигээ л яваа нэг өндөр нөхөр.

За тэгээд АН-ынхан хэнийгээ сонгох нь өөрсдийнх нь асуудал гэх хүмүүс байна лээ. Гэхдээ бас тийм биш юм. Тэр сонгогдсон нөхөр нь Монголын төрийг ээлжилж түшиж ирсэн намыг удирдах  болно шүү дээ. Цаашилбал Монгол Улсын төрийн удирдлагуудын нэг болж, Монголын ард түмний  хувь заяаг шийдэлцэх  биз.  Тэгэхээр яавч намын л асуудал гээд анзааралгүй өнгөрч боломгүй.  Нэгэнт санал нэмэрлэж чадахгүйгээс хойш санаагаа хэлээд сууж байя даа.

Уг нь ч  АН-д хамгийн тэргүүнд тавигдах юм эв нэгдэл юм.  Талцаж тав, арван тийш хараад муудалцдаг, нам байтугай төр улсаа самарчих гээд   байдаг энэ намыг эв түнжинтэй байлгах вэ. Хэрэв эв нэгдлийг эрхэмлэдэггүй бол тийм хүнийг дээш өөд явуулж болохгүй. Эв нэгдлийн гүүр болох хүн нь хэн юм бол. Мөн яалт ч үгүй шинэчлэл хийх хэрэгтэй. Нас харгалзахгүй учир зүйгээ ойлголцдог байх хэрэгтэй. Эцсийн эцэст Монголын улс төр байтугай дэлхийн улс төр ч хүн хоорондын харилцаа л байдаг.

Хэн нь идэж ууж ах дүү, журмын нөхдөө хэцүү нэрт рүү илгээчихгүй,  хэн нь энэ намаа хэдэн тийш тараачихгүй эвтэй байлгахав, хэн нь ноён нуруутай байж, улс орондоо хэрэгтэй зүйл хийж  чадах уу гэдгийг   бодож байж л хүнээ сонгохоо АН-ынхан эрхбиш гадарлах  байлгүй дээ. “Сумтай” таван нөхрийн хэн нь хэн бэ гэдгийг  намынхан нь байтугай мэдэх болсон хойно доо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх